2011/10/28

УУЛ УУРХАЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ


Бидний хэдэн нөхөд “Уул уурхайн улс төр судлал” хэмээх шинэ салбар байж болох тухай ярилцаж энэ талаараа илтгэл бичиж түүнийгээ олон нийтэд хүргэж блогтой тавьсан. Гол санаа маань Монгол улс гэнэт шахуу олдсон байгалийн баялагтайгаа уялдуулаад бүх бодлогоо эргэж харах, дахин нягтлах хэрэгтэй. Мөн уул уурхайг дагасан шинэ боломжууд бий болж буйг хэлэх гэсэн юм.     


Эдгээр боломжуудаас хамгийн энгийн хэрэгжих боломжтой нь уул уурхай дагасан аялал жуулчлал. Өдөр бүр ярианы гол сэдэв болох “Оюу толгой”, “Таван толгой”-ноос улбаалан манай иргэд уул уурхай, ашигт малтмалын талаар дажгүй мэдлэгтэй болсон. Харамсалтай нь мэдээллийн ихэнх суваг уул уурхайгаас олох баялаг, түүнийг хэрхэн хуваах, хүртээх асуудалд гол анхаарлаа хандуулж, хааяа нэг нөхөн сэргээлт, уул уурхайн техник технологт холбогдох сэдвүүдийг хөндөх. 

“Оюу толгой”, “Таван толгой”-н ордуудад хэрэгжих, хэрэгжиж буй аварга төслүүд нь дэлхийнд нэгэнт танигдаж манай орны нүүр царай болж эхэллээ. Хэдэн тэрбум долларын их бүтээн байгуулалт, уул уурхайн шинэ шилдэг текник технологи, Монголын говь, гадаад дотоодын олон ажилтан, мэргэжилтнүүд гээд жуулчин татах олон зүйл энд байгаа. Хамгийн наад зах нь тэнд ажиллаж буй гадаад, дотоодын хэдэн мянган ажилчдын ар гэрийнэний дунд нэр цуугаа дурсгаад байгаа тэр уурхайнуудыг нүдээр үзэх хүсэлтэй нь цөөнгүй. 

Тиймээс уул уурхайг жуулчдад үзүүлэх, мөнгө хийх бас ажлын байрыг нэмэгдүүлэх боломж нэгэнт бий болсон. Ямартаа ч орон нутгийн иргэд, оюутан залуус “Оюу толгой”-д жуулчлаад байна. 

Тэгэхээр эдгээр бүсүүдэд аялал жуулчлал хөгжүүлэх нь ирээдүйд ашигтай бөгөөд бас уурхайн нөөц дусаж, гадны хөрөнгө оруулагчид явсны дараа тус бүсүүдийн хөгжлийн нэг чухал тулгуур болж болох юм. 

Иймд зам тээвэрт онцгой анхаарч үзэх нь чухал. Гэхдээ Улаанбаатараас Ханбогд сум хүртэл шууд хар зам тавихаас өмнө замын турш жуулчид амарч хоноглох, элдэв түүх, соёлын дурсгал үзэж саатах боломжтой газруудыг тооцох ёстой. Зочид буудлын хувьд эхний ээлжинд өвөг дээдсээс  уламжилсан гэрээ түшиглэж байгаад олсон ашигаасаа барилга, байгууламж томоохон цогцолбор барьж болох юм. Жуулчинд дан ганц авто машин засмал зам биш нисэх онгоц, төмөр замыг ч бас санал болгох хэрэгтэй. 

