2011/04/09

НЭГ ЦОХИЛТООР ХОЁР ТОМ АСУУДАЛ... АМЖИХ УУ?

2011 оны 04 сарын 05-нд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж, улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой чухал шийдвэр, хуулийн төслүүдийг хэлэлцэх эхлэлээ. Үүнд нэн тэргүүнд УИХ-ын сонгуулийн хууль болон парламентын тогтолцоонд өөрчлөлт оруулах эсэх улмаар үндсэн хуулидаа дахин гар хүрэх үгүйгээ шийдвэрлэх асуудлууд багтаж байна.

Сонгуулийн хуульд өөрчлөлт орох болов уу?

УИХ-ын сонгуулийн хуулийн тухайд өнгөрсөн хугацаанд болсон УИХ-ын сонгууль бүрийн өмнө болон дараа сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх тухай асуудлыг эрдэм шинжилгээний өгүүлэл, хэлэлцүүлэг, ОНМХ-ээр өргөн хэмжээний нийтлэл, нэвтрүүлэг явуулж ирсний зэрэгцээ холбогдох хуулийн төслийг тухай бүр санаачлан  оруулж байсан юм. 1992 оны болон 2008 оны сонгуульд томосгосон мажоритараар хувилбараар явуулж ирсэнээс өөр тоймтой, эрс өөрчлөлт хийж байгаагүй иржээ. Учир шалтгаан нь сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд хууль эрх зүйн гэхээс илүүтэй улс төрийн хүсэл зориг, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой саад бэрхшээл гарч байснаар тайлбарлагдана. Шулуухан хэлэхэд, улс төрийн намууд, улс төрчид аль хувилбарыг авбал өөрийн нь хүчин ялах магадлалтай тухай “цээжний тооцоо” бодож ирсэнтэй шууд холбоотой хэрэг юм.
 
Ямартай ч энэ удаад мажоритар буюу олонхийн саналаар сонгох уламжлалт аргаа пропорционал буюу хувь тэнцүүлэх саналын зарчимтай хослуулсан холимог тогтолцоогоор явуулах чиглэл рүү аль аль хүчин нь санал нэгдээд байна. Гэвч улс төрийн тогтолцооны урт хугацааны стратеги хөгжлийн хандлагаас илүүтэй засгийн эрх барих ээлжит нөхцлөө тооцох “цээжний хонжоо”-гоо улс төрийн намууд мартаагүй байгаа гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Өнөө гитлерийг ч гомдоохгүй, сталинд ч тал алдахгүй гэдэг шиг алсаа ч тооцсон, өөрсдийгөө ч бодсон, өрсөлдөгчдөө ч үзэн ядагдахгүй, бас тэдэнд хожил өгөхгүй тийм “хувилбар”-ын тухай тэд толгойгоо гашилгаж суугаа.
 
Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх нь хувь заяаг нь бүрэн шийдэх 3 дахь хүчин гэгдэх ИЗНН болон бусад парламентаас гадуурх дэл сул хүчнүүд энэ асуудлыг нааштайгаар шийдэгдэхийг тэсэн ядан хүлээж, өөрсдөө ч дуу хоолойгоо эрчимтэй хүргэж байна. Гэвч уг асуудал хэрхэн шийдвэрлэх нь засгийн эрхийг хамтдаа барьж буй МАН ба АН-аас шууд шалтгаалах тул тэдний гаргах хандлагыг нэг бүрчлэн ажиглаж байгаа нь тодорхой.
Магад энэ удаад 2 гол хүчний маргаан шийдэлд хүрэхгүй (тийм сонирхол ч байгаа нь нэг бус ажиглагдсан болно), 2016 оны сонгууль хүртэл шийдвэрлэхгүй орхих явдал үүсэхийг үгүйсгэхгүй. Өөрчилж “амжаагүй” байлаа гээд тэдний хэн нь ч хохирохгүй юм чинь...
 
