Улс төрчид жилд ганц удаа нэг их сүрхий тоо бодох шаардлага гардаг. Энэ бол ирэх оны төсвийн хэлэлцүүлэг. Өөрийн тойрог, улс төрийн нам бүлэглэлдээ ахиухан мөнгө хуваарилахын тулд УИХ, засгийн газар дээр ил далд томоохон өрсөлдөөн өрнөдөг. Төсөв хэлэлцэх үед л УИХ-ыг гишүүд сая нэг хурал чуулгандаа идэвхтэй нь аргагүй сууж, дуугүй нөхдүүд юу болов гэмээр мэргэн цэцэн санаа оноо гаргаж эхэлдэг.
Энэхүү тоо бодлого жил болгон эрчимждэг утгаараа шинэ үзэгдэл биш. Тэгээд ч хуваарилалт нь төсвийн хэлэлцүүлгээсээ нилээн эрт шийдвэрлэгдсэн байх нь мөн байдаг л зүйл.
Энэ жил улсын төсөв гэх улс төрийн тоо бодлого дээр өөр нэг толгойгоо гашилгах ажил гарсан нь сонгуулийн тогтолцоог хэрхэн өөрчлөх тухай маргаан. Гэхдээ монголын улс төрийн амьдралд энэ асуудал цоо шинээр дэвшигдсэн зүйл бас биш ээ. Сонгууль болгоны дараа ялагдсан нам хүчин унасан шалтаг шалтгаанаа сонгуулийн тогтолцооноос боллоо хэмээн тунирхан гомдоллох. Сонгууль бүрийн өмнө ялахын тулд ямар хувилбар дээр тогтох тухай дор бүрнээ цээжний тооцоо бодох нь улиг улс төр болж дээ.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор 76 гэдэг тоог хичнээн ч янзаар хувилан хувааж үзэв. Нам хүчнүүд, улс төрчид тэрчлэн судлаачдын зүгээс 38:38, 50:26, 24:52, 52:24, мажоритар 76, пропорциональ 76, томсгосон болон жижгэсгэсэн 76 гэх мэтээр олон хувилбар дэвшүүлжээ. Тоонд муу нөхөр хүртэл бусдаас хоцрохгүйн тулд аль нэг хувилбар сайн тухай өөрийн төсөөллөө хэлэхээс өөр аргагүйд хүрч байх жишээтэй.
Энэ удаагийн сонгуулийн тоо бодлогод урьд урьдаас илүү ач холбогдол өгч, ямар ч гэсэн “ямар нэг өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь” гэх шийдэлд хүрснээрээ онцлог юм. Хамгийн сүүлд ярьж тохиролцсон хувилбар нь 48:28. Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшигчдийн 48-ыг нь хуучин шигээ сонгуулийн тойргуудаас сонгох бол үлдсэн 28-ыг намуудын өгсөн саналд хувь тэнцүүлэн хуваарилж 76 гишүүнийг бүрдүүлнэ гэсэн үг. УИХ дахь намын бүлгүүд тус бүртээ олон янзын хариу гаргаад, жил дамнан хэлэлцэж, эцсийн байдлаар гаргасан хувилбар энэ аж. Энэ удаагийн УИХ-ын чуулганы амжуулсан хамгийн том ажлын нэг.
Өнгөц харахад, арван настай хүүхэд бодчихоор энгийн тооны нийлбэр, хувь харьцаа яваад байгаа ч улс төрийн нарийн утга чанарыг цаанаа агуулж буй тул баргийн аавын хүү шууд бодоод дүнг нь тавьчихдаг зүйл биш. Хариугаа тус бүртээ бодож гаргаад, харилцан тохиролцсоны үндсэн дээр яг таг хариугаа гарган баталдаг нь улс төрийн тоо бодлогын онцлог юм бол уу. Ухаандаа улс төрийн дээд тоо учраас л ийнхүү 20 гаруй жил янз бүрээр тооцоолж, ийнхүү цаг хугацаа, хөрөнгө зардал үрж, уур бухимдал бараад байгаа хэрэг.
