2010/10/07

УЛС ТӨРИЙН АСТРОЛОГИ

Хураангуй

         Улс төрийн астрологи нь улс төрийн үзэгдэл, үйл явцад сансар огторгуй, од эрхсийн хөдөлгөөн, нарны идэвхжлийн үзүүлэх нөлөөллийг судалдаг улс төрийн шинжлэх ухааны салбар юм. Уг хүрээнд гараг дэлхийн хөдөлгөөн хөдөлгөөн хийгээд дэлхий дахины болон тодорхой улс орныг хамарсан түүх-улс төр, нийгэм-эдийн засаг, угсаатны газарзүйн үйл явц, улс төрийн субъектүүдийн хоорондын уялдаа холбоо, хэмнэл давтамжийг судалдаг. Улс төрийн астрологи нь дотроо дэлхийн астрологийн ерөнхий зарчим, үндэсний төр улсын астрологи улс төрийн нөхцөл байдлын астрологийн прогноз, улс төрийн үйл явцын сонгомол астрологи гэсэн чиглэлд хуваагддаг.



Түлхүүр үг: улс төрийн астрологи, прогноз, дэлхийн астрологи


Улс төрийн астрологийг шинжлэх ухааны тодорхой үндэслэл, нотолгоо багатай хуурмаг шинжлэх ухаан бөгөөд шүтлэг бишрэлийн шинжийг ихээр агуулдаг гэж зарим судлаачид шүүмжилдэг. Гэвч улс төрийн үзэгдэл, үйл явцыг тайлбарлах өвөрмөц аспект цаашлаад улс төрийн бодлого, үйл ажиллагааны ирээдүйн үр дагаврыг таамаглах нэг арга болохын хувьд улс төрийн астрологийг авч үзэх нь онол, арга зүйн хувьд ач холбогдолтой юм. Улс төрийн астрологийг улс төрийн шинжлэх ухааны салбар бөгөөд улс төрийн шинжлэх ухааны судлагдахуун болох үүднээс хийсэн судалгаа шинжилгээ, ялангуяа манай орны хувьд хомс хязгаарлагдмал, түүнчлэн улс төрийн астрологийн орчин үеийн шинжлэх ухаанаас “хол хөндий” шинж чанараас шалтгаалан уг өгүүлэлд авсан жишээ нь баримт сэлтээр мөчид, эрдэм шинжилгээний шалгуурыг давах тал дээр учир дутагдалтай болсныг хэлэх хэрэгтэй.      

Улс төрийн мөн чанар ирээдүйд чиглэсэн, ирээдүйн хөгжил дэвшил, сайн сайхан байдлыг хангахад оршдог бөгөөд энэ үүднээс нийгмийн хэтийн хандлага, нийгэм-улс төрийн удирдлагыг боловсронгуй болгох замаар түүнийг шийдвэрлэх хамгийг сайн арга замыг илрүүлэх, цаашлаад хүссэн хийгээд эс хүссэн бүхий л нийгэм-улс төрийн үйл явдлыг урьдаас таамаглах шаардлага тулгардаг. Нийгмийн үзэгдэл үйл явцын мөн чанар, илрэлийг тайлбарлах замаар ирээдүйг урьдчилан таамаглах оролдлого нь гүн гүнзгий түүхэн үндэстэй бөгөөд үүнд шашны зан үйл, мэргэ төлөг, од гарагийн хөдөлгөөнийг тайлбарлах, таних чадвар болон зурхайн мэдлэг, өнгөрсөнд тулгуурлан дараагийн алхмаа тооцох амьдралын туршлагаас аваад орчин үеийн шинжлэх ухааны онол, арга зүйг боловсруулан үзэгдэл, үйл явцыг рационал үүднээс тайлбарлах зэрэг  бүхий л аргууд багтана.

Төр улсыг удирдах үйл хэрэгт ирээдүйг урьдаас харах эрмэлзэл хийгээд идэвх чармайлт нэн эртний уламжлалтай. Эртний улс гүрнүүдийн хаад, язгууртнууд ирээдүйг таамаглах, өөрийн бодлого, шийдвэртээ ирээдүйг онож заах нөхцлийг бүрдүүлэхийг эрмэлзэж, энэ зорилгоор олон янзын арга хэрэгслийг ашиглаж ирсэн байна. Тэд бөө, зурхайч, мэргэч төлөгч, далдыг харагчдыг дэргэдээ суулгаж, зүүд манах, билиг совин тайлах, ховлого татах, дал шатаах зэрэг шашны болон ахуй байдлын иррациональ шинжтэй арга хэрэгслийг өргөнөөр ашиглан, улс орны хувь тавилан хийгээд өөрийн үйлдлийн ирээдүйн үр дагаврыг тааварлах улмаар улс төрийн шийдвэр, үйлдлийнхээ ончтой эсэхийг бататгах замаар үйлс хэргийнхээ ирээдүйг тодорхойлохыг эрмэлздэг байжээ. Эрт үед “зурхайчгүй хаан гэрэлгүй шөнө мэт” гэж хэлэлцдэг байсан нь улс төрийн аливаа үйл ажиллагаанд тэдний эзлэх байр суурь хэр чухал байсныг харуулж байна.

