2012/05/03

ДАНСРАНБИЛЭГИЙН ДОГСОМ


Догсом 1884 онд Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай вангийн хошууны нутаг Шинэбулаг хэмээх газар харц ард Дансранбилэгийн хүү болон мэндэлжээ.

Гэрийн сургалтаар бичиг үсэгтэй болсон  тэрбээр 12 насандаа хошууны тамгын газар бичээч, 15 настайдаа Далай вангийн хошууны тамгын газар түшмэл, Сэцэн Хан аймгийн Хэрлэн барсын чуулганд бичээчээр тус тус ажиллаж байв. Удалгүй дэвшиж Олноо өргөгдсөн Монгол улсын Сангийн яаманд бичээч, Цэргийн яаманд эх зохиох түшмэлээр ажиллаж Богд хаанаас бичгийн гавъяаны дэд зэрэг, хурц билэгт цолоор шагнагдсан. 


1915 оны Хиагтын гурван улсын бага хуралд эх зохиох түшмэлээр, 1915-1916 онд Засгийн газраас томилсон газар дэлхийн баялгийг шинжлэх комисст тус тус ажиллаад зогсохгүй Улсын доод хуралд өөрийн санал, бодлоо үг хэлэх, бичиг өргөх зэргээр илэрхийлж байсан тухайн үеийн нийгмийн идэвхтэй хэсгийн нэг ажээ.  

Д.Догсом бол Зүүн Хүрээний бүлгийн үндэслэгчийн нэг. ЗОУ-аас тусламж гуйхаар одсон долоон хүний дунд “Георгий” нэртэй явсан түүхтэй. Ардын засгийн Дотоод яамны эрхэлсэн түшмэл, Цэргийн яамны дайчлан бүртгэх хэлтсийн эрхлэгч, Засгийн газрын төлөөний түшмэл, Ховд, Алтанбулагт суух Засгийн газрын төлөөний сайд, БНМАУ-аас ЗСБНХУ-д суух бүрэн эрхэт элчингийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн хэлтсийн эрхлэгч, Хувьсгалын музейн дарга, Улаанбаатар хотын захиргааны дарга, Тагна Тува улсад суух бүрэн эрхт элчин төлөөлөгч, БНМАУ-ын бага хурлын даргын албан тушаалуудыг хашиж явсан төр, нийгмийн зүтгэлтэн манай анхны дипломатч, их бичгийн хүн гээд түүнийг магтаад байвал барагдашгүй.   

Тэрбээр 1935-1936 оны хооронд Манжуурт болсон хэлэлцээрт улсаа төлөөлөн оролцож байлаа. Түүний хичээл зүтгэлийг үнэлэн төр засгаас 1926 онд бичгийн гавъяаны улаан тугийн одон, 1934 онд цэргийн гавъяаны улаан тугийн одон, 1936 онд Алтан гадас одонгоор, Тагна Тува улсын байлдааны гавъяаны одонгоор шагнасан байдаг.  

Д.Догсом журамт нөхдийнхөө хамт Сюй-Шу-Жаны хаалганд наасан бичиг, ЗОУ-аас тусламж гуйсан МАН-ын бичиг зэрэг нам хувьсгалын түүхийн сурвалж бичгүүдийг боловсруулахад эх зохиогчийн хувьд идэвхтэй оролцсон.  

Түүнийг 1921 оны сүүлчээр “засгийн албанаас зайлсхийв” хэмээн ажлаас чөлөөлж намаас арга хэмжээ авсан боловч жанжин Д.Сүхбаатарын саналаар Цэргийн яаманд авч ажиллуулсан нь бий.  

1929 онд Догсомыг ганган хээнцэр, барууны үзлийг баримталдаг хэмээн буруутгаж намаас хөөсөн бол 1930 оны 11 сард гаргасан өргөдөл болон Албанбулагийн хоршооны ажилчдын хүсэлтийг Намын хянан байцаах Төв комисс хэлэлцээд түүнийг намыг байгууллах, үндэсний ардчилсан хувьсгалыг ялалтанд хүргэхэд байгуулсан гавьяа зүтгэлийг харгалзан, алдаагаа зассан гэж үзээд МАХН-д дахин элсүүлсэн баримт байдаг. 

Түүний тухай жолооч нь байсан Д.Адилбиш: Догсом гуай бол их төлөв дөлгөөн сайхан ааш зантай хүнийг аашлах, загнах гэж ер үгүй хайрламаар удирдагч, “Гандан уулын цэцэг” хэмээх дууг их сайхан аялан дуулдаг, анд дуртай, сайн ч анчин байсан гэж дурсжээ.

Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Улсын бага хурлын даргын алба хашиж байсны хувьд тэрбээр Ж.Лхүмбийн хэрэг хилс ташаа болох тухай ерөнхий сайд А.Амар, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав нартай ярилцахад А.Амар сайд зөвшөөрч байжээ. Догсом 1938 онд ”...одоо мөн ч хэцүү цаг болж байна даа. Энэ мэт олон хэргээр өчнөөн олон хүмүүсийг алах, үүний нөгөө талаар эмнэлгийн ажил муугаас ард түмнийг энд тэнд олноор үхүүлж” байна хэмээн Дотоод Яамны орлогч орлогч сайд Б.Лосолтой уулзахдаа хэлсэн гэдэг.

Д.Догсомыг 1939 оны 7 сарын 9-нд ЗХУ-ын Аюулаас хамгаалах байгууллагад шилжүүлэн баривчлуулж түүнд японы тагнуул, 1939 оны 7 сарын 11 –ний өдөр төрийн эргэлт хийж Х. Чойбалсан болон нам, засгийн удирдагчдыг алж устгах гэсэн хэмээн хилс ял тулгаж харгис хэрцгийгээр байцаан тамлан зовоон 2 жил болсний эцэст ЗХУ-д хаалттай шүүхээр цаазаар авах ял оноож ялыг 1941 оны 7 сарын 27- нд гүйцэтгэв.   

Түүнд холбогдох хэргийг БНМАУ-ын Дээд шүүх хянаж 1962-1-25 ны 78 дугаар тогтоолоор цагаатгасан байна.

Д. Догсом яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, түүхч эрдэмтэн түүний хайрт Жинжий Бадамдаа зориулж үг аяыг нь зохиосон “Хөх торгон дээл”, “Дөрвөн уулын дунд” зэрэг дуунууд нь эдүгээ ардын дуу болон мөнхөрчээ. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)