Бид Сирийн тухай нилээн эрт цувралаар нийтэлж байсан билээ. Өнөөдөр ч энэ орны хувь заяа ээдрээтэй хэвээрээ байна. Тиймээс тус улсад өрнөж буй ул төрийн үйл явдлын эхэн үеийг нүдээр үзэж бас фото хальсанд буулгасан Л. Ганбатынхаа нийтлэлийн гурав дахь хэсгийг манай хамт олон хүргэж байна.
Ойрхи Дорнод бол хүн төрөлхтний өлгий нутгийн нэг. Энд л Ассир, Вавилоны эзэнт улсууд байгуулагдаж, Арабын нүүдэлчид өөрийн соёлыг бий болгож үзэл санаа, үйл хэргээрээ дэлхийн түүх, иргэншилд нөлөө бүхий байр суурьтай исламын шашин үүсжээ. Мухаммед тухайн үеийн шашнуудын гол гол элементүүдийг өөртөө шингээсэн цоо шинэ шашныг бий болгож чадсан ба түүний сургааль, номлол эдийн засаг, улс төр, соёлын олон салбарт өөрийн гэсэн ул мөрийг үлдээжээ.
Иймээс Арабын орнууд болон лал шашинт улсуудын түүх, соёл, эдийн засаг улс төрийн онцлог байдлыг исламын дэг ёсноос ангид авч үзэх боломжгүй. Өнөөдөр Ойрхи Дорнодод болж буй улс төрийн үйл явдлуудад ч исламын шашны үзэл санаа л гол туг нь болж байна. Үүнийг Арабын Бүгд Найрамдах Сири Улсaас харж болно.
Сири-ийн товч түүх ба Монгол, Сирийн харилцаа. Сири улсын орших нутаг нь дэлхийн түүхэнд газар тариалан, хот суурин анхлан бий болсон эртний голомт мөн. Европчуудын хувьд Македоны Александр (ХТӨ.356-323) Персийн Дари хааныг ялснаар энэ нутагт хөл тавьж эхэлжээ. Улмаар Македоны Александрын эзэнт гүрэн дөрвөн хэсэг болж задрахад Селекусын бүрэлдэхүүнд багтсан. Чухам энэ үеээс л Грек Ромын хийцийн барилгууд ихээр баригдах болжээ.
Дамаск хотын нэгэн гудамж. Цаана харагдаж байгаа уул нь Жэбл Касён. |
Сирийн нийслэл Дамаск хот арабын ертөнцөд Исламын шашин үүссэнтэй бараг зэрэгцэн бүс нутгийн төв, нийслэл гэгдэх болсон бөгөөд загалмайн болон исламын шашин энд зэрэгцэн хөгжиж байв. Хот 750 онд байгуулагдсан Аббасын халифын бүрэлдэхүүнд оржээ. 1098-1250 онуудын загалмайтнууд хийгээд Эюүби нарын дайны талбар нь мөн л энэ бус нутаг болж байлаа.
XIII зуунд Монголчуудын довтолгоон Дундад Ази, Ойрхи Дорнодыг хамран улмаар энэ нутагт ч хүртэл хүч нөлөө нь мэдрэгдэж эхлэв. Ингээд Монголчуудын довтолгооноос айж дүрвэсэн дундат Азийн зарим ард түмнүүд баруун тийш нүүдэллэж байсан боловч 1243 онд Сельжукүүд Монголчуудын эсрэг шийдвэрлэх тулалдаанд ялагдсан нь өнөөгийн Туркийн Кайсири, Сивас хот орчимд байсан туркменүүдийг Мамлюкийн бүрэлдэхүүнд нэгдэхэд хүргэжээ. 40.000 орчим айл өрхтэй тэднийг Мамлюкийн Байбарс далайн эрэг орчмын газруудад тараан суулгасан байдаг.
Оттоманы эзэнт улс 1516 онд Мамлюкүүдийг ялж, Сирийн бүс нутгийг өөрийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд нэгтгэжээ. Сири-ийн түүхэнд дараах гурван удаагийн түрэгийн нүүдэл, улс төрийн үйл явц хүчтэй нөлөөлсөн. Үүнийг нь 1. Мамлюкууд, 2. Сельжукуудын, 3. Оттоманы эзэнт гүрний үе гэж хуваадаг. Гэсэн хэдий ч өнөөдөр тус улсад туркмен, түрк гаралтай хүмүүс олноор амьдарч байна. Сири нь 1918 онд парламентын хийгээд хаант засаглалтай улс болсон билээ. Гэвч Франц, Англи зэрэг их гүрнүүдийн үйл ажиллагааны дүнд Сири нь 4 хэсэгт хуваагдсан ба 1945 онд Дэлхийн 2-р дайны дараагаар сая нэг тусгаар тогтнолыг авчээ.
