2010/12/09

ҮЙЛИЙН ҮР БА ТҮҮНИЙ МӨН ЧАНАР

Өмнөх дугаарт бид буддийн гүн ухааны “Эх болсон зургаан зүйл” хэмээх ойлголтыг үйлийн үртэй холбон тайлбарлах гэж оролдсон билээ. Энэ удаад үйлийн үрийн хувиршгүй байдал, аливаа үйлийн үрээр бий болох үзэгдлийн цаад мөн чанар зэргийг үлгэрт тулгуурлан тайлбарлах гэж оролдсон болно. Буддийн гүн ухааны нарийн гүн утгат сургааль, номлолыг манай өвөг дээдэс эрт үеэс өөриймшүүлэн, ард иргэддээ таниулахдаа олон сайхан эртний үлгэр домгийг орчуулан баяжуулж, мөн шинээр бий болгон ашиглаж ирсэн байна. 
Уг арга нь нүүдэлч ахуйтай Монголчуудад буддийн сургаалийг таниулахад ихээхэн үр дүнтэй байсан бололтой байдаг. Тиймээс өнөө цагт ч буддийн гүн ухааныг ингэж хялбаршуулан нийтэд түгээх боломжтой юм.
 
Энэ удаад монгол ахуйг маш сайн тусгаж өгсөн ийм нэгэн үлгэрийг сонголоо.
 
“Эрт цагт нэгэн их хувилгаан байж гэнэ. Тэрбээр элдэв үйлийн цаад учир шалтгааныг тайлан мэдэх ажээ. Ингээд Монгол орноор хэрэн явж ирээд, нэг удаа ихэд инээж, бас нэг удаа ихэд гуньсанаа ийн өгүүлэв.
 
Газраас цухуйх чулууг малтаж гаргахаар ухаж буй нэгэн эртэй таарлаа. Түүнийг хараад их инээсэн учир нь тэр чулуу бол сүмбэр уулын орой байж билээ. Тэр хүн ухаж барах уу гэж гэнэ. Дараагаар нь нэг айлд саатан буутал гэрийн эзэн хонь гаргаж байх юм гэнэ. Гэтэл гаргасан хониных нь элгийг шар нохой зуугаад явчих юм гэнэ. Гэрийн эзэн ихэд уурлаж, хараал тавин хоцорч гэнэ. Учир нь гэрийн эзэн болох залуугийн ээж, аав өөд болсон бөгөөд эцэг нь хойд насандаа хүүгийнхээ хонин сүргийг өсгөхөөр хонь болсон аж. Малд нүдгүй тэр эр сүргийнхээ манлайг халуун зунаар хагалж идэж байгаа нь тэр. Харин төрүүлсэн эх нь хүүгийнхээ хот хороог манахаар нохой болж төрсөн аж. Ингээд хүүд нь эцгийнх нь элгийн идүүлээд яахав гээд зуугаад явж байгаа нь тэр юм шүү дээ. Ачлал үл мэдэх хүү, амьдрал эс сургасан эцэг эхийн үйлийн үр энэ дээ хэмээжээ.”
 
Дээрх үлгэр бидэнд үйлийн үрийн нарийн учир зүй, уялдаа холбоог Монгол ахуй дээр тусган хялбар ойлгох боломжийг олгож байна.
 
Дараагийн үлгэр маань үйлийн үрийн мөн чанар, түүний үр дагавар хувирч өөрчлөгдөх боломжгүйг харуулсан болно.
 
“Нэгэн удаа Бурхан багшид жигүүртний хаан Хангарьд бараалхаад хорвоо дээр надаас илүү хүчтэй юу байна вэ хэмээн асууж гэнэ. Бурхан багш хариуд нь хорвоод үйлийн үрээс илүү хүчтэй зүйл үгүй билээ гэвэл. Хангарьд би тэгвэл тэр үйлийн үртэй чинь хүчээ үзмээр байна гэсэнд Бурхан багш ч зөвшөөрч, Монгол нутгийн зүүн, баруун хязгаарт амьдрах залуухан эр эм хоёрыг харуулаад,  хэдий тэд одоогоор нэг нэгнээсээ алс хол суух ч удалгүй учирч, гэр бүл болох үйлийн үртэй юм байна. Чи үйлийн үрээс илүү хүчтэй бол тэднийг хооронд нь бүү уулзуул хэмээжээ. Хангарьд баруун хязгаарт амьдрах бүсгүйг өөрийн гэртэй авчирч тавиад, зүүн хязгаарт суух залууг улам илүү хол газарт хүргэхээр явж гэнэ. Хөдөө хээр хонь хариулж явсан залуу Хангарьдыг алсаас харан айж нуугдах газар хайтал, тал газар чононд дутуу идүүлсэн үхрийн сэгнээс өөр газар олдсонгүй гэнэ. Тиймээс сэгэн дотор орж хорогджээ. Хангарьд залууг хайгаад олсонгүй. Тэгээд хоосон буцснаас ядаж энэ үхрийн сэгийн авч хоол болгоё хэмээгээд гэрийн зүг аван нисчээ. Ингэж алс хол суух хоёр залуу Хангарьдын гэрт учирч айл болжээ.
 
Эндээс бид нэгэнт хийгдсэн үйлээр тогтоогдсон үйлийн үр хувирч өөрчлөгдөхгүй болохыг мэдэж болно. Буддийн гүн ухаан бол тогтсон шаталсан системтэй мэдлэг юм. Тиймээс шат дараалсан сургалтаар түүнийг эзэмшдэг. Харин үлгэр домог нь энэ их мэдлэг ухаанаас өчүүхэн бага боловч хүртэх болж олгож байгаа дахин дурдъя.
 
Бид дараагийн цувралдаа ач тус хийгээд өглөгийн тухай мөн үлгэрт тулгаарлан тайлбарлахыг хичээх болноо.
 
А. Энхбат.  Анкара,  2010. 12. 08

4 comments:

  1. muug; mash sonirholtoi yum enkhbataa amjilt

    ReplyDelete
  2. ulger unshaagui ih udjee saihan sanagdlaa goe boljee dahiad bicheerei

    ReplyDelete
  3. hun buhend uiliin ur baidag baihdaa hugshchuul neeren ih yrdag yum

    ReplyDelete
  4. Goyo bolj :)

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)