2012/01/04

МОНГОЛЫН ЧИНГИС ГЭДЭГГҮЙ, ЧИНГИСИЙН МОНГОЛ ГЭДЭГ


850 жилийн тэртээ баруун гартаа шагайн чинээ эр хар нөж атгасан нэгэн хүү Есүхэй баатрын гэргий Өүлэн эхээс мэндэлжээ. Тал нутаг, хиад боржигон аймгийн тэргүүний нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой тэр хөвгүүний тухай энэ л үеэс амнаас ам дамжин домоглон ярилцах болсон юм. Хүчтэй, зоригтой ер бусын удирдагч хүсэн хүлээсэн ард түмэн, түүнээс эмээх жижиг овог, аймгийн ноёдууд балчир хүүд асар их ач холбогдол өгснөөр ирээдүйн их хааныг бэлдсэн гэж болно. Түүнийг дөнгөж төрсний дараа Урианхайн Жарчиудай өвгөн Зэлмэ нэрт хөвүүнээ Тэмүүжинд өгсөн тухай мэдээ Монголын нууц товчоонд бий. 


Тэмүүжин ч өөрийг нь их хувь заяа, агуу үйл хэрэг хүлээж байгаад итгэл дүүрэн нэгэн болон өсчээ. Тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нөхдөө дагуулж, "хурганы үс гуужив, төлөгний бие төлжив" хэмээн өнчин хоцорсон Өүлэн эхийн өрх гэрийг довтлох үед тэрбээр дөнгөж арван гурван настай байв. Ураг садныхаа гэнэтийн довтолгооноос нуугдан балар ширэнгэд хорогдсон хүү ойгоос гарахдаа тохиолдсон саад бүрээ “намайг тэнгэр ятгаж байна” хэмээн ухаарч тайтгарч байсныг түүхэн сурвалжууд харуулдаг. Өөрөөр хэлбэл, идэрхэн Тэмүүжин далдын их хүчин, мөнх тэнгэрийн эвээлд байдаг гэдэгтээ бат итгэлтэй болсон гэсэн үг. Айл хэсч зарагдах шийтгэл түүнд тайчиуд цаанаа л нэг хүндэтгэлтэй хандаж байсан нь ирээдүйн их хаанаас эмээсэн хэрэг гэлтэй. 
Гадны голдуу зарим судлаачид ядуу, өнчин хүү гэнэт дэлхийн эзэн хаан болсон нь гайхамшиг, тайлагдашгүй нууц мэтээр бичдэг. Тэдний нүдэнд Тэмүүжин Чингис төрөхөөсөө тэнгэрт халих хүртлээ агуу их, суут байсан харагддаггүй бололтой.

Тухайн үед өрнөдөд хүртэл нэр алдар дуулдаж байсан Хэрэйдийн Тоорил хан тэнгэр хальсан андынхаа хөвгүүдээс Тэмүүжинг онцолж, орд өргөөндөө хүмүүжүүлж байв. Зүй нь Есүхэй баатарын ёслож авсан эхнэрээс төрсөн Бэгтэр, Бэлгүйтэйг тэгж тэтгэмээр. Есүхэй баатар эцэг нь ч тэр өөрийн хөвгүүдээс Тэмүүжинг л онцлож, түүнд охин гуйсан нь цаанаа учиртай байсан биз. 

Дэлхийн түүхэнд Чингис хааныг агуу их байлдан дагуулагч, цэргийн нэрт жанжин хэмээн бичих нь олонтаа. Харин Монголчууд бид л түүнийг төрийн гарамгай зүтгэлтэн хэмээн хүндлэн дээдэлдэг гэхэд хилсдэхгүй. Энэ бол туйлын үнэн бөгөөд зөв зүйтэй хэрэг. Эрх мэдэл, алт мөнгө, авгай хүүхэнд шунан дурлаж, бүхнийг гартаа төвлөрүүлсэн дорно дахины хуучинсаг хаад, ноёдоос тэрбээр эрс ялгарч байв. Төрийн эзэн болгон шашны тэргүүн, дээд шүүгч, жанжин байдаг хэвшмэл дүр төрхийг Чингис хаан бүр мөсөн эвдэж чадсан төдийгүй хүнийг гарал угсаа, эр эмээр нь ялгаж байсангүй. Тиймдээ ч түүнийг олон ухаалаг бүсгүйчүүд хүрээлж байсан юм. Мөн тэрбээр хүнийг таниж, хүнд итгэж, сайн нөхөр нь болж, өөртөө итгүүлж чадах ховорхон чадвартай нэгэн байжээ. Хэрэгтэй хүнээ, зөв албанд томилж, төрийн хэрэгт татан оролцуулж итгэж чадсан нь Чингис хааны амжилтын нэгэн үндэс. Ямар ч гэсэн есөн удаагийн ял зэмээс мултрах гавьяатай шадар нөхөд нь Чингис хаан төдийгүй түүний залгамжлагчдаас урваж гэм нүгэл үйлдсэн удаа байхгүй. 

Түүний удам, угсаа Монгол түмнийг ХХ зууны эхэн хүртэл удирдан захирч ирсэн. Дундад Азид XVIII зууныг хүртэл бусдыг удирдахад нэгэн л шалгуур тавьдаг. Тэр нь Чингисийн удам байх. Зарим ноёд алтан ургийн гүнжтэй гэрлэж төр барих замаа зассан нь ч бий. 

Эдүгээ манай оронд Чингис хаангүй зүйл ховор болжээ. Хүний нэрээс авахуулаад хүнсний бараа хүртэл түүний нэртэй. Хулгай хийгээд баригдсан Чингис гэгчийг зурагтын мэдээнээс хараад харамсаж суусан хэдий ч Монгол түмнийг дэлхийд данстай болгосон их хааныхаа нэрийг хэлэхээс айдаг үе ард хоцорсонд баяртай байгаа. Гэвч гадны хүн ирэхэд Монголчууд бид шүтээн болсон Чингис хааныхаа ганц ч музейгүй байгаа нь жаахан тиймхэн. Гэсэн хэрнээ их бүтээн байгуулалтын үедээ есөн жорын цус холилдсон коммунист дарангуйлагчид зориулж музей барьсан түүхтэй. 
Санаагаар болдог бол Лениний музейг Чингис хааны музей болгох юмсан. 

Монгол түмний суут хүү, дэлхийн их хаан Тэмүүжин Чингисийн алдар мөнх орших болтугай. 
А. Энхбат 

2 comments:

  1. Санал нийлж байна. Хэдэн жуулчин ирээд Чингис зочид буудал, Чингис шар айраг, Чингис архи, Чингис онгоцны буудал гэсэн л юм харж байгаа болохоос шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг огт авалгүй явдаг шүү дээ.

    ReplyDelete
  2. За хүн болгон ингэж л хэлж байдышдээ. Тэгээд өөрчлөгдөу байгаа нь хаа байгаан. Та нар нээх их мундаг сэтэртэй улсууд. Юугаа нээсэн олж харсан гэж ийм мундаг сэтэр зүүдэг байнаа. Түүх бол шинжлэх ухаан. Бидэнд шинэ юм хэрэгтэй байна. Түүнээс биш захын өвгөн ч амандаа бувтанаж байдаг ийм зүйлс хэрэггүй.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)