2010/12/06

ИРАН ОРНООР

Д.Анхбаяр гэх энэ залуу Иранд хөл тавьсан цөөхөн монгол залуучуудын нэг. Тэр тусмаа перс хэл үзэж судалсан гарын таван хуруунд багтах цөөн судлаачдын маань нэг.  Анхбаярыг Монголын Түүхийн хүрээлэнгээс Их монгол улсын 800 жилийн ойд зориулан гаргасан 4 ботийн нэг "Монголын Эл Хаант Улсын Түүх" бүтээлийн зохиогч гэдгээр нь мэргэжил нэтгнүүд нь танина. Манай залуу та бидний үл мэдэх Иран хэмээх оронд нэг жил сурч судалсан хугацаандаа явж аялсан газруудынхаа талаар мэдлэг мэдээллээ хуваалцахаар шийдсэн юм. Ингээд олон зүйл нуршилгүй түүний тэмдэглэлийг уншицгаая. Анхбаяртаа уншигчдынхаа өмнөөс эрдмийн өндрөөс өндөр амжилт хүсье! 


Миний бие ачит багш нар болон сайн нөхдийн буянаар 2010 оны хичээлийн жилд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегераны их сургуулийн Перс хэлний бэлтгэлд суралцах аз тохиосон юм. Ийнхүү тус орныг зорихдоо хэл сурахын зэрэгцээ Иран, Ирак, Турк, Гүрж, Азербайжан, Армян, Афганистан улсуудын нутаг дэвсгэрт XIII-XIY зууны үед оршиж байсан Монголын эзэнт гүрний нэгэн хэсэг Эл Хаант улсын түүхэнд холбогдох зарим дурсгалуудыг үзэх зорилгыг давхар агуулсан болой. Чингис хааны ач хүүгийн үндэслэсэн тэр гүрний төв болох одоогийн баруун Иран (газар зүйн хэллэгээр Өмнөд Азербайжан) буюу Тебриз, Зенжан, Казвини хотуудад Монголын дундад зууны үед холбогдох томоохон дурсгалууд хадгалагдан үлдсэн байдгаараа онцлог ажгуу.
 
Тиймээс Их Монгол улсын түүхэнд холбогдох сонирхолтой газар орон болох дээрх гурван хот хийгээд Ираны нийслэл Тегеранд хийсэн тэмдэглэлээсээ та бүхэнд цувралаар хүргэх болно.

Иран улсын тухай товч танилцуулга
Албан ёсны нэр - Исламын Бүгд Найрамдах Иран Улс.
Иран нь баруун өмнөд Азид байрлах бөгөөд Турк, Азербайжан, Армян, Ирак, Афганистан, Пакистан, Туркменистан, Арабын Нэгдсэн Эмират  гэсэн улсуудтай хиллэдэг. Газар нутгын хэмжээ нь манайтай ойролцоо. Хүн ам нь 72 сая, азер, туркмен, курд, араб, фарс, бэлуч, лур зэрэг угсаатнуудаас бүрдэнэ. Хүн амын 98% нь Исламын шашныг, үлдсэн 2% хувь нь бусад шашныг шүтнэ. Төрийн шашин нь Исламын шийт урсгал болой.
Албан ёсны хэл - перс хэл..         
 
Төрийн дээд эрх Шашны дээд зөвлөлөөс сонгогдсон шашны удирдагч буюу Рэхбэрийн гарт байх бөгөөд тэрээр бүх цэргийн ерөнхий командлагч, улсын радио телевизийн хороо, цагдаагийн ерөнхий газар, батлан хамгаалах яам, хууль зүйн яамыг шууд удирдана. Өөрөөр хэлбэл дээрх байгууллагуудын удирдлага шашны тэргүүний тушаалаар томилогдож, үйл ажиллагаагаа түүнд тайлагнана. Улсын ерөнхийлөгч болон засгийн газар, парламент нь Шашны дээд зөвлөлийн тушаал шийдвэрийн дагуу улс орны өдөр тутмын амьдралыг хөтлөн явуулж тайлагнадаг.   

Эдийн засгийн хувьд төлөвлөгөөт болон зах зээлийн холимог шинжийг агуулдаг. газрын тос, нефть, хүнд хөнгөн аж үйлдвэрүүд нь төрийн мэдэлд, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг жижиг салбарууд хувийн өмчид хамаарна. Төсвийн 50 хувийг газрын тос, 30 хувийг татвар, үлдсэн 20 хувийг бусад орлогоос бүрдэнэ. Нэг хүнд ноогдох ҮНБ нь 2007 оны байдлаар 3160 доллар. Нефть олборлолтоороо дэлхийд 2-рт орно. Нефтээс жилд 200 гаруй тэрбум доллар олдог.  

Тебриз хотын тухайд

Тебриз хот 2 сая орчим хүн амтай, худалдаа-эдийн засгийн томоохон төв. Худалдааны асар том зах, төрөл бүрийн шувууд чуулсан хиймэл нуур, усан байгууламж, үзэсгэлэн төгөлдөр цэцэрлэгт хүрээлэнгүүд нь хүний хараа булаахын хамт буурал түүхийг хүүрнэсэн соёлын дурсгалууд нь ч хэн бүхнийг эрхгүй татах бөлгөө. 

Тус хотын хамгийн алдартай газар бол их зах. Уг зах томоохон сүм хэлбэртэй ба эцэс төгсөлгүй урт зах хонгилуудаас бүрдэнэ. Нийт 60 гаруй мянган мухлаг байдаг гэнэ. Мухлагууд нь зах дотроо үйл ажиллагаа явуулж буй чиглэлээрээ буюу махны, гутлын, цамцны гэх мэтээр төрөлжих бөгөөд хонгил бүр өөр өөр бүтээгдэхүүн зарна. Эдгээр хонгилууд үнэхээр олон байгаа нь хэн хүнийг төөрөхөд хүргэдэг ажээ. Алхаад хэзээ ч дуусахгүй мэт. Хонгил болгоны үзүүрт “чайхане” буюу цай уудаг жижиг зуушны газрууд байх ба энд жуулчид иран цай ууж алжаалаа тайлна. Хэрвээ та Тебризийн хэн нэгнээс “энэ захад юу юу зарагддаг вэ?” гэж асуувал өмнөөс тань “харин энэ захад юу зарагддаггүй вэ? гэж асуувал тань би бодож байгаад хариулж болох юм” гэсэн бэлэн хариулт угтах нь тэр. Үнэхээр энэ зах дээр ойрхи дорнодын төрөл бүрийн амтат жимс, чамин хийцийн тавилга бараа, эртний эдлэл, араб хийцийн олон төрлийн шаазан эдлэлээс аваад орчин үеийн бүхий л электрон бараа гээд хүний хар нүднээс бусад нь байх аж. Зарим хонгилуудаар явхад дундад зуунд ороод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлж, цаг хугацааны аялал хийх мэт санагддагийг нуух юун. 


Хамгийн их сонирхлыг татсан зүйл бол хивс. Аялагч миний бие түүнийг анх хараад уран зураг байна гэж бодсныг яана. Жаазтай уран зургууд өрчихсөн сууж байгаа хүмүүс л харагдаад байлаа. Харин дараа нь нүдэнд туссан хоёр “уран зураг”-аа очиж барилтал хивс байх нь тэр. Ахуйн болон шашны сэдэв бүхий тэдгээр хивсний зарим нь амьд бүр фото зургаас ч ялгарахгүй гээч. Ираны энэхүү хивсний урлал нь дэлхийд алдартай юм байна. Тиймээс төр засаг нь түүх соёлын үнэт дурсгалтай ижил төвшинд авч үзэх бөгөөд хилээр хүртэл авч гаргахыг хориглодог.
Хивсийг дан гараар нэхэх ба орчин технологийн дэвшлийг огт ашиглалгүйгээр бүтээгдэнэ гэнэ. Миний харснаар хамгийн том нь 9х7 метрийн харьцаатай байна лээ. Иймэрхүү нүсэр хивснүүд нь зөвхөн хээ угалзаас бүтнэ.
 

Музейн хашаанд эртний перс (МЭӨ V зуун)-ээс XIX зууны соёл иргэншлийг харуулсан чулуун хөшөө, дурсгалуудыг ирийтэл өрсөн байх ба энэ дунд Эл хаант улсын үед холбогдох барилгын суурь болон чулуун баганы үлдэгдлүүд ч харагдаж байв. Баганууд нь исламын уран барилгын өнгө төрхийг харуулахын зэрэгцээ хээ угалз нь сонгодог загварыг илтгэнэ. Харин музей дотор эртний Перс болон Монголын Эл хаант улсын дурсгалууд, исламын хувьсгалын өмнөх үе хүртэлх Өмнөд Азербайжаны түүхэнд хамаарах үзмэрүүдийг дэлгэн харуулжээ. Эдгээрээс Монгол хаад, Доголон Төмөрийн үед цутгуулсан алт, мөнгөн зоосны дээжис ихээхэн чухал үзмэрт тооцогдоно. Харамсалтай нь гэрэл зураг авах хориотой тул баахан нүдээ хужирлаад л гарсан даа. Дашрамд дурьдахад судлаач Нямаа гуайн бүтээлүүдээс уншигч та бүхэн эдгээр монголын эзэнт гүрний зооснуудын тухай мэдээлэлтэй танилцаж болно шүү.
 
Газан хотын түүхээс
Тебриз нь түүхийн үүднээс Эл хаант улсын хоёр дахь нийслэл юм. 

 
Энэ болон бусад шалтгаанаар Тебриз дэх “Шенб-и Газан” дүүрэг миний сонирхлыг ихэд татсан билээ. Эл хаант улсын Аргун хаан (1284-1291) нийслэл Тебриз хотын баруун этгээдэд орших “Шам” (эртний перс хэлээр ногоон бүс утгатай) хэмээх нэртэй газар “Аргуниие” хэмээх хот барих зарлигийг буулгаснаар 1290 оны намар барилгын ажил эхэлжээ. Аргун хаан бол Чингис гучинцар буюу Хүлэгү хааны ач болой. Иймээс хотыг түүний нэрээр нэрийдсэн аж. Сурвалжаас харахад энд буддын сүм хийд баригдаж байсан болтой. Аргун хааны үхэл ч үүнтэй холбоотой. Тэрээр энэтхэгээс бясалгалын багш урин авчирч, 49 хоног зөвхөн хүхэртэй ус ууж мацаг барин мөнхрөх бясалгал хийсэн нь түүнийг үхэлд хүргэсэн (1291 онд) гэдэг. Аргун хааныг нас барсны дараагаар хан хөвүүд, ноёдын хооронд хаан ширээний төлөөх тэмцэл өрнөж 4 жил хоорондоо дайтсан түүхтэй. Эцэст нь Аргун хааны хөвгүүн Газан бусад өрсөлдөгчдөө зайлуулан 1295 онд хаан болжээ. Энэ хооронд Аргунийе хотын барилгын ажил зогссон байна. Газан хаан хотын байдалд санаа тавьж 1297 онд барилгын ажлыг дахин эхлүүлжээ. Харин лалын шашинд орсон Газан хаан уг барилгын ажлыг эхлүүлэхдээ эцэг Аргун хааны үед баригдсан буддын сүм хийдийг нураалган, тэр ч байтугай сүмийн ханан дахь эцгийнхээ зургийг хүртэл арилгуулж хотын нэрийг “Газанийе” буюу “Газан хааны хот” хэмээн нэрлэхийг зарлигдсан байдаг. Улмаар Газанийе хотын нэр нь Монголын Эл хаант улс мөхсний дараа Шенб-и Газан болон өөрчлөгджээ.
 
