2013/02/09

ХОТЫН СОЦИОЛОГИ БА МӨРӨӨДЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ


 Хот суурин дахь сегрегаци буюу социал ялгаран хуваагдал
Сегрегаци бол хүн амын ямар нэг бүлгийг албадан тусгаарлах бодлого, үйл ажиллагаа юм. Шашин шүтлэг, арьс өнгө, хэл соёл, угсаатны ялгарал онцлогоо үүдэж аяндаа тус тусдаа оршин суух нөхцлийг ч энэхүү ойлголтоор илэрхийлэх нь бий.


Аливаа нийгэмд орон зайн тэгш бус хуваарилалт, нийгмийн тэгш бус байдлын асуудал байнга оршин иржээ. Нийгмийн болон орон зайн хувьд тэгш бус, зааг ялгаатай байхын учир шалтгаан юу болох талаар судлаачид багагүй хугацаанд анхаарал хандуулж иржээ. Үнэхээр нийгмийн анги давхрагын ялгаа зөрүүг орон зайн байршлаар буюу суурьшлын бүсээр нь тодорхойлж болох талтай. Үүнээс үүдэж хотын социологи гэх хавсрага ухаанд сегрегаци буюу социал ялгаран хуваагдлын чухал байрь суур эзэлж байдаг.

Ийнхүү ялгаварлан тусгаарлах үйл явцыг 20-р зуунд ӨАБНУ дахь апартейд дэглэмийн хар арьстнуудыг тусгаарлах ажиллагаа, коммунист Хятадын төрийн бодлогоор хөдөөний тариачид хот сууринд шилжин суурьшихыг хориглосон дүрэм журам, исламын шашинт орнууд дахь шашин шүтлэг, хүйсийн ялгаварлан гадуурхах үйл ажиллагаанаас бэлээхэн харж болно. Монголд ч социализмын үед хөдөөнийхөн хотод суурьших үйл явцад засаг захиргааны хяналт тогтоох, ухуулга сурталчилгааны аргаар тэсгээн торгоох бодлого явуулж байсан нь тодорхой юм. Өдгөө ч Америкийн томоохон хотуудад арьс өнгө, үндэстэн угсаатан, ажил эрхлэлтийн нөхцлөөр ялгаварлан хуваах санамсаргүй хийгээд зориудын бодлого байдаг тухай судлаачид өгүүлдэг.

Хотын социологийн асуудалд орон зай, байршлын тэгш бус хуваарилалт нь нийгмийн бүлгүүдийн төлөвшил, үйл байдалд нөлөөлдөг эсэх талаар судалгаа нэг бус хийгдэж ирсэн байна. Тэгээд ч нийгмийн хувьд социал давхрага, мэргэжлийн болон насны бүлэг, боломж бололцоогоороо тэгш бус хуваарилагдан, өөр хоорондоо ялгаран хуваагдсан байдаг нь зүй тогтол юм.

Хүн амын янз бүрийн бүлгүүдийн хооронд орон зайн тэгш бус хуваарилалт ба тусгаарлалт дунд зууны өрнө дорнын хот сууринд нийтлэг үзэгдэл байжээ. Гэхдээ нийгэм-эдийн засгийн шалтгаанаар буюу мэргэжлийн зарчмаар (жишээ нь дархчуул гар үйлдвэрийн дүүрэгт нэг дор оршин суудаг) ялгарах нь зонхилдог байв. Тэрчлэн хүн амын гадуурхагдсан бүлгүүдээс илэрхий зай авч, ялгаварлан тусгаарлан явдал ч байсан. Ф.Энгельсийн “Англи дахь ажилчин ангийн байдал” бүтээлд энэхүү нийгмийн ялгарлын асуудлыг тодорхой тусгасан байдаг.