Нэг талаас сонгуулийн тогтолцооны ямар хувилбарыг сонгох нь тухайн нийгмийн болон улс төрийн хүрээнийхний итгэл үнэмшлийн асуудал. Нөгөө өнцгөөс бол улс орны эрх ашиг, нийгмийн төлөөллийг хэрхэн зөв хангах, улс төрийн тогтолцоонд ямар үр дагавар үзүүлэх, ардчилсан тогтолцооны хөгжилд хэрхэн нөлөөлөх гээд өргөн хүрээтэй асуудлыг тооцож байж эцсийн хариу гарах учиртай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал нь нам хүчин, улс төрчдийн ашиг сонирхол, нэг хоёр удаагийн ялалт авч ирэх бололцоотой тухай муйхар төсөөлөл, сэтгэл хөдлөл, баяр гунигаас ангид байх ёстой.
Товчхондоо 48:28 гээд бүх зүйл дуусахгүй гэсэн үг. Тойргоо хэрхэн хаагуур нь хуваах, мандатаа яаж хуваарилах, сонгуулийн босгыг хэдэн хувиар тогтоох гээд эцэслэн тогтоогүй олон бодлого дутуу үлдээд байгаа. Тэдгээрийг хэрхэн шийдсэнээс 48:28 гэх хариу зөв буруу эсэх тухай тэгшитгэлийн эцсийн хариу гарна.
УИХ дахь намын бүлгүүд дээрх улс төрийн тэгшитгэлийн хариугаа гаргаад ямар нэг шийдэлд хүрчихлээ гэж үзье. Гэхдээ шийдэлд хүрсэн гэдэг нь шийдвэр эцсийн байдлаар гарсан гэсэн үг бас биш ээ. Шийдвэр гарах гэдэг нь УИХ-ын сонгуулийн тухай хууль эцэслэн батлагдана гэсэн үг. Улс төрийн намууд тэгшитгэл дээрээ харилцан тохиролцлоо гэхэд цаг хугацаандаа багтаж хуулиа гаргаж амжих эсэх, хуулиа гаргаж амжлаа ч түүн дээр Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих эсэх, хориг тавиагүй байлаа гэхэд Үндсэн хуулийн цэц дээр маргаан гаргаж болзошгүй гээд олон хүчин зүйл тооны хариунд нөлөөлж таарна. Сонгуулийн шинэ хувилбараар УИХ-ын 2012 оны сонгууль явагдлаа гэсэн тэр үед л сонгуулийн тогтолцоо өөрчлөгдлөө гэж үзье. Тэр хүртэл зай ч байна, лай ч байна.
Өрнөдийн орнуудын улс төрийн ухаанд математик тооцоолол хийх туршлага нилээн хэдийн жилийн настай. Жишээ нь, ардчиллын урт удаан туршлагатай АНУ-ын зарим их сургуульд “Сонгууль, санал хураалтын математик” гэх тусгай курс хүртэл ордог. Гэхдээ улс төрчдөд биш тэр чигтээ судлаачдад зориулсан хэлбэрээр. Гол санаа нь муу улс төрчид гэж байхаас сонгуулийн муу тогтолцоо гэж байдаггүй болохыг тэнд зааж сургадаг. Харин улс төрийн намуудын гол зорилго бол онолын хувьд ч, практик амьдралаар ч сонгуульд ялах явдал. Тийм учраас тэд сонгуулийг ямар хувилбараар явуулбал өөрт ямар үр нөлөөтэй талаар тэс өөр улс төрийн математик бодох шаардлага гардаг. Бодсоор ч ирсэн. Цаашдаа ч бодож тооцоолсоор байх болно.
Харин монгол улс төрчдийн гол зарчим бол “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг үнэтэй”. Дараа жилийн сонгуульд ялах үндэс бол сонгуулийн тогтолцооны талаар бодлого биш харин улсын төсвийн хуваарилалт гэдгийг тэд хэнээр ч хэлүүлэлтгүй гадарлаж байгаа. Тиймээс гэрийн даалгаварт өгсөн 2 бодлогоос “ улсын төсөв” гэх бодлогоо сайн хийвэл онц авна гэж тооцоолж суугаа. Тэгээд ч монгол сонгогчид үл харагдах ямар нэг тогтолцооны шинэчлэлээр биш бодит үр дүн, өөрт нь юу нааснаар нь улс төрчдийг үнэлж дүгнэдэг хойно энэ нь ч зөв юм даа.
Маргаашийн сонгуулийн тогтолцооноос өнөөдрийн төсөв хөрөнгө чухал... Дүгнэлт хийх болоогүй л байна даа.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл