2010/11/30

АНЖЕЛИНА БОЛ АМЕРИК, АМЕРИК БОЛ АНЖЕЛИНА

Дэлхийн хамгийн алдартай дур булаам бүсгүй хэн бэ? гэсэн асуултад манай гарагийн олон сая хүн эр, эмгүй Анжелина Жолье хэмээн нэг дуугаар хариулцгаадаг. Энэ жил 35 насыг шүргэж буй Холливудын алдарт жүжигчин бүсгүйг тойрсон сенсац шуугиан үл тасрах бөгөөд түүний хувийн амьдралыг ангуучлан амь зогоодог цөөнгүй сэтгүүлчид өдөр шөнөгүй гэрийн нь үүдийг сахиастай. 
  

Анжелина Жолье Америкийн нэр хүндтэй сэтгүүлүүд болох “Esquire” (2004), “People” (2006), «FHM» (2006), эрэгтэйчүүдийн сэтгүүл “FHM” (2006, 2008)-ийн шалгаруулалтаар дэлхийн хамгийн үзэсгэлэнт, дур булаам бүсгүйгээр удаа дараа тодорч, 2009 оны Гиннесийн дээд амжилтад “Хамгийн хүчирхэг эмэгтэй жүжигчин”-ээр нэрлэгдэж, 2010 онд Форбес сэтгүүлийн дэлхийн 100 алдартай эмэгтэйчүүдийн нэгээр шалгарав. Тэр жил бүр ОНМХ-үүдийн шалгаруулалтад аль нэг үзүүлэлтээр заавал тэнцэж, оны алдартан болж байдаг уламжлалтай. 

Түүний царай төрх гоо сайхны загвар дуурайл болж хар шар олон сая охид хүүхнүүд өөрсдийн царай зүсийг ямар ч хамаагүй үнэ цэнээр өөрчлүүлэхэд бэлэн байна. Дэлхий дахинд гоо сайхны шалгуурыг зөвхөн цагаан арьстнууд тогтооно гэдгийг Анжелина  яруу тодоор харуулсаар явна.
 
Тэр яг Чингис хаана шиг улс үндэстнүүдийн өнчдийг ивээл асралдаа авч, өсгөж бойжуул ирсэн. Жолье -
      Камбожийн дүрвэгсдийн лагерт төрсөн өнчин хүү Мэддокс Шиван,
      Вьетнамын асрамжийн газрын хүү Пакс Тьен,
      Эх нь ДОХ-оос болж өнгөрсөн Эпиофын охин Захара Марли,
      Өөрөөс нь төрсөн Шайло Нувель,
      Вивьен Маршелин Нокса Леона гэх хоёр ихэр үрсээ хүний өөрийн ялгалгүй гайхалтай өсгөж хүмүүжүүлээд зогсохгүй дахиад ч хүүхэд өргөж авахаа нэг бус удаа зарласан.


Түүнийг зөвхөн өсгөж буй үрс нь хайрлаад зогсохгүй үрчлүүлсэн улс болгоны иргэд  Анжелинаг бишрэн шүтдэггүй юмаа гэхэд яав ч хялайж харахгүй нь хорвоогийн үнэн.
 
Анжелина Жолье болон Брэд Питт нарын буяны сан дэлхийн өнцөг булан бүрт зовж шаналж буй хүүхдүүдэд буяны гараа сунгадгаараа НҮБ-ын хүнсний хөтөлбөрөөс ч илүү тив улсад алдаршиж байна. Тэд гар таталгүй хэдэн арван саяар нь ази африкийн өнчдийг асрах газар, хүний эрхийг хамгаалах байгууллагууд, гэнэтийн байгалийн гамшигт өртөгсдөд тусалж ирсэн.
 

