"Түүх давтагддаг" гэдэг. Улс орны амьдрал, улс төрчдийн үйл ажиллагаа ч давхцдаг болтой. Бидэнтэй адил 20-иод жилийн тэртээгээс ардчилал, зах зээл, шилжилт өөрчлөлт хийж эхэлсэн Хорват гэж улс Европын илгэн дээр байх. Ардчилсан сонгууль, төрийн албаны шинэчлэлээс гадна авилгал, хахууль, албан тушаалын хэрэг гээд болох бүтэхээс аваад бүтэхгүй сөрөг зүйл нь манайтай тун төстэй. Бас болоогүй Хорватын эрх баригчид, улс төрчдийнх нь үйлдэл, хийж буй алхам нь хүртэл яах аргагүй манайхаа манайх. Хорватын нэгэн улс төрчийн амьдралаар монголын улс төр, улс төрчдийн үйлдлийг төсөөлж болмоор ч юм шиг.
Иво Санадер 1953 онд Бүгд найрамдах социалист Хорвати улсад төрсөн. Эхнэр хоёр охины хамт амьдардаг.
Тэрээр хэл утга зохиолын мэргэжилтэй нэгэн бөгөөд ажлын гараагаа сонин хэвлэлийн газарт редактор болон театрын даргын албан тушаалаар эхэлжээ.
1980-аад онд Австрид оршин сууж, хэвлэлийн бизнес эрхэлж байх үедээ Хорватын сөрөг хүчний зүтгэлтнүүдтэй ойртон нөхөрлөж, хорватын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан “Хорватийн ардчилсан эвсэл”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлжээ. Улмаар 90-ээд оны эхээр улс төрд идэвхтэй оролцох болж, удалгүй эрх баригч намын томоохон зүтгэлтэн Йосип Маноличийн дэмжлэгээр парламентын гишүүнээр сонгогдож чадсан байна. 1993 онд шинжлэх ухаан, технологийн сайдаар томилогдсоноос хойш төрийн томоохон албан тушаалуудыг тасралтгүй хашиж ирсэн нөхөр.
2003 онд нам нь парламентын сонгуульд ялсан тул ерөнхийлөгч Степан Месич засгийн газрын тэргүүнээрээ Санадерыг томилов. Тэр энэхүү албан тушаалыг 7 жил хашчээ. 2009 онд гэнэт Засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа огцорч, намын даргын суудлаасаа буув. Учир шалтгаан нь тун энгийн. Санадер ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн байна. Сонгуулийн эхний тойрогтоо л Андрия Хебрангд ялагджээ. Энэ цагаас хойш намынхаа шинэ удирдлагыг байнга шүүмжилж, улс төрд эргэн ирэх талаар эрс мэдэгдэл хийх болжээ.
Намын жанжин шугамаасаа хазайж, улс төрийн ноён нуруугүй аашлах болсон тул албан тушаалаас нь халаад зогсохгүй, хорватын ардчилсан эвслийн удирдагчид 2010 онд намаасаа хасах шийдвэр гаргасан байна. Үүгээр зогсохгүй авилгалын томоохон хэрэгт татаж, парламентын гишүүний халдашгүй эрхийг нь цуцалснаар хууль сахиулах байгууллагаас хэрэгт татах нөхцөл бүрэлдсэн байна. Гэвч тэр энэ зуур Хорватаас зугтаж амжжээ. Удалгүй Хорватын төр засаг хуучин ерөнхий сайдтайгаа тооцоогоо дуусгах үүднээс түүнийг баривчлах мэдэгдлийг оршин суугаа Австри улсад хүргүүлж, Австрийн Зальцбург хотод байхад нь орон нутгийн засаг захиргааны тусламжтайгаар баривчлан эх оронд нь эргүүлэн авчирсан байна.
Анхандаа 2003-2009 оны хооронд ерөнхий сайдын албыг хашиж байхдаа эрх баригч нам болох “Хорватын ардчилсан эвсэл”-ийг төрийн мөнгө ашиглан нууцаа санхүүжүүлж байсан хэргээр буруутган татсан юм. Мөнгөн дүн нь 10 сая гаруй евротой тэнцэх уг авилгалын хэргээс гадна, явцдаа 1996 онд гадаад хэргийн сайдын орлогчоор ажиллаж байхдаа Австрийн банкинд 700 мянга орчим долларыг хууль бусаар шилжүүлсэн болон бас бус авилгалын хэрэг нь сөхөгдөн нөхрийг бажигадуулж болжээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Хорватын сонин хэвлэлийн нэг гол сэдэв нь Санадерийн 1990-ээд оны эхээр засгийн газарт ажиллаж байх үеийн авилгалын хэргүүдийг сөхөж гаргах явдал болсон.
Санадер өөрийгөө улс төрийн хэлмэгдүүлэлт, өш хонзонгийн золиос болсон гэж мэдэгдэж, хэргээ хүлээхгүй байсаар саяхнаас бие нь муудаж шүүх ажиллагаа нь хойшлогдож болзошгүй болоод байгаа.
Санадер нь утга зохиолын түүх болон улс төрийн асуудлаар хэд хэдэн ном бүтээл гаргасан бөгөөд хорватын зохиолчдын холбооны гишүүн ажээ.
За даа Хорватын бараг л Манай Энхээ ах байна дөө
ReplyDelete