2010/11/05

ШИНЭ ЗУУНЫ ШИЛДЭГ ПОПУЛИСТ УГО РАФАЭЛЬ ЧАВЕС ФРИАС

Монголчууд Венесуэл гэдэг улсыг 90-ээд оны эхээр өдөр өнжилгүй үздэг байсан “Халтар царайт” хэмээх савангийн дууриар дамжуулан таньдаг болсон. Арай гэж мартах тийшээгээ хандаж байтал Уго Чавес хэмээх адалт явдалт эрийн бодит амьдралаар бүтэж буй цуврал, олон улс дамнасан тоглолтоор дахин энэ улсыг мэдэх болов. 

    Түүний нэрийг манай хүүхдүүд
бараг өөрийн ерөнхийлөгчийн нэрээсээ илүү цээжилсэн байх. Өөр ямар ч улсын төрийн тэргүүнүүдийн хийж байгаагүй, зүрхлэх ч үгүй  мэдэгдэл, үйлдэл хийж ирснээрээ муугаар ч, сайнаар ч дуудуулан дэлхий дахинд алдаршиж яваа аавын хүү.
Товч намтар
1954 онд Венесуэлд төрсөн.
1975 онд дунд сургуулиа төгсөөд цэргийн сургуульд орсон.
1992 онд төрийн эргэлт хийх оролдлого хийгээд бүтэлгүйтсэн тул шоронд 2 жил ял эдлэв.
1998 оноос одоог хүртэл БНВУ-ын Ерөнхийлөгч

Уго - латин америкийн нийтлэг дүр төрх
    Олон хүүхэдтэй тариачны шавар тагзанд хүн болсон бөгөөд эцэг эх нь ядуу тарчиг амьдралын улмаас түүнийг  ахтай нь цуг эмээ рүү нь явуулсан аж. Эмээтэйгээ цуг амьдарч, бага сургуульд сурч байхдаа тэрбээр зураг зурах, дуу дуулах, бэйсбол тоглох сонирхолтой болж, мэргэжлийн бэйсболч болохыг мөрөөддөг байжээ.
 
    Идэр насандаа тэрбээр Латин Америкийг Испанийн колоничлолоос чөлөөлөгч, тус тивийг нэгтгэх үзэл санааг дэвшүүлсэн Венесуэлийн анхны Ерөнхийлөгч Симон Боливарын үзэл санааг сонирхож, бишрэн шүтэгч нь болов.
 
    Уго Чавес дунд сургуулиа дүүргээд 17 настайдаа цэргийн сургуульд орсон байна. Цэргийн албаар явна гэдэг нь Латин америкийн ихэнх улс оронд хоолтойгоо найдвартай залгах нэг арга байдаг юм. Тэрбээр аажмаар албан тушаал ахиж, Венесуэлийн тусгай ангийн захирагч хүртэл дэвшсэн юм.

Чавесийн зан авир
    Чавес бол индиан гаралтай хүн. Негрийн цусны хольц ч түүнд бий. Түүний амьдралд түүх, гүн ухааны тухай ном, Библи, яруу найраг чухал байр суурь эзэлдэг. Тэрбээр илт сангвиник темпераменттай, санасан бодсоноо тэр дор нь бусадтай хуваалцахыг тэмүүлдэг жинхэнэ халуун цустай латин америк эр.  Товчхондоо ямар нэгэн давхар санаа агуулалгүйгээр аливааг шууд хэлдэг зан чанартай. Тэрбээр мэргэжлийн улстөрчдийн хэрэглэдэг улс төрийн арга заль, дипломат арга барил хэрэглэдэггүйгээс ээ болж байнга хэл аманд өртөж, бэрхшээлтэй тулгарч байдаг.
 
