2011/10/09

"УУЛ УУРХАЙН УЛС ТӨР СУДЛАЛ"-ЫГ ҮНДЭСЛЭХ НЬ

Хэдэн сарын өмнөөс "уул уурхайн улс төр судлал" гэх салбар байж болох тухай санаагаа твиттер гэх бичил блог дээр анх дэвшүүлж байсан юм. Асуудлын цар хүрээ, ач холбогдлыг удтал эргэцүүлж, судлаач найз нөхдүүдтэйгээ санаа бодлоо нэг бус удаа хуваалцаж, басхүү эрдэм шинжилгээний нэгэн хурлаар далимдуулж, үзэл санаагаа дэвшүүлэн бичиглэсэн минь энэ. Мэдээж энэхүү өгүүлэл нэг хүний бус харин Д.Мягмарсүрэн, А.Энхбат (Ph.d), Э.Долгион, Д.Амармэнд зэрэг залуу судлаачдын хамтын бүтээл болохыг юуны өмнө хэлэх зүйтэй.  Цаашдаа ч уг асуудлыг гүнзгийрүүлэн судлах үйл хэрэгт оролцох сонирхолтой судлаачид болон дэмжин туслах байгууллага, хамт олонтой хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэхэд таатай байна. Ингээд эрдэм шинжилгээний өгүүллээс товчилж, зарим үг хэллэгийг өөрчлөн хялбаршуулсан байдлаар та бүхэндээ хүргэж байна. Хамтдаа судалгааны шинэ чиглэл бий болгохын төлөө зүтгэе. Яагаад дандаа бид бусдын бэлэн будаа идэх ёстой гэж... :) 


Abstract
There is an ever growing need for comprehensive study on developmental tendency, socio-political events and effects caused by mining industry in Mongolia. Mining politics is a sub-sectoral study on intertwined linkages between politics and society, policy change, and further directions it may lead. With an in depth study on mining politics it will be a concrete step towards explaining some socio-political issues, policy development and interactions between players from the social science point of view.    


Нийгмийн өөрчлөлт хөгжил болон техник, технологийн дэвшилтэй уялдан шинэ тутам шинжлэх ухаан салбарууд үүсч хөгжиж байдаг нь зүй ёсны үзэгдэл. Орчин цагт шинжлэх ухаан гэдэг нь хэдэн “дархлагдсан” эрдэмтэн мэргэд л эрхлэн явуулж байдаг мэдлэгийн нүсэр тогтолцоо байхаасаа илүүтэй цаг үе, нөхцөл байдал, хөгжил дэвшлээс шалтгаалан нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг нарийвчлан судлан шинжилж, улмаар шийдвэрлэх арга зам, шийдэл, технологийг зааж өгдөг прагматик хэрэглээ тал руугаа явах болжээ. Улс төрийн ухаанд л гэхэд сүүлийн жилүүдэд улс төрийн менежмент, маркетинг, цахим-улс төр, улс төрийн имижлоги, экологийн улс төр, пара-улс төр зэргээр олон нийтэд тэр бүр танигдаагүй хавсрага салбарууд эрчимтэй хөгжиж байна. 


21-р зууны эхээр дэлхий дахинаа эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ эрс өсч, энэ нь ашигт малтмал, байгалийн баялгийн арвин нөөцтэй монгол орны хувь заяанд цоо шинэ төлөв байдлыг авч ирлээ. “Уул уурхайн бүүм” буюу тэсрэлт нь улс орны хөгжлийн хэтийн төлөв, хандлагын талаар төсөөлөл, төрийн бодлогын урт хугацааны стратеги, төлөвлөгөө, хэтийн таамаглалыг эрс өөр хандлагаар авч үзэхээс өөр аргагүйд хүргэж болов. Нийгмийн бүхий л хүрээ салбарууд уул уурхайн салбарт аяндаа “соронзлогдож”, түүний хөгжил өөрчлөлтөөс хамааралтай болох үйл явц эрчимтэй явагдаж байна. Улс төрийн амьдрал, улс төрийн нам хүчнүүдийн тоглолт, өрсөлдөөн тэмцэл, гадаад дотоод харилцаа тэр чигтээ уул уурхайн салбарыг тойрон өрнөж болжээ. 


