2010/12/11

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ: 2010 оны 12 сарын 06-11

Ардчилсан өөрчлөлт, шилжилт хийсэн 20 жил
Өнгөрч буй долоо хоногт Монгол улс ардчилсан хувьсгалын хорин жилийн ойгоо хүндэтгэлийн хурал, бөхийн барилдаан, ёслолын буудлага, концерт гээд өргөн хүрээтэй тэмдэглэж өнгөрөөв. 

Басхүү өөрчлөлтийг хийсэн хорин жилийн хугацаанд алдсан алдаа, оносон оноогоо цэгнэж, цаашдын ирээдүйн талаар улс төрийн лидерүүд маань үзэл бодлоо хуваалцав.


Энэхүү хувьсгалт өөрчлөлтийг эхлүүлж, тэргүүн эгнээнд амь бие, аминчхан сонирхлоо үл хайхран, залуу идэр нас, ухаан бодлоо зарцуулсан бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлэе. Энэ баяр бол улс төрчдийн төдийгүй 20 жилийн өөрчлөлт шинэчлэлт хийхэд хошуугаа болон хуруугаа дүрсэн эсвэл зүгээр л ажиглаж байсан бүх хүмүүсийн, ард түмний минь баяр юм.  

Монгол бол жижиг улс. Жижиг улсад давуу тал гэж бий. Түүнд маш хурдан хөдөлгөөнд орж, өөрчлөлтийг яах ийхийн зуургүй нийгмийн бүхий л салбарт зэрэг зэрэг дэвшил хийх бололцоо олгогдсон байдаг. Бас сул тал бий. Нухацтай, ултай суурьтай хандаагүй буюу яаран хуумгай хөдөлж, хурдан түргэн хийж хэрэгжүүлсэн ажил нь түүхий хоомой байх нь нэг бус ажиглагддаг. Бас л давуу талаараа түүнийгээ маш хурдан мэдрээд засч чаддаг. Бид яг л тийм зүй тогтлоор улс орныхоо хөгжлийн замыг засч явна. Үүнд ямар нэг сайн муу гэх ёс суртахууны үнэлэмж өгөх шаардлага байхгүй. 
 
Нийгмийн шилжилт буюу транформаци гэдэг үзэгдэл нь бидэнд төдийгүй хүн төрөлхтний хувьд шинэ үзэгдэл. Яаж эхлээд хэрхэн амжилттай төгсөх талаар маш тодорхой онолын загвар, хөгжлийн үзэл баримтлал гэж байхгүй. Гэхдээ багцаа хандлага бий. Жишээлбэл, хуучин тогтолцоог нураах, шинэ тогтолцооны суурийг ухах, барилгын зураг, архитектур гаргаж дараагаар нь газар дээр нь өрж барилга байшин болгоод, улмаар ашиглаж эхлэх хүртэл 25-30-аад жил зарцуулдаг тухай өрнөдийн эрдэмтдийн судалгаа дүгнэлт бий.
 
Энэ хугацаа наашаа цаашаа хэлбэлзэж болно. Тухайн улсын чадал тэнхээ, нийгмийн ухамсар, сэтгэлгээ, өөрчлөлтийг хийх бэлэн байдал, эрх баригчдын ухаалаг бодлого алхмаас шалтгаалж уртсаж сунах, урагшилж товчлох нь шийдэгддэг гэсэн үг.
 
Ямартай ч дэлхийн ардчиллын гурав дахь давалгааг хамтдаа эхэлсэн улс орнуудаас түрүүлээгүй юмаа гэхэд ард нь сууж хоцроогүйг ам бардам хэлэх эрхтэй улс бид.
 
Харин нийгмийн шилжилт хийсэн асуудалд дүн шинжилгээ явуулж, дууссан дуусаагүй тухай дүгнэлт гаргах нь тусдаа зүйл. Энэ тухай Монголчууд өөрсдөө гэхээсээ гадны хөндлөнгөөс ажиглаж, судалж буй эрдмийн хүмүүсээс асуувал илүү тодорхой үндэслэлтэй юм хэлж өгөх болов уу. Тухайлаад зардал мөнгө гаргаад шилжилтээр мэргэжсэн судлаачдыг урьж тодорхой шалгуур энэ тэрээр нь улс орноо танилцууд дүгнэлт гаргуулвал юу нь болохгүй гэж. Бас хийсэн бүтээснээ сорьж, хөндлөнгөөс хэлүүлэх нь дараагийн алхмаа хийхэд чухал ач холбогдолтой шүү дээ.
 
Бид харин үлгэр загвараа Америк, Баруун Европын орнуудын амжилтаар Жишин зүйрлэхийн зэрэгцээ Зүүн Европын орнуудын туршлагаас хуваалцах талаар учир дутагдалтай ажиллаад байгаа санагддаг. Заримдаа баян айлд байж магадгүй гэж гуйсан зүйл ядруухан найзад маань хангалттай олон байх тохиолдол амьдралд зөндөө байдаг ш дээ.
 
Гэхдээ шилжилтийг дуусгах гэж яараад яахав. Философи утгаараа хүн бол тасралтгүй шилжиж, өөрчлөгдөж, ямар нэг төгс юмыг эрж хайж явдаг амьтад юм. Харин төгс зүйл бүтээчихээд түүнээс цааш юу хийх вэ гэдэг л толгой эргүүлсэн асуудал байна даа гэж... 
 
Бүх Монголчууддаа ардчилсан хувьсгалын хорин жилийн ойн баярын мэнд дэвшүүлэе!!!

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)