Түүнд очоогүй газар, уулзаагүй хүнгүй гэхэд болно. Дайны хөлд нэрвэгдсэн Боснийн дүрвэгсдийн хуаранд очиж,  иргэний дайн, ядуурал өлсгөлөнд гүнзгий автсан Кени, Таиланд, Эквадор, Судан, Косово, Ангола, Шри-Ланк, Сьерра-Леоне и Танзанид хүмүүнлэгийн тусламжаа хүргэж, Пакистан дахь афганы бүсгүйчүүдтэй хиджаб өмсөн уулзаж, Иордан дахь иракийн дүрвэгсийн зовлонг хуваалцаж, Оросын эмзэг цэг болох Хойд Кавказад дөрвөн ч удаа хөл тавиад амжсан. Тэр хүмүүнлэгийн тусламж хүргэсэн Намибид өөрийн охиноо төрүүлэхийг хүртэл хүсч байлаа.
 

Энэ бүсгүй 30 гаруй кинонд туслах болон гол дүр бүтээсэн хэдий ч тэрхүү салбараас өгөх шагналуудаас илүү том нэр хүнд түүнийг тосч байдаг. НҮБ Жольед хүмүүнлэгийн шагналаа хүртээж, Давосын дэлхийн эдийн засгийн форумд илтгэл тавихаар уригдаж, түүний нэрээр Камбожи өөрийн алдартай сүмээ хүртэл нэрлэж байв.
 
Айлын нөхрийн хорон санаа, атаархуу зан, хүний мөсгүй авир, зальжин бодлого, явуургүй үйлдлийг ааш зан сайт гэргийн ажил үйлс, аалиараа засч зөөлрүүлж явдаг шиг Анжелина Жолье л АНУ-ын муу муухайг олон улсын тавцанд эерүүлж байдаг юм. Тэр америкийн тарьсан хогийг араас нь цэвэрлэж явдаг бүсгүй. Америк хүний ялангуяа урлагийн оддын дунд хэвшсэн завхай зайдан байдал, гэр бүлийн тогтворгүй, хүүхдэд хүйтэн ханддаг байдлыг халж, гадаадад эвдэрсэн урлагийнхны нэр хүндийг авраад зогсохгүй, Америк залуучуудад гайхалтай үлгэр дуурайлыг биечлэн үзүүлж ирсэн. Тэр залуу бүсгүйчүүлд баймгүй хүнд хариуцлагыг өөртөө үүрсэн хүчтэй, гялалзсан эмэгтэйчүүдийн нэг.
 
  
Ленинээс Анжелина хүртэл...   
Соц-түүхэн замналд хагас зууныг өнгөрөөсөн монголчууд нэг үе Ленин гэдэг хүнийг муугүй мэддэг төдийгүй багшаа хэмээн өргөжилдөг байлаа. 1924 онд Ленин нас барахад тухайн үеийн авъяаслаг найрагч В.Маяковский “Владимир Ильич Ленин” гэдэг найраглал бичиж байсан юм. Харин монгол найрагчид Маяковскийд зориулан шүлэг зохиол туурвидаг байсан цаг саяхан. Маяковскийн тэрхүү найраглалд:
Нам, Ленин хоёр шиг ихэр үнэт зүйл
Манай түүхэнд байдаг гэж үү?
Ленин гэхээр намаан бид төсөөлдөг
Нам гэж хэлэхдээ бид Ленинийг аяндаа дурсдаг аа гэсэн бадаг бий. (Тааруу орчуулсандаа хүлцэл өчье.) 

Харин өдгөө Ленин хэмээх халзан эрийн онолын дүгнэлтүүд улиг болж, шинэ цагийг эзэгнэгч жүжигчин бүсгүйн адтай, авхаалжтай үйлдлээр ертөнцийг харж ойлгох болжээ. 

Иймээс бид:
Анжелина гэхээр Америк эрхгүй төсөөлөгдөж
Америк гэхээр Анжелина зөнгөөрөө бодогддог цаг дор амьдарч байна. Цаг цагаараа байдаггүй ээ гэж...
 
  

Америк өөрийн хүчирхэг, эрхэмсэг оршихуйн билэгдэл болсон Анжелина Жольегийн төлөө юу хийдэг вэ гэж үү? Тэр тухайлсан нарийн бодлого явуулах огтын шаардлагагүй. Зүгээр л хийж буй зүйлд нь саад болохгүй байхад л хангалттай.

2 comments:

  1. uuniig hen bichsiim be

    ReplyDelete
  2. chadaltai ch sxan ch huuhen de....

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)