2012/05/08

АРХИДАЛТЫН ЭСРЭГ ГУРВАН САНАЛ


Монголын ЭМЯ, ДЭМБ болон бусад байгууллагын суурь судалгаанаас харахад насанд хүрсэн хүн амын талаас илүү хувь буюу 55.2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг, хүн амын 13.6 хувь нь архинаас хамааралтай амьдардаг, 5 хүн тутмын 1 нь долоо хоног бүр архи хэрэглэдэг, жилдээ 140 мянгаас доошгүй хүн эрүүлжүүлэгддэг, архидалтын золгүй тохиолдлоор жилдээ 1000 орчим хүн нас бардаг, хүнд гэмт хэргүүдийн 72 хувь нь архитай холбоотой, улсын төсвийн 20-30 хувийг архи, согтууруулах ундаанаас олдог, 270 хүн тутамд нэг архи борлуулах цэг оногддог ажээ. 


Архидалтыг зөвхөн социализмын үед хойд ах нараас сурсан мэтээр ойлгож, ярьцгаадаг нь эндүү юм. Баарны үүд сахин шөнөжин архидахыг одооны залууст орос эрчүүд заачихаагүй. Харин “Баасан” гуай төрсөн өдрөөрөө сүрхий уруу татдагийг бүгд мэднэ. Энэ нь өөрийн гэмийг бусдад нялзаах рефлексийн шууд үр шим л байх даа. Социализмын үед ч сэмхэн хүртчихдэг нэгнээ хөнгөхөөн донгодчихдог байсан тухай яриа цөөнгүй дуулддаг. Түүнийгээ кинонд буулгасныг “Мөнгөн буйл”-аас эхлүүлээд нэрлэж болно. Харин хор, уршиг нь өнөөдрийнх шиг тэгтлээ их байсангүй бололтой.

Архинд донтох өвчинтэй тэмцэх тэмцэл эрчимтэй өрнөж байсан 1985-1990 онуудад манай улсын нэг томоохон хотын архины хэрэглээний байдлыг судлан үзэхэд хүн амынх нь 87.5 хувь нь огт хэрэглэдэггүй, 10.6 хувь нь тохиолдлын чанартай уудаг, 1.2 хувь нь байнга уудаг, 0.7 хувь нь архинд донтох өвчтэй байжээ.

Хүн амын олонхийн буюу нийгмийн архидалтанд хүргэдэг томоохон хүчин зүйл бол яах аргагүй ажилгүйдэл, ядуурал. Ихэнх улс төрчид архины үйлдвэрлэл ба бизнестэй шууд холбоотой байдаг. Үүнийгээ ч тэд Х.Баттулга гишүүний санаачилсан хуулийн төсөл дээр нэгэнт батлаад харуулчихлаа.

Архи уудгийг нь архичин гээд нэрлэчихсэн. Тэднийгээ өөд уруугүй чичлэж, өдөр шөнөгүй нүд үзүүрлээд улам цаашлуулчихна. Харин архийг үйлдвэрлэгч, худалдаалагчдийг нь топ татвар төлөгч, тэргүүний бизнесмен, шилдэг аж ахуй нэгж гэхчлэн өргөмжлөөд дээш нь залчихдаг. Ингээд л бидний архитай тэмцэх “сүржин нэртэй” нүсэр кампанит ажлууд дуусгавар болно доо.

Жил ирэх тусам архи, согтууруулах ундаа хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэж, насжилт улам залуужиж байгаа нь нэн харамсалтай. Ирээдүй хойч үедээ санаа тавьдаг хүн бүрийн сэтгэлийг түгшээсэн асуудал яалт ч үгүй мөн. 

Экс ерөнхийлөгч байтугай эзэн “Чингис”-ээ хар, шар, морьтой, морьгүйгээр нь нэрлээд ууж байна. Улсынхаа “Монгол” нэрийг нь хайрлалгүй архины саванд нааж байхад чанартай, чанаргүй орон нутгийн архины үйлдвэр “Азийн чоно”-оор тогтохгүй нь мэдээж.

Архидалтаас үүдсэн сэтгэцийн төрөл бүрийн өвчин, амиа егүүтгэх, хавдар, халдварт бус өвчнүүд, элэгний цирроз гэх мэт 60 гаруй төрлийн өвчин, эмгэгийн жагсаалт байдаг. Дотооддоо үйлдвэрлэдэг болон гадаадаас импортлодог архи, шар айраг, дарс болон бусад согтууруулах ундааг спиртэнд шилжүүлэн тооцвол насанд хүрсэн нэг хүнд 3 литр цэвэр спирт жил бүр оногддог гэсэн статистик сонсогддог.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиас эхлүүлээд архидалтын эсрэг хөтөлбөр, эмчилгээний дараах хөтөлбөр, гэр бүлийн хөтөлбөр болон бусад холбогдох журам гээд маш олон эрх зүйн баримт бичиг манайд байдаг ч түүнийгээ бодитой хэрэгжүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж чаддаггүй. 

