2010/12/03

АРВАН ЖИЛИЙН ДОТОР АРВАН ХААНЫГ...

Хүн төрөлхтөн нийгэм төр улс, үндэстэн угсаатан, ер бүх тогтолцоо сулдан доройтож улмаар мөхөж буйг тодорхойлох аргуудыг боловсруулсаар ирсэн. Шашныхаар үүнийг хүмүүний нүгэл буян, үйлийн үр, бурхан номын зарлиг сургаалийг багтаасан Цөвүүн цаг, Апокалипсис зэрэг ойлголтоор дамжуулан авч үзэж тайлдаг бол философи утгаар ертөнцийн зүй тогтол, учир шалтгаан-үр дагаврын холбоогоор тайлбарлан таниулахыг хичээдэг. Мэдээж шинжлэх ухаан бидний авч үзэж буй асуудлын талаар өөрийн үндэслэлийг дэвшүүлсэн  нь лавтай. Энэ талаар дараа жич ярих тул философийн үүднээс хэрхэн үзснийг Л.Гумелёвын тайлбараар товч хөндөн, авсан жишээтэй нь доор сийрүүлэв.    

Аливаа мөхөж сөнөж буй үндэстэн, угсаатан, соёл иргэншлүүдэд адилхан шинж чанар гэж бий. Тэд бүтээлч хөдөлмөрөөс татгалзан жаргал цэнгэлд умбах, гаж зан үйлд ихээр автаж, харин мөхөх хүртлээ цаг хугацааг хэрхэн аятай таатай өнгөрүүлэх вэ гэдэгт тархи нь эрчимтэй ажиллаж байдаг. Нөгөө талаас төр улс, нийгмийн харилцаанд урвалт шарвалт, хуйвалдаан, явууллага, нууц аллага, авилгал хахууль замаа алдаж, жирийн иргэдэд энэ нь байх ёстой үзэгдэл, амьдралын салшгүй хэсэг мэтээр төсөөлөгдөж эхэлдэг. Улмаар бүтээлч сэтгэлгээ, шударга зан үйл, хүний мөстэй үйлдэл, нэгийгээ өмөөрч хамгаалах, эх орны эрх ашгийг бодох хийх тухай  ярьж хэлэгсдийн тоо үлэмж цөөрөх бөгөөд тийнхүү сэтгэгчдийг ч хүмүүсийг үзэн ядаж, тэд нийгмийн хамгийн адгийн шааруудад тооцогддог. Оронд нь хамгийн муухай аргаар хар амиа хоохойлох, хажуудахаа хулхидах, араас нь хутга зоох явдлыг нийгмийн шилдэгт тооцож үнэлэх хэмжүүр үйлчилж эхэлдэг. Цагтаа цалгиж явсан бүхий л том улс гүрэн, угсаатнууд болох эртний Египет, Вавилон, Перс, Грек, Рим, Эртний хятадын гүрнүүд, Индиан Маяачуудын өвөрмөц соёл иргэншил, Их Монгол, Оттоманы эзэнт улс энэ л шалтгаанаар доройтож, мөхсөн байна. Ингээд мөхөл нь ойртсон Римийн ордны хуйвалдаан хэрхэн өрнөж байсныг эргэн харуулъя.
 
