2011/03/31

ГЭРЧИЙН НӨЛӨӨ: КИТТИ ЖЕНОВЕЗЕГИЙН ХЭРЭГ

Монголчууд нүүдэлчин ахуй соёлтой ард түмний хувьд зовж зүдэрсэн нэгэндээ хүний өөрийн ялгалгүй байнга туслах төдийгүй гэрийн үүдээ нээлттэй орхиж, хоол ундгүй аяншиж ядарсан нэг нь алжаалаа тайлж амрах бололцоо олгохыг өөрсдийн үүргээ гэж ухамсарлаж ирсэн уламжлалтай. Харин өдгөө суурин соёлд иргэншээд, түүний давуу, сул тал бидний унаган зан байдалд минь улам бүр шигдэн суурьшиж буй нь цагийн үеийн шинж юм биз ээ. Монгол хүний тусч цайлган зан ихэд эвдрээд, хөрш айлдаа болж буй аюул осол, хэрүүл шуугиан бүү хэл гудамжинд хэвтэх хэн бүхнийг үл хайхран, тоомжиргүй алхах суурин иргэншлийн хэнэггүй авирт гүнзгий автах болжээ.
  
Ингээд та бүхэндээ гагцхүү суурин соёлын хувьд үүсч бий болдог хүмүүний мөн чанарын эсрэг жигшүүрт гэмээр нэгэн үзэгдлийн тухай нэгэн сургамжит түүхийг түүний сэтгэл зүйн учир шалтгааны тайлбарын хамт бэлтгэн хүргэж байна. Уг хэрэг нь гэмт хэрэг, сэтгэл судлалын хувьд төдийгүй ерөөс хүн ёсны хувьд нийгмийн харилцаандаа анхааран санаж явууштай зүйл хэмээн блогчин бээр үзсэн болохыг хэлэх юун.
Тусламж эрсэн хохирогч буюу Китти Женовезегийн хэрэг 
1964 оны 3 сарын 13-ны тэр нэгэн өдөр 28 настай Кетрин Женовезе ажлаасаа гэр лүүгээ харьж явахдаа энэ нь түүний амьдралын сүүлийн мөч болно гэдгийг огт гадарласангүй. Тэр бүсгүй алуурчин этгээдийн халдлагын золиос болж, хэрцгийгээр амь насаа алдсан юм. Ийм аймшигт хэрэг амеркийн эвгүй хорооллуудын хувьд онцгой явдал биш байж болох. Гэхдээ бүтэн хагас цагийн турш үргэлжилсэн хүний ёсноос гадуур тамлалт 38 гэрчийн  нүдэн дээр болсон хэдий ч тэдний хэн нь ч гарч ирж туслах бүү хэл самбаачлан цагдаа дуудаагүйд уг гэмт хэргийн учир шалтгаан оршино.    
 
Китти Женовезегийн үхэл гэрчийн зан байдлыг үзэгдлийг судлахад томоохон түлхэц өгсөн юм. Өнөөдрийг хүртэл нийгмийн сэтгэл судлаачдын дунд  “Китти Женовезегийн синдром” буюу  “Гэрчийн нөлөө” гэж нэрлэгдсэн уг үзэгдлийн учир шалтгааны талаарх маргаан үргэжилсээр байна.
 
Нью-Йоркийн сэтгэл судлалын профессор Стэнли Милгрэм “энэхүү хэрэг нь хүний оршин ахуйн суурь асуудлыг хөндөж байна... Хэрэв бидэнд тусламж хэрэгтэй болсон үед ойр орчмын хайнга хүмүүс аврахаар оролдох уу эсвэл үхэл рүү тэр чигт нь илгээх болов уу?” хэмээн асуусан байдаг.
 
Дашрамд дурьдахад уг хэргийн талаар баримтат болон уран сайхны кино, тууж роман, судалгаа шинжилгээний олон бүтээл гарч байсан юм.
 
Аллага
Энэ хэрэг 1964 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, Нью-Йорк хотын Куинс дүүрэгт гарчээ. Китти Женовэзэ гэж баарны мэнэжэр бүсгүй ажлаасаа шөнийн 3:15-д ирсэн байна. Гэрийнхээ гадаах зогсоолд “Фиат” маркийн машинаа тавиад гэр лүүгээ орох замд нь нэг эр ойртож буйг анзаарсан байна. Тэр эр үг хэлэхтэй зэрэг бүсгүй зугтахаар оролдож, гарт нь байсан хутгыг нь цохиж, цагдаа дуудахаар ойролцоох автомат утасны бүхээг рүү гүйжээ. Халдагч түүний нуруу руу хэд хэдэн удаа хутгаар цохихоор оролдож, бүсгүй ч “Бурхан минь, тэр намайг аллаа, туслаач” гэж орилсон байна. Энэ үед түүний хөрш айлууд гэрлээ асаасан төдийгүй гудамжинд юу болж байгааг олон хүн анхааралтай сонсож байжээ. Харамсалтай нь хэрэг явдал үүгээр дууссангүй. Цусандаа хутгалдсан бүсгүй гэрийнхээ хаалганд хүрч, онгойлгохоор оролджээ. Энэ үед гэмт хэрэгтэн араас нь дахин ирж явааг харсан байна. Халдагч түүнийг дахин хэд хэдэн удаа шархдуулжээ. “Би үхэж байна, үхэж байна” гэх хашгирааныг хөршүүд нь мөн л сонсож байсан агаад зарим нь бүр цонхоо онгойлгож юу болж буйг нэг бүрчлэн харсан байдаг. Халдагч этгээд өөрийн машин луу очсоноо 5 минутын дараа хохирогч руу дахин хүрч очихыг ч харж байжээ. Китти гэр лүүгээ орж, амиа аврахыг оролдож. Тэр үүдний өрөө рүүгээ орж амжсан ч алуурчин 3 дахиа эргэн иржээ. Алуурчин хожим “би эргэж очсон, учир нь дуусгаж чадаагүйгээ хийхээр шийдсэн юм” гэж мэдүүлсэн ажг. Цусан мөр дагасаар бүсгүйн хэвтэж байсан газарт ирж, түүнийг хүчиндээд амийг нь бүрэлгэсэн байна. Бас болоогүй бүсгүйд байсан 49 долларыг авч гарч одсон байна. Нийтдээ 30 минут үргэлжилсэн аймшигт хэргийн үед хэн ч цагдаа дуудаагүй юм.
 
Гэмт хэрэгтэн машиндаа сууж, зугтан оджээ. Замдаа уулзвар дээр ногоон гэрэл хүлээж буй зэргэлдээ машины үүргэлж буй жолооч руу гарч очин, жолоон дээрээ унтах нь аюултайг сануулж, “буян үйлдсэн” гэдэг.
 
Алуурчин Уинстон Мосли гэгч хэн бэ?
29 настай хар ажилчин Уинстон Мосли аллагынхаа дараа 7 хоног сул яваад баривчлагджээ. Тэрээр урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт эмэгнэлт явдал болсон газраас холгүй амьдардаг афроамерик гаралтай нэгэн байжээ. Байцаалтад тэр хийсэн хэргээ шууд хүлээсэн бөгөөд эмэгтэйн амийг бүрэлгэх тэвчишгүй хүсэл тэр үед төрснийг ч нуугаагүй юм. 3 сарын дараа шүүх хурал явагдаж, 1964 оны 6 сарын 11-нд цаазаар авах ял хүлээлгэсэн юм. Гэвч шүүх алдаа гаргаж, түүний сэтгэцийн эрүүл мэндийн тухай нотолгоо гаргахын зөвшөөрөл өгөлгүй шийдвэрээ гаргасан тул дараагаар цаазаар авах ялыг насаар нь баривчлах ялаар солиход хүрчээ. Хожим Китти түүний гэмт хэргийн 3 дахь золиос байсан нь илэрсэн юм.
 
Жилийн дараа Мосли шоронгоос зугтахаар оролджээ. Тэр хамгаалагч руу халдаж, бууг нь булаагаад жирийн 5 иргэнийг барьцаанд авчээ. Нэг эмэгтэйг нь хүчирхийлсэн байна. Эцэст нь Холбооны мөрдөх товчооны ажилтанд бууж өгчээ. Тухайн үед Мосли Нью-Йорк мужид байрлах “Грейт Мидоу” шоронд ял эдэлж байсан бөгөөд түүний хугацаанаас өмнө суллагдах бүх хүсэлтэд нь шүүх татгалзаж байжээ.
 
Хэрэг явдал яаж өрнөв?
Бүх зүйл өнгөрсөн хойно буюу хохирогч амьсгал хураасны дараа хэн нэг нь цагдаа дууджээ. Цагдаа дуудлага авангуут 2 минутын дараа хэргийн газар хүрэлцэн ирсэн гэдэг. Цагдаа руу залгасан хүн эхлээд найзтай утсаар зөвлөлдсөний дараа залгах эсэхээ шийдсэн аж. Найзын зөвөлгөөг дагахын тулд хашир гэрч хөрш айлынхаа хаалга тогшоод, дуудлага өгөхийг хүссэн байна. Тэрээр хожим хэрэгт орооцолдохыг хүсээгүй тул ийм алхам хийсэн гэдгээ тайлбарлажээ. 
 
Хэрэг явдлыг мэдэж байсан гэрчүүдээс хэн нэгэн л цагдаа дуудсан бол хөөрхий хохирогч бүсгүй амьд үлдэх байсан нь дээрх үйл явдлаас харагдаж байна. Энэ бүхнээс яагаад гэмгүй бүсгүйн амийг хороох хэрэг нүдэн дээр нь болж байхад хэн нь ч цагдаа дуудаагүй вэ гэдэг асуулт тавигдах нь гарцаагүй юм.
 
Бусаддаа найдсан гэрчүүд
Хэрэг явдлын дараа олон судлаач шинжээчид гэрчүүдийн эс үйлдлийг тайлбарлахыг оролдсон байна. Тэдгээрийн дотор гэрчийн зан байдлыг судлах чиглэлээр Бибб Латане, Жон Дарли нар нилээн нухацтай судалгаа хийж эхэлжээ. Тэд “олон түмний гэнэн байдал” гэх ойлголтоор дамжуулан асуудлыг тайлбарлахыг зорьжээ. Энэ нь “хүмүүс тодорхой бус нөхцөлд яах эсэхээ шийдэхийн тулд орчин тойрныхныгоо юуны өмнө хардаг” гэдэг санаанд үндэслэдэг. Дурьдагдсан жишээний хувьд гэрчүүд бусад оршин суугчдаас ямар нэг дохио заавар ирэхийг хүлээж байсан ч ямар нэг үйлдэл хийхэд чиглэсэн юу ч олж хараагүй байна. Өөрөөр хэлбэл, хэн нь ч бусдаасаа тусламж үзүүлэх хэрэгтэй гэсэн сануулга аваагүй нь нөхцөл байдлыг онцгой явдал биш гэж үзэхэд хүргэжээ.
 
Латане, Дарли нарын хоёрын санал болгосон дараагийн тайлбар нь гэрчүүдийн тоотой холбоотой байв. Тэд бусад хүмүүс байгаа нь шийдвэр гаргах явцад нөлөөлсөн гэж үзжээ. Хэрэв ямар нэг онцгой нөхцөл байдалд буй олон хүмүүсийн дунд хариуцлага нь сарниж, үр дагаварт нь хүн бүр хэрэг явдлын төлөө хариуцлага хүлээхгүй болохоо мэдэрдэг. Киттигийн аллагын гэрчүүд нөхцөл байдлыг өөрөөс нь бусад олон хүн ажиглаж буйг мэдэж байсан бөгөөд хүн бүр өөрийн оногдох хариуцлагаа бусад даалгасан гэсэн үг.  Нэг үгээр, хүн бүр бусад хөршүүдээс нь хэн нэгэн цагдаа дуудна гэж найдаж байв. Үнэхээр нэг гэрч Кошкин цагдаа руу залгах гэхэд нь эхнэр нь үл зөвшөөрч, түүнгүйгээр аль хэдий нь гучаас илүү дуудлага очсон гэж нөхрийгөө ятгасан гэдэг. Гэрчүүд ямар ч тохиолдолд хохирогчийг аврахаар хүн ирэхгүй бол энэ нь тэдний буруу биш гэж тэд тооцсон бөгөөд “намайг буруутгах хэрэггүй, бусад нь бас зүгээр суугаагүй гэж үү” гэх асуулт эргүүлэн тавих боломжтой болно гэсэн үг.
 
Гэмт хэрэгтэн ч гэрчүүд ямар ч эсрэг үйлдэл хийхгүй гэдгийг нь мэдэж байсан гэдэг. Тэр: “Тэр эрэгтэй зүгээр цонхоо хаагаад унтахаар явна гэсэн мэдрэмж төрж байсан, Тэр яг л тэгсэн...” гэж мэдүүлэг өгсөн байдаг. 
 
Латане, Дарли нар “гэрчийн нөлөө” гэж нэрийн дор цуврал туршилт явуулжээ. Туршилтын үр дүнд олуулаа байгаа хүмүүс нүдэн дээр нь өрнөж буй ноцтой гэхээр хэрэг явдалд хайхрамжгүй хандах, өөр бусдад найдах явдал тун түгээмэл байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүн бусад хүмүүсийн дунд байхдаа юу хийх ёстойгоо ойлгохын тулд орчин тойрноо харж анзаарч байдаг байна. Хэрэв өөр бусад нь тайван байвал тэр ойр тойронд нь ямар нэг хүндрэл, асуудал байхгүй юм байна хэмээн тайвширдаг ажээ.
 
Китти Женовезегийн хэрэг явдалтай маргаан үүгээр зогссонгүй. Гэмт хэргийн гэрчүүд тусламж эрэн орилох хохирогчийг яаж үл тоож чадаж байна вэ? Яагаад тэдний олонх нь өөрсдийн ярилцлагадаа юу ч хийгээгүй болохоо жишим ч үгүй ярихад хүрэв? зэрэг асуултууд урган гарсаар л байсан юм. 1985 онд Шотленд өгүүлэлдээ “хорин жилийн судалгааны үр дүнд гэрчийн нөлөө гэх үзэгдэл анагаах, гэмт хэргийн зэрэг бүхий л онцгой нөхцөл байдлын үед илэрч байдаг” хэмээн бичжээ.
 
Сургамж
Хэрэв та Киттигийн оронд байсан бол өөрийгөө аврахын тулд юу хийх байсан бэ? “Женовезегийн синдром”-ыг тал бүрээс нь судалсны үндсэн дээр хэн нэгэнд яаралтай тусламж хэрэг болсон үед дагаж мөрдөх энгийн хэдэн дүрмийг боловсруулсан байна. Нэн тэргүүнд хүмүүст тэдний харж буй нөхцөл байдал үнэхээр онц аюултай бөгөөд тэдний тусламж чухал хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээ.  Бусдад халдлага өртлөө гэдгээ маш тодорхой ойлгуулахуйц, хоёрдмол утга агуулаагүй байдлаар илэрхийлэх ёстой. Хариуцлага сарнихаас сэргийлж, тодорхой нэг хүн сонгон тусламж гуйн хандвал зохино. Жишээ нь, “туслаарай” гэх хийсвэр үгнээс илүү “Хөөе саарал хүрэмтэй хүн нааш ирээч, энд аюул болж байна, надад таны тусламж хэрэгтэй байна. Яаралтай цагдаа дуудаач” гэх нь илүү тодорхой сонсогдоно. Энэ нь хэн нэгнийг хариуцлагаа ухамсарлахад хүргэхээс гадна бусад хүмүүст ч асуудал үүссэнийг мэдрүүлж чадна. Нэг үүгээр таны туслалцаа дарагдах бус, хүмүүсийн сэтгэл зүй таны эсрэг биш харин таны төлөө ажиллуулахын тулд бүхнийг хий.
 
Харамсалтай нь Киттигийн түүх цорын ганц тохиолдол биш юм. Жил бүр уг явдлыг давтсан гунигт үйл явдал нэг бус болдог байна. 2003 онд Шведийн гадаад хэргийн сайд Анна Линд дүүрэн хүнтэй их дэлгүүрт аллагад өртсөн юм. Алуурчин түүнийг гүйдэг шатаар дагаж явж байгаад хутгалсан байна. Ойр тойронд байсан хэдэн арван хүнээс хэн нь ч түүнд туслахаар ирээгүй гэдэг.
 
Эцсийн эцэст гэмт хэрэгтэн Мосли өөрийн хэрэгтээ гэмшиж буйгаа мэдэгдэж, ял эдэлж буй үедээ социологийн чиглэлээр диплом хамгаалсан аж. Тэрээр 2008 онд Нью-Йорк мужийн Грейт Мидоуз шоронд хугацаанаас өмнө суллагдахыг хүссэн өргөдлөө өгчээ. Гэвч шүүхээс татгалзсан хариу авчээ. Киттигийн эгч дүүс нар нь Мослийг чөлөөнд гарахад нь ямагт саад хийхээ тангарагласан аж. Тэд харин гэмт хэргийн гэрчүүдийг уучилсан ч алуурчин этгээдийг уучилж чадахгүй гэдгээ илэрхийлсээр байна. 2011 онд Мосли 75 нас хүрэх бөгөөд ээлжилт өршөөл хүссэн өргөдлөө өгөх эрх нь нээгдэх юм. Энэ асуудлыг хэрхэн шийдэхийг тухайн үед хэвлэлийн хэрэгслүүдээр нийтлэнэ биз ээ.

1 comment:

  1. solongos-iin 1 nevtruuleg garch baisniig sanalaa. ergen toirnii humuus reakts uguhgui bol, gantsaaraa turuulj reaktslaad onigoond orno gej boddiimu, hun hundee tusaldaggui, haraal baidgiin bailee. Harin, uuruus ny uur hen ch haraagui baigaa gej bodohooroo hun uuriin erhgui tusaldag yum bailee. 1huuhed metronii zam ruu unahiig harsan zaluu, gants uuriiguu l harsan gej bodood vagonoos aihgui guij orj ter huuhdiig avarch baatar boljiison

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)