Өдгөө ч улс төрийн бодлоготон, шийдвэр гаргагчид шинжлэх ухааны арга арга аргачлал, шинжилгээ судалгаанаас гадна улс төрийн шийдвэр гаргах, улс төрийн прогноз дэвшүүлэхдээ астрологийн арга, интиутив хандлага, оккультизм, мистик болон парапсихологийг ашигласаар байна. Тухайлбал, ОХУ-д 1992-1996 оны хооронд Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны бүрэлдэхүүнд парапсихологи, далдыг харах (телекинез), оккультизмыг улс төрийн практикт ашиглах нөхцөл боломжийг судалдаг тусгай алба үйл ажиллагаа явуулж байгаад 1998 оноос астрологийн мэдээ баримт боловсруулах үндсэн дээр ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны ирээдүйн үр дагавар, хэрэгжилт болон эрсдлийн талаар прогноз хийхэд чиглэсэн “Хэмнэл Зүйн Судалгааны Төв” болон өөрчлөгджээ. Түүнчлэн Францын ерөнхийлөгч асан Франсуа Миттеран улс төрийн чухал шийдвэр гаргахдаа далдыг харагчид, астрологчдын зөвлөгөөг харгалзан ажил төрлөө зохицуулдаг байжээ [10]. Манай орны хувьд ч Монгол Улсын ерөнхийлөгч асан П.Очирбат дэргэдээ үзмэрч Дашцэрэнг ажиллуулж байжээ.

Социалист нийгмийн vед ард иргэдийн сэтгэхvйд шашингvйн vзлийг суулгаж, ер бусын аливаа vзэгдлийг vгvйсгэн няцааж байсан төрийн машин хэрэг дээрээ энэ vзэгдлийн учрыг олж, vзэл суртлын зорилгоор ашиглахыг хичээж байв. Зөвлөлт засаг хөл дээрээ тэнцэж амжаагvй шахам байхдаа Энэтхэг, Төвд, Монгол зэрэг дээд бясалгалд нэвтрэгсэд олонтой орнууд руу судалгааны баг нэрээр тагнуулчид илгээхийг хичээж эхэлжээ. Тэдний зорилго нь бясалгалын хvчээр олон нийтийн санаа бодолд нөлөөлж болох эсэхийг мэдэх явдал байлаа. Октябрийн хувьсгалын удирдагч В.И.Ленин хvртэл энэ асуудалд санаа тавьж, шашныг коммунизмд ашиглах төлөвлөгөөг далдуур дэмжиж байжээ [16]. И.Сталин алдартай астрологч Гурджиевийн зөвлөгөөг хувийн карьераа өсгөхөд ч дэлхийн хувьсгалын үйл хэрэгт ч ашиглаж байжээ. Гурджаевийн зөвлөснөөр Сталин төрсөн өдрөө албан ёсны бичиг баримт дээр 1878 оны 12 сарын 18 гэснийг 1879 оны 12 сарын 21 болгон өөрчилсөн нь далд үзэгдлийг судлаачдын тайлбарласнаар карьераа өсгөхөд түлхэц өгсөн үйлдэл ажээ [9].

Түүгээр зогсохгүй социалист нийгмийн үед манай улсын улс төрийн товчооны гишүүд ажил амьдралаа харуулан, зам мөрөө засуулж даатгах тус бүрийн ламтай байсан тухай дотоодын хамгаалах яамны ажилтан дэд хурандаа н.Баттулга хуучилсан юм.

Улс төрийн ирээдүйг таамаглах буюу прогноз хийх оролдлогод астрологи чухал байр суурь эзэлдэг төдийгүй улс төрийн астрологийг улс төрийн шинжлэх ухааны нэг салбар болохыг улс төр судлаачид хүлээн зөвшөөрдөг. Улс төрийн астрологи нь улс төр судлал ба астрологийн завсарт үүссэн хавсарга салбар юм.