Хот суурин дахь ялгаран тусгаарлах үзэгдлийн талаар асуудал нь орон зай, цаг хугацааны нарийн хэмжигдэхүүний ялгаа зөрүүний (хот ба дүүрэг, барилга байшин ба өрөө тасалгаа, өдөр ба цаг минут) талаар сэдвийг ч өөртөө багтаадаг. Нийгмийн бүлгүүдийн ялгарлыг орон зай, нутаг дэвсгэрийн байршлын хувьд судлан тодорхойлох нь судалгаа шинжилгээний хувьд төдийгүй бодлого боловсруулах практик үйл ажиллагааны хувьд чухал учир холбогдолтой ажил юм.

Оршин суугч ангиуд гэж хэн бэ?
Хот суурин дахь нийгмийн бүлгүүд ийнхүү ялгаран амьдардаг талаарх үзэл санааг Жон Рекс, Роберт Мур нар 1967 онд гаргасан “Race, Community, and Conflict” бүтээлдээ нилээн дэлгэрэнгүй судалж, хамтын амьдралын хэв маяг, өмчтэй харилцах зарчим, боловсрол хүмүүжлийн онцлогоор ялгарсан 3 бүлэг оршдогийг авч үзсэн. Үүнд:
1. Дээд анги. Хувьдаа том байр сууцтай. Тэд үйлдвэр завод зэрэг тааламжгүй орчноос хол харин соёлын болон ажил хэргийн төвд ойрхон оршин сууцгаадаг хүмүүс юм.
2. Харин ажилчин ангийн хувьд дэнж дэвсэг дээр багавтар байшинтай, тэд нилээн хамтач бөгөөд харилцан нэгэндээ тусархуу хандлагатай.
3. Доод анги. Орон гэргүй байх нь зонхилдог ч баян хөрөнгөтний амьдралын хэв маягийг хүсэн эрмэлздэг хэсэг.  

Тэдний үзснээр хүн амын янз бүрийн бүлгүүдийн хооронд нөөцийг эзэмшихийн төлөө ил далд зөрчилдөөн байдаг агаад олж авсан нөөц чадавхи нь тэдгээрийн амьдралын бололцоо нөхцлийг  илтгэн харуулдаг ажээ. Мэдээж нөөцийн хуваарилалт нь тогтвортой орлого ба түүний хэмжээ гэсэн 2 шалгуураар шийдэгдэнэ. Чинээлэг хэсэг нь бие даан байр сууцаа худалдан авдаг бол дундаж орлого бүлгийнхэн зээл дэмжлэг, хөтөлбөрийн хүрээнд орон байртай болдог. Орлого багатай хэсэг хир тааруу өрөө байшин түрээслэх байдлаар өдөр хоногийг аргацаадаг.

Харин судлаач Рей Пал төр засгаас хүмүүсийн амьдралын боломж нөхцөл, амьдрах орон зайд нөлөөлдөг тухай санааг дэлгэрэнгүй авч үзсэн байдаг.

Жентрификаци буюу хот суурин дахь тэгш бус байдлын өөр нэг талын тухай
Жентрификаци (францын Genterise, gentilise буюу сурвалжит, чинээлэг хүмүүс гэсэн үгнээс гаралтайбол чухамдаа чадал чинээтэй хүмүүс доод ангийнхны суурьшдаг орон зайг түрж эзэгнэж эхлэхтэй холбоотойгоор хотын орчин нөхцөл өөрчлөгдөх үйл явц юм. Үүний дүнд тухайн бүсд дундаж орлого өсч, угсаатны цөөнх нутагших явдал хязгаарлагдан, гэр ахуйн ажил эрхлэлт хумигдаж эхэлдэг. Тэрчлэн уг шилжилтийн нөлөөгөөр түрээсийн төлбөр, өмчийн болон бусад хөрөнгийн татвар өсдөг байна. Дахин төлөвлөлтөд орсон газар нутгийг аж үйлдвэрийн зориулалтаар ашиглах явдал зогсож, тухайн орон зайд том том санхүү ажил хэргийн зориулалттай оффисууд босч, үнэтэй ресторан зоогийн газар, худалдааны төвүүд нээгдэж, соёл амралтын газрууд босч эхэлдэг байна. Чинээлэг шилжин суурьшигчдийн хэрэгцээний өндөр стандартыг хангахад чиглэсэн бизнес цэцэглэж эхэлдэг. Мөн хөршийн соёл төлөвшин хөгждөг аж.

