2010/12/18

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ: 2010 оны 12 сарын 13-18

Ард түмэн минь аймаар ядуу байна даа...
2008 оны сонгуулиар ирээдүйн их баялагт эзэн суухын төлөө мөнхийн ус өгөхөөс бусдыг амлахаа алдаж байсны үр дагавраар засаг төр нь “Хүний хөгжил” гэдэг мундаг нэртэй сан байгуулаад хүн бүрт сар бүр 10000 төгрөг тараадаг “буяны” ажил эрхэлдэг болоод жил гаруй болж байна.
 
Ард иргэд маань яг хуучин нийгэмд архи, мах, орос чихэр алим гээд ховрын юманд оочирлодог байсан шигээ, арван мянган төгрөгийн төлөө бараг 24 цаг хоол унд, унтах нойргүй зогсоход хүрээд байгаа нь ямар эмгэнэлтэй хэрэг вэ? Шинэ оноор хэдэн халтар хүүхдэдээ чихэр авч өгөх гээ л тэр байлгүй чааваас. Ядаж байхад ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баяр тэмдэглэж байгаатай давхцаж байгааг хэлэх үү. 

Нэг оочироос нөгөө дараалалд зогсох гэж бид шинэчлэл хийсэн юм байх даа. Анх ардчилагчид хуучин нийгмийн сул талыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон хэмээн буруутгаж, оноо очкоов цуглуулдаг байсан бол одоо яг эсрэгээрээ зүгээр тараагаад бай, өгөөд бай гэдэг уриа лоозонг хамгийн чангаар орилдог болсон нь ухраад байгаа эсвэл дэвжээд байгааг ялгаж таних ямар ч боломжгүй болгоод хаячихав юм даа тэд.
 
Төрийн бодлого нь хүртэл мөнгөөр барьцаалж иргэдтэйгээ харьцах ажлаа зохицуулж байгаа юм чинь аргагүй дээ. Хогны мөнгөө төлөөгүй бол тусламжаас хасна, иргэний бүртгэлдээ бүртгүүлээгүй бол төрийн хишгээс золино, шаардсан төлбөрийг нь хийхгүй бол хүүхдийг нь сургуулиас хөөнө, эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй бол эмнэлэгт хүлээж авахгүй гээд бүх зүйл хүн ёсны төлөө биш хэдэн халтар цаасны төлөө байх ёстойг ухамсар оюунд нь хүчээр бэхлэх л ажлыг гаргуун хийж байна даа.
 
Ард түмэн минь амьдралын хувьд ч, сэтгэлгээний хувьд ч аймаар ядуу байна даа.
Яаж нэг зөв бодлого хэрэгжүүлдэг голдиролдоо орох юм бол доо...

Бидэнд зориулсан бирж үү, бэнчинтэй нөхрийн сэдсэн ажил уу?
Энэ долоо хоногт УИХ дээр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, тvvхий эдийн биржийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдав. Малчин монголчууд мах магнаг болж, магнай дээрээ залахдаа хүртэл ховордож үнэрхсэн мах махан бүтээгдэхүүнийг олон улсын жишгийн дагуу биржээр зохицуулж, эрэлт нийлүүлэлтийн зах зээлийн хуулинд мөрдүүлэхэд том алхам болно гэж хууль санаачлагчид үзэж байгаа болтой.
 

Яг үнэндээ манай оронд байгалийн хуулиас дээгүүр жаалдаг бөө удганууд, нийгмийн хуулийг тоохгүй сэвдэг эрдэмтэн мэргэд, эзотеркууд, эрх зүйн хуулийг огт тоодоггүй монополь компаниуд, зах зээлийн хуулиас ангид ажилладаг ченжүүд л улс орныг маань удирдан жолоодоод, хаана юу хийж, ямар үнэ төлөх, бүр хэзээ амьдарч үхэхийг маань хүртэл шийддэг болчихоод байна.
 
Хууль гарах нэг хэрэг. Хэрэгжүүлэх бүр тусдаа асуудал. Бирж байгуулах гээд байгаа нь ард иргэнд зориулж хийгээд байна уу эсвэл нэг нөхөр бизнесийн том нүх олж харчихаад зүтгүүлээд байна уу гэдгийг ялгаж салгах нарийн учрыг энэ чиглэлээр мэргэшиж, номыг нь дуулсан нөхдүүд л харин сайн хэлж чадах юм биз дээ. Би сайн ялгахгүй байна нөхөд минь.   
Интернет дэх хууль бус, ёс бус ажиллагааг хязгаарлах оролдлого
Энэ сараас эхлэн “Харилцаа хол¬бооны сүлжээгээр вэб сайтын үйл¬чилгээг эрхлэхэд баримтлах түр журам”  хэмээх эрх зүйн акт хэрэгжиж эхэлсэн юм байна. Гол санаа нь интернет дэх монгол агуулгатай контентад тодорхой хяналт тавьж, садар самуун, хүчирхийлэл сурталчилсан, зохиогчийн эрх зөрчсөн, ёс зүйгүй үг хэллэг хэрэглэсэн нөхцөлд гаргуулахгүй байхад монгол үйл ажиллагаа явуулж буй хостинг, интернет, вэб үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэж байгаа юм байна.
 
Мэргэжлийн үүднээс хэлэхэд иймэрхүү зохицуулалт хийх цаг үеийн шаардлага бий гэж үзэж байна. Ялангуяа улс төрийн сонгуулиудаар интернет орчинд нэр дэвшигчдийг доромжилж гутаасан бичлэгүүд үлэмж ихсэж, энэ чиглэлээр ажилладаг багууд хүртэл идэвхждэг болохыг нуух юун.
 
Өнөө иргэний эрүүл, хүмүүнлэг нийгэм байгуулах зорилгод огт нийцэхгүйгээс гадна залуучууд улс төрийн орчноос дайжиж зугтах, эсвэл ерөөс бохир заваан зүйл мэтээр сэтгэж, ханддаг эрүүл бус хандлага өсөхөд хүрдгийг хэлэх хэрэгтэй.
 
Хувь хүний хувьд интернет дэх хүмүүсийн үзэл бодлыг бүрэн хягаж зохицуулах боломжгүй болохыг уг журмыг санаачлагчид ч гүнээ ухамсарлаж байгаа. Ялангуяа жижиг блогууд, гадаад сервер дээр байршсан вебүүдийн хувьд хараал хэрүүлээ үргэлжлүүлэх боломж хэвэндээ үлдэж байна. Иймээс дотоодын интернетийн компаниудын хувьд хэрэглэгчдээ алдах нөхцөл бүрдэхээс шалтгаалж тэд уг журмыг эсэргүүцэх асуудал дэвшүүлэх нь гарцаагүй.
 
Яг үнэндээ бол интернетэд хүмүүсийн нийтлэл мэдээллийн дор хараал хэрэглэж, доромж бичдэг хүмүүс чинь сэтгэцийн жаахан юмтай нөхдүүд байдаг юм шүү дээ. Тэд хүний нүүр лүү эгц хараад хоёр үг хэлж чаддаггүй, хулчгар гарууд л сэтгэцийн тачаадлаа мэдээллийн технологи ашиглаж гаргадаг гэдгийг сэтгэл судлаачид хүртэл хүлээн зөвшөөрдөг юм байна лээ.
  

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)