    Дэндүү сунжруу гэмээр үг хэлэхдээ тэрбээр Библийн судрын зүйрлэл, яруу найргаас эш татсан гал халуун үг хэлдгээрээ боловсрол нимгэн, бичиг үсэггүй ядуус, ажилчин ангийн сэтгэлийг татаж чаддаг. Харин дунд болон дээд давхаргын иргэд түүний энгийн, заримдаа бүдүүлэг гэмээр үгэнд нь бухимддаг аж. Гэсэн ч арван хүний долоо нь ядуу амьдардаг орны хувьд түүний дэмжигчид ямагт нийгмийн олонхийг бүрдүүлдэг юм.

Төрийн эргэлт хийх оролдлого - бас л латин хэв маяг
    1992 оны хоёрдугаар сард Каракас болон бусад хотуудынх нь төв гудамжинд танкууд гарч ирэв. Энэ үед Венесуэлийн нийгэм бүхэлдээ улс төрийн хуучин намуудынхаа үйл ажиллагаанд урам нь хугарчихсан, авлигын далайц өргөн болчихсон байв. Амьдралын төвшин жил тутам муудсаар. Улс орон шинэ удирдагчийг мөрөөсч байлаа. Ялангуяа ирээдүйд итгэх итгэлгүй, алдах зүйлгүй ядуу нийгмийн хувьд гэнэтийн аврагч гарч ирэхийг хүлээсэн байдалтай байдаг нь нийгмийн зүй тогтол ажгуу.
 
    Яг ийм нөхцөлд хэнд ч танил бус, шүхрийн десантын цэргийн хурандаа Уго Чавес гэгч босогчдыг толгойлсон байлаа. Авилгыг эцэс болгож улс оронд өөрчлөлт хийх, Венесуэлийн ард түмний эсрэг зэвсэгт хүчнийг ашиглахыг зогсоох шаардлагатай тавьсан байна. Тэмцэл хоёр өдөр шахам үргэлжлээд Уго Чавес эрх баригчдад  бууж өглөө.
 
    Өөрийн талынхныг зэвсгээ хураалгахыг үүрэг болгож, энэ тэмцэлтэй холбоотой бүх хариуцлагыг тэр өөртөө хүлээв. Чавесийг баривчлах үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулсан бөгөөд тэрбээр “тавьсан зорилгодоо хүрэх боломж надад болон миний нөхдөд энэ удаа олдоогүй учраас, цус урсгах явдлыг үргэлжлүүлэхээс зайлсхийхийн тулд зэвсгээ хураалгаж байна. Энэ бол тэмцэл дуусч буй гэсэн үг биш. Тэмцэл үргэлжлэх болно” гэсэн байна. Чавес ингээд хоёр жилийг шоронд өнгөрөөв. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч түүнд өршөөл үзүүлж суллахад ард олон Чавесийг баатар шиг угтаж, улаан хүрэн өнгийн дугуй малгай өмссөн дэмжигчид нь баяр хөөр болцгоосон юм.
 
Төрийн тэргүүн, дахиад төрийн эргэлт: Уго Чавес тэсч үлдэв.
    Латин Америкийн орнуудад нийгмийн гарлын хувьд ийм доороос гарсан хүн Ерөнхийлөгч болсон нь тун ховор юм. 1998 онд болсон сонгуульд 56,2 хувийн санал авсан Уго Чавес Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө “Венесуэлийг, түүний урьдын хууль эрх зүй, хэм хэмжээг өөрчилнө. Энэ эх орныг урьд нь хэзээ ч эзэн нь байж чадаагүй венесуэлчүүдэд эгүүлэн өгнө” гэж амласан юм.
 
    Уго Чавес засгийн эрх авсныхаа дараа “Петролиус Венесуэлас” компанийг төрийн мэдэлд авч, орлогынх нь ихэнх хэсгийг нийгмийн хөтөлбөрт зарцуулах болсон байна. Ингэснээр ядуусын дунд нэр хүнд нь улам өссөн боловч тус салбарын эдийн засгийн үр өгөөж эрс багасчээ. Тэрбээр ядуусын дунд олсон нэр хүндээ ашиглан, аж үйлдвэрийн олон салбарыг төрийн хяналтад оруулж эхэлсэн бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ч хянаж эхлэв. 1999 онд шинэ Үндсэн хууль батлуулав.
   