Уул уурхай ба нийгмийн бусад салбаруудын хамаарал, хоорондын уялдаа холбоог судлан тодорхойлох, тодорхой санаа оноо, шийдэл гаргах зорилготой чуулга уулзалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөн, семинар, үзэсгэлэн яармаг, сургалт судалгааны үйл ажиллагаа илт өсчээ. Тухайлбал, сүүлийн 2 жилд гэхэд “Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил” үндэсний зөвлөлгөөнийг Хүнд үйлдвэр, уул уурхайн газраас зохион байгуулсан бол Тогтвортой хөгжлийн төлөөх Хариуцлагатай Уул Уурхайн Санаачлага (ТХХУУС) ТББ-аас “Уул уурхай ба орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах нь” сэдэвт анхдугаар чуулга уулзалт, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас санаачлан  “Уул уурхай-Мэдээллийн технологи” Экспо, Ашигт малтмалын газраас “Уул уурхайн улсын нэгдсэн чуулга уулзалт”, “Уул уурхайн салбар ба хөрөнгийн зах зээл” сэдэвт семинар, “Уул уурхайн салбар-Хөгжлийн тулгуур” эрдэм шинжилгээний бага хурал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт зургадугаар бага хурал, Нээлттэй Нийгэм Форум “Уул уурхайн гэрээний хяналт ба удирдлагын зарим асуудал” олон нийтийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан байна.


Энэхүү нөхцөл байдал нь Монголын нийгэм-улс төр, эдийн засгийн бодлого, харилцаанд уул уурхайн салбарын үзүүлж буй үр нөлөө, учир шалтгааныг судалдаг тухайлсан хавсрага салбарыг үндэслэх бололцоог олгож байна. Эхний ээлжинд тэрхүү салбар ухааныг “уул уурхайн улс төр судлал” гэж томъёолж болох юм. Ингээд “уул уурхайн-улс төр судлал”-ыг хөгжүүлэхийн учир холбогдол, үндэслэлийг тайлбарлахыг хичээе.  


Уул уурхай ба эдийн засгийн хөгжил
Уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болж, ашиг малтмал олборлоход чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт нь Монголын эдийн засгийг эрчимтэй өсөх бололцоог бүрдүүлж, өнөөгийн байдлаар ДНБ-ий өсөлтөөр дэлхийн эхний тавд бичигдэх болжээ.  


Саяхныг хүртэл ядуу дорой, буурай хөгжилтэйд тооцогдож байсан Монгол орон маш богино хугацаанд эдийн засгийн огцом өсөлттэй, бүс нутгийн хувьд чухал байр суурьтай улс болон “томрох” талаар дэлхий дахинд нэр хүндтэй судалгааны төвүүд болон олон улсын байгууллагууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх болов. Энэ бүх нэр хүнд, нөөц бололцоо нь уул уурхай, ашиг малтмалын баялгаас шууд үүдэн бий болж буй нь ч хэн бүхэнд тодорхой зүйл юм. Уул уурхайн салбараас эдийн засагт үзүүлэх дээрх эерэг нөлөөнөөс гадна диверсификацийг муутгах, эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх болон өрнөд дахинд “голланд өвчин” гэж томъёологдсон аль нэг салбараас хэт хамааралт байдалд ороход хүргэдэг талаар бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачдын зүгээс байнга сануулж ирэв. Үнэхээр уул уурхайн салбар нь эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн гуравны нэг орчмыг, улсын төсвийн орлогын 40 гаруй хувь, нийт экспортын 70 хувийг тус тус эзэлдэг хамгийн том салбар болон хөгжсөн бөгөөд ингэснээр энэ салбарт гарч буй аливаа өөрчлөлт нь нийгэм, эдийн засагт тэр хэмжээгээр хүчтэй мэдрэгдэх болжээ. 


