2011/03/30

БӨӨС ХҮРТЭЛ БӨӨР ЗҮРХТЭЙ ГЭЖ...

Энэ үгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Лүндээжанцан төрийн ордонд болсон “Парламентын шинэчлэлд улс төрийн намуудын үүрэг оролцоо” сэдэвт дугуй ширээний ярилцлага дээр хүн ам, газар нутаг багатай улс орнууд хүртэл дээд болон төлөөлөгчийн гэсэн хоёр танхим бүхий парламенттай байхад манай улсад энэ нь алга гэх үгийнхээ зүйрлэл болгож хэлсэн юм.  

Толгой холбосон зүйр цэцэн үг шиг энэ үгийн утгыг нь бага зэрэг нэмж тунгаавал улс гэдэг бол бөөсийн чинээ ч жижиг байж болдог гэхдээ л төлөөлөгчийн танхим гэсэн бөөртэй, дээд танхим гэх зүрхтэй байх ёстой гэж ойлгож болмоор. Гэвч гишүүний иш татаж буй “байгалийн хууль, зүй тогтол” нь хүний нийгмийн үнэт зүйл болох төрийн хэлбэр, бүтэцтэй төдий л уялдахгүй байх юм. Үнэхээр тийм бол бидний улс чинь бөөр зүрхгүй явж ирсэн төдийгүй одоо ч тийм байгаа болж таарч байна. Мөн ганц танхимтай парламенттай улс дан ганц манайх биш, хоёр танхимтай парламент бүхий улс орон бүгд хөгжиж хүчирхэгжсэн гэвэл үгүй.

Дээрх дугуй ширээний ярилцлагад Монголын улс төрийн намуудын дарга, нарийн бичгийн дарга зэрэг удирдлагуудаас гадна УИХ-ын гишүүд ч оролцсон юм. Тэд парламентыг хоёр танхимтай болгох, үүний тулд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Монгол улс түүхэнд хоёр танхимтай парламент байсан уу гэвэл байсан. Улсын доод, дээд хурал Богд хаанд Монгол улсын үед,  Улсын их хурал, бага хурал 1924, 1990 онуудад оршиж түүхэн үүрэг гүйцэтгэж байв.

Энд хамгийн сонирхолтой нь эрх барьж буй намын дарга, ерөнхий сайд ийм сэдвээр ярилцлага хийсэн нь өөрөө туйлын сонин содон үйл явдал төдийгүй сонгууль ойртон буй энэ үед бүр ч гайхалтай хэрэг. Хэрэв тэрбээр үнэхээр хоёр танхимтэй парламент бий болгох гэж бодож байгаа бол энэ нь цаг хугацааны хувьд бараг л боломжгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг бүхлээр нь шахуу өөрчилж, ард түмний дунд хэлэлцүүлэг, бүр санал асуулга ч явуулах хэрэгтэй болохоос гадна шинэ парламент, түүний бүтцэд зохицсон сонгуулийн хууль гээд шилээ дарсан олон том асуудлыг давхар шийдэх хэрэг гарна. Жижиг намуудын хувьд энэ нь мэдээж дажгүй санаа, бүтэх юм бол. Ямар ч байсан нэг парламент гэдэгт төлөөлөлтэй болох боломж нь харьцангуй нэмэгдэж таарна. Мөн одоо засгийн эрх барьж хоёр намд ч гэсэн цаашид дайсагнахгүйгээр эвтэй найртай хамтран ажиллахад туйлын таатай орчин бүрдүүлэх магадлалтай асуудал болохын зэрэгцээ хэрэвзээ бүтдэг юм аа гэхэд юм л бол наймаалцаж тохиролцдог тэдэнд жижиг намуудад бялууныхаа үүрмэгнээс өгөөд амыг нь хаагаад сууж байхад ихэд тохиромжтой хувилбар байж болох юм. Гэхдээ парламентын бүтцийн тухай ярих цаг нь болсон уу гэвэл болсон. Бараг хорин жилийн өмнө хэлэлцэж тогтсон 76 гишүүнтэй УИХ-ын төлөөлж байсан хүн ам өдгөө өссөн нь гарцаагүй гээд олон шалтаг, шалтгаан дурдаж болно. Гэвч парламентын засаглалыг улам бэхжүүлэх гэж зүтгэх улс төрчид УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай тун бага ярьж байна. Тиймээс УИХ-ыг хоёр хуваах нь хууль үйлдвэрлэх үйл явцыг удаашруулахын зэрэгцээ түүний хүч нөлөөг нэмэх биш бүр задлах аюултай, цаашлаад доод, дээд тэнхим хоорондын зөрчил бий болох сөрөг үр дагаврын талаар маргаан мэтгэлцээн, хэлэлцүүлэг гарахгүй байх шиг.

Харин ерөнхий сайдын хувьд түүний энэ алхам нь төрийн ордонд бараг үзэгдээд байдаггүй жижиг намуудын дарга нарыг өмнөө суулган тэднийг үгийг сонссон явдал нь хаврын улс төрийн синдром, сонгуулийн өмнө улс төрийн уур амьсгалыг зөөлрүүлж, тэдэнд тал зассан хэрэг болсон гэж үзэж болно. Ямар ч байсан элдэв жагсаал цуглаан хийхийн оронд ингээд ярилцаж болно гэдгийг ойлгуулсан төдийгүй тэд жагсаад төвөг удвал бидэнд өмнө нь нүүр тулж ярилцаж байсан туршлага, түүх бий хэмээн хэлэх үгтэй болсон. Хэрэв тэр үнэхээр сонгуулиас өмнө үндсэн хуулийг өөрчилж чадна гэж тооцоолсон бол ихээхэн эрсдэлтэй алхам. Дангаар шийдэхэд хүч хүрэхгүй ажил. Энэ том асуудлыг эхлүүлж байгаа бол түүнийгээ шийдэхгүйгээр сонгуульд орох нь бараг л ялагдахын цондон гэж болно. Эсвэл түүний эсрэг намуудтай тохиролцох, сонгуулийн нэг гол хөзөр нь энэ асуудал ч байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл энэ УИХ-аар биш 2012 онд байгууллагдах шинэ УИХ-ын шийдэх гол асуудал болгож байж болно. Ямартай ч парламентын бүтцийн тухай энэ асуудал ирэх хаврын чуулганы хэлэлцэх асуудалд оржээ.
                                                                                             А. Энхбат, 2011. 03. 25 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)