    Уго Чавесын эсрэг 2002 онд АНУ-ын илэрхий дэмжлэгтэй төрийн эргэлт зохион байгуулсан байна. Тэр үед Уго Чавесын нугаршгүй зан чанар илэрч, тэрбээр цус асгаруулах явдлаас сэргийлж, зэвсэггүй хэдэн мянган дэмжигчээ ятган өөрөө тэдэнд баривчлагдсан юм. Түүнийг баривчилсан этгээдүүд Ерөнхийлөгчийн албан тушаалаас татгалзсан тухай өргөдөл бичүүлэхийг хүссэн боловч тэрбээр энэ тухайгаа гадаад ертөнц, цэргийн анги нэгтгэлүүдэд дуулгаснаар төрийн эргэлт амжилтгүй болжээ. Гадны хүчний оролцоотойгоор төлөвлөж, санхүүжсэн төрийн эргэлт хийх гэсэн санаархал Латин америкийн түүхэнд анх удаа ийнхүү хэрэгжсэнгүй.
 
    2006 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялсан юм. Түүнийг энэ удаад сонгуулийн луйвар хийсэн гэж олон улсын ажиглагчид үзсэн бөгөөд тийм зүйл хийгээгүй байлаа ч тэр сонгогдох нь тодорхой байлаа. Тэрбээр XXI зууны социализмыг байгуулна хэмээн тунхаглаж, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаар болов. Албаны хүмүүс "У.Чавест Венесуэлийг коммунист орон болгох бодол байхгүй. Үг хэлэх, шашин шүтэх эрхийг хамгаалах болно" гэсэн байна. Түүний энэ шийдвэрийг олон орон тэр дундаа АНУ байнга эсэргүүцэж байдаг.
 
Тэр юугаараа дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаад байна?    

Венесүэлийн Ерөнхийлөгчийг “дарангуйлагч” хэмээн өөрийн нь болоод дэлхийн бусад улсын ОНМХ, эдийн засгийн хүчирхэг бүлгүүд, АНУ-ын Төрийн департаментын хүмүүс байнга буруутгаж байдаг.    Гэтэл энэ айхтар “диктатур” ноёрхож байсан гэх жилүүдэд Венесуэлд ганц ч улс төрийн хоригдол байсангүй, эсэргүүцлээ илэрхийлэх гэсэн олон түмний нэг ч оролдлогыг хориглоогүй, жагсаал цуглааныг цагдаагийн хүчээр хөөн тараагаагүй. Ямар ч венесуэл хүний хөрөнгийг хурааж улсын болгоогүй.
 
    Чавесийн Засгийн газрын олон гишүүн эрх мэдэлтэй боллоо ч өөрсдийн амьдарч байсан дунд зэргийн сууцаа орхиж, Каракасын тансаг хороололд шинэ харшид суугаагүй. Тэдний хэн нь ч Швейцарын юм уу Кайманы арлын аль нэг дээрх банканд хадгалуулсан мөнгө байхгүй. Тэдний хэн нь ч Олон улсын валютын санг үг дуугүй дагахыг хүсдэггүй. 
 
    Тэр Югославыг, дараа нь Афганистаныг бөмбөгдөх гэсэн гадаад орнуудын хувьд Венесүэлийн агаарын орон зай ашиглахыг зөвшөөрөөгүй. Кубад эдийн засгийн хориг арга хэмжээ авахад, хөрш Колумбад нь иргэний дайн дэгдэхэд оролцохоос татгалзаж байв. Терроризмын эсрэг тэмцэлд хэнтэй ч түншлэхийг хүсээгүй. Венесуэл бол хэнээс ч хараат бус бие даасан бодлого явуулахыг хичээсэн дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын цорын ганц улс гэж хэлж болно. Чухам тиймээс ч Ерөнхийлөгч нь дарангуйлагч, “галзуу”, түүний Засгийн газар нь хууль бус гэгдэж яваа байж мэднэ.
 