Нийгэм, хүрээлэн буй орчны асуудал ба уул уурхай
Уул уурхайн салбарын тэлэлтээс үүдэн нийгэмд шинэ тутам олон янзын харилцаа, эерэг болон сөрөг үзэгдлүүдийг араасаа дагуулав. Ашигт малтмалын ордуудыг түшиглэн хот суурин, аж үйлдвэрийн цогцолборын шинэ төвүүд байгуулагдснаар хүн ам зүйн шилжилт хөдөлгөөний урсгал өөрчлөгдөж, эдийн засгийн бүсчлэл, засаг захиргааны шинэ хуваарилалт явуулах шаардлага зайлшгүй гарч ирж байна.


Эрчимтэй хөгжиж буй уул уурхайн үйлдвэрлэлттэй холбоотойгоор инженерийн боловсон хүчин, ажиллах хүчний дутагдлаас шалтгаалан гадаадаас ажиллах хүч ихээр оруулж ирж буй нь явцдаа монголын хүн зам зүйн бүтэц, үндэстэн угсаатны бүрдэлд нөлөө үзүүлэхэд хүргэх болно. 


Ашигт малтмалыг гар аргаар боловсруулж, амьдрал ахуйгаа залгуулдаг 200 мянга гаруй хүнийг хамарсан “нинжа” гэгдэх бүхэл бүтэн давхрага бий болов. Тэд нарийн хөдөлмөрийн хуваарилалтад орсон төдийгүй мэдээлэл авах түгээх, аюулгүй байдлаа хангах өвөрмөц зохион байгуулалтад орж, нинжануудын хэрэгцээг хангадаг дайвар зах зээл хүртэл хэдий нь үүсчээ. 


Ашиг малтмал олборлолтоос үүдэж байгаль экологит учирч буй хохирлыг багасгах, уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор 600 гаруй ТББ, иргэний хөдөлгөөнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн дотор уул уурхайн компаниудад ил дарамт үзүүлж, далд аргаар өөрсдийгөө санхүүжүүлэх бололцоог өргөнөөр ашиглаж, ашиг хонжоо хайсан улс төр, ашиг сонирхлын шинжтэй иргэний хөдөлгөөнүүд ч цөөнгүй хувийг эзлэнэ. 


Уул уурхайн салбарын хөгжлөөс үүдэн хүний эрхийн олон асуудад хөндөгдөж эхэллээ. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьжиргааны эх үүсвэрээ сонгох ба хамгаалуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрх, өмчлөх, аж ахуй эрхлэх, уламжлалт соёл, ёс заншлаа хадгалах, өвлүүлэх, хүний орон гэр халдашгүй байх, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, усаар хангагдах эрх уул уурхай салбар газар ашиглалт ба хуваарилалт, байгаль орчинд сөргөөр нөлөөлсний улмаас сүүлийн жилүүдэд ихээхэн зөрчигдөх болжээ. Уламжлалт мал аж ахуй эрхэлж ирсэн малчид газар нутгаасаа аргагүйн эрхэнд шахагдан нүүх, хүчээр нүүлгэх, хөөн зайлуулах зэрэг үзэгдэл олноор гарах болсон байна. 


Уул уурхайн салбар улс орны өрсөлдөх чадварыг өсгөж, дотоодын үйлдвэрлэл, орлогод ихээхэн хувь нэмэр оруулж байгаа хэдий ч байгаль, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг нөлөө давамгайлж, түүнээс үүдсэн нийгмийн тогтвортой хөгжилд саад бэрхшээл дагуулсан олон асуудлыг төрүүлэх болов. Хэдийгээр уул уурхайн салбарын үйл ажиллагааны хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг үнэлэх оролдлогууд хийгдэж буй ч уг салбарын байгаль орчинд учруулж буй болон цаашид учруулах хохирлын хэмжээг албан ёсоор системтэйгээр үнэлсэн, тогтсон бодиттой үнэлгээний тогтолцоо бүрэлдэж амжаагүй л байна.


