2011/10/19

УИХ-ЫН ЭР ГИШҮҮДИЙН НОЁН НУРУУГ СОРИХУЙ


Саяхан телевизээр нэг сурталчилгаа эрчимтэй цацагдав болов. Хэдэн хүмүүс талбай дээгүүр хөндлөн гарч саарал ордонд орсон хойноо нэг хаалгаар зөвхөн эрчүүд нь чихэлдэн ороод эмэгтэйчүүд хаалганы гадна үлдэж буй сценаритай. Төгсгөлд нь гурвыг гуч болгоё гэж уриалжээ. Ур хийц  тааруу ч утга агуулгын хувьд өргөн санаа зорилго агуулсан сурталчилгаа байлаа. Ирэх сонгуульд эмэгтэйчүүд маань нилээн зангарагтай өрсөлдөх нь дээ гэж дотроо таамаглаж суув. 


Улс төр бол зөвхөн эрчүүдийн хүч үздэг талбар гэх хандлага хэдэн мянган жил ноёрхож ирсэн. Харин энэхүү уламжлалт хандлага дэлхий дахинаа сүүлийн нэг жарны хугацаанд эрс өөрчлөгдсөн юм. Үнэхээр зуун зуун жилд төрийн улсыг удирдаж байсан хатад эмсийн тоо гарын таван хуруунд багтахаар байсан бол сүүлийн арав гаруйхан жилийн хугацаанд төрийн эрх баригч эмэгтэйчүүдийн тоо олон зуугаар тоологдох болсон. 

Улс төрийн талбар дахь энэхүү шинэ хандлага хэр урт настай бөгөөд нийтлэг үзэгдэл болох талаар судлаачид төдийгүй улс төр сонирхогч хэн бүхний хувьд анхаарал татсан сэдэв болоод байна. Ялангуяа энэ намрын чуулганаар хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийнхээ тоог нэмэгдүүлэх талаар УИХ маань зарчмын том шийдвэр гаргахаар ид хэлэлцэж эхэлсэн. Иймээс улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар дэлхий дахинд болон монгол улсад гарч буй өөрчлөлт, шинэ хандлагын талаар тодорхой баримт судалгаанд үндэслэн санаа бодлоо хуваалцахаар шийдэв.   

Социализмаас хоёр алхам хойш...
20-р зууны эхээр тусгаар монгол улсыг байгуулахтай зэрэгцэн нийгэм журмыг цогцлоох өрнүүн үйл явцын нэг нь эмэгтэйчүүдийн улс төрийн идэвхи оролцоог эрс өсгөх явдал байлаа. Нэн тэргүүнд эмэгтэйчүүд “...хүмүүн төрөлхтний дотроосоо хүнд ихээр дарлагдсан...” болохыг сурталдан ухуулж эхлэв. Айл гэрийн амьдрал, мал ахуйг бүхэлд нь зохицуулж ирсэн эдийн засгийн өргөн мэдэлтэй монгол эмэгтэйчүүд үзэл суртлын шаардлагаар зохиогдсон энэхүү дуу шиг тэгтлээ дарлагдаагүй ч бас хангалттай эрх чөлөөтэй байгаагүй нь тодорхой. 

Ямартай ч нийгэм, улс төрийн хэрэгт эмэгтэйчүүдийг татан оролцуулахын тулд явуулж байсан санал санаачлага нь монголчуудын хувьд төдийгүй дэлхий дахинд ардчилал, хүний эрхийн хөгжилд томоохон дэвшил болжээ. Тухайлбал, 1924 онд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг Анхдугаар Үндсэн хуулиар бататгасан үзүүлэлтээрээ хөгжиж буй орнуудын хувьд эхний хоёрт жагсдаг аж. Мөн онд “Эмэгтэйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр Монголын эмэгтэйчүүдийн анхны байгууллага үүссэн байна. 1923 онд ердөө долоон эмэгтэй нам төрийн албан хашиж байсан бол 17 жилийн дараа гэхэд 2697 болон эрс өссөн статистик байна. 

