2011/01/03

ОЛИМП БОЛ ТОМ УЛС ТӨР

Биеийн тамир спорт гэж хичээллэж буй хүндээ ашиг тустай, заримдаа аюул эрсдэлтэй, үзэж буй хүндээ сонирхолтой бас бахдалтай том салбар байх. Хүн төрөлхтөнтэй зэрэг үүссэн гэдэг ч дөнгөж 20-р зууны 20-иод оноос л мэргэжилд тооцогдож болсон гэдэг. Тухайн үеэс дахин сэргэж эхэлсэн Олимпийн наадам нь ялсан баг тамирчдыг нэр хүндийг өргөх, дээд амжилтуудыг бүртгээд зогсохгүй ялагч улс орны хувьд өөрийн улс төрийн тогтолцооны давуу талаа “гайхуулах”, олон улсын түвшинд нэр хүндээ өсгөх бололцоог олгож эхэлсэн байна. Олимпийн үзэл санаан дор арьс, нас хүйс, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахын эсрэг үзэл хөгжиж, хүний эрхийг дээдлэх үзлийг улс орнуудад дэлгэрүүлэхэд багагүй нөлөөлсөн юм. Нэг үгээр спорт улс төрд нөлөөлж байлаа.



Тун удалгүй спорт нь зугаа цэнгүүн, үзвэрийн гол зүйл болж, хүмүүс театраас илүү цэнгэлдэх хүрээлэн лүү гүйлдэх болж, сонин хэвлэлд тусгай хуудас, радио тодорхой цагаа спортын мэдээнд зориулах болсон байна. 1936 онд телевизээр Берлиний олимпийг дамжуулснаас хойш спорт арилжааны чухал бүтээгдэхүүн болоодохов. Олимп тойрсон дуулиан шуугиан нь дэлхий дахины чихийг сортолзуулж, нийгэмд томоохон доргилт өгдөг том арга хэмжээнд гарцаагүй тооцогдож эхэллээ.  Үүнээс улбаалан олимпийг улс төрийн зорилгоор “ашиглаж” болохыг ажигласан улс орнуудын эрх баригчид глобал өрсөлдөөндөө олимпийг эрчимтэй ашиглаж эхлэх нь тэр.
Ингээд спорт улс төрд биш харин улс төр спорт нөлөөлөх болов. Олимпийн наадам нь улс орнуудын төдийгүй тэдгээрийн эрх баригчид, жирийн иргэд, оролцож буй тамирчид улс төрийн үзэл суртал, суртал ухуулга, үзэл санаа, эсэргүүцлээ илэрхийлэх тохиромжтой талбар болсон юм.
Олимп - суртал ухуулгын хэрэгсэл
1936 оны Берлиний олимпоор Нацист германууд өөрийн нутаг дээрээ олимпийг зохион байгуулах замаар фашист үзэл суртлыг давуу талыг германы ард түмэнд харуулах, бусад нөхдүүдэд шар үстэй цагаан царайтай “супер” хүний онцгой чанарыг батлах зорилгыг өмнөө тавьсан гэдэг.  Тэд Олимпийн хөтөлбөрт “герман”-ы спортын төрлийг оруулах, гадаадын тамирчдыг хавчин шахах, арий тамирчдаас гэр бүлийн хос үүсгэх замаар “Олимпийн хүүхэд” хэмээх шинэ үеийг “гаргаж авахыг” зорьж байсан аж.
Улс төрийн шахалт үзүүлэх тохиромжтой арга
Нэг үгээр Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа болон оролцож буй орнуудад шахалт үзүүлж, үгэндээ оруулах гэсэн санаа.
Иймэрхүү жишээ нэг бус. 1980 оны Москвагийн олимпад барууныхан “Афганистанд дайн зарласан” гэсэн шалтгаанаар 65 орон, 1984 оны Лос-Анжелесийн Олимпоор социалист лагерийн орнууд (тэр дотор БНМАУ) тамирчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна гэсэн агуулгаар 12 орон тус тус оролцохоос татгалзаж байлаа. Дараагийн ээлжийн Сөүлийн олимп ч улс төрийн тэмцлээс ангид байж чадсангүй. Хойд Солонгос, Куба, Эфиоп зэрэг орнууд хойд хөршийгөө хүлээн зөвшөөрдөггүй, дайны байдалтай байдаг гэж гомдоллон оролцоогүй юм.
Бусад шалтгаанаар улс төрийн эсэргүүцлээ илэрхийлэх зорилгоор бойкот зарлан, оролцоогүй жишээ хангалттай олон. 1956 оны Мельбурны олимпоор Сүэцийн хямралыг эсэргүүцэж Египет, Ирак, Ливан усууд, Зөвлөлтийн цэрэг арми Унгарын босогчдын эсрэг хийсэн ажиллагаа эсэргүүцэн Нидерланд, Испани, Швейцар орнууд, ОУОХ-ноос Тайваний Олимпийн хороог хүлээн зөвшөөрснийг эсэргүүцэж БНХАУ тус тус оролцохоос татгалзаж байв. 1976 оны Монреалийн олимпоор ч ийм бойкот хоёр гурав гараад авсан.
