2010/12/17

БОЛЗОО БА ЭРҮҮЛ ЭДИЙН ЗАСАГ

Хоорондоо тэр бүр хоршоод байдаггүй хоёр ойлголтоор манай нэг багш маань хичээлийн нэг семинараа явуулсан байна. Болзоо гэдэг хүмүүсийн харилцааны энгийн үзэгдлийг нийгэм-эдийн засгийн нэг индикатор болгож, оюутнуудын үзэл бодол, хүсэл мөрөөдлийг сонссон нь сонирхолтой төдийгүй, улс орны нөхцөл байдлыг өвөрмөц өнцгөөр харах бололцоог олгожээ. Ингээд оюутнуудын үзэл бодлыг нэгтгэн хэрхэн дүгнэснийг харцгаая.

Болзоо бол эдийн засгийн хөшүүргийн нэг илрэл байж болох юм. Монгол, Солонгос, Хятад, Герман, Франц, Америк, Африк, Афганистанд залуучууд бүгдээрээ л БОЛЗДОГ. Болзоо гэхээр заавал эрэгтэй эмэгтэй хүн болзох биш найз нөхөд, танилууд, хамтран ажигллагсад болзоод чөлөөт цагаа сайхан өнгөрөөхийг хэлдэг болохыг сануулах нь илүүц биз.

Тухайн улсын залуус яаж болзож байна, тэдний хүсэл эрмэлзэл, сонирхол, мөрөөдөл, стил хэв маяг нь ямар байна гэдгээр нь дамжуулж нийгэм, эдийн засгийн хөгжил нь хэр түвшинд байгааг тодорхойлох боломжтой мэт санагдана. Товчхондоо эрүүл болзоо нь эрүүл хэрэглээ, эрүүл орчин, эрүүл эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт байхаас гадна эрүүл хүсэл тэмүүлэл, мөрөөдөлтэй залуусыг төлөвшүүлэх чухал хүчин зүйл юм. Би БОЛЗОО ийм л байгаасай гэж хүсэж байна.

Хувцаслалт
Залуус маань өөрсдийн сонирхсон хэв загвар, стилд тохирсон, үнэтэй биш ч цэвэрхэн сайхан хувцаслаж байгаасай. Үнэтэй, бренд хувцасны сонголтын зэрэгцээ залуусын хэрэгцээнд нийцсэн эх орныхоо үйлдвэрийн дэгжин загварын хувцас үйлдвэрлэдэг фирмүүд олон байгаасай. Нэг хэсэг манай охид “армиараа” шахуу хятад эзэнтэй оёдлын үйлдвэрүүдэд ажиллаж байсан. Цаашлаад оффшор бүс байгуулж, Филиппин, Вьетнам, Турк зэрэг орнууд шиг  дэлхийн бренд хувцас үйлдвэрлээд, дотооддоо төдийгүй гадаадын зах зээлд нийлүүлсэн сэргэлэн улс орон болж яагаад болохгүй гэж? Одоогийн залуус эрээн, бээжин явдаг үүргийн худалдаачны "дарсан барааны" гоо зүйн мэдрэмжээр стил имижээ бүрдүүлж байна гэхэд хилсдэхгүй.
 
Бид маш өндөр өртгөөр хувцаслаж байна. Болзоондоо бие биенээсээ хувцас ломбардаж явдаг ч байж болох юм. Болзоонд бол гангарах биш харин чөлөөтэй, энгийн, соёлтой, хамгийн гол нь зохицсон хувцаслалт чухал шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлийн ноолууран хувцас нь үнэтэйн зэрэгцээ залуучуудын маань мод загварт нийцэхгүй, тэднийг гоёх биш заримдаа доош оруулахуйц байгааг хэлэх юун.

Хаана уулзах уу?
Хөдөөнөөс хотод ирээд удаагүй хүмүүс уулзах газрын баримжаагаа Их дэлгүүр эсвэл Сүхийн талбайгаар товлодог. Харин БОЛЗОО-нд очих залуус хаанаас эхлэх вэ? Тэдэнд саад болох зүйл багатай энгийн намуухан орчин, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжуудаа бид "газрын наймаагаар" устгалд оруулсан. Нийслэл Улаанбаатари гуравхан усан оргилуурт  цэцэрлэг байдаг болохоор тэр нь “Нарантуул зах” шиг хүн амьтан бужигнасан их хөлийг газар болж хувирдаг. Гэтэл БОЛЗОО-нд аюулгүй, тухтай, романтик, намуухан газар хэрэгтэй байдаг. Ер нь найз нөхдөөрөө цуглаж болзоод цагаа сайхан өнгөрөөдөг залуусын зугаа цэнгээний болон спортлог орчин их дутмаг байдаг нь харамсалтай. Болзооны цэсэнд “Тэнгис” кино театр л гол төлөв багтдаг болтой. Тэгээд очтол аль намар нээлтээ хийсэн “Намрын Синдром” дахин дахин гараад байвал яах уу?.

Болзоонд юу идэж уух уу?
Сэтгэл татам орчинтой, зүрх догдлом хөгжимтэй, нүд баясам тохижилттой, дэгжин сайхан КАФЕ-д болзсон найз нар сэтгэлийн үгээ ярилцвал ямар сайхан бол... Барууны “Старбакс”, “Байскин Робинс”, “Бургур Кинг”, “МакДональдс”, “КФС” гээд залуучуудын БОЛЗОО-г амь оруулдаг "үнэ хямд, үйлчилгээ сайтай" газрууд одоогоор манайд нэвтрээгүй тул зөвхөн мөнгөтэй хүн л орж үйлчлүүлэх зориулалтай, үнэтэй дэлгүүр, үйлчилгээний газартай "сүүлчийн Могикан болох хотын ногоон байгууламжийг” залгисан Централ Таур-т л нэг хэсэг нь цугларч харагдах юм даа. Залуус маань тамхи үнэртсэн, хүмүүс шуугисан, таагүй уур амьсгалтай pub-д боргио ууж БОЛЗОО-гоо хийвэл таатай байх гэж үү?

Болзоонд юу бэлэглэх вэ?
 Цэцэг авч очих хэрэгтэй. Хаанаас? Ердөө 5, 6 л газар байгаа даа. Тэдгээр нь гэхдээ залуучуудад биш одон медаль авах хүмүүст тааруулж,  "настайчуулд зориулсан" гурав, дөрвөн янзын боолтоор л ороож өгдгийм дөө. Тэгээд бас их үнэтэй ш дээ.
 
Бэлэг бол бүр хэцүү. Бэлэг дурсгалын дэлгүүр нь жуулчдад зориулсан том арьсан дээр морьтой, морьгүй сахалтай хүн, бүдүүлэг эсгий, модон хүүхэлдэйнүүдээс цааш сонголтгүй.
 
2001 онд Сөүлийн их сургуулийн дизайны ангийн оюутан хичээл дээрээ нүдээ аньсан өхөөрдөм туулай хийгээд тэр нь СБС-ийн драмм дээр гарснаар хит бүтээл болж 100 сая вонн олж байсан шиг залуус өөр хоорондоо бэлэглэх авсаархан, боломжийн үнэтэй, хөөрхөн загвартай бэлэг үйлдвэрлэвэл муугүй бизнес болох боломжтой санагдана.

Болзооны дараа
Болзоонуудын дараа залуучуудын нандин харилцаа эхлэх байх даа. Гэхдээ тэр нь хэдэн болзооны дараа байх вэ? гэдгийг багш нь бүү хэл аав ээж нь, ээж аав нь бүү хэл сайн найз нь зөвлөж, зааж чадашгүй зүйл. Барууны кинонд болзооны дараа л секс байдаг юм шиг сэтгэгдлийг залуучуудад төрүүлдэг. Чухамдаа үүнийг хүмүүсийн сэтгэл ханамжийн хэмнэл шийдэх болов уу. Залуус та нар хожим гарах үр дүнгийг нь тооцож үзээд энэ асуудалд ул суурьтай хандаарай. Залуучууд секс хийчих цэвэрхэн, аюулгүй, хамгийн гол нь "ГОЁ" орчин байхгүйгээс БОЛЗООНЫ романтик орчин дараа нь харамсмаар төгсөж ч болох юм. Гэхдээ БОЛЗОО бүр иймээр, үүнээс дор "шарталтын" байдлаар төгсөж байвао харамсалтай шүү.
 
Болзооны мөнгөө яаж бэлтгэх үү?
Залуучууд маань халамж авдаг хүмүүс шиг ээж, аав, өвөө эмээ, ахаасаа мөнгөө авна гэх нь их түгээмэл юм. “Гоё болзооны орчин ба эрүүл эдийн засаг” бүрдчихвэл залуус шударга хөдөлмөрөөрөө болзооны мөнгөө олдог болно. Өөрөөр хэлбэл, чиний үе тэнгийн залуугийн болзоонд чи хоол зөөж, угаагч хийж, цагийн ажил хийж үйлчлэх бол дараа нь чиний болзоонд өөр нэг залуу яг чам шиг үйлчилж өөрийнхөө болзооны зардлаа бүрдүүлэх юм. Үүнийг л эрүүл эдийн засагтай гоё болзоо гэнэ дээ.

Д.Сэрдарам 2010 12 08.
http://serdaram.tsahimurtuu.mn/forum/viewtopic.php?t=6851

1 comment:

  1. hehe. unen shuu. haya neg bolzoh geheer oroh gazar bhgui. gaigui gesend orvol sariin tsalin budaa...

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)