2010/12/13

ӨВӨӨ БА ЖАВХЛАН

Хорьдугаар зуун, Өвөө
Ээжийн маань аавыг Бодонгийн Цэгмид (1921-1987) гэдэг. Төвд нэртэй, урианхай энэ хөгшин түүхэнд нэртэй, олонд алдартай хүн байгаагүй ч монголын төлөө цохилох зүрхтэй, цэхлэх биетэй хүн явсныг үр ач бид нь санан дурсаж явдаг юм.
Хүүхэд насны дурсамжинд нэг бяцхан түүх ер санаанаас гардаггүй. Намайг 6 настай байхад юм уу даа, нэг удаа өвөөгийн маань даралт ихэсч, түргэн дуудаж үзүүлэх хэрэг гарлаа. 
  
Шинэхэн төгссөн бололтой залуухан эмч даралт үзэж, цээж чагнах юм болов. Өвөөгийн маань хэнхдэг цээжийг гаргаад чагнах гэснээ нэг зүйл хараад гайхаад зогсчихов. Тэгснээ “энэ юун нүх вэ” гэдэг байгаа. 

Миний сонирхол ч татагдаж дэргэд нь очлоо. Зүүн эгэмний тэнд нь эрхий хураан багтахаар нүхжсэн сорви байна. Залуу эмч давуу эрхээ ашиглаад тэр сорви руу нь долоовор хуруугаа хийж, “шалгаж” үзэв. Яагаад ийм болсныг ч шалгаахаа мартсангүй. Өвөө шархадсан юмаа гэж дурамжхан янзтай хариулсан санагдана.

Тийм, өвөө маань шархадсан юм. Алс баруун хязгаарт малчин байсан залуу 18 насандаа цэрэгт татагдан, халх голын дайнд оролцож (1939-1945), их бууны наводчик (чиглүүлэн галлагч) хийж, бүр Жэхэ хот хүртэлх маршид оролцож явсан гэдэг. Өвөөд маань шагнасан “Бид ялав”, бас нэг Жуковын зурагтай медал, Халх голын ялалтын ойн хэд гурван медалиуд нь нэг мэдэхэд цөөрсөөр одоо гарын таван хуруунд багтах цөөн хэдийг нь нямбай нь аргагүй хадгалж байдаг юм. 
 
Өвөө маань тэр цагаас хойш хөдөө нэгдлийн хэдэн мал харж байгаад 1987 онд 66 насандаа өөд болсон юм. Өвөөгийн маань шарил эх орныхоо газар шороонд, цаст өндөр уулсын бэл хормойд мөнх нойрсож байгаа.

Хорин нэгдүгээр зуун, Жавхлан
Өнгөрсөн долоо хоногт нэг хүүхэн америкт цагаачлах виз авах гээд шүүх дээр нь байцаагдсан тухай мэдээлэл хэд хэдэн мэдээллийн сайтад бичигдсэн харагдав. 


Монголд арван жилийн өмнө НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар ажиллаж байсан гэх энэ хүүхэнд тухайн үед манай цагдаа тусгай байгууллагаас НҮБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байсан нөхдийг хянаж тагнах даалгаврыг  өгсөн гэнэ. Улмаар уг даалгаврыг биелүүлэхгүй гэж татгалзсных нь төлөө 10 гаруй жил уг эмэгтэйг мөрдөн мөшгиж, улмаар эх оронд нь буцаавал амийг нь таслах нь гарцаагүй хэмээн  шүүх дээр мэдэгдсэн болтой. Бүр өвөг дээдсийг нь хэлмэгдүүлээд, үр удмаар нь ялгаварлан гадуурхаж, үеийн үед басамжилж байсан юм гэнэ Монгол.
 
Ухаандаа эх орныхоо нэрийг худалдаж идээд утсан чинээ улаан амиа хүний нутагт аварч үлдэх арга ухаан сийлж, шүүх хүртлээ заргалдсан сүрхий хүүхэн юм байна аа.
 
Сүрхий хүүхнээ ч хат даа. Монгол ээжийн хормойноос унаагүй юм шиг аашилж, Монголын газар шороон дээр бойжоогүй юм шиг хандаж, монгол гэдэг нэрийг зүйгээгүй юм шиг худалдаж идэгсдийн өрөөсөн дугуй л юм даа чааваас гэж.