За мөн улс орнууд хоорондоо гомдоллон олимпод оролцохоос татгалзахаас гадна тамирчид улс төрийн үзэл бодол, эсэргүүцлээ илэрхийлэх явдал үлэмж түгээмэл. 1936 оны Берлиний олимпод еврей тамирчид оролцохоос татгалзсан бол 1968 оны Мехикогийн наадмаар Америкийн ойрын зайн гүйлтийн тамирчин Томми Смит, Жон Карлос нар медаль авах тавцан дээр хар өнгөтэй оймс, бээлий өмсөж, ороолт зүүн гарч, хар арьстнуудын хүч чадлыг магтсаныхаа төлөө Олимпийн тосгоноос хөөгдөж, багаас нь хүртэл хасч байлаа. Жон Карлос “Биднийг ялаад, түрүүлээд байвал америк хүн, амжилтгүй оролцвол хар негр гэж хочилдог” хэмээн тайлбарлаж байв. Чехословакийн тамирчин Вера Чаславска ЗХУ-ын төрийн дуулал эгшиглэх үед нүүрээ буруулж эсэргүүцлээ илэрхийлснийхээ төлөө олон жил хорионд суухад хүрсэн юм.
Олимпийг алан хядагч бүлгүүд өөрийн зорилгодоо ашиглахаас татгалсангүй. 1972 оны Мюнхений олимпоор Палестиныг чөлөөлөх байгууллагын дайчид олимпийн тосгонд нэвтрэн, улмаар Израилийн 11 тамирчныг барьцаалан хороосон түүх бий. Олимпийн тоглолтоор ийнхүү анх удаа цус урсахад хүрсэн нь эмгэнэлтэй бөгөөд түүхэн сургамжтай. Энэ үеэс хойш Олимпийн тоглолтын аюулгүй байдлыг хангахад зохион байгуулагч орнууд багагүй хүчин чармайлт тавьж эхэлсэн юм.
Энэ мэтээр олимп зохиогдсон цагаасаа л улс төрийн сүүдэр дор зохиогдож иржээ. Орчин үед олимпийн наадам жирийн спортын арга хэмжээ байхаа больж, улс төрийн томоохон үйл явдлын тоонд гарцаагүй тооцогдох болов.  Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд Бээжингийн олимпоор хүний эрхийг зөрчдөг, үндэсний цөөнхийн эрхийг үл тоомсорлодог зэргээр баалж, бараг хэн ч очиж оролцохгүй шүү гэх зэргээр Хятадын эрх баригчдыг бажга алдуулаад авсан.
Олимп ба улс төрийн харилцан нөлөөлөл, хөгжил өрнөлийн талаар Ричард Эспи “Олимпийн улс төр” (The Politics of the Olympic Games),  Жон Хоберман “Олимпийн хямрал: улс төр ба ёс суртахуун” (The Olympic Crisis: Sport, Politics, and the Moral Order), Дэвид Янг “Олимп:  Шинэчлэн сэргээхийн төлөө тэмцэл” (Olympics: The Struggle for Revival), Аллен Гуттманы “Олимп: орчин үеийн наадмын түүх” (The Olympics: A History of the Modern Games), Кристофер Шоу “Таван цагираг: Олимпийн тухай домог ба бодит байдал” (Five Ring Circus: Myths and Realities of the Olympic Games) Дэвид Канин “Олимпийн наадмын улс төрийн түүх”(Political History of the Olympic Games) зэргээр олон бүтээлүүд  байдаг юм байна.
Хэдийгээр олимпийн үзэл санаа нь олон улсын энх тайван, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, интернационал үзлийг дэлгэрүүлэхэд чиглэдэг гэгддэг ч эсрэгээрээ улс орнуудыг хооронд нь өрсөлдүүлж, үндэсний үзлийг дэврүүлдэг тал бий. Үнэхээр Олимпийн наадмаар улс орныхоо далбааг мандуулж, төрийн дууллыг нь эгшиглүүлэхийн тулд наагуур цаагуур хор найруулах асуудал, тамирчид, шүүгчдийг алгасаад улс төрчдийн хүрээнд явагддаг тухай яриа оргүй зүйл биш ээ.
Олимпийн аваргын алтан медаль авах, Олимпийн наадмын зохион байгуулах эрх авах гэдэг нь дан ганц тамирчан, улс орны нэр алдрын хэрэг биш бүхэлдээ олон улсын улс төрийн том бодлого болж хувирав.
Спортын ялалт бол бол улс төрийн амжилт. Спорт дахь “хамгийн хүчтэй нь” хэмээх зарчим олон улсын харилцаа, улс төрийн хувьд ч хамгийн чухалд тооцогддог.