Улс төрийн үзэгдэл, үйл явц ялангуяа улс төрийн үйл байдалд од гарагийн байрлал, нарны идэвхжил, сарны таталцал зэрэг сансар огторгуйн хүчин зүйлийн нөлөөллийг улс төрийн астрологи судалдаг байна. Гэхдээ тухайн шинжлэх ухааны гэх олон дүгнэлтүүд нь нилээд эргэлзээтэй бөгөөд таамагласан шинжтэй боловч зарим нэг баримтлалыг тухайлбал, олон түмний улс төрийн идэвхи ба үйл байдалд нарны идэвхижилт нөлөөлөх асуудлыг улс төрийн практикт, ялангуяа улс төрийн хямралт байдлын судалгаанд анхааран үзэх нь зохистой [1] тухай МУИС-ын Улс төр судлалын тэнхимээс гаргасан “Улс төрийн шинжлэх ухаан” номонд тэмдэглэсэн байна.

Нарны идэвхжилтийн өөрчлөлт, од гарагийн сүйрэл, галактикийн шилжилт хийгээд од гарагийн байршил, дэлхийн соронзон орны шууд болон дам нөлөөллөөс улс төрийн үзэгдэл, үйл явц, түүний өөрчлөлт хувьсал, олон түмний үйл байдал, улс төрийн хошуучлагчийн дүр байдал хамаардаг болохыг тогтоох замаар сансар огторгуй ба улс төрийн амьдралын хоорондын уялдаа холбоог судалж тодорхойлохыг улс төрийн астрологи эрмэлздэг. Улс төрийн астрологи од эрхэсийн хөдөлгөөнөөр нийгэм-улс төрийн ирээдүйг таамаглах үйл явцыг судлахын зэрэгцээ улс төр дэх оккультизм, мистик, парапсихологи, психотроны асуудлыг бүхэлд нь авч үздэг салбар хэмээн судлаачид үздэг.

Улс төрийн астрологитой холбогдох астрологийн дараах чиглэлүүд байна. Үүнд:

                      Дэлхийн астрологи (mundane) нь түүх, нийгэм, нийгэм-эдийн засаг, угсаатны газар зүйн үйл явцтай сансрын хүчин зүйлийн хоорондын холбоо хамааралд зурхайн үүднээс дүн шинжилгээ хийхэд чиглэдэг. Тус чиглэл нь судалж буй нийгэм, хот суурин газар, төр улсын бүрэлдэх үеийг тодорхойлон мөн чанарыг судалдаг, энэ зорилгоор астрологийн өвөрмөц карт ашигладаг байна. Дэлхийн астрологи нь дотроо төр улсын астрологи, улс төрийн астрологи, астро цаг уур судлал, санхүүгийн астрологи, бизнесийн астрологи гэсэн чиглэлд хуваагддаг. Астрологичид тус хүрээнд гарагийн хөдөлгөөн болон глобал түүх-улс төр, нийгэм-эдийн засаг, угсаатны газарзүйн үйл явц ба дэлхий дахины “театрын тайзны дүрд тоглогчид”-ын хоорондын уялдаа холбоо, хэмнэл давтамжийг судалдаг. Дэлхийн астрологи нь ард түмэн, улс орон болон засгийн эрх баригчид, хот суурингийн түүх, хувь тавиланг судлаад ирж буй гамшиг сүйрэл, цаг бусын аюул, дайны талаар урьдчилан мэдэгдэх, тэрчлэн тухайн эрх баригчид, нийгэм төр засгийн үйл ажиллагаа болон томоохон ач холбогдол бүхий үйл явдлын өрнөл, үр нөлөөг таамагласнаар дэлхийн хамтын нийгэмлэгээс тухайн үйл явдлын өрнөлд нөлөөлөх, дайн мөргөлдөөнөөс зайлсхийх, цаг бусын аюул, гамшиг сүйрлийн үед нийгэмд учрах сөрөг үзэгдлийг таслан зогсоох, аюултай бүсээс цаг тухайд нь гарах, өвчин тахал болон бусад олон зүйлд урьдчилан сэргийлэх боломжийг олгодог гэж үздэг. Астрологичдын нотолж байгаагаар дэлхийн астрологийн тусламжтайгаар францийн аугаа хувьсгал, оросын Октябрийн хувьсгал, 1907 оны АНУ-ын санхүүгийн хямрал, 1933 оны их хямрал, түүнчлэн 1904 оны орос-японы дайн, Дэлхийн 1, 2-р дайн, 1985 оны “өөрчлөн байгуулалт”-ийн эрины эхлэлийг урьдчилан хэлж байжээ.

Астрогеограф (астро газар зүйн)-ийн астрологи нь эх газар, далай тэнгис, ландшафт ба бүс нутгийн амьдрал хийгээд сансар огторгуйн хэмнэлийн хоорондын холбоо хамаарлыг судалдаг. Улс төрийн астрологийн нэг чухал үндэс нь астро газар зүйн астрологи юм.