Социалист бүтээн байгуулалтын жилүүдэд боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, эдийн засаг зэрэг нийгмийн салбаруудын хөгжилд зүйрлэшгүй их хувь нэмэр оруулж ирсэн шигээ улс орны алс ирээдүй, бодлого зорилгыг тодорхойлох асуудалд монголын олон олон эмэгтэйчүүд сэтгэл оюунаа зориулж ирсэн тухай хангалттай жишээ баримт бий.

1990 оноос эхтэй ардчилсан шинэчлэл өөрчлөлт нь үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвсэн нэгдэх эрх болон парламентад ёс, ардчилсан сонгууль зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хэрэгжүүлэх өргөн бололцоог бидэнд нээсэн. Гэхдээ эмэгтэйчүүдийн улс төрийн идэвх оролцооны чиглэлээр өмнөх нийгмийн үзүүлэлтээс яалт ч үгүй ухарсан дүр зураг ажиглагдаад байгаа юм. Жишээ нь, 1950-1990 онуудад АИХ-ын депутатуудын дунджаар 23% нь эмэгтэйчүүд байсан бол 1996 онд 9%, 2000 онд 12% , 2004 онд 7%, 2008 онд бүр 3.9% болтлоо буурчээ. Ухаандаа, 1925 онд хуралдсан БНМАУ-ын хоёрдугаар их хурлын 94 төлөөлөгчийн 5 нь эмэгтэй байснаас ч арагшаагаа ухарсан хэрэг болжээ. 

Дэлхий дахины хандлага хаашаа явна вэ?
20-р зууны дунд үеэс Өрнөдийн улс орнууд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангах явдлыг ардчилал, улс орны хөгжлийн чухал үзүүлэлт гэж тооцож, энэ чиглэлээр нилээн хүчин чармайлт тавих болжээ. Тэд коммунист орнуудтай харьцуулахад “оройхон гарсан ч” тун амжилттай үр дүнд хүрч чадсан байна. 

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн хуулийн заалт санаачлах явдал анх скандинавын орнуудаас гаралтай аж. Өдгөө ч парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл хамгийн өндөр байдаг улс орнуудад Швед, Норвеги, Дани, Финлянд багтдаг. Парламентын суудлын  35-48%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг үзүүлэлтээрээ энэ орнууд дэлхий дахинд толгой цохьдог. Ан хийж, виски уух нь жинхэнэ эр хүний ажил, харин улс төр бол эмэгтэйчүүд оролддог салбар гэх үг байдаг нь санамсаргүй хэрэг биш юм.

20-р зууны дунд үетэй харьцуулахад дэлхий дахинд хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл даруй 4 дахин өссөн байдаг. Олон улсын дундаж үзүүлэлт нь 15-16 хувьтай. Харин манайх энэ дундаж хувиас даруй 4 дахин бага буюу африкийн дампуу улсууд, арабын шашны хатуу дэглэмтэй орнуудтай нэг эгнээнд бичигдэж байна. 

Улс орнуудын хувьд эмэгтэйчүүдийн улс төрд оролцох нөхцлийг үндсэн хууль болон бусад хуулиар зохицуулсан байх нь олонтаа. Аргентинд сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн 30% эмэгтэй байх ёстойг хуулиар тогтоосон байдаг бол Бангладешт 330 суудлаас 30-ыг, Эритреед 105 суудлаас 10-ыг, Танзанид 225 суудлын 15-ыг нь эмэгтэйчүүдэд зориулан хадгалдаг байна. Дээрх орнуудаас гадна Грек, Бразили, Индонези, Парагвай болон хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан орнуудад төрийн байгууллагын сонгуульт албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад чиглэсэн тодорхой квотыг хуулиар бататгасан байдаг. 

