2010/12/04

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ: 2010 оны 11 сарын 29 - 12 сарын 04


Энэ долоо хоногийн тоймоор шинжлэх ухаан, техник технологийн дэвшилтэй холбоотой гурван асуудлыг хөндсөн болно. 

Монголчууд хэзээ атомын цахилгаан станцтай болох вэ?
 Байгуулагдаад удаагүй ч эрх зүй, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, боловсон хүчний хувьд нилээн бэхжээд амжсан Монголын Цөмийн Энергийн Газраас “Монгол улсад цөмийн энергийг ашиглах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан байна. Хурлаар Монгол орны ураны геологийн судалгаа, хэтийн төлөв,  Монгол Улсад Цөмийн эрчим хүчний станцыг барьж байгуулах үе шат, цөмийн цахилгаан станц барих үндэслэл, хүчин чадлын сонголт, шинэ техник технологийн зэрэг нилээн өргөн хүрээтэй асуудлаар ЦЭГ-ын мэргэжилтнүүд болон ШУА, МУИС-ийн эрдэмтэн судлаачид  илтгэл тавьжээ.
Монгол орон ураны нөөц, илэрцээрээ дэлхийд толгой зохих орны тоонд ордог. Аюулын өндөр эрсдэл, ашгийн чамгүй бололцоо нэг зэрэг дагуулдаг цөмийн түлш, түүний үндсэн түүхий эд болох ураныг олборлох, боловсруулах, ашиглах асуудал нь дэлхий нийтээрээ хүчтэй анхаарал тавьдаг цөөн асуудлын нэг. Энэ утгаар дээрх асуудалтай холбоотой манай бүхий л санал санаачлага, бодлого, үйл ажиллагаа, гадаад дотоод хэлхээ холбоог хөгжингүй орнууд алхам бүрийг нь нягтлан хянаж, харгалзаж байгаа. Үндэсний эрх ашгийн үүднээс ч, дэлхий нийтийн хандлага талаасаа ч цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэж ашиглах явдал нь гарцаагүй тавигдах улмаар хэрэгжүүлэх ёстой том ажлын нэг мөн. 

Эрчим хүч үйлдвэрлэлийн хязгаарлагдмал сонголт, хэрэглээг дутуу дулимаг хангаж буй одоогийн нөхцөл болон цөмийн түүхий эдийн нөөц, тэр чиглэлээр ажиллах цөөн хэдий ч чадварлаг боловсон хүчинтэй бидний хувьд цөмийн эрчим хүчний үйлдвэр барих асуудлыг тавьж эхэлсэн нь чухал алхам юм. Гэвч техник технологи нэвтрүүлэх, үйлдвэр барих санхүү эдийн засгийн болон хүний нөөц боломж хомс байгаа зэрэг нь уг ажил ойрын хугацаанд шийдвэрлэгдэх нь эргэлзээтэй болох нь харагдаж байна. Тухайлбал, 1000 мВт-ын хүчин чадал бүхий атомын цахилгаан станц барихад хоёр тэрбум ам.доллар 500-1000 ажилтан нэн тэргүүнд шаардлагатай гэнэ.

Хамгийн гол нь дэлхий дахин 3 сая хүрэхгүй хүн амтай, түүний 40 хувь нь ядуу ангилалд багтдаг, терроризм, гэнэтийн халдлагатай тэмцэх туршлагагүй улс оронд атомын цахилгаан станц бариулчих зориг гаргачихаад дараа нь юу бодож хуйхаа маажихав гэдгээ аль хэдий нь тооцоолсон байж таарна. Энэ үүднээс 15-20 жилийн дараа цөмийн цахилгаан станц барих тухай нааштай хариу сонстож магадгүй хэмээн блогчин таамаглал дэвшүүлж байна. Ямартай ч “эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” шиг, “Монголын дотор өөрийгөө төдийгүй бүс нутгийг эрчим хүчээр хангах” бодол тээж буй нь огт бодлогогүй байхаасаа л дээр юм даа.

Барилга объектыг гүний дулаанаар хангах туршилт амжилттай болжээ 

Бас нэг эрчим хүчтэй холбоотой таатай мэдээ дуулгахад Төв аймгийн Зуунмод хотод хүүхдийн цэцэрлэгийн барилгыг газрын гүний дулаан ашиглан халаах туршилт хийсэн нь амжилттай болжээ. Мөн удахгүй тус аймгийн сургууль, эмнэлэгт нэвтрүүлэх ажлыг хийх юм байна.Шинжлэх ухаан талаас нь тайлбарлахад хөрсөнд шингэсэн нарны цацраг дулааны энерги болон хувирч, тодорхой гүнд тогтмол  хадгалагддаг байна. Үүнийг насос ашиглан авч барилга, байшинг дулаанаар хангадаг технологийг  улс орнууд өргөнөөр ашигладаг гэнэ.   

