2010/11/29

КОМПЬЮТЕР ТОГЛООМ БОЛ УЛС ТӨРИЙН ХЭРЭГСЭЛ

Блог хөтлөгч миний бие 1993 он буюу 5-р ангид байхдаа  компьютер тоглоомтой болчихоод магнай хагартал баярлаж билээ. Ээж маань ОХУ-ын Тувагаас ойр зуур наймааны юм зөөхдөө айлын хүүхэд царайчилсан хүүгээ өрөвдсөн юм уу тухайн үедээ нилээн үнэтэй хятад видео тоглоом авч ирж өгсөн юм даг. Тэр үеэс хятадууд дэлхийн зах зээлийг эзлэх том өрсөлдөөнөө эхэлж, миний хувьд ч компьютер тоглоомоор тоглох их “аян дайн”-д мордсон бөлгөө.

Гэхдээ би сайн тоглогч, өнөөгийн хэлээр gamer болж гавьсангүй. Бүр оюутан болсны дараагаас орчин цагийн компьютерийн учрыг олж эхэлсэн юм. Харин өдгөө 3 настай бацаан PC тоглоом дээр тухтай нь аргагүй суугаад, гурав дөрвөн товчлуурыг адтай нь аргагүй дараад, гудамжны зодоон байтугай стратеги тоглоомыг гуч хүрсэн надаас илүү учрыг нь олоод байдагт дэлхий нийт гайхахаа ч больж. 
 
Нүүдэлчин удамт Монголчууд өнөөдөр эмээ өвөөгийн үлгэр домгийг хүүхэлдэйн киногоор, хэвлэл, ном зохиолыг телевиз, интернетээр, амьд харилцааг гар утас, мессежээр, чөлөөт цаг, оюуны хүмүүжлийг компьютер тоглоомоор орлуулах болсноор бодит нийгэмтэй зэрэгцэн виртуал нийгэм үлэмж хурдтай тэлж эхэллээ. Өдгөө виртуал нийгэм, виртаул улс орон, виртуал эхнэр нөхөр, нийгмийн харилцаа аль хэдий нь бий болж олон сая хүн зөвхөн түүгээр нийгмийн амьдралын тодорхой хэрэгцээгээ хангаж, түүнгүйгээр оршин тогтнох аргагүйгээр өдөр тутмын амьдралаа авч явах болжээ.
 
Харин энэ удаад бид бүхэлдээ виртаул нийгмийн талаар бус харин энэхүү “виртаулжсан” нийгэм ба улс төрийн хүрээний зарим нэг огтолцлын талаар саналаа хуваалцах юм. Товчхондоо улс төр яаж компьютер тоглоомыг ашиглаж байгаа талаар гэсэн үг.
 
Орчин үед компьютерийн тоглоомын сэтгэл зүйн талаар тусдаа хавсрага салбар хүртэл хөгжиж, хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхолтой судалгаанууд олноор нийтлэгдэх болсон байна. Залуучуудын хувьд улс төрөөс хол хөндий байх нь нийгмийн байдаг л үзэгдэл. Харин компьютерийн улс төрийн шинжтэй тоглоомууд залуучуудад ОНМХ-ээс ч илүү анхаарал татаж, улмаар зарим нэг улс төрийн онолын ойлголт хүртэл эвтэйхэн өгөөд байх болж. Бүр компьютер тоглоомын хүч нөлөө аль хэдий нь анзаарсан улс төрийн хүрээнийхэн янз бүрийн утгагүй, хийсвэр уриа лоозон, хөтөлбөр програм гэж гүйхээ болиод  яаж аятайхан тоглоом хийх үү хэмээн толгойгоо гашилгах болсон байна. 
 
Өөрөөр хэлбэл, компьютер тоглоом нь зугаа цэнгэл, цаг нөгцөөх үүргээсээ нэгэнт хальж, улс төрийн бодлогын чухал хэрэгсэл болж эхэлсэн ажээ. Тухайлбал, 2003 оноос АНУ-ын эрх баригч намууд өөрсдийн улс төрийн компьютер тоглоомуудыг хийж эхэлсэн байна. Тэд “Урагшаа гүйгч” (Frontrunner), “Сонгууль” (Еlections), “Мөнхийн ерөнхийлөгч” (President Forever), “Улс төрийн машин” (The Political Machine) зэрэг бүхэл бүтэн цуврал тоглоомыг олон нийтэд хүргэжээ. Уг тоглоомоор дамжуулан иргэн хүн өөрөө сонгуульд нэр дэвшиж, хэрхэн сонгуулийн кампаниа удирдах, сурталчилгаа яаж хийх тухай нэг бүрчлэн боловсруулсан аргачлалын дагуу “өрсөлдөж” болдог. Улмаар улс төрчид, бодлого баригчдын “хүнд хэцүү зовлон”, ачаалал, ажлын онцлогийг “ухамсарлаж”, улс төрийн идэвх нь өөрийн эрхгүй өсдөг гэнэ.
 