Хоёр танхимтай парламент үнэхээр чухал асуудал уу?
 Ээлжит чуулганы хугацаанд судалж тодруулах, цаашлаад хэрэгжүүлэх нөхцөл шаардлага бий эсэх тухай ажлын хэсэг гарган идэвхтэй анхаарал хандуулж буй нэг асуудал бол 2 танхимтай парламент. Мөн л парламентад ёс хөгжиж ирсэн өнгөрсөн хугацаанд улс төрийн хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв нэг болж байсныг сануулах юун.
 
Онолын хувьд холбооны засаглалтай, гол төлөв англи-саксоны эрх зүйн тогтолцоотой улс орнуудад 2 танхимтай парламент хөгжиж ирсэн уламжлалтай. Гэхдээ манайд ч хэлбэр төдийгөөр буюу Богд хаант монгол улсын үед дээд доод танхим бүхий хууль тогтоох байгууллагыг туршиж, улмаар 1990-1992 онд шинэ улс төрийн тогтолцоо байгуулахтай холбоотойгоор АИХ ба УБХ гэх дээд доод танхим бүхий парламент байгуулж байсан түүх бий.
 
Харин орчин цагийн улс төр, эрх зүйн тогтолцоо, хөгжлийн чиг хандлагатай хэр уялдаж тохирох эсэх нь жичдээ асуудал. Хэт улс төрждөг, популист улс төрчид нь итгэл дааж чаддаггүй одоогийн нэг танхимт парламентын тогтолцоондоо иргэд сонгогчид сэтгэл хангалуун бус байгаа өнөөгийн нөхцөлд олон түмэн лав дурамжхан хандах, эс бол огтоос ойлгохгүй зүйл мэтээр хүнийсэн хандлага өндөртэй. Харамсалтай нь улс орны хэтийн бодлого, хөгжлийн шинжтэй томоохон асуудалд олон нийтийн санал асуулга явуулж байж шийдвэрлэх тухай хуулиа эрх баригчид зориуд мартагнах явдал дахин үүсэхэд хүрээд байна. Тэгээд ч амбиц ихтэй, функци багатай улс төрчдөө багтаах шингээх газраа олж ядсандаа бий болгож буй институци гээд хэлчихвэл хатуудсан болохгүй л болов уу.
 
Хоёр танхимт парламент санаачлах тухай яриа нь чухамдаа үүссэн асуудлыг ямар нэг институци үүсгэж байж шийддэг хуучирсан арга барил, соц-сэтгэлгээний болхи ул мөр юм. Өнөө асуудал гараад буй газар заавал ДХЯ-ны комиссор,тусгай төлөөлөгч томилдог байсантай адил. Хэрэг дээрээ 2 танхимтай парламент байгуулах тухай үндэслэл, гол санааг мэдэхгүй тууж яваа нөхдүүд ч УИХ-д цөөнгүй. Микрофон бариад энэ ямар учиртай асуудал болохыг тодруулахад тас хөндлөн юм ярих гаруудыг нөхөр Д.М гадарлаж л байна хэхэ...
 
Судлаачийн хувьд 2 танхим байгуулах тухай асуудалд эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлэх нь зүйтэй. Харин яагаад гэдэг талаар урт сунжруу яриа үүсэх тул ингээд зогсооё.
 
УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх бусад шийдвэр, хуулийн төслүүдийг доор жагсаав. Төрийн тогтолцоо, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд салбар бүрт зарчмын өөрчлөлт авчрах чухал олон асуудал хөндөгдсөн байна лээ. Харин хагас жил гаран яригдаж байгаа "Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай" хуулийн төсөл энэ жагсаалтад алга байна. Бас нэг улс төрийн учир байгаа болоод оруулаагүй биз ээ.
 
Та доорх жагсаалтаас энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд

1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
 
2.Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл
 
3.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл
 
4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
 
5.Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
 
6.Төсвийн тухай хуулийн төсөл
 
7.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 
8.“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
 
9.“Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл
 
10.“Төсвийн хүрээний мэдэгдэл зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
 
11.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

1 comment:

  1. 2 tanhimtai bolloo geed yu ch uurchlugduhgui harin ch aligarhuudiig iheer turuuleh taatai orching burduuleh bh l gej bodoj bna daa

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)