2010/12/06

МЕТРО БИДНИЙ МӨРӨӨДӨЛ

Метрог Англичууд эхэлж бүтээсэн бөгөөд 1863 оны 1 сарын 10-нд Лондон хотноо дэлхийн хамгийн анхны метро зорчигчдоо суулган хөдөлжээ. Өдгөө томоохон хотуудын нийтийн тээврийг метрогүйгээр төсөөлөхийн аргагүй. Энд метро гэсэн ойлголт нь дан ганц хүн тээвэрлэх вагонаас гадна өөрийн тусгай зам, туннель, нүхэн гарц, зогсоол, харуул хамгаалалт гээд бүхэл бүтэн сүлжээг өөртөө агуулна. Москва, Лондон, Берлин, Парис, Афин, Ром, Нью-Йорк, Токио зэрэг аварга хотууд дахь метро хамгийн томд тооцогддог байна. 


Ингээд бидэнд ойроор нь хойд хөршийн нийслэл Москва хотын метроны тухай зарим баримт дурдъя. Тус хотын метрогоор ажлийн өдрүүдэд 8-9 сая хүн, жилдээ 3.000.000.000 иргэд зорчдог байна. Метроны замын нийт урт нь 269.5 км, зогсоол буюу буудлын тоо нь 165. Өдрийн ид ачаалалтай цагт таныг 90 секунд, бусад үед 2-4 минут, оройн цагаар бол 10 минут л хүлээлгэнэ гэнэ. Мөн энэ хотын метро хамгийн сайхан тохижуулсан зогсоолуудтай гадныхан түүнийг нь уран зургийн галерей, музейтэй зүйрлэх нь бий. Өөрөөр хэлбэл, метроны станц болгоны дотоод тохижолт давтагдаггүй өвөрмөц онцлогтой гэсэн үг.   

Харийн оронд сурах залуус бүгд л эхний жил хэлний бэлтгэлд олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн сурдаг. Тэд хичээлийн болон хичээлийн бус цагаар өөр өөрийн улс орноо нэг нэгэндээ танилцуулж бас илүү зүйлээрээ сайрхана. Монголчууд бид агуу их Чингис хаан, эх түүх, уудам сайхан эх орон, адуу малаараа бахархахаас нэг их хэтрэхгүй. Харин гадныхан бидний тэрхүү агуу түүхийг тэр бүр сонирхохгүй. Ялангуяа Африк, Латин Америкаас ирсэн нөхдүүд Чингис хааны маань нэрийг мэдэхгүй нь тун гомдмоор. Зарим нэг лалын шашинт орны оюутнууд эцэг өвгөдийн маань хийсэн байлдан дагуулалтыг үзэн ядаж, хот балгас, номын сан энэ тэр шатаасан гээд юу юугүй тооцоо бодох гэнэ. Ангийн маань Иран "танай Монголчууд ирээгүй бол бид аль дээр үед АНУ шиг болох байсан юм" гэж билээ.
 
Нэгэн удаа хичээл дээрээ адуу малтайгаа гайхуулаад автал багш хүүхэн маань "чи тэднийхээ нэрийг хэл дээ" гэж авдаг байгаа. Өөрсдийнхөө гэрийн тэжээмэл муур, нохой шигээ санасан хэрэг. Тэр ч бүхий хэл нэрлэж барахгүй олон малтайд минь атаархсан Африк охин манайх тэгвэл сүрэг арслантай юм чинь гэж залаад анги дүүрэн инээд болж билээ. Ингээд бас хичээл дээр оюутнууд өөр өөрийн хотуудаа танилцуулах болов. Хамт сурч буй хэдэн нөхөдтэйгээ нийлж байгаад улсын нийслэл Улаанбаатараа магтаж өглөө. Тэгсэн нэг нөхөр танай хот чинь тэгээд хэдэн метротой юм бэ ? гэдэг байна шүү. Бид ч хөөрхөн байдалд орж за одоогоор барьж дуусаагүй байгаа удахгүй ашиглалтанд орно гэвэл өөдөөс тэгвэл танай нийслэлийг бараг ямар хот гэдэг юм гэсэн ухааны зүйл хэлж байна аа. Тэгээд энэ тухайгаа бусад Монголчуудаа хэлтэл нэг нөхөр “өө тэгэж доошоо ороод байхдаа яадаг юм. Бид хэд Москвагийн метроны зургийг үзүүлж байгаад ёстой авч өгсөн” гэлээ. 