Газан хааны зарлигаар хотын барилгын ажил түргэн явагдаж 14 мянган барилгачдын хүчээр 7 жилийн дотор дуусжээ. Хааны зарлигаар энэ хотод Анатоли болон Европоос Монголын Эл хаант улсад ирэх худалдаачид байрлан наймаа хийх ёстой ажээ. Газанийе хот худалдаа наймаанаас гадна соёл боловсрол, шашны томоохон төв байсан нь хотын зохион байгуулалтаас харагддаг. Хот Газан хааны бунхан, лалын шашны мөргөлийн газар болон сүм, шашны сургууль-медрес, дервиш буюу бадарчингуудад зориулсан сургалтын төв, сейдүүд буюу лалын шашны их зөнч Мухаммедын угсааныхан байрлахад зориулсан дэн буудал, одон орон судлалын төв, эмнэлэг, номын сан, хуулиудын эмхтгэлийг хадгалах газар буюу төрийн архив, төрийн түшмэлүүдийн амьдрах байр, усан сан, хамам буюу саун, шүүгчдийн амьдардаг хороолол болон гүн ухааны сургууль, үзэсгэлэнт цэцэрлэгүүд, харшуудаас бүрддэг байжээ. 

14-р зуунд Газанийе-д ирсэн Арабын нэрт жуулчин Ибн Баттута өөрийн тэмдэглэлдээ, уг хотод зочлон ирсэн монгол ноёдын байр, хоол, үйлчилгээ, жил бүрийн Газан хааны бунхан тахилгад зориулсан зардал, Баасан гарагт эрдэмтэд, бусад иргэдэд тараах чихэр, шашны баярын өдрүүдэд ядууст тараах хоол хүнс, 100 өнчин хүүхдэд “коран” заах сургуулийн зардал, жил болгон үгээгүйчүүдэд тараах 2000 хонины нэхий дээл, 100 хүүхдийн баяр буюу лалын шашны хөвч хөндөх ёслолын зардал, жил бүрийн 100 “коран” судар худалдан авах зардал, гудманд хаягдсан хүүхдүүдийг цуглуулан тэднийг өсгөн бойжуулж урлагийн болон бусад мэргэжлийг заах сургуулийн зардал, мөн эдгээр хүүхдүүдийн өрлөг ээжүүдийн цалин, харж хандах хүнгүйгээр нас барсан хүмүүсийн оршуулгын зардал, 6 сар үргэлжлэх өвлийн улиралд шувуунд зориулан дээвэр дээр асгах хоолны зардал, бэлэвсэн, харж хандах хүнгүй болон ядуу эмэгтэйчүүдийн хэрэглээнд зориулан хүн тус бүрт 3,5 кг цэвэр хөвөн олгох зардал, боол, шивэгчин болон хүүхдүүд худгаас ус авчрах замдаа хагалсан ваарнуудыг “тэд эзнээсээ айж бүү гуниглаг гэж” шинэ ваар олгох зардал, Тебриз хот явах 50 км зам дагуух чулуудыг цэвэрлэх болон усны сувгуудыг арчлах зардал зэргийг улсын төсвөөс тусгайлан суутгаж өгдөг байснийг нарийвчлан тэмдэглэсэн байдаг. 

Өөрөөр хэлбэл, бидний өнөөдрийн ярьж хэлэлцээд, өнөө мөнгө цаас нь хүрч нь хүрч ядаад байдаг нийгмийн халамж, хамгаалал гэдгийг тухайн үед ийнхүү цогцоор нь шийдэж байсан нь сонирхолтой. Иймээс ч энэ хотод эмч, шүүгч, гүн ухаантан, түүхч, яруу найрагч эрдэмтдийн тоо хэдэн зуугаар тоологдож байсан нь аргагүй байх нь.
 
