2010/11/17

ЗСБНХУ-ААС ОХУ...

1960-1980-аад онууд. Дэлхийн хүн төрөлхтний түүхэнд “Хүйтэн дайн”-ы үе гэж тэмдэглэгдсэн байдаг. Яг үнэндээ АНУ-аар ахлуулсан “Капиталист блок”, хуучнаар ЗСБНХУ-аар ахлуулсан “Социалист блок”-ийн хооронд улс төр, эдийн засаг, зэр зэвсгийн “уралдаан” өрнөж, далбаан дор нь нэгдэж явсан улс орнууд бүгд энэ хоёр гүрний улс төрийн номлолоор эсрэг блокийн улсуудыг үзэн ядаж явсаар ирсэн. Зарим үед улс дотроо 2 хуваагдан нүүрэн дээрээ иргэний дайн хийж байгаа мэт боловч ард нь бүхэл бүтэн хоёр гүрэн шатраар бол улс төрийн нүүдэл хийдэг байсан нь нууц биш. Өөрсдийн блокийн нэр хүнд, улс төрийн нөлөөллийг ихэсгэх өөрийн эгнээнд нэг ч болсон улсыг нэмж элсүүлэх зорилго агуулж байсан үе. Үүний тод жишээнүүд гэвэл өмнөх нийтлэлд дурдагдсан Солонгосын хойгийн дайн, Вьетнамын дайн, Афганистаны дайн, Югославт улс төрийн хурцадмал байдал зэрэг болно.

Энгийн ард бидэнд л мэдэгдэхгүй байсан болохоос угтаа хоёр том гүрэн цөмийн өч төчнөөн цэнэгт хошуугаа бие бие рүүгээ чиглүүлчихсэн, цэргүүд нь “галлаад” гэсэн ганц команд хүлээж байсан эгзэгтэй мөчүүд их тохиож байсан үе гэдэгтэй ихэнх түүхчид, улс төрчид санал нэгдэх байх. Хүн төрөлхтний түүхэн хөгжлийг мөхөлд хүргэхүйц хэмжээний аюул дагуулсан “Дэлхийн III дайн” гарч магадгүй байсан цаг үе байдаг.
 
Ямар гээч ангалын ирмэг дээр ирснийгээ чухамдаа 70-аад оны сүүлч 80-аад /XX зуун/ оны эхэн үед хоёр гүрний удирдагчид бага ч болов ухаарч, хэлэлцээрийн ширээний ард сууцгааж зэвсэглэл бууруулах гэрээний төслүүдийг хэлэлцэж эхэлжээ.
 
Орос ах нар шууд буугаад өгчих хэцүү байсан ч улс орны дотоод асуудал хүндхэн байжээ. Таван жилийн төлөвлөгөөт эдийн засаг орос хүнд бэлэнчлэх сэтгэлгээг төрүүлдэг болж Орос орон даяар архинд живж, залуучууд нь цавуу, гутлын тос үнэртэх зуршилтай болж, төрийн болоод намын өндөр дээд албан тушаалтнууд хээл, хахуульд өртөж, зохион байгуулалттай гэмт хэрэг /тухайн үед байгаагүй гэх боловч сүүлийн үед гарч ирж буй баримтаар нотлогдсон/ газар авчээ.
 
Чухам энэ үед Америкчууд, тэр дундаа Рональд Рейган 1987 оны 6 дугаар сарын 12-нд Бранденбургийн хаалган дээр зохион байгуулагдсан Берлин хот үүсэн байгуулагдсаны 750 жилийн ойн арга хэмжээний үеэр ЗСБНХУ-ын Коммунист намын дарга Михаил Горбачёвт хандан Зүүн Германы ард иргэдэд эрх чөлөөг нь олгооч хэмээн уриалж, улмаар 1989 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Берлины хана”-ыг 2 Германы ард түмэн нураан унагаснаар хүйтэн дайны төгсгөл болсон гэж үздэг.
 
