2011/12/27

БИ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙД ИТГЭЖ БАЙНА...


Улс төр судлалын хичээл... Сонирхолтой, хэрэгтэй, үр дүнтэй эсэх дээр оюутан залуус янз бүрээр л үнэлж дүгнэх байх. Ямартай ч хичээлээр монголын нийгэм, улс төрийн талаар, улс орны хөгжлийн талаар санаа бодлыг нь хуваалцах, хэлэлцэх явдал зайлшгүй байх ёстой гэж хувьдаа ойлгодог. Ингээд монголын улс төрийн талаар, хөгжил өрнөлийн тухай КТМС-ийн оюутнуудын бичсэн эссенээс шалгаруулан блогтоо тавина гэж амалсны дагуу эхний эссег хүргэж байна. 


Би монгол орныхоо ирээдүйд итгэж байна. Яагаад? Би өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээ дүүрэн байна гэж бүрэн итгэдэг учраас... Надтай хамт энэ цаг үед мянга мянган залуус ч бас өөр өөрийнхөө ирээдүйд итгэл төгс явдаг болохоор... Ингэхэд багш яагаад намайг монгол орны ирээдүйд итгэдэг эсэхээ эргэцүүлэн бодохыг хүссэн юм бол? Ирээдүйд итгэх итгэлийг бүдэгрүүлдэг зүйлс энэ нийгэмд нэг бус нилээд хэд байгаа болохоор тэр юм болов уу...Бурхан багшийн сургаалд: “...Бүх хүн мөн чанартаа ариун тунгалаг санаа сэтгэлтэй билээ. Тэр сэтгэл нь гадаад нөхцлөөс шалтгаалан буй болдог төөрөгдлийн тоосонд хучаастай байдаг. Хэдийгээр үүлс сарыг хэсэг зуур хаадаг ч, түүнийг бохиртуулж хиртүүлэхгүй, байрнаас нь ч хөдөлгөхгүй...” хэмээсэн байдаг. 

Эх орныхоо ирээдүйг тэрхүү тунгалаг сартай адилтгавал оюутан миний нүдээр боловсролын систем, миний нийгэмд эзлэх байр сууринаас үүсдэг янз бүрийн нөхцөл байдлууд, хүрээлэн буй хүмүүсийн ахуй амьдралын түвшин, улс орны өнөөгийн хөгжил, баялгаасаа иргэддээ атгаад өгч байгаа хэмжээ гээд санаснаар болдоггүй бодит байдлууд наагуур нь халхалсан тоос мананцар болж таарах нь. Тийм ээ, хүрэх хүрэхгүй нь хамаагүй, миний болоод энэ монгол орны минь ирээдүй наагуураа үүлсээр халхлагдсан тунгалаг гэрэлтэй саран мэт сэтгэлд минь төсөөлөгдөнө. “Саранд хүрэх хүрэхгүй нь хамаагүй” гэж би сая хэлэв үү? Хүн төрөлхтөн хөл тавьж байна гэж мөрөөдөж ч зүрхэлдэггүй байсан саран дээр аль хэдийнээ мөрөө гаргачихсан шүү дээ. Цаг хугацааны тогтуун давалгаа “мөрөөдөл” (үл гүйцэлдэх хүсэл) гээчийг ч эрэг дээр хаядаг байх нь. 

Улам бүр “хавтгайрч” байгаа ертөнцөд монголчууд бидний сондгойрсон хэсэг нь хавтгай дэлхийд, нийт олонхоороо бөөрөнхий дэлхийд, үгүй ээ, бөөрөнхий Монголд яваад байгаа нь үнэн. Хурдан хавтгайраасай билээ, дэлхийд цөөхүүлээ бус олуулаа үнэлэгдэхсэн. Овон товонтой талбайд бүдчиж бус, тэгшхэн талд бөөнөөрөө эрх чөлөөтэй гүйхсэн. Саад тотгорыг тэгшлэх гурван сая гаруй нөхдүүд өнөөдөр юу хийж явна вэ? Өсч торниж, сурч боловсорч (энэ бүлэгт би багтана), бүтээн туурвиж, эрх мэдэлтнүүд оногдсон ямбаа эдэлж, харьд сурах нь сурч, хөдөлмөрлөх нь хөдөлмөрлөж, үлдсэн хэсэг нь амьжиргаагаа залгуулахын төлөө явсаар байна. Сүүлийн хэсэг бүлэг хүмүүсийн дунд ахуй амьдралаа аргацаахаар махарч явахдаа юун хавтгайрч буй дэлхий манатай, өнөө маргаашаа хэрхэхийг бодож яваа нь цөөнгүй. Монголд энэ хэсэг жин дарахыг яана. Хорвоогийн хорин дөрвөн цаг бүгдэд нь ижил хандана. Яая гэхэв, ирээдүй хүлээж л байхаас, илүү гараад байгааг нь “аль хэдийнэ ирчихсэн ирээдүй” тэвдүүлж л байхаас...