Ингээд эхний ээлжинд 60 хүүхэдтэй энэ цэцэрлэгийг дулаанаар хангахын тулд  100 метрийн гүн 24 цооног өрөмдөж дулаан дамжуулах хуванцар хоолой суулган, 90 кВт-ын чадалтай дулааны насос суурилуулсан юм байна.  Насос нь 1кВт цахилгаан хэрэглэж 3-4 кВтын эрчим хүч үйлдвэрлэдэг аж.

Ер нь энэхүү үйл ажиллагаа үр ашигтай, чанартай гэдэг нь тогтоогдвол аймаг сум бүрт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Гэхдээ эхний ээлжинд насос суурилуулах хөрөнгө, мөн эрчим хүчний нөөцтэй байх гэдэг 2 шаардлага тавигдана.Шинэ техник технологи ийнхүү нэвтрүүлсэн нь монголчуудын хувьд чухал том алхам гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бараг хүн хүндээр бие засаж байхад хажууд ирж тууз хайчлангаа алддаг энэ улс төрчид маань заримдаа болимоор юм. Тэрхүү технологийг нэвтрүүлсэн улс орон, инженерүүд, бэлтгэл ажиллагаа хангасан баг гээд цаана ажилласан хүмүүсийн нэр огт гарахгүй тууз хайчилсан нөхдүүдийн л PR сонин хэвлэлээр дүүрэн. Тэд ноу-хау хийчихсэн аятай.
Улс төрчдийн илүүдэл PR-ыг эс тооцвол дээрх технологийн дэвшил үнэхээр чухал алхам болохыг дахин тэмдэглэе. 

Хиймэл дагуулаас байрлал тодорхойлох байнгын ажиллагаатай суурин станцтай болов 

АНУ-ын Мянганы сорилтын корпорациас хэрэгжүүлж буй хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд зургаан ширхэг хиймэл дагуулаас байрлал тодорхойлох байнгын ажиллагаатай суурин станцыг өгсөн байна. Энэхүү "СORS" хэмээх станц нь АНУ-ын GРS, Оросын GLONASS системийн хиймэл дагуулуудаас мэдээллийг тасралтгүй хүлээн авч, өөрийн байрлалаа 15 секунд тутамд тодорхойлох юм байна. Түүнчлэн, өөрийн байрлалын засварын мэдээллээ эргэн тойрны 15 км радиустай талбайд зураглалын хэмжилт хийж байгаа бусад GPS-ийн төхөөрөмж газар дээрх аливаа объектийн байрлалыг хоёр см хүртэл нарийвчлан тодорхойлох боломжтой аж.Эдгээр станцаас 4-ийг нь Улаанбаатар хотод, үлдснийг нь Дархан, Эрдэнэтэд суурилуулжээ. 

Өмнө нь Монголд “Лайка1200” гэх станц ашиглаж байсан юм байна. Харин шинэ станц нь хоёр дахин илүү хиймэл дагуулаас дохио хүлээн авдаг аж. Гол дэвшил нь кадастрын нарийвчласан зураглал, хэмжилт хийх ажиллагааг хялбарчлан, цаг хугацаа, хүн хүчний хэмнэлт гарч, технологийн дэвшилд нэг том алхам хийж буй хэрэг юм. Мэдээж газар хөдлөлтийн мэдээлэл авах (цөмийн зэвсгийн туршилт ч байж болно), шинжлэх ухаан, физикийн бусад олон чиглэлээр ашиглах бололцоо бүрдэж буй гэнэ. 

Харин монголчууд бидэнд энэ технологийг эзэмших боловсон хүчнээ бэлтгэх, кадастр, газар зохион байгуулалтын учир замбараа муутай тогтолцоо, цэгцрээгүй эрх зүйн орчин, хүнд сурталт авилгач газрын албаны нөхдүүдээ нэг тийш нь болгох хамгийн чухал ажил үлдлээ дээ.

2 comments:

  1. манайд цөмийн хаягдлаа булшилдаг болсон тухай Цахим өртөөгөөр нэг шуугиж байна ш дээ. Коланы шилийг эзэнд өгөх гээд явдаг "Бурхад лам галзуурсан байхаа" гэдэг кино шиг болж магадгүй. Бидэнд олон боломж байхад заавал том яриад, томыг нь хийх гээд байх юм. Фрейдын томын тухай сэтгэл зүй шиг...

    ReplyDelete
  2. zavtai bolhoorooorj unshya.
    ih heregtei medeelluud zunduu bn blogoor chine.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)