Түүхэн улс төрийн астрологи. Энэхүү чиглэлийн хүрээнд өнгөрсөн үеийн янз бүрийн нийгэм, улс төрийн бүлэглэл, улс төрийн лидер ба тодорхой улс төрийн үйл явц хоорондын уялдаа холбоог астрологийн үүднээс судлан тодорхойлохыг оролддог. Түүх-улс төрийн астрологийн судалгаа нь ретроспектив шинжтэй байдаг.

Прогностик астрологи нь тодорхой хувь хүн хийгээд нийгмийн хүрээний хөгжлийн чиг хандлагыг прогнозчлох арга зарчимд үндэслэнэ. Энэ чиглэлд улс төрийн прогностик астрологи багтана.

Электив буюу сонгомол астрологи нь төлөв байдлын өрнөлд хамгийн тааламжтай цаг хугацааг онож тогтооход чиглэдэг. Эхлээд төлөв байдлыг судлаад дараа нь төлөвлөж буй ажил хэргийн зурлагыг зохионо. Монголчуудын төр засаг, улс төрийн нам хүчний хийгээд хувь хүний аливаа арга хэмжээ, үйл ажиллагааг эхлэх, өрнүүлэх, дуусгах зурхайн зурлага, сайн өдөр цагийг товлох нь энэ чиглэлийн хүрээнд багтдаг байна.

Санхүү-эдийн засгийн астрологи нь XX зууны эхээр дэлхийн эдийн засгийн тогтолцооны хямралтай холбоотойгоор хүчтэй хөгжих болсон ирсэн. Уг салбар нь зах зээлийн хэмнэлт чанар (ритмик), бүтээгдэхүүн ба үйлчлүүлэгчийн сэтгэлгээний динамик харьцааг судлахад чиглэдэг. Зар сурталчилгааны кампаний төлөвлөлт, маркетингийн судалгаа явуулах, биржийн үйл ажиллагааг хангахад тус астрологийн аргуудыг ашигладаг ажээ.

Астрологи одон орон судлал, математик, геометр, физик зэрэг байгалийн шинжлэх ухааны арга, арга зүйг өргөнөөр ашиглаж, авч үзэж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй болохыг батлахыг эрмэлзэлдэг.

Улс төрийн астрологийг дараах чиглэлд хуваана. Үүнд:

   1. Дэлхийн астрологийн ерөнхий зарчим
   2. Үндэсний төр улсын астрологи
   3. Улс төрийн нөхцөл байдлын астрологийн прогноз
   4. Улс төрийн үйл явцын сонгомол астрологи

Орчин үед улс төрийн астрологийн асуудлыг дагнан мэргэшсэн судлаачид бий болсноор энэ чиглэлийн судалгаа шинжилгээ улам өргөжих хандлагатай болсон. Тухайлбал, АНУ-ын судлаач, эрдэмтэн Ч.Картер “Улс төрийн астрологи” (1951) нэг сэдэв бүтээл, В.Веташ “Астрологи ба домог зүй” (1991), Энэтхэгийн астрологи судлаач Б.В.Раман “Хүний үйл хэрэгт гариг ертөнцийн үзүүлэх нөлөө” (1992), Оросын судлаач В.Гужов “Зөвлөлт засгийн үеийн оккультизмын тухайд” (1993) зэрэг бүтээлүүдийг энд дурьдаж болох байна.

      Улс төрийн астрологчидстрологичид тухайн үеийн улс төрийн бодлого цаашлаад тухайн нийгмийн санаа бодол нь улс төрийн астрологиор урьдаас тааварласан харилцааны нөлөөлөл дор оршдог гэж үздэг. Хүрээлэн буй орчин, сансар огторгуйн зүгээс нийгмийн амьдралд үзүүлэх тодорхой нөлөөлөл, харилцан үйлчлэл бий бөгөөд хүний үйл ажиллагааны улс төрийн хүрээ хэмнэлт үйл явцаас (ритм) гадуур зүйл биш юм. Хэмнэлийн эхний үндэс бол сансар огторгуй дараагаар нь галактик, од эрхэс, гариг дэлхий цаашлаад биологийн организм, ноосфер, нийгмийн үйл явц тус бүрийг багтаасан цогц системийн хэмнэлийн тухай ярих шаардлагатай. Тухайлбал, Хаант Оросын үед гарч байсан томоохон бослого хөдөлгөөнүүд нь өвлийн эцсээс хаврын эхэн үе буюу хүнсний нөөц дуусах үед гол төлөв өрнөдөг байжээ. Зөвлөлт засгийн үед буюу 1970-аад оны нэгэн судалгаагаар Мурманск хотод гэмт хэргийн тоо туйлын зун болон өвлийн эцсээр дээд цэгтээ хүрдгийг тогтоосон байна [11]. Тэрчлэн монголд иргэдийн улс төрийн үйл ажиллагаа хавар идэвхждэг тухай асуудлыг астрологийн үүднээс судлан тодорхойлвол сонирхолтой үр дүн гарахыг үгүйсгэхгүй юм.