Манай улс ч юугаараа дутахав. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгчөө “эвгүй байдалд” оруулсан жижиг сажиг тоглоомуудыг интернетэд байрлуулж, нэр хүндийг нь унагах оролдлого хийж байсныг санаж байна. Миний санаж буйгаар нэг нөхөр олон нүхний аль нэгээс нь цухуйнгуут толгой руу нь алхаар цохиж оноо авдаг тоглоомыг интернетэд байрлуулсан байсан даг. 
 
Иймэрхүү ёс зүйн хувьд таарамжгүй бүр цаашлаад нийгмийг (дан ганц залуучууд гэлтгүй өдгөө анхны компьютер тоглоомчдын нас хэдий нь 40 хэлбийгээд одсон) хууль бус зүйлд уриалж, уруу татсан, өдөөн хатгасан шинжтэй тоглоомууд ихээр гарсан нөхцөлд хэрхэн зохицуулж, хяналт тавихыг хөгжингүй улс орнууд ч бүрэн шийдэж чадахгүй байна.
 
Олон улсын харилцаанд ч хурц зөрчил үүсгэхээр нөхцөл харагддаг. Аль нэг улс орон өөрийн хойч үеийнхэндээ дайсан эсвэл нөхөр хэн бэ гэдгийг стратегийн тоглоомоор дамжуулан илэрхий ухуулах болсон. Нэг үгээр хэнтэй сөргөлдөж байлдах, хэнтэй нэг тал болох талаар санамсаргүй мэт хэрнээ цаанаа нарийн утга агуулсан олон тоглоом байдаг. Улмаар хэн хамгийн сайн стратегийн тоглоом хийж байгаагаар нь улс орны хөгжлийг тодорхойлох шалгуур тавигдах болсон байна. 
 
Залуучуудын хувьд дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжлийн талаар давгүй мэдлэгийг компьютер тоглоомоор дамжуулан олж авах болсон нь жирийн үзэгдэл. (Тухайлбал, Victoria, Civilization, Homeworld, Age of Empires, World In Conflict, Act of War, For the glory, Warcraft). Харин тэдгээрт Дундад зууны монголын байлдан дагууллын талаар нэг бус удаа тусгах болсон нь бидэнд сайшаалтай. Харин тэрнээс хойшхи хөгжлийн асуудлаар ... тодорхой бус байдаг нь нэг тиймэрхүү. Манайхан ч бас том стратеги биш юмаа гэхэд өөртөө таарсан боломжийг тоглоомууд зохиогоод эхэлчихсэн болохыг дуулгахад таатай байна. Хамт ажилладаг нэг багш маань энэ тал дээр анхаарал хандуулж Хүннү гүрэн байгуулагдсны 2220 жилийн ойд зориулан шинэ тоглоом бүтээх ажилд гар бие оролцох болсныг хэлэх нь зүйтэй. Гэхдээ монголчууд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний тоглоом хийтэл нилээн хэдэн жил болох байх.
 
Эцэг эхчүүд “Контр страйк” гэж тоглоомыг бүгд гадарлана байх. Буудалцаа л, унагаа л, устгаа л... Өнөө PC тоглоомуудын газрын үүдийг барих ёстой гээд байдаг чинь гол төлөв энэ тоглоомтой холбоотой шүү дээ. Олон удаа тоглохоор сүүлдээ гадуур гарахаар хэн нэгэн булангийн цаана буудахаар хүлээж байгаа сэтгэгдэл төрөөд байдаг юм даа. Хэдийгээр виртуал орчин ч гэсэн хэн нэгнийг буудах, устгах нь маш хялбар гэж сэтгэж өссөн бацаанууд нийгмийг удирдах ээлж нь ирэх үед асуудлыг хэрхэн шийдвэрлэх, улмаар олон улсын түгшүүртэй байдал бий болох үед яаж хандахыг тааж мэдэх арга алга. Хөндий таамаглахад хоёр хөршид маань хүчирхийллийн шинжтэй тоглоом тоглогчдын тоо манай улсын хүн амыг хэд дахин нугалсан тоо гарах нь гарцаагүй.  Тоглоомоос болж төрөл төрөгсөд ах дүү, найз нөхдийнхөө аминд нь хүрсэн жишээ олон удаа гарсан. Ийм цус, аллага үнэртсэн Call of Duty, Rogue Warrior, Soldier of Fortune, Raven Squad зэрэг тоо томшгүй олон тоглоом бий.
 
