2012/09/04

KONY БА ДЭЛХИЙН ШИНЭ ДЭГ ЖУРМЫГ ТОГТООГЧИД


Дөнгөж сая “Кony2012” гэдэг баримтат сурталчилгааны кино үзэв. Нийгэмд байдаг (эсвэл зөвхөн миний хувьд ч байж магад) уламжлалт сэтгэлгээнээс эрс тусдаа шинэ үзэгдлийн бий болж байгаа талаар төсөөлөлтэй болж авлаа. Товчхондоо сэтгэл хөдөлж, сэтгэгдэл төрлөө л дөө. Юуны өмнө “Kony” буюу Кони гэж хэн болох талаар хайж  мэдсэнээ товч хуваалцъя. 


Жозеф Кони гэж хэн бэ?
Уганда гэх төв африкийн нэгэн улсад Жозеф Кони гэж хүнд гар байх. Одоо 50 настай. 20 гаруй жилийн тэртээ Библийн сургаалд үндэслэн Угандад шашны засаглал ноёрхсон төр байгуулах зорилгоор “Бурханы арми” гэх зэвсэгт бүлэглэл байгуулсан байна. 1985 онд буюу 23 настайгаасаа үеэл эгч, увидастан гэгдэх Эллис Лаквенийн нөлөөгөөр улс төр, шашны үзэл нь бүрэлдэж эхэлсэн гэдэг. Эллис мөн төр засгийн авилгачдыг цээрлүүлэх, эгэл ардын зовлонг эцэслэх зорилготой гэх улс төр-шашны бүлэг “Ариун сүнсний хөдөлгөөн”-ийг үндэслэгч бөгөөд 2007 он хүртэл Угандагийн томоохон хотуудыг эзлэн хяналтдаа байлгаж байсан аж. Эгчийнхээ үйлсийг залгамжлагч Кони ариун зорилгодоо хүрэхийн тулд “нүгэлт” бүх хүмүүсийг тонилгохыг хүсдэг агаад “нүгэлт” хүмүүсийг галд шатаах, зүсч тасчих байдлаар шийтгэдэг гэдгээс нь айж 2 сая гаруй африкчууд оршин суугаа газраасаа дүрвэсэн байдаг. Тэрчлэн 1988 оноос хойш зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаандаа дайчлахын тулд 60-100 мянган хүүхдийг хулгайлсан гэх мэдээ бий. Бүлэглэлээ тэжээх, зэвсэгээр хангахын тулд Конгийн алмазыг дээрэмдэж, үүнээсээ олон сая долларын ашиг олдог байна. 

“Ариун сүнс” гэж өөрийгөө өргөмжилсөн Конигийн бүлэглэл “шинэ ертөнц” байгуулахын тулд 1986 оноос хойш 150 гаруй мянган жирийн хүний амь насыг хөнөөжээ. Барууны нийгэмд африкийн “Бен Ладен” гэж цоллогдох болсон Конигийн зэвсэгт бүлэглэл нь зөвхөн Уганда төдийгүй төв африкийн 4-5 улсын нутгийг дамнан хяналтдаа байлгадаг тул өдгөө түүнийг илрүүлэхийн тулд дэлхийн олон орон ихэд хүч чармайлт тавьж байна. Тухайлбал, америкийн 100 тусгай дайчдаас гадна английн 50 орчим цэргийн зөвлөх, францын 30 гаруй аюулгүй байдлын зөвлөхүүд төв африкт ажиллаж байна. Үүнээс гадна Өмнөд Судан, Конго, Төв африкийн БНУ, Угандагийн  100 мянга орчим цэрэг дайчид араас нь хөөцөлдөж байна. Түүнийг одоо болтол илрүүлж чадахгүй байгаагийн шалтгаан бол нэвтрэхэд бэрх ой шугуйд байрлахын зэрэгцээ орон нутгийн авилгалч түшмэдүүдтэй хуйвалдан өөрийгөө нууцлах, цаашлаад бусад алан хядагчдыг илрүүлсэн арга шиг холбооны хэрэгслээр нь байршлыг нь мэдэх бололцоо байдаггүйд оршино. 