Нэгдсэн араб улсыг социалист бодлого чиглэлтэйгээр байгуулах зорилго бүхий Арабын Социалист Сэргэн Мандлын “БААС” Нам ((Aраб хэлэнд: حزب البعث Hizbul-Ba'ath)) /АССМН/ нь 1940 онд байгуулагдаж Ирак, Сири улсуудад л амжилт олж 1963 гэхэд төрийн эрхийг гартаа авч чаджээ. Иракт энэ намын лидер болох Саддам Хуссейныг 2003 онд АНУ тэргүүтэй холбоотны хүч түлхэн унагасныг бид мэднэ.
Арабын Бүгд Найрамдах Сири Улсын хувьд уг нам арабын үндсэрхэг шашны үзэлтнүүдийн эсрэг, өөрсдийн марксист-ленинист үзэл сурталийг эсрэгцүүлэн гаргах бодлого баримтлаж байлаа. 1970 онд Хафиз Эсад ба түүний гэр бүлийнхэн төрийн бүхий л эрх мэдлийг гартаа авснаар улсын бүх л салбарт хүч нөлөө байх нөхцөл бололцоог бүрдүүлжээ. Хафиз Эсадын засаглалын жилүүдэд Хама хотод гарсан бослогыг цэргийн хүчээр нухчин дарсан, Израйль-Сирийн хоорондын мөргөлдөөн гэх зэрэг тухайн үедээ олон улсын анхаарал татсан үйлд явдлууд болж өнгөрсөн. Тэрбээр 30 гаруй жил улс орныг удирдсаны эцэст 2000 онд хүү Бешар Эсадад халаагаа өгчээ.
Монгол улс нь Арабын Бүгд Найрамдах Сири улстай 1967 оны 7 дугаар сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон. ГЯЯ-ны орлогч сайд Ж.Банзар тэргүүтэй төлөөлөгчид анхлан 1978 болон 1982, 1985 онуудад тус улсад айлчилж байжээ. Харин Сирийн талаас Арабын Социалист Сэргэн Мандлын “Баас” Намын /АССМН/ Үндэсний удирдлагын гишүүн, хэлтсийн эрхлэгч С.Аль-Сухейль тэргүүтэй төлөөлөгчид 1983 онд, 1986 онд МАХН-ын 19 дүгээр Их хуралд Сирийн АССМН-ын Үндэсний удирдлагын гишүүн Мохамед Салех Аль-Хермаен тэргүүтэй төлөөлөгчид оролцож байв. БНМАУ-ын ГЯЯ-ны орлогч сайд Ж.Банзар тэргүүтэй төлөөлөгчид 1978 онд Сирид айлчлахад Сирийн Ерөнхийлөгч Хафиз Эсад хүлээн авч уулзсан ба манай төлөөлөгчид түүнд МАХН-ын Төв Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын илгээлтийг гардуулсан бол 1985 онд Сирид хийсэн айлчлалын үеэр эрх баригч хоёр нам 1985-1986 онуудад хамтран ажиллах төлөвлөгөө байгуулжээ. Манай орон тус улстай харилцах болсны шалтгаан нь дэлхийг улаан болгох гэсэн ЗСБНХУ болон социалист системийн намуудын бодлого чиглэлтэй шууд холбоотой болов уу.
Өнөө үед манай улсын иргэд Сири хийгээд Арабын бусад улс орнуудад зорчих, суралцах, ажиллаж амьдрах болсон нь хэтдээ энэ бүс нутагтай Монгол улс харилцаагаа өргөжүүлэх хандлагатайг харуулж байна. Иймээс бид уг бүс нутагт өрнөж байгаа улс төрийн үйл явдалд анхааралтай хандаж бас өөрийн байр суурийг тодорхойлох хэрэгтэй.
Барилгын ханан дээр хөрөг бол Сирийг удирдаж буй Бешар Эсад. Тэрээр энэхүү албыг эцгээсээ өвлөн авсан юм. |
Арабын хавар Сири-т эхлэсэн нь. Бешар Эсад тус орныг 2000 оноос хойш удирдах болсон тэрээр энэ үед ардчилал, шинэчлэлийг бий болгох амлалт өгч байсан хэдий ч төдий л амжилт ололгүй өнөөг хүрсэн. Энэ нь Сирийн улс төрийн тогтворгүй байдалтай шууд холбоотой.
Миний бие энэ улсад байхдаа өмнөд хэсэгт орших Дара хотод ард түмэн, засгийн газар хоорондын тэмцэл нь Сири-т Арабын хавар гэж нэрлэгдсэн улс төрийн үйл явдал эхлэснийг нүдээр үзсэн билээ. Тус хотын дунд сургуулийн сурагчид засгийн газрын эсрэг утга санаа агуулсан үг, өгүүлбэр байшингуудын ханан дээр бичсэнээс үүдэж цагдаагийнхан энэ хэрэгт холбогдуулан хүүхдүүдийг баривчлан хорьсон нь ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Түүнээс хүчнийхэн ч буулт хийн хүүхдүүдийг сулласан. Гэвч тэд хүүхдүүдэд хүнд эрүү шүүлт тулгаж тамласан болох нь олон түмэнд мэдэгдэж тэмцлийн галд тос нэмсэн юм. Анхны эсэргүүцлийн жагсаалд 4 энгийн иргэн, 1 цагдаа амь үрэгдсэнээр төгсөв. Энэ нь дөнгөж эхлэл байсан бөгөөд өнөөдөр эсэргүүцлийн жагсаалд амь үрэгдэгсдийн тоо 3000 хол гараад байна.