Чухамдаа олимпизмын үнэт зүйл, үзэл баримтлалд тусгагдсан бүх зүйл яг эсрэгээрээ хэрэгжих болжээ. Олимпод “ялах нь биш оролцох нь чухал” хэмээх зарчим зөвхөн ядуу дорой, хөгжилгүй улс орон өөрсдийгөө тайвшруулах үг төдий зүйл юм. Шудрагаар өрсөлдөх биш, амжилт бүрийг хуйвалдаанаар яаж ийгээд өөртөө бүртгүүлэхийн төлөө улс гүрнүүд ил далд тэмцэлдэх болов.  Олимпийн хөдөлгөөнд баяжих, амин хувиа хичээх, үндсэрхэх, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлах үзэлгүй залуучууд нэгдэх ёстой гэдэг ч бодит байдал дээр Олимпийн ялалт авснаар насан туршийн амьдралын баталгаагаа олох, өөрийн үндэстэн, арьс өнгө, шашин шүтлэгийн давуу талыг харуулах зорилгоор л өрсөлдөх боллоо.
Өрсөлдөөн нь тамирчдын биш улс орнуудын хоорондынх болов. Олимпод амжилт байгуулснаар нь улс орны чансаа, сүр хүчийг тодорхойлдог болсон. Ийм учраас улс орнууд медалийн тоог нэмэхийн тулд ил далд олон арга хэрэглэдэг тухай баримт нэг бус бий. Өнөө тамирчид сэргээш хэрэглэдэг тухай асуудал моодноос гарч, авилгал өгөх, худал буруу шүүх, сэтгэл зүйн дайралт хийх, далдаас нөлөөлж, гипноз хийх зэрэг бидний мэдэх мэдэхгүй олон арга мэх байдаг гэнэ лээ.
Олимп нь спортын цогц арга хэмжээ төдий зүйл биш харин улс төрийн бодлого, үндэсний үзлийн билэг тэмдэг, улс төрийн үзэл суртлыг ухуулан таниулан том талбар мөн.
Олимп ба Монгол
Манай орон 1964 оноос эхлэн олимпод орж эхлэсэн. Улс төрийн шалтгаанаар 1984 онд Орос ахыгаа дуурайж нэг удаа өнжсөн. Нийт олимпод 11 удаа оролцсноос 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл нийт 19 медаль аваад байгаа нь багагүй амжилтад тооцогдоно. Гэхдээ бид чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага зэрэг ганцаар өрсөлддөг монголын уламжлалт спортын төрөлтэй нягт холбоотой төрлүүдээр л амжилт байгуулж ирсэн.    
Бээжингийн Олимпоос анх удаа авсан алтан медаль нь улс төрчид нь нийгмийн суурь асуудлаас өөр зүйлд  анхаарах хөрөнгө чадал зарцуулах, сонирхох сөхөөгүй 10 гаруй жил явж, сая нэг спорт урлагт анхаарах болсны үр дүн байсан болохыг зарим нэг нь хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаас алт авсан жүдо, бокс хоёрыг монголдоо шаггүйд тооцогдох бэлтэй бизнес-улс төрчдийн хөрөнгө санхүү, дэмжлэг, тодорхой хэмжээний хор найрааны хүч орсон болохыг өөрсдөө ч шулуухан хүлээн зөвшөөрдөг.
Ямартай ч Олимпийн анхны алтан медалийн шуугиан, тухайн үед өрнөж байсан улс төрчдийн хатуу тэмцлийг зөөлрүүлж, хэзээ ч тэврэлдэж байгаагүй улс төрийн хүчнүүдийн лидерүүд ард түмнийхээ өмнө ичиж зовохгүй тэврэлдэж, “эв эеэ хичээх” том нөхцөл болж байлаа.
Нэг талаас дэлхийн томоохон орнууд ч төлөөлөгчөө оруулж чадаагүй байдаг Олон Улсын Олимпийн Хороонд Монгол улсыг төлөөлж хүндэт гишүүн байдаг нь манай нэр хүндийг бага ч гэсэн өргөж, бусдын атаархлыг хөдөлгөж байдгийг хэлэх юун. Гадныхан ОУОХ-ноос гаргах шийдвэрт нэг ч гэсэн санал авахын тулд лобби хийх зорилгоор манай орныг зорьж ирдэг нь бахархалтай хэрэг мөн.
Нөгөө талаас Монголын Үндэсний Олипмын хороо хэмээх Засгийн газар болон олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүждэг, нилээдгүй мөнгө хөрөнгө, эх үүсвэртэй, түүнийг захиран зарцуулах эрх мэдлийн төлөө томоохон тэмцэл өрнүүлж, хор найруулж байдаг байгууллага Монголын олимп дахь амжилт ололт хэр байхыг хариуцан ажиллаж байна. Тус байгууллагыг тойрсон их бага шуугиан, хэл ам, хэрүүл нь менежмент, боловсон хүчин, үйл ажиллагааны хувьд дорвитой өөрчлөлт хийх цаг болсныг харуулж байна.
Олимп бол зөвхөн спортын нөхдүүд дангаараа чармайж, болсон болоогүй бодлого, үйл ажиллагаа явуулж байдаг талбар биш болсныг дэлхийн спортын өрнөл тэмцэл та бидэнд тов тодорхой харуулах болжээ хэмээн энэхүү нуршуу нийтлэлээ өндөрлөе.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)