Социалист блок ингэж нуран унаж хоёр гүрний олон ч хүний үсийг цайруулж, мэдрэлээр тоглосон дайн дуусав. Энэхүү үйл явдалд Горбачёвыг буруутгах орос хүн цөөнгүй “Манай их сүр хүчийг Горбачёв л үгүй хийсэн” гэж захын орос хариулах байх. Үнэндээ энэ үеэс хойш л Орос оронд толгой түрүү нь олдохоо больж, бүх зүйл төр засгийнх нь мэдлээс гарч эхэлсэн. Нөгөөх “хар хайрцаг”-ны бодлого нь ч мөн адил. Эдийн засаг нь ядуурч, нийгэм нь хямарсан үед толгой нь ажилладаг, судалгаа шинжилгээний томоохон лабораторт ажиллаж байсан оросуудыг АНУ бодлогоор, доллараар өөртөө татаж байсан. Оросуудын ярьдагаар “тархиа алдаж” /утечка мозгов/ эхэлсэн. Үүнийг оросууд харсаар байж юу ч хийж чадалгүй өгөөд л, явуулаад л байсан.
 
Энэ бүхнийг удаан тэвчээгүй ард түмэн 1991 оны 8 дугаар сард төрийн эргэлт хийж Борис Ельциныг Ерөнхийлөгчөөр сонгосон. Энэ алхам зөв зүг рүү чиглэсэн боловч эзнээ олоогүй сонголт байсан нь сүүлд нотлогдсон юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн эдийн засагт шилжүүлнэ, хувьчлалыг дэмжинэ гэсэн урианууд нь эсрэгээрээ хээл, хахууль, авилгалыг улам газар авхуулж, нийгэм эдийн засгийн хямралыг ар араас нь дагуулсаар л ...Төрийн тэргүүн болсон Ельцин гуай хаана хэнтэй уулзахыгаа ч мэдэхээ больтлооо “водка”-гаа уугаад л, индэр дээр хэлэх үгийг нь бэлдэж өгсөн хүнийхээ нэрийг нь үргэлжлүүлж уншаад л, баруун гар талд нь зогсож байсан гадны зочдод хандаж зүүн тал руугаа үг хэлээд л хөөрхий, мань эр ер нь Оросыг самарсан даа. Юун тэр гадаад бодлоготой манатай.
 
Согтуу хүн сохор ухаантай гэгчээр үе нь өнгөрч байгааг мэдээд арга буюу өөрийн залгамжлагчаар одоогийн Ерөнхий сайд В.В. Путиныг Ерөнхийлөгчөөр тавьсан. Харин ч Ельцинтэй харьцуулшгүй сайн ерөнхийлөгч гарч ирж орос орныг зангидаж эхэлсэн. Нөгөө “соц” үетэй хамт мартагдчихсан байсан “хар хайрцагны бодлого”-ыг мань хүн л Кремлийн нэг нууц өрөөнөөс гарган ирж, тоосыг нь нэг хөдөлгөж эхэлсэн. Нэгэнт хүйтэн дайн нь дууссан, АНУ-тай барьцах юмгүй болчихсон болохоор олон талт харилцааг хөгжүүлж, тэр дундаа хуучин нэг блокт байсан ядуухан амьдралтай улс орнуудад анхаарлаа хандуулж, дундыг баримтлагч Европынхонтой шинэ түвшинд харилцаа өрнүүлж чадсан юм.
 
Гэрээ засаад төрөө зас гэдэг шиг дотоод асуудлаа ч жин тан болгож, намжихгүй байсан Чеченийг нам дарж, Владивостокийн дийлддэггүй “Мафи”-г цагдаа нартай нь хамт шийтгэчихээд гадаад харилцаа руугаа ханцуй шамлаад орчихсон. Арабын ертөнцөд “Ираны цөмийн төсөл”-ийг дэмжиж, инженерүүдээ явуулаад, Европ руу экспортолдог хийн хоолойгоос нь Украин том том баагаад хумслаад байхаар хагас Европыг өвөл халаалтгүй 2 сар гүрийлгээд Украиныг шившигтэй нь хутгачихсан. Гүржийн Саакашвилиг Жорж Буштэй сүжрээд байхаар нь “тэнэг хүнтэй” ороцолдоод яахав гээд хаячихсан. Нөгөөх нь өнөөдөр амьд үхсэн нь мэдэгдэхгүй л нам гүм байгаад байна. Оросууд бид байгаа шүү, хүчтэй хэвээрээ шүү гэдгийг байн байн АНУ, олон улсын хамтын нийгэмлэг, Европын холбоонд сануулаастай. Оросууд оролцсон болохоор Ираныг АНУ яаж ч чадахгүй байна.
 