Өөрөөр хэлбэл, аж үйлдвэржсэн хотын хуучин орон сууцны хороолол постиндустриал буюу аж үйлдвэржилтийн дараах эдийн засгийн хөгжлийн үндсэн дээр дахин сэргэх үйл явцыг жентрификаци гэнэ.

Уг нэр томъёог 1964 онд социологч Рүүт Гласс доод ангийн төлөөлөгчид оршин амьдардаг хот суурин, дүүрэг хороолол, орон сууцанд чинээлэг давхрагынхан олноор нүүн шилжих нөхцлийг тодорхойлох үүднээс анх хэрэглэсэн байна. Түүний ажигласнаар ажилчин анги суурьшсан хэр тааруу багавтар орон байруудыг дунд дээд ангийнхан олноор эзэмшиж, тухайн орон байрны түрээсийн хугацаа дуусангуут тансаг зэрэглэлийн сууц болгож байсан байна. Энэхүү үйл явц эрчимтэй хурдан явагдаж байсан нь сонирхолтой юм.

Жентрификацийн үр нөлөөгөөр тухайн дүүрэг хороололд хөрөнгө оруулалт цутгаж, орон нутгийн засаг захиргаа болон сууц өмчлөгч, хөршийн холбоодын зүгээс дэд бүтцээ хөгжүүлэхэд хөрөнгө зардал босгох ажлыг өрнөж эхэлдэг байна. Улмаар орон сууцны өндөр үнэ өртөг, үл хөдлөх хөрөнгийн татварын өсөлт нь уугуул хүн амыг байр сууцаа зарж, өөр хямд дүүрэг хороолол бараадахад хүргэдэг.

Жентрификацийн үйл явцыг дэмжигчдийн үзэж буйгаар нийгмийн уур амьсгалыг эрүүлжүүлж, гэмт хэргийн гаралтай үзэгдэл буурахад нөлөөлдөг байна. Харин шүүмжлэгчдийн хувьд энэхүү үйл явцаар гэмт хэрэг, нийгмийн бусад асуудал арилдаггүй харин өөр бусад ядуу дүүрэг хороолол руу шилждэг аж.

Жентрификацийн учир шалтгаан, үр дагаврыг тайлбарласан нэг бус онол үзэл баримтлал бий.

Бодлогын үр дагаврын үзэл санаа. Газар зүйч Нейл Смит хотын орон зайн төлөвшил ба капиталын урсгалын хоорондын харилцаа тэрчлэн эдийн засгийн нөхцөл шалтгааны үүндээс тайлбарласан байна. Бэсрэг хотжилт, дагуул хот үүсэх үйл явц нь хотын төвийн капиталын үнийг буулгах зорилгоор хотын зах хязгаарын хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтаас нөхцөлддөг. Үр дүнд нь төвийн хэсгийн үл хөдлөх хөрөнгийн үнэ, түрээс унаж зах хэсэгт өсдөг байна.

Хэрэгцээний онол. Жентрификаци амьдралын чанар, зугаа цэнгэлийн хэрэгцээ, амьдралын хэв маягаас үүддэг үзэгдэл. Энэ үүднээс Дэвид Лэй “шинэ дунд анги” бий болох үйл явцаар тайлбарласан байна. Гэхдээ 2 үндсэн үе шатыг дамждаг. Эхлээд эдийн засгийн хувьд маргинал хэдий ч хөгжилд баримжаалсан (trend-setters) бүлгийнхэн орхигдсон дүүрэгт суурьшиж эхэлдэг. Энэ бүлэгт өндөр орлогогүй ч боловсрол, мэргэжлийн хувьд дээгүүрт тооцогдох уран бүтээлчид, сэтгүүлч, урлаг соёлын ажилтан, залуу мэргэжилтнүүд зэрэг “шинэ соёл”-ын төлөөлөгчид багтана. Тэд өөрсдийн түвшинд тохирсон стандарт, амьдралын хэв маягийг дүүрэг хороололдоо хөгжүүлж эхэлдэг. Дараа нь санхүү, үйлчилгээний салбар хөгжиж эхлэхтэй зэрэгцэн үл хөдлөх хөрөнгийн худалдаачид, хуульчид, банкир, брокер, эмч, багш нар эрчимтэй суурьшдаг байна. Эдгээр шилжин ирэгчдийг социологид "дунд шинэ анги" буюу "шинэ хотын боловсон хүчнүүд" гэж нэрлэдэг байна.