    Венесуэл дэлхийд нефтийн экспортоор эхний тавд ордог. Уго Чавес улс орондоо явуулж буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөө “Боливарын хувьсгал” гэж нэрлэдэг. Гэвч газрын тосноос олсон мөнгөөр “Боливарын хувьсгал” гээчийг Америк тивд түгээхийн тулд Урагвай, Антигуа, Доминикан, Куба, Боливи зэрэг улсуудад цацсан мөнгийг хэмжих аргагvй.
 
    Тэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ Америкийн Ерөнхийлөгчийг “амилсан чөтгөр” гэж нэрлэсэн төдийгүй АНУ-г “бидний толгойг авахаар далайсан сэлэм” хэмээн зүйрлэж байв.
 
    Уго Иракийн Саддам Хуссейнтай уулзаж, Ф.Кастрог өөрийнхөө хамгийн сайн найз гэж зарлаж барууныхны уурыг хүргэн, сөрөг хүчнийхний шүүмжлэлд өртдөг. Түүний удирдлагын арга барилыг улам бүр авторитар шинж чанартай болж буй тухай тогтоолыг Европын парламентаас гаргаж байсан. АНУ-ын ноёрхлыг эсэргүүцэх нэрийн дор тус бүс нутагт өөрийн нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж буй Уго Чавесийг зарим хөрш орон нь таагүй хүлээн авдаг. Гэсэн ч тэрбээр нугаршгүй зангаа гарган зөвхөн өөрийнхөөрөө урагшаа зүтгэсээр буй дэлхийн цөөхөн удирдагчийн нэг юм.
 
Угогийн зарим хачирхалтай мэдэгдэл, шийдвэрүүд
 -    2007 онд болсон сонгуулийн дараа эрх баригч 20 гаруй намыг нэгтгэж “Венесуэлийн Нэгдсэн социалист нам” болгож өөрчлөх санал гаргасан нь зарим жижиг намын дэмжлэгийг хүлээж байсан.
 
-     Венесуэлд видео тоглоом оруулж ирэх, худалдан борлуулах, хувилахыг хориглосон хууль батлав. Хэрэв хууль зөрчвөл 3-5 жилийн хугацаагаар шоронд хорих шийтгэл хүлээнэ.
 
-    Францын хөрөнгө оруулалттай “Exito" хэмээх супермаркетийг нийгэмчлэх шийдвэр гаргав. Учир нь улс орон даяар девальвац (барааг өртгөөснь хямдаар зарах) зарласан байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан тул ийнхүү шийджээ.
 
-    Уго Чавес цагийг 30 минутаар урагшлуулах шийдвэр гаргав. Ерөнхийлөгчийн зөвлөх, Шинжлэх ухаан, технологийн сайд Гектор Наварро өглөө хүний тархи илүү сайн 
ажилладаг тул ийм шийдвэр гаргасан гэдэг тайлбар өгсөн байна.
 
-    Уго Чавес харанхуйд хөлбөмбөг тоглохыг хориглолоо. Энэ нь эрчим хүч хэмнэх нэг томоохон аргаж хэмжээ гэж тэр тооцов. Иймээс тус улсын хөлбөмбөгийн холбоо оройн тоглолтуудаа байнга өдрийн цагаар хийх зохицуулалт гаргахаар болжээ.
 
-    Уго Чавес эрчих хүч болон усны хэмнэлтийг улс орон даяар эрчимтэй хийж эхлэх шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбоотой усанд орж байхдаа дуулахгүй байх мөн нүүр гараа угаахдаа гурван минутаас хэтрэхгүй байх зэрэг анхааруулгыг ард иргэддээ өгчээ.
 
-    Хувийн телевиз, радионуудыг хаах шийдвэр гаргав.
 
-    Улаан өндөгний баярыг 3 өдрөөр сунгав. Энэ нь улс оронд учраад буй эрчим хүчний хямралд жаахан ч гэсэн нэмэр болно гэж тооцсон байна.
 