Зарим талаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хязгаарласан ч юм шиг зохицуулалттай дээр газруудаас гадна ерөөс улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дээд зэргээр хангасан хууль дүрэмтэй орнууд ч нэг бус бий. Тухайлбал, Швед улс 1994 оноос эхлэн сонгуульд өрсөлдөж буй нам хүчнүүд эрэгтэй эмэгтэй нэр дэвшигчдийн тоог яг тэнцүүгээр жагсаалтдаа оруулах ёстойг хуульчилжээ. Тэрчлэн засгийн газрын бүрэлдэхүүний тал хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн анхны улс болсон юм. Зөвхөн улс төрийн байгууллагуудад төдийгүй олон нийтийн болон хувийн хэвшлийн компани аж ахуйн нэгжийн удирдлагад эмэгтэйчүүдийг оруулж байхыг ч хуулиар тогтоосон байдаг. Францад ч мөн сонгуульд оролцож буй улс төрийн намууд нэр дэвшигчдийн жагсаалтын 50%-иас илүүг аль нэг хүйснийхэн давамгайлахгүй байхаар зохицуулдаг ажээ.  

80:20-ын харьцаагаар өрсөлдөе гэж байхад...
Тэгэхээр коммунист  тогтолцоо хийгээд ардчилсан нийгмийн аль алинд нь улс төрд эмэгтэйчүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх асуудал адилхан тулгамддаг аж. Нэг нь үзэл суртлын хүчирхэг машин, улс төрийн хатуу системээ ашиглан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог “хүчээр” нэмэгдүүлдэг юм байж. Харин нөгөө нь ямар арга замаар тулгамдсан асуудлаа шийдэх вэ?   

Ардчилсан парламент маань шийдвэрлэх гэж оролдоогүй биш оролджээ. 2005 онд шинэчлэн баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиндаа нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх тухай заалт оруулсан байна. Гэвч УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах талаар бодолцохоосоо илүү дараагийн сонгуульд ялах “ариун” зорилгыг нэн тэргүүнд тавьсан улс төрийн намууд тун удалгүй өнөөх шийдвэрээсээ эрс ухрах нь тэр. Нөгөө талаасаа цөөнх эмэгтэйчүүдийнхээ эсрэг олонх эрчүүдийн жудаггүй хуйвалдаан, эр гишүүд эр гишүүддээ хайртай байдгийн том илрэл болсон доо. 

Эр гишүүд гэснээс улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах тухай сэдэв нь ажилгүйдэл, ядуурал, утаа, түгжрэлээс аваад нийгэм даяараа анхаарлаа хандуулсан “Хоёр толгой”-н асуудлын дэргэд тийм ч чухал зүйл биш болохыг захын эр гишүүн нотлохыг хичээнэ. Өнгөц харахад сонгогч олны хувьд УИХ болон засгийн газарт эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх нь тэр бүр чухал асуудал биш ээ. Гэхдээ хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн дуу хоолойг хууль тогтоох түвшинд гаргах ёстой гэсэн хандлагаас гадна улс төрийн талбарт аливаа асуудлыг хүчээр шийдвэрлэдэг байдал, далд хуйвалдаан, зөрчил тэмцэлдээ идэгдсэн нийгэм улс төрийн орчинд эмэгтэйчүүдийн аядуу байдал, шударга чанар эерэг өөрчлөлтийг авчирдаг талаар үзэл санаа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чухал үндэслэл болж өгдөг. Ёстой л нөгөө үндсэн хуулиндаа заасан ардчилсан, хүмүүнлэг нийгмийг байгуулахад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо чухал хүчин зүйл болно гэсэн үг. 