Ийнхүү цэцэглэн хөгжиж байсан Газанийе хот нь  Монголчуудын ноёрхол унасны дараа хөгжил нь зогсож, дундад зууны үед хэд хэдэн удаагийн газар хөдлөлтөнд нэрвэгдэж, улмаар Тебриз хот ч өргөжснөөр өдгөө Шенб-и Газани нэртэй Тебризийн ядуусын хороолол болсон байна. Энэ дүүрэг таксиний жолоочийн хэлснээр бол Тебриз хотын ядуус болон архичид, хар тамхичид, биеэ үнэлэгчид, дээрэмчид, хулгайчид зэрэг аль бүтэхгүй болгон тэнд цугласан, өдрийн цагаар ч гэсэн аюултай газарт тооцогддог ажээ.  Гэвч аялагч миний бие зүрхлэн “Ургийн оршуулгын газар” буюу Газан хааны болон түүний ургийн зарим ноёдын оршуулга, бунхан байсан газрыг үзэхээр очив. Түүхийн сурвалж бичигт Шенб-и Газан-д Газан хааны бунхан болон түүний хөвүүн Алжу, Ишил болон Булуган хатан, Өлзийт хааны балчир насандаа таалал болсон хунтайжийг энд бунхлан оршуулсан гэдэг. Газан хааны бунхан гэхэд цагтаа тус бүр нь 8,3 кг-ийн жинтэй тоосгоор бүрсэн 3,5 метрийн зузаан ханатай байсан бөгөөд өндөр нь 32,5 м, өргөн нь 20 м байсныг Монголын Эл хаант улсын түүхч Вассаф тэмдэглэн үлдээсэн байдаг. 
 
1610 онд Сафеви улсын хаан Шах I Аббас цайз барихдаа Газан хааны бунханыг барилгын материал болгон ашиглажээ. 1636-37 онд энд ирсэн жуулчин Таверниа бунханы барилгын тал хэсэг нь эвдэрч үгүй болсоныг тэмдэглэсэн байдаг. Ийнхүү эвдэрхий Газан хааны бунхан 3 удаагийн газар хөдлөлтөнд бүр мөсөн нурж, дараагаар нь нутгийн тариачид бунханы үлдэгдлийг малтан тоосго, бусад материалуудыг нь зөөвөрлөх болсон аж. Харин 1960-аад онд Ираны түүхч Хаж Хусейн Нахчиван-и Газан хааны бунхныг албан ёсоор хамгаалалтдаа авахыг санал болгосон байна.
 
Бунханы ор дээр сүү өргөсөн минь...
 
Гэвч энд бунхан байсан ул мөр одоо нэгэнт үгүй болжээ. Нутгийн өвгөчүүлээс бунхан хаана эсэх тухай асуувал тэд Имам Хусейны талбайн нэгэн буланд байрлах цахилгааны дэд станцын байшингийн оронд Газан хааны бунхан байсан. 1970-аад онд уг станцыг барихын өмнө нутгийнхан үлдэгдэл тоосго юмсыг тоносон гэлцэж байв. Дараа нь ойр хавийнх нь газрыг бүхэлд нь цементлэсэн байна. 
 
Дэд станцын хажууд жижигхэн цэцэрлэг маягийн юм байх ба сайн ажиглавал бунхны ханын суурь байсан нь анзаарагдаж байв. Тиймээс монгол заншлаар сүү өргөн цэцэрлэг, станцын байшинг нар зөв гурав тойрч бяцхан ёс үйлдсэн юм. Энэ байдал маань хүмүүсийн анхаарлыг татаж хүүхэд, хөгшид ирж юу хийж байгааг минь сонирхон асууж байлаа. 
 