-    Уго тус улсын өмнө хэсэгт байдаг дэлхийн өндөр Анхель хүрхрээг Чурум Меру гэж нэрлэхээр шийдсэнээ зарлав. Энэхүү хүрхээ Америкийн нисгэгч Жимми Энжелийн нэрийг зүүж байгаа нь Чавесын дургүйг хүргэсэн бололтой.    

Миний бодлоор Уго Чавес...
(манай нэг уншигч түүний талаар юу бодож буйгаа бичээрэй гэсэн юм.)
 
    Түүний зан авир, хийж буй эрсдэлтэй алхмууд зарим талаар манай нам, төрийн тэргүүн байсан Пэлжидийн Гэндэнг (1932-1937 оны хооронд Монгол Улсын Ерөнхий сайд) санагдуулдаг. Ядуу доод давхрагаас гаралтай, ярих өндөр чадвартай, улс төрийн сонирхолтой тоглолт хийдэг, дэлхий дахинд ноёрхож буй гүрний удирдагчийг доромжилж, гутааж чаддаг. Тэд зоригтой, эх оронч үзэлтэй. Даана ч боловсрол мэдлэг тааруугаас болж ухамсаргүй үйлдлүүд нь өөрийг нь байнга эрсдэлд оруулж, бусдын зүгээс буланд шахагдахад хүрдэг. Тэд хэмжээгээ мэдэхгүй том тоглолт хийдэг. Аль аль нь улс төрийн том бодлоготнууд биш. Тиймээс нийгмийн дэмжлэг авч чаддаг ч, цаагуураа улс орноо хорлосон зүйлүүд хийгээд байгаагаа мэдэрдэггүй.
 
    Магадгүй Уго цаг үеэ олж дуугараад байх талтай. Түүний дуу хоолой АНУ хэмээх хүчирхэг гүрний ноёрхол дуусч буй дохиог дэлхий дахинд өгөөд байх шиг санагддаг. АНУ-ын үзэмжээр улс орнуудыг ангилах, сайн муу гэж хуваахын эсрэг ганцаараа бардам тэмцэж байгаа. Тиймээс ч Орос, Хятад, Бразили, Иран зэрэг АНУ-ын ноёрхлыг үл зөвшөөрдөг том улс гүрнүүд болон болон латин америкийн цөөн биш орнууд ил цагаан түүнийг балиашагладаг. Уго АНУ-ын эсрэг билэг тэмдэг. Түүнд дэмжигчид ч бий, эсэргүүцэгчид ч бий.
 
    Тэр аль ч улс орны улс төрийн талбарт байдаг эрс радикал үйлдэлтэй, олны анхаарлыг өөртөө байнга татаж, шуугиан тарьж явдаг нөхдүүдтэй адил олон улсын тавцанд шуугиулдаг жирийн л улс төрч. Тэгээ л тэр. Одоохондоо Монголчуудад гай тариагүй тул бидэнд түүнд дургүйцэх шаардлага алга. Харин хөөргөж байгаад хэдэн цаас салгаад авбал манайд л ашигтай. Гэвч бид АНУ-ыг баримтлагчид тул ийм алхам хийхээс манай улс төрчид зайлсхийх биз дээ.

4 comments:

  1. goy bichjee. magadgui bidnii dundaas ch gesen ers oorchlolt hiih hun toroh ch yum biluu.

    ReplyDelete
  2. orchuulga l baina. iluu ix medeelliig bidend xurgeye gevel tsaadaxtaigaa ulzaj, xoyor gurvan jil xamt baix xeregtei baixaa.

    ReplyDelete
  3. orchuulga bish xulgai bn bagshaa ta zalitai xulgailax uymaa. olon talaas niiluuleed bichsen bn
    zunduu xunii zunduu uym xulgailaad doorni neree bicheed l bolgochdogo uym bn.

    ReplyDelete
  4. orchuulga nuguuh ni hulgai ch geh shig ene oyutnuud uursdiihuu tolgoigoor referat ch bichij chadahgui huulj tavichiad uuriihuu neree taviad bdgiig bodvol ene hun chin jinhene bicheed bgaan bishu zaluusaa

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)