Оросын судлаач Е.Наклуешев “Түүхийн учир битүүлэг хэмнэл” бүтээлдээ компьютер тооцооллыг ашиглан оросын түүхэн дэх 3, 4, 12 жилийн давтамжтай мөчлөгийн үзэл санааг дэвшүүлсэн бол “бүтцийн хороскопын” онолын үндэслэгч Аригорий Кваша 1881-2025 оны хоорондох  “эзэнт улс”-ын мөчлөгийн онолоо гаргасан байна. Квашагийн үзэж буйгаар Орос дахь төр засаглалын өөрчлөлт 36 жилийн хэмнэлтэй бөгөөд Оросын түүхийн гол эрин 1917, 1953, 1989, 2025 он юм байна. Түүний үзэж буйгаар 2025 оноос дахинд шинжлэх ухааны дэвшил зогсож, амьдралын үндсэн нөөц хомсдон, хүн амын хэт өсөлт, үйлдвэрлэлийн хэмжээ буурах үйл явц зайлшгүй тохиолдоно. Ирээдүйд хүн төрөлхтөнд тулгамдах гол асуудал нефть биш харин ус, агаарын хомсдол байх ажээ [13].

Ертөнцийг үзэх материалист үзлийн үүднээс материаллаг баялаг нийгмийн хувьсал өөрчлөлтийн шалтгаан, үйлдвэрлэлийн харилцаа нь түүхэн үйл явцын гол хөдөлгөгч хүч байдаг. Судлаач А.Кудрявцев, В.Гужов нарын үзэж буйгаар нийгмийн хөгжлийн үе шатуудын шилжилтэд шууд буюу гол нөлөөг үзүүлдэг зүйл бол “астрологийн эрин үе”[1]-ийн объектив шилжилт юм. Соёл иргэншил, нийгмийн формацийн шилжилт чухамдаа тасралтгүй хувьслын үйл явц биш юм. Шинэ соёл бий болох, устах хийгээп нийгмийн хувьсгал буюу түүхэн эрс өөрчлөлт “астрологийн эрин үеийн” нөлөөллөөр шийдвэрлэгддэг, түүний шилжилттэй давхцдаг үйл явц юм [13].

     Сансар огторгуйн болон гарагийн гажилт өөрчлөлт биосферт цаашлаад этногенезд нөлөөлдөг тухай Л.Гумилёвын “пассионар”-ын онол нь гариг ертөнцийн хөдөлгөөн, нарны энерги чухамдаа хүн төрөлхтөн, үндэстэн угсаатны ухамсар цаашлаад хөгжил өөрчлөлтийн шалтгаан болдог тухай өгүүлдэг. Тэрээр угсаатан, үндэстний өсөлт, хөгжил, уналт нь дотроо хэд хэдэн үеллийг багтаасан 1200-1300 жилийн давтамжтай үечлэлийн асуудлыг гарган тавьжээ.

Улс төрийн астрологчдын улс төрийн бодлого шийдвэр гаргахад ашиглаж байсан тухай түүхэн баримт олон байдаг. Тухайлбал, Нацист германы толгойлогч А.Гитлер хувийн астрологч, далдыг харагчтай байжээ. 1930-аад оноос герман оронд ер бусын буюу ид шидтэй холбоотой асуудал “төрийн” ашиг сонирхлын хүрээнд багтах болжээ. Улмаар Гуравдугаар Рейхийн үеэс “улс төрийн астрологи” хөгжлийн дээд оргилдоо хүрсэн байна. А.Гитлер  нууц далдын шинжлэх ухааныг ялангуяа дорно дахины мистицизм (агь тарнийн ёс)-ийг сонирхон шүтэж, бодлого шийдвэртээ харгалздаг байжээ. Тухайн үед олон тооны астрологичид национал-социалистуудад үйлчилж байсан хэдий ч тааламжгүй этгээд гэж тооцогдсон төлөгчдийг устгах эсвэл  Заксенхаузены хорих лагерь луу илгээх болсноос үүдэн шинэ Рейхт зориулан юуг урьдчилан хэлэх, хэлэхгүйгээ  урьдаас тооцох хэрэгтэйг ойлгосон байна. Тэр үеийн шилдэг астрологчоор Гитлерийн хувийн зөвлөх зөнч Отто Гануссен тооцогдож байлаа. Түүний зөн билигт буусан фюрерийн алдаа төөрөгдөл хийгээд Германы ялагдал, задралын тухай төлөг эцсийн дүнд амиа алдахад нь хүргэжээ [2].