Даяаршлын нөлөө. Тухайлбал, олон том хотод үйлдвэрийг халж банк, үйлчилгээний салбар хүчтэй түрж орж ирсэн байна. Улмаар дунд гарын худалдаачид хэр тааруу мухлагаа өндөр орлоготой хотын шинэ элитүүдэд зориулсан ресторанаар сольж эхэлнэ.

Хүн ам зүйн өөрчлөлт. Дахин төлөвлөгдсөн дүүрэг хорооллын хүн ам зүйн дүр зурагт өөрчлөлт гарахын зэрэгцээ оршин суугчдийн орлого өсөхийн зэрэгцээ угсаатны цөөнх багасахад хүрч, хүүхэдгүй хос, бага орлоготой ганц бие хүмүүсийн оронд гэр бүлээр солигдож, гэр ахуйн ажил эрхлэгчдийн тоо буурдаг.

Монгол дахь хот төлөвшилт, хүн амын ялгарал, дахин төлөвлөлтийн тухайд
Монголын орчин үеийн нийслэлийг 300 гаран жилийн настай гэж тооцдог. Нүүдэлчдийн нийслэл нь ахуй хэвшил, оршин амьдрах хэв маягаасаа шалтгаалаад суурин гэхээсээ хөдөлгөөнт шинж чанартай байснаараа онцлог. Суурьших үйл явц талаасаа 19-р зууны дундаас суурин хот болж эхэлсэн болтой. 20-р зууны эхэн хагас хүртэл нийслэл хүрээнд суурьшигчид нь аж ахуйн хэвшил, шашин номын зан үйл, суурьшигчдийн амьдралын хэв маяг, зэрэг дэвээс шалтгаалан Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консулын дэнж зэрэг суурьшлын өвөрмөц  бүсүүд байжээ.  

Харин урбанизаци буюу хотжилт гэх үзэгдэл бүр 20-р зууны дундаас эх үндэс нь тавигдсан гэж болно. Энэ үеэс социалист, зөвлөлт маягийн тэгшитгэсэн төлөвлөлтөөр Улаанбаатар болон томоохон хот суурингууд баригдаж эхэлжээ. Нийтийн нэг хэв загвартай орон сууцаар хүн амын хэрэгцээг хангаж хүч хүрээгүй тул “гэр хороолол” гэх монгол маягийн суурьшлын бүс хэвээрээ хадгалагдсан юм. Хэдийгээр хүн амыг ялгаварлалгүйгээр байр сууцаар хангаж байсан гэх боловч шинэ тутам орон сууцны хороолол удирдах албан тушаал, мэргэжлийн ялгаа зөрүүгээр хуваарилагдсан нь ажиглагддаг.