Ямартай ч тэр муу үйлдлээрээ олонд танигдсан нэгэн ажээ. Тийм бол ийм муу этгээдийг улам бүр зард гаргах ямар шаардлага байна вэ? 

“Од болгох” ажиллагаа
Хүн төрөлхтөн сайн талын баатар хэмээн тооцсон хэн нэгний дүрээр хөшөө дурсгал барьж, хана туурган дээр сийлж, тэрхүү одыг биедээ шивж, тэмдэг, цамц, зүүлт хийн гоёдог явдал хаа сайгүй байдаг аа. Манайд гэхэд социализмын үед Д.Сүхбаатар, В.И.Ленин нарын дүрстэй төрөл бүрийн зүйлээр ихэд гоёдог байв даа. Хүүхэддээ хүртэл тэдгээр алдартнуудын нэрийг хайрладаг байжээ. Өдгөө бол Чингисийн дүр хаа сайгүй. Ямар сайндаа архи болгон Чингис нэртэй болох шахахав дээ. Дэлхий дахинд Че Гевара гэж мундаг баатар байна жишээ нь.   

Урьд бол хэн нэгэн хүн нийтэд танигдахын тулд юун түрүүнд өөрийн хүслээр өөрөө чармайж байж үр дүнд хүрдэг байв. Тийм од болохын  тулд хүн төрөлхтөн сайнаас аваад саар олон үйл сэдэж, хийж байлаа. Харин Кониг зартай болгохын тулд олон улс оронд залуучуудын идэвхи санаачлага дээр тулгуурласан жинтэй кампани өрнөж байх юм. Түүнийг “од болгож”, дэлхий дахины анхаарлыг татах замаар олон улсын зүгээс нэн яаралтай шийтгэх зорилгыг агуулж байна. Од болгох буюу алдаршуулах гэдэг нь заавал эерэг сайнаар байх албагүй болжээ. Адгийн новшид арга хэмжээ авахын тулд алдаршуулах шаардлага бас байж болохыг анзаарч авлаа. 

Улс төрд лобби хийх гэж ойлголт байдаг. Төрд шахалт үзүүлж, үр дүндээ хүрэхийн тулд жагсаал цуглаан хийх, өлсгөлөн зарлах, өөрийгөө шатаахаас аваад хахууль урамшил өгөх, захидал өргөдөл хүргэх олон янзын арга байдаг. Харин “Кony2012” кампани бол лоббизмын хувьд шинэ технологи, өвөрмөц үзэгдэл. Түүний давуу тал мэдээллийн технологийн дэвшил дээр тулгуурласанд оршино. Лобби нь үр дүнгээ өгч байгаа нь дээрх баримтаас харагдаж байна. Муу санаагаар таамаглавал, өрнөдийн улс орнуудын засаг төрийн санаачлага, эрх ашиг ард нь явж байж болзошгүй юм. Мэдээж түүнийг олзлох улс төрийн хийгээд эдийн засгийн шалтгаан бий. Гэхдээ л тавьж буй зорилго нь давгүй хийгээд авч ашиглавал догь санаа аж. Ямартай ч тэрхүү кампанид идэвхтэй оролцож, өөрсдийн үйл ажиллагааны чиг зорилго буянтай гэдэгт итгэж яваа залууст буруу өгөх шаардлагагүй.

“Кony2012” кампани эцсийн үр дүндээ энэ ондоо хүрнэ гэж найдна. :) Соц-нэтворкийг саараасаа илүүтэй сайн үйлсэд ашиглах явдал дэлгэрч байвал тун сайн хэрэг. 

Соцнэтворк үе мандтугай.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.kony2012.com/  сайт руу орж танилцаарай. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)