Монголын ирээдүйд итгэхэд юу надад найдлага төрүүлнэ вэ? Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан, оруулах гэж байгаа, цаашлаад дэлхийн тавцанд нэрээ гаргасан, тэр зам өөд тэмүүлж байгаа мэдлэгийг чадвартай хослуулсан боловсон хүчин энэ орны ирээдүйг гэрэлтүүлж байна. Оюу толгой, Таван толгойн орд газарт цөөхөн монголчууд хэдэн үеэрээ идэх нөөц байлаа ч хүний нохойд идүүлэхээр өөрийн ард түмэнд хамгийн ашигтай байдлаар хүртээхүйц зохицуулалтыг хийх боловсон хүчингүй бол яах билээ. Уул ус тэгширсэн уудам өргөн газар нутагтай байгаад урд хойноос ирэгсдэд эзний байраа алдалгүй хөгжлийг цогцоох боловсон хүчингүй бол бас яах билээ. Алтан дээр суусан ардууд болоход нэгийг нэжгээд болгох авьяастай хүмүүн капитал бидэнд хамгийн чухал байна, тэд ирээдүйд итгэх итгэлийг маань нэмэгдүүлж байна. 

Ингэхэд өндөр хөгжилтэй Америкт байгаа надтай чацуу охин Америкийн Нэгдсэн Улсын ирээдүйд итгэдэг болов уу? Мэдээж итгэж байгаа. Надаас ялгаатай нь түүний эх оронд манай орнынхны хүслэн болсон зүйлсийн ихэнх нь аль хэдийнэ цогцолсон болохоор тэрээр миний мөрөөдлийн замыг товчилж сэтгэнэ. Бид хоёрын мөрөөдөлд  маш их ялгаа байгаа ч ирээдүйдээ итгэдгээрээ ижил юм байна. Магад тэнд итгээд байх шаардлага ч үгүй улс орныхоо ирээдүйд үе тэнгийн нөхөд санаа зовнилгүйгээр амин хувийн ашгийг гүйцэлдүүлээд явбал барам ч байж болох. 

Холын айл хэсч явахаар гэртээ эргэж ирээд “Айлд бүх юм байдаг л юм байна... Манайх тийм болоход юу нь болохгүй байгаа юм бэ?” гэж эхийнхээ барааг хардаг ч үгүй бид эцэг Элбэгдоржоосоо асуувал саарал гэрт байгаа саваагүй ах эгч нараасаа асуу л гэх байх даа. Эсвэл тэднийг өмөөрөхдөө хоёр чихийг соотойтол орчин үеийн үлгэрүүдээсээ яриад тавьсан асуултыг маань хөнгөхөн мартуулчихна. Эцэг хүн байсан байгаагүй хүүхдүүд өсдгөөрөө өсч юмны учрыг ойлгоно доо. Өрөөл бусдын оролцоогүйгээр өөрийн тавилангаа гэтэлдэг хорвоо доо. “Манайх ч бас тийм гоё болно доо” гээд гэгээн мөрөөдлөө тээгээд явбал бүгдээрээ том болоод биелүүлнэ тийм ээ? Хэдүүлээ хурдан том болцгооё л доо...

Монголын ирээдүйд итгэхэд юу миний найдлагыг “төөрүүлнэ” вэ? Саарал гэрт бужигналдах саваагүй ах эгч нартай зэрэгцээд ижилхэн аягатай хоол урдаа тавьчхаад “Чинийх их юм байна” гэж бие биенээ үймүүлэх ах дүү нараас маань өөр хэн байх вэ дээ, аав хүмүүжүүлэхээсээ өнгөрсөн гэж байгаа. Тамын тогоонд ялзартлаа чанагдаад л байдаг энэ гэрийнхнийг үү?! Биесээ давах гэж шуугилдахаа болиод том жижиггүй байр байрандаа очоод өөрсдийнхөө ажлыг яралзтал биелүүлэхсэн. Гэрээрээ эвтэй бол гэрэлтээд байгаа ирээдүйдээ хүчтэй.     

Нийт Монголын төлөө биш юмаа гэхэд хүн бүр хувийн ашиг сонирхлынхоо  төлөө хөдөлмөрлөдөг дээрээ нэмээд цэвэр амиа бодох үүднээс, эсвэл зөвхөн өөрийн хойч үеийнхнийхээ ирээдүйд итгэл дүүрэн сэтгэхүйгээр ажиллаж амьдарвал Адам Смитын “Үл үзэгдэх гар” манайд далайцтай хөдлөх учиртай. Харагддаггүй хийсвэр энэ гар холыг бидэнд хурдан ойртуулах болтугай.  

Эцэст нь, бид одоо хийж байгаатайгаа зууралдсаар явтал ирээдүй тасралтгүй урсан ирсээр байна. Одоо хийж байгаа маань таалагдсан ч, таалагдаагүй ч амьдрал зогсолтгүй эргэдэг нь үнэн. Би лав ирээд л байдаг ирээдүйдээ таалагдахын тулд яг одоо гараа хөдөлгөөнд, тархиа сэлгээнд оруулж сууна. Монгол гэдэг их айлыг “зүгээр л” олж мэндлээгүй болохоороо биеэ засаад гэрээ засна гэдэгтээ бат итгэлтэй явдаг юм. Сар жилийн уртад саарал гэрийн ах эгч нар дээр гүйгээд оччихгүй л юм бол миний төрөө засна гэдэг ч юу л бол. Эхлээд биеэ засаадхая... 

 Л. Баярмаа /КТМС, Санхүү менежмент, D.BA10D400/

Жич: Миний э-майл хаягаар зөвхөн 2 материал л ирсэн болно. Бусад шалгарсан 2 болон эссе бичсэн оюутнуудаас дор хаяж 10 нь илгээснээр дараагийн удаад тавих боломжтой болно.

2 comments:

  1. Энэ эссений шалгаруулалт тэгээд юу болсон бэ?

    ReplyDelete
  2. Энэ эссений шалгаруулалт тэгээд юу болсон бэ?

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)