ОХУ-ын ерөнхийлөгч асан Б.Ельциний тойрон хүрээлэгчдийн нэг “Кремлийн астрологич” нэрээрээ алдаршсан ЗХУ-ын КГБ-ын хошууч генерал асан Георгий Рогозин зөвлөлт засгийн үеэс ер бусын үзэгдэл, хүний өвөрмөц чадварыг судлан, астрологийн аргыг эзэмшиж, төрийн бодлого шийдвэрт зориулан тусгай зөвлөмж боловсруулж өгдөг байжээ.

            Их зөнч гэгдэх М.Нострадамус, Ванга, Сен-Жермен гvн, Калиостро нарын зөн сургаалийг улс гүрнүүд улс төрийн бодлогодоо харгалзан үзэх, ашиглах оролдлого гарч байсан тухай жишээ олон байгаа бөгөөд өдгөө ч тэдний бүтээлийг тусгайлан судалж, дүн шинжилгээ хийхэд чиглэсэн судалгааны төв, хүрээлэн барууны орнуудад ажиллаж байна. Өдгөө зүүн европ, тэр дундаа ОХУ-д астрологийн чиглэлээр олон хувь хүмүүс, төвүүд  ажиллаж, тусгай ном, сэтгүүл хэвлэгдэн, ОНМХ-ээр өгүүлэл, нийтлэл хэвлэгдэх болсон төдийгүй астрологчоор олон хүн бэлтгэгдэж, судлаачид энэ сэдвээр эрдмийн зэрэг хамгаалах болсон. Улс төрчид, эрх баригчид бодлого судлаач, шинжээчдээс гадна астрологч, парапсихологчдыг зөвлөгчөөр ажиллуулан, улс төрийн бодлго, үйл ажиллагааны амжилт, азгүйтлийн бодит хийгээд далд учир шалтгааныг тайлахыг хичээх болсон байна.

            Нийгмийн үзэгдэл болохынхоо хувьд нийгмийн хөгжил өөрчлөлтөөс шалтгаалан астрологи нийгэмд түгэн тархах юмуу хүрээ нь хумигдаж байдаг. Нийгэм-улс төрийн тогтворгүй үед олон түмэн ирээдүйдээ итгэл алдрах, эргэлзэх зэрэг нь астрологи түгэн тархах нэг нөхцөл болдог байна. Нийгмийн тогтвортой байдал алдагдснаар хүмүүс далдын хүч, сансар огторгуйн зүй тогтолд итгэж биширч эхэлдэг гэсэн үг юм. Посткоммунист шилжилт хийж буй орнуудад уг үзэгдэл ихээр газар авч байсан нь дээрхийн нэг нотолгоо биз ээ. Өөрөөр хэлбэл хямралын үед астрологи нийгэмд сэтгэл заслын үүрэг гүйцэтгэж эхэлдэг байна.

Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар сэлт, таамаглалаас гадна хууран мэхлэх, ашиг хонжоо хайх арга хэрэгсэл байдлаар улс төрийн астрологийг ашиглах явдал түгээмэл байдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Дэлхийн I дайны дараагаар Герман улсад элдэв төлөгч, шидтнийг бишрэн шvтэх явдал газар авч 1940 оны эхээр 50.000 зурхайч, шидтэн, төлөгч, алхимик болон 12.400 оточ-экстрасенсууд бvртгэгдсэн байна. Жирийн иргэдийн талаас илvv хувь тэдэнд ханддаг төдийгvй Германы армийн цэргvvд дайнд явахдаа "залбирлын захиа", "хамгаалах vнэмлэх" зэрэг олон сахиусыг сумнаас хамгаалдаг хэмээн биеэсээ салгадаггvй байсан ажээ. 2006 онд ОХУ-д элдэв шидтэн ховсчин гэх 500.000 хүнийг төрөл бvрийн аппаратаар шинжихэд тэдгээр хvмvvсийн 98% нь худлаа дvвчигнэдэг, 47% нь сэтгэхvйн гажигтай, худал ярин ашиг хонжоо хайдаг хvмvvс болохыг тогтоожээ.

Астрологчид төр засгийн хувьд хамгийн чухал этгээд болж байснаас гадна хавчигдан хөөгдсөн явдал түүхэнд /Эртний Ром, Визант болон Баруун Европын орнуудад/ олонтаа тохиолдож байв. Эрх баригчдын зүгээс астрологийг сонирхох сонирхол буурч, түүнийг худал хуурмаг зүйл гэж үзэхээсээ илүү гудамжны луйварчид, хууран мэхлэгчдийн эсрэг тэмцэж, тэднийг шахан зайлуулахад чиглэж байжээ. Тэрчлэн уг шахалт хавчилт нь /тухайлбал, Ром гүрний эрх баригчид/ астрологид итгэдэг ч хаан язгууртны хувь тавиланг тааж мэдэх, үүнийгээ хар буруу зорилгоор тухайлбал, төрийн эргэлт хийхэд ашиглахаас туйлаас айдаг байсантай холбоотойгоор тайлбарлаж болно. Тухайлбал, Ромын император Тиберий астрологиор бүхий л хувь тавиланг шийдвэрлэж болно гэдэгт хатуу итгэдэг байсан ч жирийн хүмүүсийг хөндлөнгийн гэрчгүйгээр нууцаар мэргэч төлөгчтэй харьцахыг хатуу хориглож, хувийн астрологчоосоо бусдыг нь  Ромоос хөөн гаргаж байжээ.

Астрологийг улс төрийн манипуляци болгон ашиглах нь бий. Тухайлбал, МЭӨ 104-99 оны сицилийн боолын хоёр дахь бослогын үеэр бослогын тэргүүн Атенион астрологчийн нэр хүндийг ашиглан бослого гаргавал амжилт зайлшгүй гэдгийг боолуудад итгүүлж чадсан байна. Тэрээр од ивээж, бурхан түүнд Сицилийн хаан болох замыг нээсэн гэдэгт итгэсэн юм. Их Монгол улсын хаан Чингис, Тэмүүжин бол “бүхний” хаан, дээд тэнгэрээс заяат болохыг ард түмэнд итгүүлэн үнэмшүүлэх зорилгоор Хөхчүү бөөгийн айлдварыг ашигласан байж болох талтай.

Нөгөө талаар астрологи билэгдэл зүйн утга агуулдаг. Улс төрийн астрологийн үүднээс өрнийн зурхайн 12 орд тус бүр өвөрмөц утга санааг илэрхийлдэг байна. Тухайлбал ангараг гараг цэрэг цагдаа болон дайн түрэмгийлэл, терроризмыг, санчир гараг тогтолцоо, институт, эдийн засаг, консерватизм ба бюрократизм, дэд бүтэц, хууль хяналт зэргийг билэгддэг байна [14]. Тэрчлэн 2007 оны 03 сарын 19-ний нарны хиртэлтийг астрологийн үүднээс олон янзаар тайлбарласан байдаг. Тухайлбал, Исламын шашны төлөгчид энэ онд Америк Иран руу довтолж их цус асгарсан дайн эхлэхийг зөгнөлөө гэсэн бол Христийн шашны вивангард vзvvлэгчид энэ удаагийн хиртэлт байгалийн асар том гамшиг ирэх зун тохиохыг сануулсан гэж тайлбарлажээ. Японы Зэн буддизм болон Тvвдийн шашны мэргэч нарын зүгээс нар хиртэлт цөмийн зэвсэг дэлбэрэх юм уу тvvнтэй эн зэрэгцэх их осол сvйрэл гарахыг зөгнөсөн гэж үзжээ. Монголын улааны шашны зурхайч лам нар Монголд шашин бурханыг тvгээн дэлгэрvvлэх гайхамшигт хувилгаан хvvхэд мэндэлснийг билэгдэнэ гэж тайлбарласан байна [15]. 

Улс төрийн астрологийг нийгмийн үзэгдэл болох үүднээс дараах асуудлуудыг тоймлон авч үзэж болно.

-         1990 оны нийгэм-улс төр, сэтгэлгээний өөрчлөлт манай оронд хаалттай байсан олон зүйл тэр дундаа талаас дорнын уламжлалт ухаан, сэтгэхүйн далд чадвар, тэр дундаа астрологийн асуудал нийгэмд ил нээлттэй болсон нь сайшаалтай хэрэг. Нөгөө талаас жирийн иргэд төдийгүй улс төрийн элитүүд астрологи, зурхай, мэргэ төлөгт ихээр автаж, бодлого, үйл ажиллагаа бүрийг астрологийн үүднээс үнэлж цэгнэх билигт сайн эсвэл муу өдрөөс шалтгаалан аливаа үйлдэл хийх эсэхээ шийдвэрлэх болсон нь туйлширсан хандлага юм. Чухамдаа ардчилсан монголын хувь заяа, хүмүүсийн амьдрал ахуй бидний өөрсдийн хичээл зүтгэл, идэвх чармайлтаас, нийгэм-улс төр, эдийн засгийн хөгжил, ард түмний боловсрол мэдлэгээс шалтгаалдаг болох нь үнэн юм.

-        Улс төрчдийн зүгээс улс төрийн астрологийг ашиглан өөрийн бодлого чиглэлээ тодорхойлохоос гадна тухайн бодлого шийдвэр хамгийн оновчтой бөгөөд хэрэгжих зайлшгүй шалтгаантай болохыг үндэслэх замаар олон түмнийг араасаа дагуулах, итгүүлэх манипуляци арга хэрэгслээр ашиглах явдал бий.