Уул уурхайн улс төрийн тоглолт
Байгалийн баялаг нь Монгол орныг дэлхий дахинд ялангуяа аж үйлдвэр үсрэнгүй хөгжиж буй гүрнүүдийн хувьд “моодонд” оруулж, сүүлийн хэдэн жилд монголыг чиглэсэн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн айлчлалын тасрахаа болив. Монголыг зорьж буй улс гүрнүүдийн өндөр дээд хэмжээний айлчлалын гол сэдэв, зорилго санаархал нь  уул уурхай эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх бололцоо нөхцлийг олж авахад чиглэж буй нь хэн бүхэнд тодорхой. Өөрөөр хэлбэл, гадаад харилцаагаа тэлэх, хамтын ажиллагааны чиглэлээр монголын төр засагт өөрт ашигтай нөхцөл болзлыг нөгөө талдаа тавихад хамгийн чухал хөзөрт ашигт малтмал, ялангуяа стратегийн ач холбогдолтой ашигт малтмалууд яах аргагүй тооцогдох болсон.  


Бүс нутгийн чухал тоглогч болох нөхцлийг уул уурхайн эрчимтэй өсөлт аяндаа бүрдүүлж өглөө. Урт удаан хугацаанд мөрөөдөж байсан “гурав дахь хөрш”-ийн эрх ашгийг монголд татах бололцоо нөхцөл чухамхүү уул уурхайн салбарын тэлэлтээр дамжин төвөггүй бөгөөд тун хурдацтай шийдвэрлэгдэж байна. Гэвч байгалийн баялгийн төлөөх өрсөлдөөн нь хүчний тэнцвэрийг хангах, оролцогч бүх талуудыг гомдоохгүйгээр шийдвэрлэх хийгээд улс орныхоо эрх ашгийг тэргүүн зэрэгт тооцсон оновчтой бодлого явуулах чиглэлээр эрх баригчдыг олон хувьсагчтай бодлого бодох ур чадвар, авхаалж самбааг сорьсон амаргүй нөхцөл байдлыг аяндаа бий болгож байна. 

Төр засгаас урьдчилан тооцоолж чадаагүй, мэдлэг туршлага, алсын хараа, бодлого дутсанаас үүдэн өнгөрсөн хугацаанд цөөнгүй алдаа дутагдал гарсан юм. Технологийн дэвшлийг тооцоолж чадаагүйн улмаас урт хугацаанд байгуулсан гэрээнээс урьтаж олборлолт дуусч, улс орны санд  хуримтлагдах байсан ашиг орлого гадны хөрөнгө оруулагчдын халаасанд үлдэх, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лицензийг замбараагүй тарааснааас болж, засгийн газраас уг үйл явцад эргээд хяналт тавьж чадахгүйд хүрэх зэрэг нөхцлүүд бий болсон. Цаашдаа ч улс оронд маань иймэрхүү сөрөг үр дагавартай, ашиггүй нөхцөл байдал үргэлжлэн гарахгүй гэх баталгаа алга. 


Тэрчлэн уул уурхайн-улс төрийг ашиглан, дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй харилцан ашигтай хэлэлцээр хийх, өөрийн ашиг сонирхлыг хамгаалах бололцоогоо тааруу ашиглаж байна. Үүн дээр монголын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн эдийн засаг, геостратегийн мэдлэг чадвар дутах, улс орны өсч буй  потенциалыг бүрэн дүүрэн үнэлж, ашиглаж чадахгүй байгаа байдал ч нөлөөлж байна. 


Гадны хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээ хэлэлцээрийн талаар олон нийтийн дунд эргэлзээ тээнэгэлзэл, маргаан хэлэлцүүлэг тасрахгүй байна. Улс үндэсний эрх ашиг хийгээд улс төрийн бүлэглэлүүдийн өрсөлдөөнөөс үүдэн гэрээ хэлэлцээрийн зарим нөхцөл заалт хаалттай байхад хүрч, энэ нь улмаар эрх баригчид хийгээд нийгэм, олон нийтийн хооронд үл итгэлцэл гарч буй нь улс төрийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх болов.    