Гэхдээ бас бүтээн байгуулалт, ажил хэрэг, аж төрлийн талаар санаа өгөхүйц иргэншсэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн хүмүүжлийн ач холбогдолтой тоглоомууд ч байгааг хэлэх нь зүйтэй. (Cities XL, VirtualCity, Democracy 2, Virtual villagers, Virtual Families, Farm Craft, My Life Story, Real Estate Empire, Build a Lot 4 зэрэг) Ингээд улс төр ба компьютер тоглоомын зарим нэг огтолцлыг харуулсан зарим нэг баримт дурьдая.
 
Шинэ цагийн фашист, арьсны үзэлтнүүдийн тоглоом
Орчин үеийн арьс өнгөөр гадуурхагчид болон үндэсний үзэлтнүүд комптютер тоглоомоор дамжуулан өөрсдийн үзэл санааг дэлгэрүүлэх сурталчлах ажлыг идэвхтэй зохион байгуулах болсон байна. Тухайлбал, 2002 онд бүтээгдсэн “Угсаатны цэвэрлэгээ” (Ethnic Cleansing) гэх тоглоомонд  америкт өнгөрсөн зууны эхэн үед газар аваад байсан Ку-клукс-кланы цагаан жанч нөмрөгтэй болон мулзангуудын хэв маяг бүхий нөхдүүд европын хотууд дахь еврейчүүд болон өөр бусад үндэстнүүдийг ангуучлах ажиллагаа хийх байдлаар зохиомжилсон байдаг. Мөн “Волфенштейн цамхгаас  зугтагч” (Escaping from Castle Wolfenstein) гэх видео тоглоомын нэг хувилбар дээр гол баатар нь “негр”-үүдийг болгож тавьж байгаагаар дүрслэгддэг. Эдгээр болон бусад нацист шинжтэй тоглоомуудыг “Бүтээгч эзний бүх дэлхийн сүм” гэх сүрхий нэртэй цагаан арьстныг дээдлэгч байгууллагаас санаачлан хийж тараадаг гэнэ. Ямартай ч уг тоглоомыг Европын холбооны нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон шийдвэрийг Арьсны тэгш эрхийн хороо удалгүй гаргасан аж. Улмаар интернетээр ийм тоглоом дамжуулах боломжийг хязгаарлах талаар ч ЕХ нухацтай хандах болж. Гэвч интернет-шинжээчид интернет дэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх техникийн боломж байхгүй гэж сануулж байна.
 
Харьд цагаачлагчид өөрийн тоглоомтой
2003 онд бүтээгдсэн “Вумэрийн дүрвэлт” (Escape from Woomera) гэдэг тоглоомын гол санаа нь тоглогч хууль бус цагаачдыг хянан харгалзах Вумер дэхь төвөөс нарийн төвөгтэй саад бэрхшээлийг даван зугтах үйлдлийг хийх ёстойгоор гардаг. Зохиогч тоглоомоо бодиттой болгохын тулд хууль сахиулагчид болон цагаачлагчидтай хийсэн цуврал сурвалжлагаар баримтжуулжээ. Хууль бус цагаачдыг “хуулинд хэрхэн захирагдахгүй байх” аргыг сургасан  уг тоглоомын санхүүжилт 15 000 долларыг зохиогч төрийн мөнгөнөөс босгосон болох нь удалгүй мэдэгдэж, Австралид томоохон шуугиан дэгдэж байв. Харин зохиогч “ОНМХ-ийн хувьд хаалттай сэдэв болох цагаачлагчдын лагерт ноёрхсон фашист дэглэмд олон нийтийн анхаарлыг татахын тулд” уг тоглоомоо хийснээ илэрхийлсэн байна.
 
Уг төстэй явдал мөн хугацаанд Швейцарт болжээ. Уг улсын дүрвэгсдийн асуудал хариуцсан товчоо сайт дээр “Швейцарт бүртгүүлэх нь” нэртэй тоглоом байрласан байна. Гол утга нь тоглогч ангол, косово, турк зэрэг орны улс төрийн дүрвэгчийн аль нэгийг сонгож тоглоно. Дүрвэгч тодорхой эд зүйл, гэр бүлээсээ аль нэгийгээ авахаа сонгоод, Швейцар луу зугтана. Ингээд албан ёсоор бүртгүүлэх хүртлээ хууль ёсны болон хууль бус олон зүйл хийнэ. Энэ үедээ цагдаад баригдвал тоглоомоос хасагдаж, ялвал бүртгэлд “хамрагдана”. Уг тоглоомонд өдөрт 20 000 хүн орж тоглож байсан бөгөөд тоглоом зохиогч Сибилла Сигварт “бид хүмүүст өөрийн орноосоо дүрвэсэн хүмүүс Швейцарт ирэхийн тулд ямар хүнд бэрхшээл тулгардгийг ойлгуулахыг зорьсон” гэж мэдэгдсэн байдаг.
 