-        Астрологийн үүднээс од эрхэс, сансрын нөлөө хувь хүмүүс, улс орон, хүн төрөлхтний амьдрал хувь заяанд шууд болон дам нөлөөтэйг үгүйсгэхгүй бөгөөд хүмүүсийн хувьд астрологийн таамаглал, үзэл санаа нь сэтгэл зүйн эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг нийгэм-сэтгэл зүй, соёл, шашны үзэгдэл юм.

-        Нийгэм, хүмүүс улс төрийн астрологид автах явдал нийгэм-улс төр, эдийн засгийн хямралтай нөхцөл, улс орны удирдагчид, төрийн эрх баригчдийн чадварлаг бус байдал, төрийн легетим чанар алдагдсан үед үлэмж тархдаг. Энэ утгаараа улс төрийн астрологи нь нийгэм-улс төрийн өвөрмөц үзэгдэл юм.

Дүгнэлт

         Улс төрийн астрологийн асуудлыг хөндсний шалтгаан нь улс төрийн астрологи нь улс төрийн шинжлэх ухааны салбар бөгөөд нийгэм-улс төрийн үзэгдэл үйл явцыг тайлбарлах арга, ирээдүйг таамаглах аргачлалын өвөрмөц хэв маяг болохыг авч үзэхэд оршино. Улс төрийн үзэгдэл, үйл явц цаашлаад тодорхой бодлого, шийдвэрт, бодлогын прогнозчлолд улс төрийн астрологийн зарим үндэслэлийг харгалзах шаардлагатайг үгүйсгэж болохгүй юм.

         Цаашлаад монголчуудын хувьд улс төр, эдийн засгийн хүрээний бодлого, үйл ажиллагаа, хувь хүмүүс, улс төрчдийн аливаа асуудалд зурхай, астрологи, шашны шинжтэй олон арга хэрэгсэл, зан үйлийг ихээр ашиглах болсныг эрдэм шинжилгээний үүднээс судлан тодорхойлох, дүн шинжилгээ хийх шаардлага байгааг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл улс төрийн астрологийг нь нийгэм, улс төр, соёл, шашин, шинжлэх ухааны зааг дээр авч үзэн, судлах шаардлагатай байна.

         Ахуй ертөнцийг өөрчлөн төгөлдөржүүлэхэд шийдвэрлэх үүрэг ролийг гариг ертөнцийн хөдөлгөөн, өрнөл бус харин хүний ухамсар, оюун ухаан, шинжлэх ухааны ололт дэвшил, улс төрийн хүрээнд шийдвэр гаргаж буй субъект гүйцэтгэдэг  нь тодорхой хэдий ч гариг ертөнц хийгээд улс төрийн үзэгдэл, үйл явцын хоорондын холбоо хамаарлыг судлах, тэдгээрийн онол, практикийн учир холбогдлыг тодорхойлох нь эрдэм шинжилгээний чухал учир холбогдолтойг тэмдэглэх хэрэгтэй.


Ашигласан ном, материал

   1. Улс төрийн шинжлэх ухаан  Ред. Ц.Ганболд УБ., 2001.
   2. Богданов В. “Гитлер знал день своей смерти, за что и уничтожил своего астролога” "Российской газете" 8 мая 2003 г., No 86 (3200).
   3. Картер Ч. Политическая астрология (пер. с англ. Колесникова А.)
   4. www.goroskop.su/astrologia_na_sluzhbe_gosudarstva.htm
   5. Кудрявцев А, Гужов В.  “Теория и история астрологических эпох” http://lib.luksian.com/textr/forttell/053/          
   6. Куталёв Д. “Астрология как историко-культурный феномен” Диссертация на соискание учёной степени кандидата наук http://lib.druzya.org/Astrology/kutalev/.view-Kutalev_disser.txt.full.html
   7. Куталёв Д. Астрология и общественно-политическая жизнь http://www.astrologic.ru/culture/society.htm
   8. Пугачев В.П., Соловьев А.И.. Введение в политологию. – М., 1999.
   9. Романов Б. “Астрология на службе государства” Симонов К.В. Политический анализ -М.: Логос 2002.
  10. Симонов К. В. Политический анализ -М.: Логос 2002. с-6
  11. Странник Г. Политическое прогнозирование - утопия или знание ритмов http://lib.luksian.com/textr/forttell/090/
  12. Астрология и причины ее популярности. http://www.refcity.ru/content/13316/5.html
  13. Время политический астрологии www.warweb.ru/astro_882002.html
  14. Wikipedia, the free encyclopedia.com


[1] Тодорхой одны ордод нарны аймаг шилжих үйл явц бөгөөд хамгийн багадаа 2160 жилийн давтамжтай үйл явц

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)