2011/05/02

ЭРВЭЭХЭЙН НӨЛӨӨ БУЮУ BUTTERFLY EFFECT

Монголчууд халуун зун хээр гадаа сэнгэнтэл исгэрвээс хөндий хоолойд салхи үүсгэн, сайхан сэрүүцэж чаддаг гэлцдэг. Мөн зад буюу аадар бороо оруулж, дайсан этгээдийнхээ замд саад учруулдаг тухай домог ч нэг бус. Монголын нууц товчоонд Найманы Буйруг хан, ойрадын Худуга нар зад оруулж чаддаг байсан тухай гардаг. Орчин цагийн хэлээр эрвээхэйн нөлөө гэх үзэгдлийг хэрхэн ашиглаж болохын нууцыг монголчууд мэдэж байсан гэлтэй.
 
Аль нэг системийн анхдагч төлөв байдалд гарсан өчүүхэн төдий өөрчлөлт нь явцдаа том өрнөлд хүргэдэг гэх хаосын онол бол "эрвээхэй эффект" (butterfly effect) юм. Уг онолоор бол хамгийн энгийн системд хүртэл урьдчилан таахын аргагүй (хаос) үйл байдал өрнөж байдаг аж.
Уг нэр томъёо анх Эдвард Лоренцийн бүтээлд тусгагдсан гэдэг. Гэхдээ Рэя Бредберигийн нэг бяцхан эрвээхэйний үйлдэл томоохон үйл явдлын эхлэл болдог тухай өгүүллэгээс (1952 он) санаагаа авсан гэдэг. 

Уг онол нь "эрвээхэйн далавчны хөдөлгөөн дэлхийн уур амьсгалд нөлөөлж, улмаар тодорхой цаг хугацаа тогтсон газар оронд эрчилсэн хуй салхи үүсгэхэд хүргэдэг" гэх санаанд тулгуурладаг. Аливаа системийн мэдрэмтгий байдлыг Э.Лоренц “Америкийн Айово мужийн нутагт нисч буй эрвээхэйг далавч Индонезийн борооны улирал эхлэхэд нөлөөлсөн хуй давалгааны нөлөөтэй” гэж хялбараар илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, системийн анхдагч төлөв байдлын өчүүхэн хэсэг болох дэвж буй далавч нь өргөн далайцтай өөрчлөлт бүхий үйл өрнөлд хүргэх нөхцөл болдог гэх тайлбарт үндэслэдэг. Хэрэв эрвээхэй далавчаа дэвээгүй бол системийн траектор тэс ондоо байх боломжтой. 

Мэдээж, эрвээхэй эрчилсэн хуй салхийг үүсгэнэ гэж юу байхав. Хуй салхин дахь кинетик энерги эрвээхэйгээс үлэмж их гэдэг нь тодорхой. Хуй салхины тэрхүү энерги эцсийн дүндээ нарны цацрагийн нөлөө бөгөөд харин эрвээхэйн далавч цаг уурын нөхцөл байдлын тодорхой хэсэгт л хаос маягийн нөлөө үзүүлж байж болох талтай.
 
Байгалийн үзэгдэл, цаг уурт анх хэрэглэсэн уг ойлголтыг нийгмийн үзэгдэл ч үйл явцын хувьд авч үзсэн нь нэг бус. Яг энэ утгаар авч үзвэл Монголчууд 20 жилийн ардчилсан шилжилтийн үйл явц, одоо ч гарч буй томоохон алдаа дутагдлууд нь хэдэн жилийн тэртээх бодлогын болон үйл ажиллагааны жижиг гэлтгүй алдааны үргэлжилсэн үр дагавар байх бололцоотой гэсэн үг. Эсрэгээр тухайн үеийн эерэг зөв хандлага, үйлдэл нь өнөө цагийн олон дэвшилт үйл явцын урьдач шалтгаан байсан нь гарцаагүй.
 
Хувь хүний хувьд хийсэн жижиг алхам, үйлдэл нь ирээдүйн амьдрал, бүхий л хувь тавиланд нь эрс өөрчлөлт авчирдаг тухай Холливудад бүтээгдсэн “Эрхээвэйн нөлөө” хэмээх 3 цуврал киногоор дамжуулан сонирхолтой агуулгаар харуулсан байдаг.  Үнэхээр хүний амьдралын зарим жижиг тохиолдлууд бидний ирээдүйн цаашдын төлөвт чухал нөлөө үзүүлж байдаг нь эргэлзээгүй. Энэ тухай уран зохиолын бүтээлд хангалттай өгүүлсэн байдаг. Тааруу жишээ авахад, аливаа муу зуршилд автан, гүнзгий донтсон хүмүүс, эхэндээ тухайн зүйлийг амсах төдий хэрэглэж, тэр нь аажим аажмаар ихсэж, улмаар амьдралаа сүйрүүлсэн нөхцөл рүү улам бүр унадгийг олон хүний амьдралын намтараар нотолж болно.
 
Хүний амьдралд “хэрэв тэрийг л хийгээгүй бол..., хэн нэгэнтэй тэгэж тааралдаагүй бол..., тэр үгийг огт хэлээгүй бол..., тэр газар тухайн цагт байж таараагүй бол...” гэх хожмын олон дурьдатгалууд чухамдаа “эрвээхэй эффектийн” тухай санааг агуулж байдаг хэрэг байх нь.
 
“Эрвээхэй эффект” онолоор бүхий л асуудлыг тайлбарлан авч үзэх нь учир дутагдалтай хэдий ч хувь хүмүүс, бүхэлдээ улс орон үндэстний хувьд эргэж засагдахгүй уруудах, үргэлжид харамсан үлдэхгүйн тулд хийж байгаа алхам болгондоо нухацтай хандаж байхыг бидэнд сануулж буйгаараа багагүй учир холбогдолтой үзэл санаа болохыг цохон тэмдэглэе.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)