Улс орныг живүүлж буй архидалтын эсрэг тэмцлийг төр хийгээгүй биш хийсэн. Үүнд нь иргэн ч, иргэний нийгмийн байгууллага ч, зарим хувийн хэвшил ч идэвхитэй оролцсон. “Архичин”-тай нь тэмцэнэ гээд бөөн бөөнөөр нь алсын дүүрэг, аль эсвэл өнөөх шар хад гээчрүү баахан зөөсөн. Тус болоогүй. “Архи”-тай нь тэмцдэг гээд тонн, тонноор нь асгаж, устгасан. Бас л нэмэр болсонгүй. 

Шингэн зэвсгийн шидээр чимээгүйхэн сүйрч буй ирээдүйгээ төсөөлөхөд даанч харамсалтай. Гэхдээ архидалтын өвчлөлөөс хүн амаа аварч гаргасан цөөнгүй улсын туршлага байдаг юм билээ. Түүнээс иш татаж өөрийн саналыг сийрүүлж сууна. Үүнд:

Нэгд, Архины градусыг жилээс жилд багасгаж байх. Олонд алдаршсан “сүртэй” нэртэй “гоё” савтай сархадуудаас гадна ямар спиртээр, хэний технологиор, хаана савласан нь тодорхойгүй бүх архины градус нь 38-аас дээш байдаг. Тэр хэрээрээ хүний биед хор, хөнөөл учруулдаг нь ойлгомжтой. Үүнийг өөрчилж ядаж жил бүр “ганцхан” градус л хасаад байхад монголчууд 2030 онд 20 градусын архи ууна. Одоогийнхоос мэдээж дээр биз дээ.

Хоёрт, Архины савлагааны хэмжээг жижигрүүлэх. Хүн ууж байгаа архиныхаа хэмжээнд огт хяналт тавьж чаддаггүйгээс гадна савыг нь суллаж байж салдаг монгол зан бий. Жишээ болгоод хэлэхэд хоёр Хангүг нөхөр хамт суунгаа жижиг ногоон шилтээсээ ганцыг мулталчаад ханамжтай алхдаг. Харин бидний монгол цаана нь дахиад байж хэмээнэ сачий нь хүрвэл “сархад савнаасаа бусдыг дийлдэг”-ийг нотлоно. Тиймээс архины савлагагааг 0,3 мл томдоо 0,5 мл байхаар тогтоох хэрэгтэй. Эхлээд чамлах ч удахгүй сурчихна.

Гуравт, Архины хор, уршгийн талаар ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулах. Хүндхэн сорилт, бэрхшээлийн дунд туулсан нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих урт хугацааны үйл явц амаргүй байсан. Картын бараанд багтааж өрх бүхэнд “сар бүр хоёр шил архи” тарааж байсан шигээ архидан согтуурахын хор уршгийн талаар дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах ёстой. Хариуцлагатай төр ингэж чадна. Өөрөө уудаг байсан, одоо ууж байгаа ах нь дүүдээ, аав нь үрдээ, өвөө нь ачдаа сургамж хэлэх нүүргүй болжээ. Хэлээд ч тусгах ухаан том байтугай багад нь ч алга. Нэг үеийг угжсан бол бас нэгэн соён гэгээрүүлэх нь ухамсарт төрийн үүрэг.

Эдгээр суурь санааг хууль, журмын хүрээнд бодитой санаачлага болгон төрийн байгууллагууд ашгийн бус ирээдүйн төлөө ажлаа уялдуулж чадвал “АРХИЧИН МОНГОЛ” гэж дэлхийн зурагт тэмдэглүүлэх хувь заяаг тойрохсон. “Монгол хүн хэвлийдээ хөлчүүрхдэг” гэх доромж үгийг батлахгүйн тулд одоо эхлүүлцгээе, сэрцгээ Монголчуудаа!

Судлаач: Н.Батсүмбэрэл
Твиттер хаяг: batsumberel304

2012.05.05

1 comment:

  1. this guy piss of shit,why cause u drink a lot vodka too,1st start yourself ok...

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)