Ядарсан Өвөө, Задарсан Жавхлан

Өнгөрсөн үеийг өштөй юм шиг хар муу болгонтой хольж, аль гашуун зовлонт явдлыг нь малтаж гаргасныгаа гавъяа мэтээр сэтгэж, түүгээрээ хоолоо олж идэгч хүмүүс бүү хэл улс төрийн нам хүчин нь оршин тогтнох арга мэхээ болгосон хачин үед бид амьдарч байна. Одоо цагийн хамгийн адгийн үзэгдлийг ч өмнөх үеийн ололтоос дээгүүрт тавих нь адтай бөгөөд хорлонтой. Өөрт таатай ч үндэстэнд хортой иймэрхүү  үзэл санаагаар тархиа угаалгаж хордогсдын эхний цуваа монголын нэрийг нэг центээс ч доогуур үнэлээд, “Монгол бол адгийн орон” гэдэг өгүүлбэр ихэмсэг харь байцаагчийн гарцаагүй сонсож, дотроо тавлан доромжилдог үгсийн нэг болоод, гадаад улсын архивын материалд байцаагдсан эзэнтэйгээ, монголтойгоо, эх оронтойгоо, гарын үсэгтэйгээ 1000 жилээр хадгалагдах  баримт үлдээж буйгаа өчүүхэн ч санах чадваргүй  мухар тархинууд л төрж байна даа.
 
Өвөө маань ийм цагийг үзээгүйд би баярлаж байна. Өөрийн нь тэмцсэн тэмцэл, тусгаар Монголын тухай мөрөөдлийг нь хальт сурсан англи хэлээрээ түрий барьж, Монголыг төлөөлж олон улсын байгууллагад ажиллах нэртэй амиа зогоож явсан хүүхэн харь улсын өвөрт үлдэхийн төлөө хэнэгч үгүй зарж идснийг мэдээгүйд би баярлаж байна.
 
Хатуу хахир цагт хэлмэгдэн хохирч хүний газарт цаазлуулсан П.Гэндэн, А.Амар, Г.Дэжид нар эх орондоо ясаа тавиулахын тулд мянган тамлалт, түмэн тарчилгаа эдлэхээ дээдийн жаргал  гэж тооцох байсан гэдэгт итгэлтэй байна. Үүний дэргэд чиний ядруухан “зовлон бэрхшээл” диваажингийн орон.
 
Үнэн хэлснийг нь хялайж, шүүмжилсэн нөгөөг нь хяхаж хавчсан хартай засгийн үед амьдралын бүтэн үеэ алдсан ч эх орноосоо зугтах өчүүхэн бодол ч тээж байгаагүй Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын хэлмэгдлийн дэргэд чам муугийн ажил төрөл, амьдралын явцуу ашиг сонирхол  зүгээр ариун цэврийн цаас.
 
Чухамдаа бол амь нас аварсны төлөө хүн тоомгүй чихэр шоколадаар хуурагдсан эмч нар, ардын хүүхдийг сургахын төлөө, эцэг эхээс нь хэдэн бор цаас аваад авилгач гэж нэрлэгдсэн багш нараас илүүтэй, “аминчхан бодол бол хорвоогийн хамгийн дээд үнэт зүйл” мэтээр ухуулж суугаа Монгол угсаатай ч, харь сэтгэлгээтэй “соён гэгээрүүлэгч”-дийн тархи угаасан санаанууд л жижиг үндэстэнд маань илүү аюултай даа.
 
Монгол орныг гадаад дотоодын болсон болоогүй үзэл суртал, үнэт зүйлийг сурган цэцэрхэгч хэнээтнүүд биш, учрыг тунгааж, зангилааг тайлдаг эгэл жирийн өвгөд минь, ухаан суугаагүй ч зориг зүрхээрээ зүтгэн тэмцэгч омголон залуус минь, урьдахь ажлаа хэнээр ч хэлүүлэлтгүй чанартай гүйцэтгэгч дуугүйхэн дунд насныхан авч явдаг юм. 
 
Чаддагсан бол хоолонд нь залгуулж, гарыг нь ганзаганд хүргэхийн төлөө ядруухан өрх, өнчирсөн үрсэд хүртээх тэтгэмжээс хумсалж, гадаадад суралцах зардлыг нь өгснийг гай учруулсан мэтээр аашладаг эднүүсийг бүгдийг нь харъяаллаасаа хасаад, амин зүрхний сүүлийн гэгээ, бахархал болгож, Тусгаар Монгол улсыг ширтэж суугаа хөрш улсад харъяалагдагч хэдэн мянган ядарсан Монгол угсаатнуудаа эх орондоо татах юмсан. 
 
