2011/06/23

ТУРКИЙН ПАРЛАМЕНТИЙН СОНГУУЛЬ БА ТҮҮНЭЭС БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЗАРИМ ЗҮЙЛС-II

Энэ удаад олон зүйл нуршилгүйгээр бидэнд санаа авч болохоор юу байгааг туркийн сонгуулийн үйл явцаас түүвэрлэн жагсааж авч үзье.
 
1. Өмнө өгүүлсэнчлэн санал өгөх хугацаа манайхтай харьцуулахад бага байгаа ч энэ нь сонгогчдын идэвхид төдий л нөлөөлдөггүй нь анхаарал татаж байна. Хэрэв санал өгч дуусах хугацааг нэг цагийн өмнө явдаг зүүн бүсэд 17, бусад нутгуудад 18 цагаар тогтоовол яах бол. 



Бидний төсөөлж байгаагаар өмнөх сонгуулиудад гарсан шөнө орой саналаа өгөх гэсэн юм, эрхээ эдлэмээр байна гэсэн зохион байгуулалттай үймээнүүд лав гарахгүй. Энэ талаар тухайн үед зурагтаар харуулж байсан. (Үймээн гаргаж буй нөхөд харанхуй болохыг хүлээж байгаад дайрч байв. Тэгвэл түүнээс өмнө урьдчилсан дүн аль хэдийн гарчихсан бол тэдэнд тийм юм хийх боломж олдохгүй.) 
 
2. Саналын хуудсыг тоолох явц манайд хэт удаан шөнөжин үргэлжилдэг. Тэнд ажиллаж буй хүмүүс “бид хүн юм чинь амарч, хооллох хэрэгтэй байна” гээд хаалгаа түгжээд суучихдаг. Энэ нь буруутгах аргагүй ч урьдчилсан байдлаар сонгуулийн дүн гарах явцийг ихээхэн хойш татна. Тэгвэл санал хураалт 17, 18 цаг дуусаж байгаа бол тийм байдал бараг гарахгүй. Гэрэлтэй гэгээтэйд ажлаа дуусгаад эртхэн харьж амрах боломжтой болно гэсэн үг.
 
3. Ийнхүү сонгуулийн урьдчилсан дүн 4, 5 цагийн дараа гарах нь илүү шударга, элдэв булхайгүй болохын бас нэг баталгаа. Мөн зарга, зайлхай байдаг юм бол тэр дор асуудлыг хурдан шуурхай шийдэх боломж олгохын зэрэгцээ ард түмэнд сонгуулийн дүн үнэн зөвийг батлах нэг хэмжүүр болох юм. Тэгээд ч хэн нэгэн нойрмог намын удирдагч бид энэ дүнг хүлээн зөвшөөрөхгүй энэ тэр гэж маанагтах явдал гарахгүй.
Ийнхүү саналын хуудасыг маш хурдан тоолж, урьдчилсан дүнг зарлаж байгаа нь мэдээж сонгогчийн санал өгөх процедуртай ихээхэн холбоотой.
 
4. Туркийн сонгогчид эхлээд намын бэлэгдэл, нэр дараа нь дугуй хоосон зай, түүний дор нэр тухайн намын дэвшигчдийн нэр жагссан саналын хуудасны дээрх дугуй зайд “тийм” тэмдэг дарж саналаа өгдөг. Өмнөх жилүүдэд тамгаар “тийм” гэж дардаг байсан бол энэ удаад улам боловсронгуй болгож “тийм” гэсэн тусгай дардас ашигласан. Учир нь тамганы тос заримдаа бүдэг гарч маргаан үүсгэж байжээ. Тэгвэл дарах бүрд дахин түрхэгддэг дардас хэрэглэсэн нь бүдэг гэсэн маргааныг эцэслэжээ. Энэ нь бал, үзгээр дугуйлдаг манайхны хувьд шууд авч хуулж болох зүйл. Тэгээд ч тооллогын машин уншихад ямар ч саад гарах нь харьцангуй бага. Ингээд саналын хуудсаа дугтуйлаад, саналын хайрцагт хийнэ.
 