Мэдээж УИХ-ын гишүүдийн зүгээс энэ намрын чуулганаар хэлэлцэж буй УИХ-ын сонгуульд нам хүчнүүдээс нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн байх тухай хуулийн төсөлд ихээхэн найдлага тавьж байна. Хоёр дахь удаагаа татгалзаж, хунашгүй загнахыг эс тооцвол шүү дээ. Тэрчлэн сонгуулийн тогтолцоо пропорционал болох эсэх нь эмэгтэйчүүдэд маань төрийн жолоо атгалцах бололцоонд багагүй нөлөөтэй. Товчхондоо УИХ-д сонгогдох магадлал нь өсөх юм. Мөн өнгөрсөн хугацаанд аль хэцүү, найдваргүй гэсэн тойргоо эмэгтэйчүүддээ “бэлэглэж” ирсэн туршлага хийгээд туршилтаасаа нам хүчнүүд татгалзах эр зоригийг шаардаж байна.

Нөгөө талаас улс төрд оролцож буй эмэгтэйчүүдээс маань олон зүйл шалтгаална. Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцох бололцоог бүрдүүлэх нь иргэний улс төрийн эрх болохоос тэдэнд зориулсан бэлэг биш гэдгийг хатуу ухамсарлах учиртай. Тиймээс улс төрчдийн зүгээс гаргаж буй аливаа өрөвдсөн мэт хандлага, үзэл санаанд хүлээцтэй хандахаас эрс татгалзах шаардлагатай. 

Улс төрд хэдэн мянган жил ноёрхсон улс төрчидтэй энэ тэнцүү өрсөлдөн гарч ирэхэд эмэгтэйчүүдээс илүү их хүчин чармайлт шаардагдана. Гэтэл эмэгтэйчүүд маань арга тактикаа жаахан оновчгүй сонгоод байх шиг. Эхний ээлжинд нам хүчнүүдийн бодлого шийдвэрийг тодорхойлох түвшинд байр сууриа бататгах чиглэлээр нилээн ул суурьтай ажиллах хэрэгтэй байна. 

Мөн санаа зорилгоо олон нийтийн дунд тогтож хэвшсэн сэтгэлгээнд нийцгүй байдлаар илэрхийлээд байх шиг. Хэдийгээр монголчууд эмэгтэйчүүдийг улс төрд оролцох явдлыг цаараглахгүй боловч өнөө сурталчилгаанд уриалсан шиг гэнэт “гурвыг гуч болгон”, эрчүүдтэй энэ тэнцүү тоогоор гараад ирэх явдлыг шууд дэмжээд унахгүй л болов уу. 

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр үзүүлэлттэй улс орнуудад анх тэднийг залуу үе л идэвхтэй дэмжиж, саналаа өгч ирсэн байдаг. Тиймээс зорилтот бүлгээ залуучууд гэж тооцоод, тэдэнтэй идэвхтэй тулж ажиллавал зохилтой. 

Эмэгтэйчүүдийнхээ улс төрд оролцох бололцоог дээшлүүлэх, хэрэгжүүлэхийн тулд эрчүүдээс маань нилээн “эр” зоригтой, шийдмэг байх чадварыг шаардаж байна. Ялангуяа томоохон нам хүчнүүдийн удирдлагуудаас. Нэр дэвшигчдийн ядахдаа 20-иос доошгүй хувийг эмэгтэйчүүд байх заалтыг батлана гэдэг монголын улс төрд, монгол эрчүүдийн хувьд том дэвшил юм. Ямар УИХ-ын суудлын тодорхой хувийг эмэгтэйчүүдэд шууд зориулаадах гэж “айлгаад” байгаа биш, хүйсийн харьцаагаа ядаж 20:80-ын харьцаатай болгож байгаад өрсөлдөе гэсэн нөхцөл тавьж байхад эрчүүд маань халгаж халиран, дахин эмэгтэйчүүдээсээ урвахгүй байлгүй дээ. 

Монгол хүний андгай “за” буй заа гэдэг сэн. Эмэгтэйчүүдийн төлөө “за” гэж хэлэх эрчүүдийн зориг, ноён нурууг харах л үлдлээ. Хэрэв үгүй гэвэл монголдоо биш дэлхий дахинд ичгэвтэр байдалд орох юм даа, тиймээ. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)