Эх орон минь чадалтай хийгээд хүчтэйсэн байсан сан бол иймэрхүү гуйлга хийсэн арчаагүй нэгэнд “хүү минь тэгдэггүй юм, ээж аав, элгэн саднаа ингэж хэлдэггүй юм. ядарсан зутарсан ч дараа эх орондоо харих нүүртэй үлдэхийн тулд түүнийгээ газар дор ортол бүү муул. Хэрэв үнэхээр энд үлдэх хүсэлтэй байгаа бол зүгээр л өргөдлөө өгөөд дуугүй гараад явчих” гэх байсан юм.
 
Ялсан өвөө, ядсан Жавхлан
Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байсан өвөө, хэлмэгдсэн гэх өвөг дээдсийнхээ нэрийг барьж үр ач бид нар нь худал үнэн горьдож, хоолоо олж иддэггүй юм. Идэх ч үгүй. Өвгөдийн нэрийг барьж, энэ тэнд өлөв долов хийхийг минь хэрхэвч тэр зөвшөөрөхгүй байсан юм. Угаас өвөг дээдэс минь эх орноо гутаан доромжилсноос, эргүүлэгт орж үхсэн нь дээр болохыг цусаар минь, ясаар минь, сүнсээр минь бичиглэж тэд тамгалсан юм.
 
Гэтэл нэг хүний нэр барьж идэх биш нийт Монголын маань нэрээр хорогдох газар хайсан өчүүхэн хүний дүрс юм чи.
 
Атар залуу насандаа алдаж, арав хорин жилээр шоронгийн хаалга татсан залууг чамаас илүүд үзнэ.
Амьдралын эрхээр хог түүж, дулаан хонохын тулд хаймар шатааж ядарсан гэр бүлийг чамаас илүүд үзнэ.
Алдаж онох цагийн эрх, арчаа муутай зангаасаа болж архинд нэвчиж, өвгөнтөд очсон ах хүүг чамаас илүүд үзнэ
Аавын ташуур, ээжийн загналд тунирхаад, арын довонд уйлж тайвшрах өрөвдөм хүүг чамаас илүүд үзнэ.
Өөрөө зориуд төрчихсөн мэтээр үндсэрхэгүүдэд гадуурхагдаж чичлүүлсэн орос хятадын эрлийз гэгдэх монголчуудыг чамаас илүүд үзнэ.
Ах дүү хамаатан садныхаа төлөө амин биед учрах хохирлыг үл тоон алт ухагчдыг чамаас илүүд үзнэ.
 
Эцсийн эцэст энэ хүмүүс эх оронд гамшиг нөмрөх үед хамгийн эхний эгнээнд зогсдог юм. Тэрнээс чи биш. Чиний хэрэг ч энд алга.
 
Яаж зүдэрсэн ч эх орон Монгол минь гэмгүй эмэгтэйн амийг авахын төлөөнөө арав хорин жилээр мөшгихдөө тулсан арчаагүй ард түмэн биш. Тэгэх зав хийгээд зардал алга бүсгүй, бишээ мөсгүй минь.  Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэгсэн дээ уул нь. 
 
Чи Монгол гэх нэрийг зүүх эрхгүй маниасаа гаралтай ороолон юм.
Бодвол чамд дуурсах нэр, дурьдах удам судар байдаггүй биз. 
Чамд хандан бичсэн цаг минь хайран
Чамтай эсрэгцүүлж дурьдсан өвөөгийн минь нэр хөөрхий.
Та бид цус нэгтэй ч, тангараг тасрах үйлийн лайтай Монголчууд юм.
Монгол нэртэй ч, мухар заяатай чононцорууд минь баяртай.

ЖИЧ: Уул нь би уурандаа үүнээс ч халуун буцалсан үгээр нүүрийг нь түлий гэж бодсон юм, ухаант ардынхаа сургаалд баригдаад энэ хүүхнийг үүнээс цаашлуулж хэлсэнгүй. Нэр нь дээрээ энэ хүүхэнд хандсан ч, нэдэр дээрээ хүний газар эх орноо ой гутам доромжлох замаар нохой ч тоож шиншлэхгүй өмхий амиа хоохойлж яваа нийт хүнэнцэрүүдэд зориулав.

2 comments:

  1. Javhlan gej hen yum be? ymarch bsan mongoloos urvasan yum shig bna. chuham yaj yu hisnig ni todruulj bolohuu?

    ReplyDelete
  2. http://www.factnews.mn/news/view/index/id/7664

    Ene hayagaar orood ene nuhriin yaaj eh ornoo hudaldaj baigaag unshaarai. Bas zunduu site deer baigaa. Az bolohod ene huuhnii talaar bichseniig unshsan humuus bugd jigshin zevuutssen commentuud baigaa ni bayarluushtai haragdaj bnaa

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)