Улс орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг аль болох өөрт ашигтай нөхцлөөр олборлох, ашиглах зорилгоор Үндэстэн дамнасан корпорациуд тухайн орны улс төрийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, үндэстний менталитет, сэтгэл зүйн онцлогийг нэг бүрчлэн судлах нь тэдгээрийн бодлого үйл ажиллагааны чухал бүрдэл хэсэг нэгэнт болжээ. Цаашлаад манай мэт жижиг улс орны засгийн газар, эрх баригчид ҮДК-ийн лобби, нөлөөнд ихээр автах, улс төрийн нам хүчнүүд болон нөлөө бүхий фракц бүлэглэлүүдийн хувьд эцэс төгсгөлгүй тэмцэл, сөргөлдөөнд татагдан оролцоход хүргэж болзошгүй байдал ажиглагдах болов. Тухайлбал, 2012 оны сонгуульд дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн компаниуд нам хүчин, улс төрч нэр дэвшин өрсөлдөх хөрөнгө санхүүг даах талаар хэвлэл мэдээлэл болон олон түмний дунд гарч буй сэжиг таамаглалыг огт үндэслэлгүй гэх аргагүй юм. 


Үнэхээр уул уурхай нь сүүлийн жилүүдэд хамгийн их улс төрждөг сэдвийн нэг болж хувирлаа. Энэ нь ч зүй ёсны хэрэг юм. Өөрөөр хэлбэл, монголын хөгжлийн чиг хандлага, нөөц бололцоо, ирээдүйн төлөв байдал үндсэндээ уг салбараас үлэмж хамааралтай болж, улс орны хөгжилд өөрийн санаа оноо нэмэрлэхээс аваад байгалийн хувь хишгээс хүртэх гэсэн хувийн эрх ашгаа хамгаалах санаа бодлоор тайлбарлагдана. Нөгөө талаас монголын ашигт малтмал, байгалийн баялгаас хувь хүртэхийг эрмэлзэж буй улс гүрнүүд, ҮДК-иудын өрсөлдөөн тэмцэл ч энэхүү улс төржилтөд багагүй нөлөө үзүүлж буй болно.


Монголын олон нийтийн мэдээлэл хэрэгслүүд үндсэндээ уул уурхайгаар амьсгалах болов. Монголын ашигт малтмалтай холбоотой асуудлыг өөрт аль болох ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийгүй олон улсын талбарт мэдээлэл-сэтгэл зүйн дайн өрнүүлэх ажиллагаа нэг бус ажиглагдаж байна. Энэхүү гадны улс гүрнүүд, корпорациудын хоорондын өрсөлдөөнд монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид санамсаргүй болон зориудаар татагдан орж байгаа нь анхаарал татсан чухал сэдвийн нэг яах аргагүй мөн. Тухайлбал, монголын газар нутагт цөмийн хаягдал, шаарыг булшлах тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн хагас жилд цацагдаж буй  мэдээ мэдээлэл нь ямар нэг хэмжээгээр монголын төр засагт нөлөө үзүүлэх зорилго, далд санаархал агуулсан үйл ажиллагаа байсан нь дамжиггүй. 


Уул уурхайн салбараас бий болсон баялгийг хэрхэн зөв оновчтой, үр дүнтэй хуваарилах явдал бодлого, шийдвэр гаргагчдын толгойг өвтгөсөн гол асуудал болж хувирлаа. Хөрөнгө мөнгөний байнгын дутагдал гачигдал дунд урд хормойгоо “гадна”-ыхны хормойгоор нөхөж ирсэн эрх баригчид цаашдаа арвин их баялгаа хэрхэн хуримтлуулж, зөв зүйлдээ яаж зарцуулах тухайд ухаанаа уралдуулах шаардлага тулгарах юм.    


Бүхэлдээ уул уурхайн хөгжил тэлэлт нь бидний хувьд шийдвэрлэж чадахгүй байсан олон асуудлыг шийдэх бололцоог олгосон шигээ шийдэж мэдэхгүй, мэдлэг туршлага, ур чадвар шаардсан шинэ тутам олон асуудлыг төрүүлж байна.


Дүгнэхэд:
Ийнхүү Монголд өрнөж буй эдгээр үзэгдэл үйл явцаас дүгнэхэд уул уурхайн салбарыг тойрсон нийгэм-улс төр үйл ажиллагааг тухайлан авч үздэг судалгаа шинжилгээний чиглэлийг үндэслэх бололцоо нөхцөл бий гэж үзэж байна. Уул уурхайн улс төр судлал гэдгийг “уул уурхайн салбартай холбоотой нийгэм-улс төрийн амьдрал, бодлогын өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагыг судалдаг хавсрага салбар” гэж эхний ээлжинд тодорхойлж болно. Уг ойлголтын хүрээнд уул уурхай болон улс төр, эдийн засаг, хүрээлэн буй орчны бодлогын харилцан уялдаа, хамаарлыг хангахтай холбоотой онол, практикийн цогц судалгааны чиглэл бий болно гэсэн үг. 


Уул уурхайн улс төр судлалын хүрээнд нийгмийн салбаруудын бодлогын асуудлуудыг дараах байдлаар багцлан авч үзэж болох юм. Үүнд: 
Санхүү, эдийн засгийн бодлого ба уул уурхай (аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжил, шинжлэх ухаан технологи, гадаад худалдаа, хөрөнгийн зах зээлийн хөгжил)
Улс төрийн бодлого ба уул уурхай (баялгийн хуваарилалт, гадаад харилцаа, геополитик, төрийн удирдлагын менежмент, хэвлэл мэдээлэл)
Нийгмийн асуудлууд ба уул уурхай (хүний эрх эрх чөлөө, боловсрол, эрүүл мэнд, хүн ам зүй, шилжилт хөдөлгөөн)
Хүрээлэн буй орчин ба уул уурхай (байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, уул уурхайн аялал жуулчлал)


Уул уурхайн улс төр судлалын хүрээнд гадаад харилцаа, геополитик, гео-эдийн засгийн шинэ тутам хандлагыг судлан тодорхойлж, байгалийн баялгийг үр дүнтэй оновчтой хуваарилах, зарцуулах талаар улс орнуудын арга туршлагын талаар харьцуулсан судалгаа явуулахын зэрэгцээ цаашид нийгмийн хөгжлийн бодлогод гарч болох эрсдлийг урьдчилан тооцох, уул уурхай-улс төрийн шинэ менежментийн концепци боловсруулах нөхцөл бүрдэх юм. Цаашлаад уул уурхайн салбарын асуудлыг тус бүрдээ аминчлан судалж буй салбар бүрийн судлаач, эрдэмтдийн хүч нөөцийг дайчлан, улс төр-уул уурхайн нэгдмэл бодлого стратеги, судалгаа шинжилгээний хүрээлэн байгуулах бололцоо байгааг хэлэх нь зүйтэй.


Эцэст нь хэлэхэд монгол улс уул уурхайн улс төрийг хэрхэн удирдаж, шийдвэрлэхээс шалтгаалан авилгал хээл хахууль, улс төрийн тогтворгүй байдал, дотоодын эцэс төгсгөлгүй мөргөлдөөн хямралдаа идэгдсэн африкийн ядуу буурай орнуудын араас орох эсвэл уул уурхайн хүчирхэг гүрнүүд болох австрали, канадтай мөр зэрэгцсэн, бүс нутагтаа нөлөө бүхий улс орон болж дэвжих зам мөр тодорхойлогдох учиртай. 

2 comments:

  1. saixan boljee. Chadal saitai bolovsroltoi xumuus bichjee.
    Xarin shini xavsraga uxaan usreed 30 jiliin nastai um baina. Gexdee xavsarga scienced bolox l nas.
    prognosoor delxiin gasar doorxi bayalag 2040 gexed bux nuutsuu duusna.
    Mongoliin gasriin gunii usnii 26% ali xediine ashiglagdaad duussan shuu dee.

    ReplyDelete
  2. Bi Mainziin Uni-giin uls tor sudlalaar surdag uma. odoo ene 12 sard togsono. Uul uurhain ni uls to sudlal gej taalagdahgui bn! Minihar bol uul uurhain bodlogo sudlal gej helmeer sanagdaad bn. Tegeed uls tor sudlaiin tsoo shine neg salbar gevel bolohgui bha, yagaad geheer ene asuudliig chini ediin zasag ta narin helsen talaas chini sudaldag. Uls tor ediin zasag hoer hoorondoo ih oirhon shd ugaasaa!

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)