Нийслэл Дамаск хотод 3 сарын 18-ны Баасан гарагт үйл явдал эхлэсэн. Хотын төвд орших Эмь-эви сүмд баасан гарагийн үдийн их мөргөлийн дараагаар засгийн газрыг эсэргүүцсэн хэсэг бүлэг хүмүүс үзэл бодолоо илэрхийлэхийг оролдов. Хүчний байгууллагынхан тус газрыг бүслэн хааж дотор байсан хүмүүсийг зодож, хүч хэрэглэн бөөнөөр нь баривчлан хорилоо.
3-р сарын 25-ны Баасан гараг. Дамаск хотын хувьд хэд хоног тайван байсан боловч дахин Баасан гарагийн үдийн их мөргөлийн дараагаар жагсаал цуглаан хийх төлөвтэй болж ирсэн. Гэвч хотын цэрэг цагдаагийнхан цуглаан хийх боломжыг энгийн иргэдэд олгохгүй байхыг хичээж байв. Хотын гол сүмүүдийн нэг Эмь-Эви-гийн ойролцоо орших Хамиди захад ирвэл, цөөхөн хүн арилжаа наймаа эрхлэн, маш бага тооны хүмүүс худалдаа хийж байлаа. Жирийн өдрүүдэд энд түм бужигнаж, худалдаа арилцаа өрнөж байдаг. Гэвч энэ өдөр бүгд л бие биенээ харсан тагнасан байдалтай нь илт мэдрэгдсэн юм. Энгийн иргэдийн олонхи цагдаа хүчний байгууллагынх болов уу гэж таамаглаж болохоор. Гудамжуудаар Сири орны тэргүүн Бешар Эсадийн зургийг наасан, туг далбааг намируулсан машинууд, дуут дохио хангинуулан давхилдахтай олонтой таарч байв. Захаас гарч өөр нэгэн томоохон гудамжинд очвол олон хүмүүс цугласантай таарсан нь машинуудаа туг далбаа, төрийн тэргүүнийхээ зургаар чимэглэсэн, Эсадийн засаглалыг дэмжигчидийн жагсаал байлаа. Энэ цуглаан зориудаар зохион байгуулсан жүжиг. Тэд ард олны хөдөлгөөнийг нийслэлд гаргахгүй гэсэн хичээсний нэгэн арга хэмжээ нь юм.
Бешар Эсадыг дэмжигч хэсэг залуус. Шөнө болтол дуут дохио дуугарган давхилдаж байв. |
Тэд оройг хүртэл дуут дохио хангинуулан давхилдаж, өнгө өнгийн гэрэлт пуужин харваж ард олны сэтгэл санаанд нөлөөлөхийг оролдож байлаа. Мөн олон тооны цэрэг, цагдаа энгийн хувцастайгаар гудамжинд эргүүл хийж, бичиг баримт шалгаж хяналтаа тогтоож байв.
29-ны Мягмар гараг. Дамаск хотын төв талбайд олон нийтийг хамарсан жагсаал болов. Жагсаалыг Бешар Эсад хийгээд түүний талынхан зохион байгууллаа. Телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсныг зарлалаа. Гэвч энэ нь бас л нэгэн улс төрийн жүжиг гэдэг нь удалгүй тодорхой болов. Огцорсон засгийн газрын сайд, дарга нар түр хугацааны турш үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.
Бешар Эсадыг дэмжигчдийн жагсаал. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. |
Жагсаал нь туг далбаа намируулсан авто машинууд, хамгаалалтанд гарсан цагдаа, энгийн хувцастай хүчний байгууллагагынхан жагсагчдын олонхи нь хүүхдүүд, өсвөр насныхан энэ бүгд мөн л нэгэн жүжиг болохыг тодхон харуулна. Бас бусад хотуудаас жагсаалд оролцогчдыг зөөвөрлөх нийтийн тээврийн автобуснуудыг ч олноор гаргажээ.
Жагсаал тарж, хотын гудамжаар 20-30 орчим хүний бүрэлдэхүүнтэй жижиг жагсаалуудыг олноор бий болгосон билээ. Тус арга хэмжээг зохион байгуулахын тулд сургууль, албан газраас хүмүүсийг зохион байгуулалттайгаар аваачиж байсны дээр, зорилго нь улсынхаа төрийн тэргүүнд ард олон нь хэрхэн итгэл үзүүлж байгааг харуулахад оршиж байв.
Жагсаалыг зохион байгуулсан
энгийн хувцас өмссөн цагдаа нар.
|
Жагсаал тарсаны дараа. Жагсаал оролцогчид 20-30 хүнтэй
хэсгүүдэд хуваагдан хотын гудамжаар, удирдагчаа дэмжихээ илэрхийлэн туг, лоозон
барьж жагсаж буй нь.
|
Үргэлжлэл бий . . . . . .
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл