2010/12/01

МОНГОЛ ТӨР ХЭМЭЭХ ЭЦГИЙН ТОВЧ ТҮҮХ

Төр бол гэр бүл бөгөөд удирдагч нь эцэг, ард түмэн харин үр хүүхэд байдаг тухай санаа аль эрт Аристотель, Күнз нар хэлсэн нь бий. Зүйрлүүлсэн онигоо хошигнол ч өнөө үед хангалттай олон.

Гэр бүлийн хувьд эцэг хамгийн гол хүний нэг бөгөөд эцэг ямар байхаас тухайн айлын амьдрал, аж төрөл сайн муу шууд тодорхойлогдоно. Эцэг янз бүр байж болно. Архи уудаг ч гэр бүлтэй халамжтай, хорт зуршилгүй гэхдээ цаанаа л хүйтэн санаатай, үр хүүхэд гэр орноо байтугай өөрийгөө авч явах чадваргүйгээс аваад улс орон бүр дэлхийг удирдах тэжээх тухай санаа бас хүчийг агуулж явах нэгэн нь ч бий.
 
Дээрх бүхнийг үл нуршин Монгол төрийг гэр бүл эцгийн харилцаагаар төлөөлүүлэн 13-р зуунаас хойшхи төр улсынхаа түүхийг хялбарчлан басхүү эерэг сайн талаас нь  аль болох харуулахыг хичээж доор сийрүүлэв. (Бичлэгийн ямар төрөлд орохыг хэлж мэдэхгүй нь хэхэ...)
 
Төлөөлсөн утгууд Тэр эцэг (Төр) – Монгол улс, 
Үр хүүхэд – Монголын ард түмэн, 
Айл – улс орон,
 
Тэр эцэг (Төр) анх хүч чадалтай хүчтэй нэгэн заяасан бөгөөд талаар нэг тарсан бүх төрөл төрөгсөд, ахан дүүсээ цуглуулаад өргөө гэрээ босгосон төдийгүй, урьд байгаагүй их  билчээр нутгийг эзэгнэн авсан нь хойчид үүрд дурсагдах том алдрыг олсон ажээ.
 
Тэр эцэг (Төр) нэгэн зуур - эрдэм боловсролтой ч суурин амьдралд дассаны улмаас урд хөрш айлдаа өргөөлөн суусан нэгэн байсан тул урьдын заяасан бэлчээр нутаг нь эзгүйрч, ураг садан нь холдон холбоо тасарсан болой.
 
Тэр эцэг (Төр) угаас харь өөр айлд эзэн суугаад, угаас авир зан, явдал суудал зохицохгүйн улмаас нэгэн жарныг өнгөрөөгөөд төрөлх гэр лүүгээ зугтаан ирсэн бөлгөө.
 
Тэр эцэг (Төр) аль хүчтэй ах дүү, үр хүүхдээ хорвоогоор нэг тараагаад чадал дорой, ухаан самуун үлдсний улмаас айл гэрт нь хэдэн эцэг байх тухай маргаанд эзлэгдэн, үр хүүхдээрээ талцан хуваагдаж, хүч тамираа ихээр баран тэмцэлдсэн гэнэ.
 
Тэр эцэг (Төр) улам бүр хүчирхэгжин томорсон, удам нэг ч цус холдсон өөр эзний эрхшээлд хоёр зууныг ардаа өнгөрүүлсэн буй.
 
Тэр эцэг (Төр) тэрхүү цагт өөр цустай ч илэг нэг хүнээр өргөө гэрээ толгойлуулсан агаад айл хөршүүд самуунд автах завшаанаар хөдөлж өргөө гэртээ эзэн  суухыг оролдсон ч олиггүй хуйвалдаан, цаг үеийн тохироо бүрдээгүйгээс амжилт эс олсон гэнэм.
 
Тэр эцэг (Төр) толгой өндийн нэг хөршийн дэмжлэгт тулан билчээр нутгаа зааж, өргөө гэрийнхээ хаяаг манаж чадсан ч золионд нь олон зоригт үр хүүхдээ алдан, өөр нэгний хяналтад эргэн орсон болой.
 
Тэр эцэг (Төр) нэгэн зуур өрнийн боловсролд шүтэж, харь газраас бэр буулгах хуучны уламжлалыг халан, цагийн эрхээр хадамд гарах ёсыг үйлдсэн нэгэн байсан ч өргөө гэрээ засан тохижуулах, бэлчээр нутгаа хамгаалах үйлсийг амжуулж, хөрш айлаараа боломжийн хэмжээнд тэтгүүлж чадсан нэгэн байв.
 
Тэр эцэг (Төр) цаг төр эргэж, хөрш айл сулран доройдсон завшаантай мөчийг ашиглан хотол олон айлуудтай харилцах ёс төрөө сэргээж, өргөө гэртээ эзэн суух нөхцөл бололцоо олдсон нэгэн боллоо.
 
Тэр эцэг (Төр) угаас ахуй амжиргаа хөтлөх ухаан хийгээд чадал мөхсийн улмаас хотол айлын дундын үүсгэсэн сан хийгээд бас давгүй шинэ нөхдийн буянд гал алдалгүй хэсэг зуурыг аргалж өнгөөрсөн ажээ.
 
Тэр эцэг (Төр) одоо урьдын чадалтай байсныг дурсангаа, угаас заяасан газрын баялгаа ашиглах таатай цагийн ивээлээр, улс амьтанд борлуулах ирээдүйн ашгаа тооцон өргөө гэрийн аж төрөл, оршин тогтнолыг бодолцон, үр хүүхдээ өнөр олон болгохыг мөрөөдөн, ач үрсээ хотол олны мэдлэгийн уурхай, хөдөлмөрийн туршлагыг чадлын хэрээр авахыг ерөөн замд үдээд, хүчтэй хөршүүдийн арга эвийг олох мэхийг уралдуулсан, туршлага багатай ч итгэл өндөртэй нэгэн ирээдүй рүү тэмүүлж байна.   

3 comments:

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)