Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг ид өрнөж байгаа энэ үед улс төрчид, судлаачид, улс төрийн намуудын удирдлагууд, нийгмийн идэвхитэй оролцогчид, иргэний нийгмийн байгууллагууд, малчин, тариачин, ажилтай эсвэл ажилгүй жирийн иргэн хэн ч атугай үг санал, байр сууриа илэрхийлж зарим нь анхааралтай ажиглаж байна. Улс төрийн дээд өөрөөр хэлбэл шийдвэр гаргах, түүнд нөлөөлөх түвшний албан тушаалтнууд төдийгүй энэ асуудалд үгээ хэлж байгаа энгийн иргэн хэн бугайн амнаас ч зөвхөн тогтолцооны “нэр томъёолол”-ын маргаан л үргэлжилсээр багагүй хугацаа өнгөрч байх шиг.
Мажоритар эсвэл пропорционал тогтолцоо шүү хэмээн дуу алдан цэц булаалдах тэдний мэтгэлцээнд аль тогтолцоо нь ямар сайн талтай бас муу талтай, түүнчлэн дотроо ямар ямар альтернатив хувилбар байгааг ярьж хэлэх нь тун цөөхөн. Харамсалтай л юм. Уул шугамдаа орхиж гээлгүй, тогтолцоотойгоо байнга хамт ярих ёстой сэдэв нь энэ санагдана.
Монголчууд аль аль тогтолцоогоор нь сонгуульдаж үзсэн ард түмэн. Тогтолцоогоо солих, өөрчлөх, буцаагаад аваачих нь нэг хэрэг. Харин түүний үр шим нь сонгуулийн дараах байдал гэхээсээ илүүтэй сонгуулиа яаж зохион байгуулах арга ажиллагаатай шууд холбоотой гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Тодорхой хэлбэл тогтолцоотойгоо хамт “процедур”-аа яриач ээ, эрхэм түшээдээ.
Ярилцлага өгсөн, нийтлэл бичсэн хүмүүс бүгд л сонгуулийн хуулинд анхаарал хандуулж байгаа нь илэрхий харагддаг. Үгээ хэлж байгаа болгон л тийм байна. Гэхдээ зөвхөн мажоритор эсвэл ерөөсөө л пропорционал, за больё холимог гэхээс цаашгүй. Жаахан лавшрахаараа 50:26 эсвэл 26:50, 38:38, 52:24, 24:52 гэсэн тоонуудын аль нь вэ гэж л хэн нэгнээс асууна. Хэнээс ч юм бүү мэд.
Улс төр бол ард түмний хүсэл эрмэлзлийг орхигдуулж болохгүй тун няхуур хандах, мэдрэмж шаардсан тоглоом. Тиймээс улс төрчид маань “монгол төр”, “миний ард түмэн” гэж шоудахаас өмнө гадаа гараад ард түмэнтэйгээ алхахыг зөвлөх байна. Зарим нь хөдөө очоод сонгогч, иргэдийнхээ санаа бодлыг сонсчих хэрэгтэй. Ядаж тойрогтоо очмоорсон доо.
Улс төр гээчийг хар таамаг, боодолтой эсвэл цаасан дээрх мөнгө, нүд алагласан бэлэг сэлтээр дуусгачихгүй ээ. Усыг нь уувал ёсыг нь гэдэгчлэн онолыг нь жаахан унших, болохгүй бол сонсчиход илүүдэхгүй байх. Тиймээс аль нэгэн их сургуульд очоод хичээлд нь суучихдаггүй юмаа гэхэд гэрийн багш аваад суралцахад ултай ярина шүү.
За бас нэг чухал зүйлийг мартах шахлаа. Сонгууль болгон л хэрүүлтэй маргаантай, гомдол саналтай болдог. Арга ч үгүй байх. Жаран чавганцын уралдаан адилаар нэг нь сонгогдож, нөгөө нь мултарчихдаг хойно. Тэр бүх муудалцааны ихэнх асуудал нь сонгуулийн тойрог, хэсгийн хороотой холбогддог нь өмнө бичсэн сонгуулиа яаж хийх процедур ямаршуу байгаагаас хамаардаг. Иймээс тэнд болдог байж болох хардлага дагуулсан олон асуудлыг нэг мөр шийдчих ёстой. Ямар ямар хардлага, сэрдлэг байдгийг сонгуулийн тойрог, хэсгийн хороонд ажиллаж байсан хүмүүс мэднэ дээ. Зарим нь нэг бус сонгуульд ажиллаад туршлагажчихсан. Но-той асуудлыг нь баримтаар нь ярьж ч мэднэ. Тэднийгээ сонсох учиртай. Ядаж сонгуулиа хэл улгүй хийхэд нэмэр болно.
Тогтолцооны муу, сайн талыг нуршихаа энэ удаад түр азная. Мажоритар тогтолцоогоор хэдэнтээ сонгуульдаад муу талыг нь харчихсан бас шинэ юманд угаас нугагүй зангаараа дан пропорционал гэж дуугарах хүн цөөнгүй. Нэг тогтолцооноос нөгөөд шууд шилжих нь цагаан морь унаж, туг барьсан нэгэн нөхөр капитализм дээгүүр харайлгах хуучин цагийн зурагт хуудсыг эрхгүй сануулдаг. Ийм эрс шилжилтэнд сонгогчид ч, сонгуулийн байгууллага ч, том жижиг бас бүртгүүлсэн бүртгүүлээгүй улс төрийн намууд ч, улс төрчид нь ч бэлэн бус байна. Тэгэхээр сонгуулийн тогтолцооны хосолмол /холимог гэх нэршил зохимжгүй/ хэлбэрийг дэмжиж байгаагаа судлаачийн байр сууринаас илэрхийлье.
Эцэст нь тэмдэглэхэд энэхүү бичвэрийн гол санаа нь нэгд, хүндэт хууль тогтоогчид маань олон түмнийхээ санаа бодлыг сонсох хоёрт, улс төрийн оролцогчид онолын мэдлэгээр мэтгэх гуравт, сонгууль гээч уралдааныг зохион байгуулахад гар бие оролцогчид буюу сонгуулийн дээд, дунд, доод шатны байгууллагад ажиллагсдын үгийг тоглоомын дүрэмдээ тусгах дөрөвт, томъёо ярьж толгой эргүүлэлгүйгээр тогтолцооноос гадна процедураа сайтар хэлэлцэхийг сануулж буйг тодотгон үүгээр төгсгөе.
2011 06 07
Судлаач Н.Батсүмбэрэл
batsumberel304@yahoo.com
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл