2011/12/02

САНААТАЙ МОНГОЛ


Нэг ийм явган яриа байдаг. Нэг хятад таван Монголтой, таван хятад нэг солонгостой, таван солонгос нэг японтой тэнцдэг. Өөрөөр хэлбэл Азийн хамгийн муу санаатай ард түмэн бол Япончууд, харин хамгийн гэнэн цайлган нь Монголчууд бид гэсэн утгатай. Гэхдээ дээрх өгүүлэмжийг “таван японтой нэг Монгол хүн тэнцдэг” хэмээн дуусгасан нь ч бий. 


Манай ардын “муу санаа биеэ отно” гэж сайхан зүйр үг байдаг. Өнөөдөр Монгол улс хөгжлийн гараан дээр морио уначихаад зогсож байх шиг. Цаашаа ухасхийн давхиад одох уу, эсвэл үлгэрт гардаг шиг эмээлээ дэрлээд унтаад өгөх үү. Энэ бүгд биднээс мөн төр засаг толгойлогч ард түмний сонгосон төлөөллөөс л шалтгаална. 

Эх орны маань газар шороог харийхан зөөгөөд дууслаа, Монголын газар нутгийн тал нь лиценз болж гадныханд очжээ. Ийм болгоомжлол, хар дагуулсан мэдээ зөндөө. Яг үнэн эсэх нь бүү мэд. Ямар ч байсан нийгэмд нэг тийм “санаатай байдал” хэдий нь бий болгожээ.  

Олон нийтийн төлөөлөл, иргэний нийгмийнхэн гэж нэрлэгдэх сайн дурынхан болон зарим нэгэн улс төрчид, УИХ-ын гишүүд уул уурхайн ашиг, орлог, гарлагыг тооны машин дээр бодчихоод манай улс хэрхэн шулуулж, молиго үмхэж байгааг зарлах юм. Харин засгийн газар тэс ондоо зүйл ярина. Ард түмэн санаатай учир төр засгийг төлөөлж буй хэсгийн үгэнд үл итгэнэ. Аргагүй л дээ саарал ордонд санаатай муутай, өөрийгөө өөд татсан хүмүүс байдаг тухай ойлголт бол аль эрт манай нийгэмд төлөвшсөн зүйл. 

Тэгээд ч хоёр их гүрний дунд хавчуулагдан ирсэн түүхтэй ард түмэн санаатай байхаас өөр яах билээ. Монголчууд бид ядуу орны жишгээр гадаад хүн бүрийг мөнгөтэй, баян гэж хардаг байлаа. Тэр нь ч бас нэмэр болж төдий чинээгээрээ мөнгө салгадаг байсан гэхэд хэлсдэхгүй. Харин энэ байдал эдүгээ өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчаас эмээх, болгоомжлох байдал аль хэдий нь бий болсон гэсэн үг. 

Ингээд бодохоор манай нийгэм улам их санаа сууж тэр нь эргээд хөгжлөө чөдөрлөөд байх шиг санагдах юм. Санааны цаан бас санаа л агуулагдана. Гэхдээ түүнийг нь муу, сайн гэж ангилдаг.  Тиймээс “санаа муут яван хатна”, “сайн санаа үзүүрт тос” гэж үг гарсан болов уу.      

А. Энхбат

1 comment:

  1. Улс төрч хүн амьдрал дээр өөрийгөө авч явах мөн өөр бусдад үлгэр жишээ болох талаараа бусдаас өөр юмаа.Гэхдээ ийм бодолтой хүмүүс тун ховор байх харин таны блогоор зочилж таны үзэл бодлыг уншин гүн ухаандаа бодоход та бол тэр үлгэр жишээ ч улс төрчдийн нэг яах ч аргагүй мөн шүү. Энэ эрч хүчээрээ өөрийнхөө төлөө,ард түнийхээ төлөө, мөн монгол улсын төлөө сайн сайхан ухаалаг бүхнийг хийгээрэй гэж хүсэж байна .Ажлыг амжилт хүсье!!!

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)