Европчууд оросын хийнээс 100% хамааралтай гэдгээ бүрэн ухаарчихсан. Тиймээс Оросын нэр хүнд сайн. Хятад, Япон руу хийн хоолой тавьчихсан болхоор Азид бат. Харин сүүлд Медведев Япончуудын дургүйг хүргээд авах шиг болсон. Учир нь нөгөө улиг болсон Өмнөд Курилын арлуудтай холбоотой олон жилийн маргаан юм.
 
Өмнөд Курилын арлууд дээр эрт дээр үеэс орос, япон үндэстнүүд холилдон амьдарсаар байсан. Гэвч Дэлхийн II дайн дуусч япончууд ялагдлаа хүлээж бууж өгөх протоколд гарын үсэг зурах процесс нь АНУ-ын Тэнгисийн цэргийн “Миссури” хөлөг онгоцон дээр 1945 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр болсон бөгөөд энэ протоколын дагуу /хэрэв оросын тал уг процесс дээр очсон бол/ япончууд Өмнөд Курилын арлуудыг бүхлээр Оросын талд шилжүүлэх байсан гэдэг. Тухайн үед оросууд уг дайнд хамгийн их хохирол амссан хэрнээ америкчууд түрүүлж алхам хийсэнд дургүйцэж зориудаар очоогүй хэрэг л дээ. Тэгээд яахав, сая Медведев Ерөнхийлөгч Японы тал анхааруулаад байхад “Би ОХУ-ын Ерөнхийлөгч, өөрийн орны өнцөг булан бүрт чөлөөтэй зорчих эрхтэй” гэж гадаад харилцааны сайдаараа уламжлуулаад оччихно билээ. Орос, Японы харилцаанд хэр том цав үүсч болохыг ойрын ирээдүй харуулах байх, чих тавьж байгаарай.
 
Оросууд Америкуудтай зэвсэглэл бууруулах гэрээгээр л харьцаад байгаа юм. Нэг их өөртөө ойртуулахгүй бас тэр чигээр нь тавиад туучихгүй, зайг нь бариулаад л. За тэр том гүрнүүдийн харилцаа бидний ярьдгаар “юмтай хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү...” гэдэг шиг бидэнд хүртээлээр бага юм.
Гол нь оросууд “хар хайрцагаа” ашиглаж, бидэнд хэрхэн бодлогоо мэдрүүлээд байна вэ?
 
    Энгийн ганц жишээг иш татъя.
 
Их өрийн асуудал: энд тоо баримт, хэн даргын үед, хэдийг “орос ах нар” Монгол улсад мөнгөөр, эд материалаар өгсөн гэдгийг нуршаад яахав. Нийт 11.4 тэрбум шилжих рублийн өрийн тухай яригддаг юм билээ. Гол нь энэ өрийг Оросын төрийн тэргүүн хэд солигдож, хэн нь болсон ч хамаагүй Монгол улсад ирээд буцахдаа бидэнд сануулаад байдагт л байгаа юм.
 
Энхбаяр Ерөнхийлөгчийн үед /С.Баярыг Москва дахь Элчин сайд байхад/ их өрийг тэглэж биднээс нэхэхээ больсон гэх. Тэгсэн чинь саяхан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй Медведев уулзаад буцахдаа “тэгсгээд өрөө төлчихнө биз дээ” гэж хэлээд гарсан гэж байгаа.
 
Орос дордлоо дордлоо гэхэд түүх нь хуучирсангүй. Тоостой ч гэсэн “бодлого”-оо хадгалж үлджээ дээ гэж бодогдож байгаа биз. Хэн нь ч солигдож Ерөнхийлөгч болсон бүгд л их өрийг манайханд сануулаад л байгаа юм даа энэ Оросууд.    

П.Дашдорж Улаанбаатар. 2010 11 17.

1 comment:

  1. Yasan ih Oros ah gej bichdeg yum be . Yas yuman deeree Mongolchuud l Orosuudiin ah ni baih shvv.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)