Бунханы суурь ор дээр сүү өргөсөн минь
Би ч гороолж дууссаныхаа дараа ирсэн хүмүүсийг сүүгээр дайлж нэг ёсондоо бяцхан цагаалга үйлдээд авсан. Тэд сүүг юуны төлөө уух вэ гэж асуухад нь алдарт Монголын Эл Хаант улсын Газан хааны хойдын буянд зориулж уугаарай гэвэл уух нь ууж, зарим нь гэр лүүгээ авч одно лээ. Энд сүү их хямдхан. Нэг жаалд 2 доллартой тэнцэх туман (Ираны мөнгөний нэгж, монголын түмэн гэх үгнээс гаралтай бололтой.) өгч сүүнд явуултал, нэг литрээр савалсан 8 уутыг авчирсан юм. Ядуусыг нь өрөвдөж, тэгээд ч өвөг дээдэс маань эдний эзэн хаад байсан болохоор омгорхох сэтгэл төрөн, хүүхдүүд нь бага хэмжээний мөнгөн өглөг тараасанд тэд магнайгаа хагартал баярлаад л гүйлдэн одсон юм.
 
Дараа нь Монгол хүн Ираны ядуусын хороололд мөнгө тараасан гэж хэлэхэд хүн үнэмших болов уу гэсэн бодол төрснөө нуух юун. Таксиний жолооч маань ч баясан “эдэнд өглөг тараасан юм чинь хүмүүс Газан хааны нэрийг хэзээ ч мартахгүй, чи зөв юм хийлээ” хэмээн надад саймширч байлаа.
Жич: хаа сайгүй фото зураг авах хориотой тул хангалттай сайн зураг оруулж чадаагүйд хүлцэл өчье.
Үргэлжлэл бий...
Тегеран Д.Анхбаяр 2010. 11. 20

7 comments:

  1. uneheer sonirholtoi medeelel bailaa. daraagiin tsuvralaa hurdan niitleerei. bas tand amjilt husey.

    ReplyDelete
  2. сонирхолтой л нийтлэл байна. Зурагандаа анхаараарай хө!

    ReplyDelete
  3. Unshihad uidahaargui, saihan sonirhol tatahuits niitlel bn. Erdem shinjilgeenii ajild chini amjilt husie.

    ReplyDelete
  4. москва с18/01/2011, 02:32

    Сайн байна уу? Юуны туруунд таны ажилд ондроос ондор амжилт хусье, баярлалаа унэхээр сонирхолтой бур хайж бсан мэдээллээ уншчихлаа,цувралаа хурдан нийтлээрэй,,, аан..... уучлаарай таны зургийг харсан нэг л танил харагдаад ..би танай унаган нутгийн дуу бно, та ч намайг танихгу бхо

    ReplyDelete
  5. Ankhaa nee niitleliig tsuvralaar hazarachangezi blog deer tavij bolokh uu?

    ReplyDelete
  6. сайн байна уу. Энэ улсын орчин үеийн бодит нийгмийн амьдрал их сонирхолтой байх. Та үргэлжлүүлэн оруулаарай. Тэсэн ядан хүлээе. Иранд эмэгтэй хүн очих боломж хир вэ.

    ReplyDelete
    Replies
    1. iranii visa mash udaj bj gardag yum bnlei, tegeed emegtei hun ochhod zugeer ldee bolkuu geh gazargui harin azi tsaraitai bolhoor ih l hartsgaadiin bnlei bas tolgoidoo alchuur zuuj ywahgui bol boldogguin bnlei dashramd helehed Iran huuhnuud uneheer tsarailag , bas tend goo saihanii ylanguya hamariin mes zasal mash ih delgersen bas ch hymd bdg yum bnlei iran eregtei emegtei geltgui buh humuus ni hamramdaa mes ajilbar hiilgesen sonirholtoi ni teriigee nuuj haalgui yrih durtain bailei shuu

      Delete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)