Ерөнхийлөгчийг устга
2004 онд АНУ-д “Жон Кеннеди: дахин ачаалах нь” (JFK Reloaded) нэртэй тоглоом зах зээлд маш хурднаар тарж эхлэсэн байна. Тоглогч Кеннидийг буудсан  Ли Харви Освальдын дүрд тоглон 3 удаагийн оролдлогоор “ерөнхийлөгчийг унагах” ёстой. Тоглоом зохиосон фирм яг бодит байдал шигээ машин, хүзүү, толгойнд нь оносон хүнд 100 000 долларын шагнал амалсан байна. Кеннидийн төрөл төрөгсдийн зүгээс “хэлэхийн аргагүй жигшүүрт явдал” гээд хориглох ёстой гэж мэдэгдсэн ч уг тоглоомыг одоо ч хүүхдүүд тоглосоор байгаа аж.  
 
НҮБ хүртэл видео тоглоом зохиодог
2005 онд НҮБ “Хүнсний отряд” (Food Force) хэмээх тоглоомыг 8-13 насныханд зориулан гаргажээ. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал Нейл Галлахер мэдэгдэлдээ: “Хөгжингүй ертөнцийн хүүхдүүд өлсгөлөнгөөс болж туйлдаж унана гэж юу болохыг мэдэхгүй байгаа тул бид үүнийг харуулахыг хичээсэн юм” гэж хэлсэн байна. Тоглогч иргэний дайн өрнөж байгаа улсад очиж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад, хүнсний бодит хэрэгцээ болон орон нутгийн онцлог, үнэ зэргийн харьцуулаад оновчтой хуваарилалт хийх, сайн дурынхны аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг шийдэж зургаан үеийг давах ёстой.  Тоглоом үнэхээр бодит байдлыг харуулсан нөхцлийн талаар видеоролик үзүүлснээр төгсөнө. Өдгөө тоглоомыг дэлхийн олон хэл дээр орчуулан хүүхдүүдээр тоглуулж байна.
 
Сонгуульд компьютер тоглоомыг ашиглах нь
2006 онд Британий Сонгуулийн ерөнхий хороо иргэдээ сонгуульд идэвхтэй оролцуулах зорилгоор “Сонгуулийн сэрүүлэгтэй цаг” (Election Alarm Clock) гэх тоглоомыг санал болгосон байна. Сонгогчид тоглоом тоглохын тулд албан ёсоор нэрээ бүртгүүлснээр санал авалтад хүрэлцэн ирэхийг урьсан цахим шуудан, мессеж ирнэ. Тоглоомын зохиогчид 3.5 сая иргэдийг ийнхүү улс төрийн идэвхийг сэрээж чадна гэж тооцоолсон ба харин үр дүн нь юу болсныг нийтэд мэдээлээгүй байна.

Хувьсгалчдыг бэлтгэх виртуал гарын авлага 

Хүчирхийлэлгүй мөргөлдөөний олон улсын төвийн мэргэжилтнүүд “Хүчирхийллээс ч хүчтэй” (Aforce More Powerful) гэдэг тоглоомыг ирээдүйн хувьсгалчдад зориулан гаргасан байна. Гэхдээ ямар ч төвөгтэй нөхцөл байдалд хүч хэрэглэхгүйгээр асуудлаа шийдэж, тэмцлээ явуулахыг сурган дадлагажуулахад чиглэжээ. Тэд хуучин ЗХУ, Чили, Польш, Филиппин зэрэг дарангуйлалт, колончлолын дэглэмтэй байсан орнуудад үндэсний цөөнх, эмэгтэйчүүд, хүний эрхийн төлөө тэмцэл хэрхэн явуулах талаар боломжит хувилбаруудыг дэвшүүлсэн байдаг. Харин бодит амьдрал дээр хувьсгал санаачлагчид, тэмцэгч, сөрөг хүчний босогчид уг тоглоомыг өөр бусад ямар ч гарын авлагаас үнэ цэнэтэй болсныг нь үнэлж байгаа гэсэн байна. 
 
Ийм байдлаар компьютер тоглоом нь хөгжиж буй нийгмийн салшгүй нэг хэсэг болж, улс орон, нийгмийн бүлэглэлүүд тоглоомоор дамжуулан нөлөөллийн хүрээгээ тогтоож, ирээдүйн виртал дайнд бэлдэж эхэлсэн байна аа гэж...

За тэгээд "тоо бод, тос ид" хэмээх зүйр үгийн оронд "Комьютер тогло, кола уу" гээд зүтгээд байж дээ залуусаа.

1 comment:

  1. нээрээ ч тийм шүү. бидний виртуаль орчин биднийг өөрөө өөрөөр нь удирдуулаад байх шиг. Хүн техникийг хийх биш Техник өөрөө өөрийгөө хүнээр хийлгэж байна гэхүү дээ

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)