Саналын хуудас
“Тийм” гэсэн бичиг бүхий саналын хуудас бөглөхөд хэрэглэдэг дардас
5. Энэ удаагийн сонгуульд хэрэглэсэн тунгалаг пластикан хайрцаг. Тус бүр нь 100 лирагийн үнэтэй. (75 орчим мянган төгрөг)

6. Санал өгөх кабинд гар утас, зургийн аппарат, камер болон ямар нэгэн дүрс буулгах хэрэгсэл авч орох хориотой. Хэрэв санал өгөх кабинд нэг хэнтэй холбоо барих, дүрс буулгавал 200 лирагийн (150 орчим мянган төгрөг) торгууль төлнө. Энэ нь саналаа худалдах боломжийг бүрэн хаах арга хэмжээ бололтой.   
 
7. Сонгуулийн хамгаалалтанд ажиллах буй цагдаа, цэрэг нь саналын хайрцаганд ойртох зай нь 20 метр байх. Өмнө нь 100 метр байжээ.  
 
8. Саналын хуудас тоолох явцыг намын ажиглагчдаас гадна сайн дурынхан, хэвлэл мэдээлэлийнхэн ажиглах бүрэн боломжтой байдаг. Энэ нь элдэв булхай гарахаас, мөн сонгогч өөрийн өгсөн саналаа хамгаалахад ихээхэн чухал зүйл гэж бид бодож байна.  
 
Ингээд сонгуулийн хуулийн заримт заалтыг сөхөн үзье.
1. Сонгуульд өрсөлдөж буй хүмүүс “нэр дэвшигч”-ийн түр үнэмлэхээ үзүүлээд хүссэн газраа сонгууль өгөх эрхтэй.
 
2.  Дайны үед парламентийн сонгууль явуулах боломжгүй. Парламент өөрийн бүрэн эрхийг дахин нэг жил сунгаж болно.
 
3. Парламентийн сонгууль эхлэхээс гурав хоногын өмнө Хууль зүйн сайд, Зам тээвэр холбоо харилцааны сайд зэрэг сонгуулийн явцад шууд нөлөөлж болох алба тушаалтнууд түр огцордог. Ийм заалт дан ганц Туркт ч биш нэлээд олон улсад байдаг. Хэрэв манайд байсан бол 7 сарын 1-ний үйл явдал арай өөрөөр өрнөх байсан байх. Ямар ч байсан цагдаад хүн буудах тушаал өгөх хүн байхгүй, цагдаа зөвхөн энэ өдрүүдэд хуулийн дор ажиллах байсан. Тэгээд ч хүний амь хөнөөгдөхгүй байх магадлал илүү өндөр байх байсан. Үүний зэрэгцээ тухайн үеийн хууль зүйн сайд, ерөнхий сайд нар улс төрийн амьдралаа хар толбо болгохыг хүсэхгүй нь гарцаагүй.
 
Дээрх хоёр заалтыг “хагас ерөнхийлөгчийн засаглалтай” гэх манай улсын парламентийн тогтолцоог илүү бэхжүүлэх болов уу гэсэн үүднээс дурьдсан болно.  
 
Хэдий Туркийн сонгуулийн хуулийг нарийвчлан судалж, бусад оронтой харьцуулан давуу болон сул талийн олж хараагүй тул энэ удаа олон зүйл нэмж өгүүлсэнгүй. Харин сонгууль зохион байгуулж, хэрхэн явуулж байгаа нь үнэхээр өндөр түвшинд байгаа нь илт мэдэгдэж байсан учир энэхүү цуврал өгүүллийг бичсэн болно. Санал өгөх хугацаа дуусаад 3 цаг болж байхад 50 орчим сая хүний саналын талаас илүүг нь тоолоод урьдчилсан дүнгээ зурагтаар дамжуулж байсан бөгөөд үүнээс ч өмнө сонгуулийн дүнг минут секундээр тооллогын явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг шууд хүргэж байлаа. 
А. Энхбат

2 comments:

  1. tun heregtei zuil baina aa huu bicheed baigaaraa huu amjilt husie

    ReplyDelete
  2. Ene tegeed songuuliinh systemiig bichchij boloogui ym uu ?

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)