Энэхүү яриа мартагдахгүй явсаар Монголд очихдоо хамт олондоо сонин болгож ярьтал, социализмын үед хойно төгссөн нэгэн багш маань бид ч бас залуу байхдаа Улаанбаатар метротой л гэж хэлдэг байлаа гэв. Мөн аавдаа энэ тухайгаа хэлтэл аав маань ч бас хойно сурч байхдаа манай хот метротой гэж ангийнхандаа ярьдаг байсан гэсэн юм. Ингээд бодохоор Монголчууд бид метрог мөрөөдөөд мөн ч их уджээ.
 
Яагаад бид метротой болж болохгүй гэж. Сүүлийн сонгуулиар УИХ-д нэр дэвшсэн эрхэм хэрэв би сонгогдохын бол Улаанбаатарт метро бариулна гэж байсан. Даанч тэр хүн маань сонгогдоогүй. Манай дийлэнх нийтлэлч, сэтгүүлчид метро эдийн засгийн хувьд ашиггүй, зардлаа мөд нөхөж чадахгүй тухай мэр сэр бичсэн нь бий. Харин бид энэ удаа тийм тооцоо хийхгүй. Тэртээ тэргүй богино хугацаанд ашгаа нөхөж чадахгүй нь мэдээж. Гэхдээ мөнгөнөөс илүү чухал ач холбогдолтой байгааг л хэлэх гэсэн юм.
 
Эхний ээлжинд ядаж хэдэн Монгол иргэн ажилтай болох нь гарцаагүй. Барилга, уул уурхай шиг гадныхан шавахгүй нь ойлгомжтой. Тэд барьж байгуулаад яваад өгнө. Хамгаалалтанд гараад, билет таслаад япон, солонгос, хятад суухгүй нь лав. Засвар үйлчилгээ энэ тэрд бол манайхан онгоц засдаг юм чинь метрог аргалаад байж дөнгөнө. Ийм ажилд хэдэн хүн хэрэгтэйг мэдэхгүй юм, гэхдээ л зөвхөн метроны нэг буудал буюу зогсоол дээр л дор хаяж таван хүн ажиллах нь гарцаагүй. Бусад оронд ч ийм л байдаг. Мөн метроны газар доорх байгууламж дээр худалдаа үйлчилгээний дулаахан тохилог цэгүүд байруулах дэлхийн аль хотод байдаг л зүйл.
 
Метроны буудалтай ойр газруудад хүн ам олноор төвлөрч, тэр хавийнхан орон сууц, үйлдвэр үйлчилгээний газар эрэлт ихтэй болдог нь тогтсон ёс. Нөгөө манай төрийн ордноо тойроод шаваад байдаг байдал бараг үгүй болно гэсэн үг.
 
Бас ямар ч орны метроны зогсоол, буудал дээр орж гарч буй хүмүүсийг хянах камертэй байх. Энэ нь гэмт хэргийн гаралтыг багасгаж, илрүүлэлтийг ихэсгэхэд ихээхэн үүрэгтэй. Тэгээд ч буудал бүр хоёроос гурван эргүүлийн цагдаатай байдаг.  

Метротой болсноор иргэд маань өглөө орой ажилдаа ирж, очихдоо "нисдэг авс" (микроавтобус) гэгдэх амь дүйсэн унаанд суухаа больж, санаа амар зорчих боломжтой болно. Энд метрог борчуудын унаа гэж андуурах хэрэггүй шүү. Метро цаг хэмнэхээс гадна Улаанбаатар хотыг замын түгжрэл, машины утаанаас салгах томоохон гарц болох нь дамжиггүй. Адаглаад хүйтэн, халуунд унаа хүлээж, хүн ихтэй автобусанд чихэлдэж бухимдаад хөмсгөө зангидсан ууртай хүмүүс гадаа гудманд таарах нь цөөрнө дөө. Цаашлаад хатуу ширүүн уур амьсгалтай манай оронд салхи, шороо, бороо, цас нэвтрэхгүй дулаан тайван орчинд суух унаагаа хүлээх нь сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд мөнгөөр үнэлэж барамгүй их ач холбогдолтой. Хэдэн ч жил “Эрүүл Монгол хүн”, “Утаагүй Улаанбаатар” гэсэн бэлэг дэмбэрэл агуулсан сайхан нэртэй төсөл хэрэгжүүллээ. Үр дүн нь нүдэнд үзэгдэж гарт баригдсангүй. Харин метротой болчихвол уу.
 
Метро л хэрэгтэй байна даа, эрхэм Төрийн тэргүүн, ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, сайд, дарга, кампани захирал, нийгэм улс төр, соёл урлаг, спортын нэртэй зүтгэлтэн, Монгол улсын жирийн иргэн Улаанбаатарчууд аа. Яаж барих уу? Хууль эрх зүйн орчин нь байгаа юу? үгүй бол хурдан л бий болгоод шийдээд өгөөч. 

Мөнгө босгох олон арга бий л дээ. Төрийн болон хувийн өмч нийлсэн компани байгуулаад хувьцаа гаргах эсвэл метро барьж ашиг олох, “Эрхийн бичиг” гаргаад стандартын хамт гадна, дотны томоохон компаниудад олгох нэг бол худалдаж ч болох юм. Өнөө үед “Тунгалаг тамир”-ын Итгэлт баян байгаад метро үзээд ирсэн бол "Би энэ 76–ийн оронд байсан бол өгсөн өгөөгүй нь мэдэгдэхгүй хэдэн төгрөг тараахгүй. Ахиухан хөрөнгө зарж байгаад овоохон метро бариулах байсан юм" гэх байсан даа. Хэрэв та мөнгөтэй бөгөөд түүнийгээ метро барихад оруулбал энэ цагт буян болохоос гадна ирээдүйд үр хүүхэддээ байнгын ашиг авчрах баталгаатай хөрөнгө үлдээж боломжтой юм шүү.     
 
Би мөрөөднө өө...
Миний эх орон хамгийн сайхан орон болно гэдгийг би мэдэж байна.  (Хит хоп дууны дахилт)
 

А. Энхбат Анкара 2010. 12. 04

7 comments:

  1. neeren manaid metro heregtei shuu.sandagl sanaa

    ReplyDelete
  2. uneheer metro heregtei shuu. saihan sanaa baina. harin hezee ve l gedeg baina daa ...

    ReplyDelete
  3. mongoliin huvid metro bol tiim tulgamdsan asuudal bishee. Tsag ni ireheer metro baitugaig barij baiguulna. Niisleldee metro barina gevel hotoor duuren hujaa ajilchid orj irne

    ReplyDelete
  4. Хэрэгтэйгийн хувьд хэрэгтэй байлгүй яаахав. Гэхдээ бид "мөрөөдлөө бодитойгоор харах хэрэгтэй". Өчигдөр СЕО-нуудын клубын уулзалтанд оролцох завшаан олдлоо. Үйлдвэрлэл явуулдаг клмпанийн ажил олгогчид үгээ хэлж, үсээ зулгааж байнаа. Монголд мэргэжилтэй ажилтны арми байхгүй болчихсон байна. Бид юм хийж чадахаа больчихсон. Үйлдвэрлэл бол сахилга бат, технологи дамжуулалт, сайн менежмент, хамгийн гол нь чадварлаг, мэргэжсэн ажилтан байх ёстой байна даа. Метроноос илүү үйлдвэрлэл мөрөөдөл юм даа. Үйлдвэрийн яндан дугаар ажилладаг байсан үйлдвэр биш мэдлэгийн эдийн засаг дээр тулгуурласан үйлдвэрлэл юмуу даа. http://serdaram.tsahimurtuu.mn/content/view/129/30/

    ReplyDelete
  5. Zuv zuv bugdiinh ni zuv Enkhbatiin bas zuv.Heregtei gehdee chadahgui. Chadah tsag ni irne gehdee boloogui. Yadaj l Dotooddoo bolovsruulsan tumruuruu metroniihoo tomor hiitsiig oorsdoo hiideg bolchihoe. Shilee oorsdoo bolovsruulaad metroniihoo shilen hiitsiig oorsdoo hiichdeg bolchiyo. Gantig plita geed l .... oorsdoo hiideg bolchood shal taazaa oorsdoo hiichiheye geed zunduu ajil bnaa. Bolno doo bolno

    ReplyDelete
  6. heleed yahav6 ugluu oroid tugjirch hervtsen humuus l gertei harij bna shde...

    ReplyDelete
  7. baga bagaar ehelj daraa n orgosgoj bolno sh d. yer n busad hotuud ingej l metrogoo barij baigaa. manaih ehelj 2 ursgaltai 5 km metronii hongiltoi zam barichihad bolno. barihdaa 100 metr bolgond 10 ajilchin ajilluullaa gej bodohod 5000-han ajilchin bolno do. ene maygaar gantskhan jiliin dotor barih bolomjtoi. mongiig n daraa n oyu tolgoi tavan tolgoigooroo tolchihoj bolno sh d. bi lav gadaadad baihdaa hotiinh n metrogoor yavah bolgond setgel sergeed saihan boldog bailaa. mongold zaaval heregtei shu, nen yaraltai.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)