1990-ээд оноос зах зээлийн харилцаанд шилжсэнтэй холбоотойгоор социалист төлөвлөлт үндсэндээ алдагдаж, орон сууцжуулалт урсгалаараа явагдаж ирсэн. Зах зээлийн нөхцөлд харьцангуй өндөр орлоготой хэсэг нь хуучны “яс сайтай” гэх орон сууцуудыг худалдан авах, шинэ тутам баригдаж буй байруудын эзэмшигч болох нь түгээмэл байв. Суурьшлын шинэ бүсүүд ч бий болов. Үүнд, хуулиар суурьшихыг хориглосон дархан цаазтай гэх тааламжтай орчинтой нутаг дэвсгэрт шинэ үеийн баячуулд зориулсан хороолол бий болсон байхад газар олдохгүйн улмаас оршуулга, хогийн цэг, үеийн ам зэрэг хүн амьдрахад хэцүү газруудад хир тааруу амьдралтай айл өрхүүд олноор буух үзэгдэл  үргэлжилсээр байна.  Тэрчлэн Улаанбаатар болон томоохон хот суурин төдийгүй сум тосгонд ч өдгөө харьцангуй чадал чинээтэй хэсэг нь тансаг зэрэглэлийн амины орон сууцны  хорооллуудыг нэг дор байгуулж эхэлжээ.

Өдгөө Улаанбаатарын хүн амын амьдралын түвшинг оршин буй нутаг дэвсгэрээр нь бүсчлэн харах бололцоотой болжээ. Үүнийг нотлох мэт “нэг гүүр давбал нилээд баян, 2 гүүр давбал хосгүй баян” гэх хэлц хүртэл гарсан байна. Өөрөөр хэлбэл утаа, хүрээлэн буй орчны бохирдлоос хол хэрнээ төвд ойрхон тохиромжтой байршилд шинэ монголын баячууд, монголд байнга оршин суух хүсэлтэй гадаадын иргэд амьдрахыг эрмэлзэх болсон. Дэлхийн томоохон хотуудад байдаг “Чайна таун” ч манай нийслэлд зарим талаараа бүрэлдэж эхэлжээ. 

Хот төлөвлөлтийн бодлого хаагуур явна аа?
Чухамдаа төр засгийн зүгээс явуулж буй бодлого хөтөлбөр, төлөвлөлт, үйл ажиллагаанаас ангид байдлаар шинэ Улаанбаатарын дүр төрх бүрэлдэж байна гэж дүгнэх боломжтой. Соёл, амьдрах хэв маяг, шилжин ирсэн хугацааны ялгаа зөрүүнээс үүдэж уугуул хотынхон ба хөдөөнөөс ирэгсэд гэх ялгаварлан тусгаарлах хандлага хүн амын дунд урсгалаараа гарах болжээ. Оршин амьдрах нөхцөл, орон зайн төлөө тэмцлийн заяамал шалтгаанаас гарвалтай энэхүү сөргөлдөөнийг зохицуулах ажлыг төр засаг шийдвэрлэж чадахгүй байна. Аргаа барахдаа нутгийн зөвлөл гэх монгол маягийн орон нутгийн коммунити загварыг Улаанбаатар хотод хуулбарлах замаар зохицуулалт хийхээр оролдож үзэв.

“Зуун мянган айлын орон сууц”, “гэр хорооллыг орон сууцжуулах”, “дахин төлөвлөх”, зэрэг том нэртэй ч төрөөс хийж хүч хүрэхгүй байгаа амлалт, төлөвлөгөөнүүд нь хот сууринд бий болдог сегрегаци, жентрификаци зэрэг социал үзэгдлүүдээс аваад хүрээлэн буй орчны нөхцөл, төлөв хандлагаас ангид байдлаар явагдаж байгаа гэхэд хилдсэхгүй. Тэгсэн атлаа элсэн цөлд хот барих шаардлагыг хөрөнгө оруулагчдад байнга шаарддаг. Угтаа ашигт малтмалын томоохон орд, үйлдвэрүүдийн нутаг дэвсгэр, бүсд хүн ам ихээр суурьших хот суурин барьдаггүй л жишигтэй юм.

Хотын социологи гэх практик шинжилгээнд суурилсан энэхүү асуудлын судалгаатай уялдуулан бодлогоо хэрэгжүүлэхгүй бол орхигдсон хот, хаягдмал дүүрэг, унтаа хороолол зэрэг олон сөрөг үр дагавартай “хөгжил” биднийг угтах болно.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)