  • Римийн эзэн хаан “улаан хамарт” Коммод алахаар төлөвлөсөн хүмүүсийнхээ нэр бүхий жижиг самбарыг янаг амрагийнхаа оронд мартаж орхижээ. Тэнд бас тэр бүсгүйн нэр тул хүүхэн самбарыг алахаар тэмдэглэгдсэн бусад хүмүүст үзүүлж, тусгайлан уригдсан гладиотор Нарцисст 192 онд хутгалуулан алуулав. 
  • Сенат эзэн хаанаар шударга, зоригтой, ажил хэрэгч, сайн санаатай, даруу өвгөн Пертинаксийг томилжээ. Нийгэмд шудрага ёс тогтох хандлага ажиглагдаж буруугүй ялтныг шоронгоос суллаж, хов зөөгчдийг шийтгэж, шүүх явдлыг дэг журамд оруулж, аж ахуй сэргэж эхэлсэн байна. Ордны зардлыг хоёр дахин бууруулж, Коммодын завхайрч байсан боол бүсгүйчүүдийг заржээ. Гэвч тэртээ тэргүй мөхөж буй нийгэмд шудрага Пертинаксийг хүлээн зөвшөөрөлгүй хуйвалдагчид 193 онд өвгөнийг алсан байна.  
  • Аллагыг зохион байгуулсан Преторичууд хэн их мөнгө төлсөнд нь хааны сэнтийг санал болгожээ. Хааны сэнтийг алслагдсан мужийн захирагч байж, тэндээсээ их мөнгө дээрэмдэж хөлжсөн баян сенатор Дидий Юлиан худалдан авчээ. Гэвч дайсан этгээд улс оронд нь дайрах үед довтолгоонд ямар ч дотоодын дэмжлэггүй Дидий Юлиан өөрөө хуйвалдааны золиос болж 3-хан сарын дараа 193 онд ордондоо алуулсан байна. 
  • Дотоодын хуйвалдагчид болох Преторичууд үгсэж Римийг эзэлсэн Септимий Север энэ гүрний оршин тогтнолыг 40 жилээр сунгаж чадсан боловч Римийн арми цаашлаад үндсэн хүн амд эзлэх уугуул угсаатан хэдхэн гэр бүлээр тоологдох болж, голдуу олзлогдогч боолчуудын удам үлэмж ихээр суурьших болсон байна. 
  • 235 онд цэргүүд Александр Северийг эх Маммаятай нь цуг алж, хаан ширээг фрак угсааны Максиминд шилжүүлэв.  
  •  238 онд цэргүүд Максиминыгаа алж, харин преторичууд Пупиен болон Бальбин хэмээх хоёр консулыг алсан байна.
  • Хаан ширээг авсан III Гордианыг 244 онд преторичуудын удирдагч Филипп Араб алж хаан ширээг эзэгнэв. 
  •  5 жилийн дараа буюу 249 онд Филипп Арабыг алж, хаан ширээ Траян Деций гэгчид шилжив. 
  •  Траян Децийг нас барсны дараа Требониан Галл Римийн удирьдсан боловч готуудтай хийсэн тулалдаанд цэргүүд нь түүнээс урваж удирдагчаа 253 онд хөнөөв.
  • Ээлжит хаан Эмилий Эмилиан тулалдаанд шийдвэрлэх үед цэргүүд нь түүнд захирагдахаас татгалзаж жил ч тэсэлгүй хөнөөгдөв.
Эзэнт гүрэн гурав хуваагдав. 
  • Гол хэсгийг удирдаж байсан Эгнатий Галлиен удирдаж эхэлсэн боловч 268 онд,
  • II Клавдий хаан ширээнд суугаад 2 жилийн дараа буюу 270 онд,
  •  Клавдий Квинтилл ердөө л арван долоон өдөр хаанчлаад  270 онд,
  • Домиций Аврелиа́н дэг журам тогтоож, эзэнт гүрнийг нэгтгэх оролдлого хийж эхэлсэн боловч 275 онд суллагдсан боол Мнестий амь насыг нь хөнөөв.
  • Мөн ахмад консул Тацит 276 онд,
  •  Флориан (Тацитын ах) 276 онд,
  •  Аврелий Проб 282 онд,
  •  Аврелий Кар 283 онд,
  •  Нумериан (Карын хүү) 284 онд нар дараа дараалан алагдсан байна.
  • 284 онд өрсөлдөгч Карин (Карагийн хүү) өөрийнхөө хамтран зүтгэгчдэд алуулсныг ашигласан Диоклетан хаан ширээнд сууснаар хараал хүртсэн мэт удирдагчдын аллага түр намжсан ажээ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)