Аливаа улс орон, бүс нутагт очсон жуулчид болоод ажил албаны хүмүүс гарцаагүй тэндэхийн  хоол хүнсийг хэрэглэдэг. Тиймээс ч аялал жуулчлалаас ашиг олдог улс орон, албан байгуулагууд хоол хүнсний аюулгүй байдал, амт чанарт ихээхэн анхаардаг. Энд өнөө зун өөрт тохиолдсон нэгэн явдлыг товч өгүүлье. Гаднаас ирсэн хэсэг нөхдийн хамт Их Монгол улсын нийслэл Хархорин хотын зорин явлаа. Хотоос  гараад айраг, хуушуураа магтаж тэдний арааны шүлсийг гоожуулсаар зорсон газраа хүрлээ. Тэгтэл хиртэй цагаан марлиар нүдэн дээр нь арчиж өгсөн айрагний аяга, үс хялгас элдэв янзын тэр гэхийн аргагүй зүйл хөвөх хөх пивар савтай айраг, тос нь гүйцэд арилаагүй таваг нь дээр тавьсан өөхөн тосонд хайрсан хуушуур, хятад амны алчуур, шүдний чигчлүүр, хөлс нь гоожсон хөдөөний үйлчлэгч, тогооч гээд бүгд л цамаан зантай гадныханд таалагдсангүй. Замдаа боловсон жорлон олдоогүйг хэлэх үү ер нь эх орныг маань муу хэлэх санаатай тэд. 

Эндээс бид өөрсдийн брэнд хоол хүнс, үйлчилгээг бий болгож чадаагүйг харж болно. Үйлчилгээ бол хамгийн чухал. Хэрэв бидний дээрх шиг байдал удаан үргэлжилбэл жуулчин ирэхэд томоохон саад  болно. Надад Монголчуудын заваан бохирыг муулж байгаа улс найз нөхөд гэр бүлийнхэндээ юу гэж хэлэх нь ойлгомжтой. Хүнсний хувьд манай аймаг болгон нэг нэг брэнд хүнстэй болчихвол. Уг нь тийм хөрс суурь бол бий. Булганы айраг, Архангайн ааруул гээд л.  Ер нь “Оюу толгой” шөл, “Таван толгой” бууз гэж яагаад байж болохгүй гэж. 

Жуулчид татах бас нэг зүйл бол хямдхан чанартай, авсаархан хүний нүд булаахаар бэлэг дурсгалын зүйл юм.  “Оюу толгой”-н ордоос гарч буй олон металуудаар элдэв төрлийн бэлэг дурсгалын зүйлс хийж болохоос гадна нүүрсээр ус шүүгч, эм хүртэл үйлдвэрлэдгийг санах хэрэгтэй. Эдгээр бэлэг дурсгалын зүйл бол улс орныг үнэгүй рекламдахаас гадна жуулчид татах бас хэрэгсэл болдог.  Мөн жуулидын дунд алттай шороо угаах тэмцээн зохиох, тэднийг аварга техникт суулгаж уул уурхайн олдворлолтонд оролцох, харах дурсгалын зураг татуулах зэргийг нарийн сайн зохион байгуулж цагийг, мөнгийг нь зугаатай, хөгжилтэйгээр үрүүлээд эхлэвэл бид бас нэг санхүүгийн эх үүсвэртэй болно доо.
Ер нь уул уурхайн үйлдвэрлэлийн аль ч шатанд жуулчин үзэхээр зүйл мундахгүй. Олдворлолт эхлэхээс өмнөх археологийн малтлаг, хөрс хуулалт, тэсэлгээ зэргийг хүн бүр тэр болгон үзэж харах боломжгүй. 

Уул уурхайн аялал жуулилал гэхээр энд гарч ирэх зүй ёсны нэг асуудал бол жуулчдын аюулгүй байдал. Тиймээс энэ салбарт хүч үзэх компаниуд үүнд онцгой анхаарч, шийдэх ёстой. Уурхайн гүнд орох, ил олдворлолтыг үзэж сонирхох зэрэгт аюулгүй ажилгааны зааварчилгаа, дүрэмтэй танилцуулахаас гадна хувцас хэрэглэлээр хангах нь зайлшгүй. 
Ингээд жуулчин та эртний үлэг гүрвэлүүдийн өлгий нутаг Монголын говь, хөгжиж буй орны хэдэн тэрбум долларын аварга төсөл, түүхийн соёлын гайхамшиг, нүүдэлчин ахуйтай нэгэн зэрэг танилцах боломжтой гээд л аятайхан рекламдвал гаднаас ирэх жуулчид нэмэгдэх нь гарцаагүй. 
 А. Энхбат. 2011. 10. 23

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)