Түүний чихэнд анхлан гурвантаа шивнэсэн нэр нь Дугар. Долоон настай байхдаа бурханы шавь болж лам багшаасаа Чойбалсан гэх сахилийн нэр авч энэ л нэрээр түүхэнд мөнхөрчээ. Тэрбээр 1895 онд Хорлоо гэх эхээс бутач хүү болсон мэндэлсэн. Түүний эцгийг эрдэмтэн Л. Бат-Очир Манжуур дахь дагуур Монголын Суврагчин отогоос цагаачлан ирсэн Жамц гэдэг хүн юм гэж тодруулсан нь бий.
Дугар багадаа тун дүрсгүй тархи байсан учир ”Оодогийн чоно” гэдэг хочтой байжээ. Тэрбээр 16 нас хүрдэг жилээ Нийслэл Хүрээ орж хар бор ажил хийж байгаад Хаант Оросын консулийн газрын дэргэд байгуулагдсан орос, монгол хэлний сургуульд орсон байна. Энэ үед Богдын засгийн газар 14 хүүхдийг шилж Эрхүү хотод сургах болоход Дугар түүнд багтжээ.
Ингээд Эрхүү хотод байхад нь 1917 онд Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамнаас дуудсан бөгөөд тэрбээр Нийслэл Хүрээнд ирж Гадаад яам, цахилгаан мэдээний хорооны газруудад алба хаах болов. Энэ үед түүнд Богд хаан хайр хишиг хүртээж дэд зэрэг, тогосын отгоор шагнасан байдаг.
Х.Чойбалсан тухайн үед өөрийн багш Д. Бодоогийн гэрт амьдарч, түүнийг хувьсгалч үзэлтэй Оросуудтай уулзахад нь хэлмэрчилж байсан ба консулын дэнжид нууц бүлгэмийг байгуулалцжээ. Хувьсгалчид Чойбалсанг Иван, Зайцев, Чоймбилов, Чойбал гэх мэт нууц нэрээр нэрлэдэг ба тэрбээр ЗОУ-аас тусламж гуйх, цэрэг элсүүлэх, МАН-ын үзэл сурталын номлогчоор ажиллаж байлаа.
Хиагт хотыг чөлөөлсний дараа түүний үйл ажиллагаа гол төлөв цэргийн салбарт, байлдааны талбарт шилжсэн. 1921 онд Ардын засгийн газраас Ардын журамт цэргийн дэд жанжины тушаалд дэвшүүлэн Улсын түшээ гүн зэрэг олгосон ба мөн оны намар тэрбээр МХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар сонгогдов.
Чойбалсан 1922 онд бэйсийн хэргэм, хоёр нүдэт тогосын отго, мөн онд цагаантны үлдэгдлийг устгахад гавьяа байгуулсан учир Д. Сүхбаатар, Хатан баатар Магсаржав нарын хамт ЗОУ Улаан тугын одонгоор шагнагджээ.
Түүнийг 1922 онд Москва хотноо ЗБНХОУ-ын Гадаад хэргийн ардын комиссариаттай хэлэлцээр хийж яваад ирэхэд нь дотны хүн багш Д. Бодоог нь бүх албан тушаалаас нь огцруулж намаас нь хөөсөн байсан бөгөөд өөрийг нь дэд жанжины тушаалаас нь огцруулсан байв. Гэвч удалгүй Чойбалсанг хязгаарын ба нутгийн цэргийг шалган байцаах түшмэлээр томилсон ба 8 сарын дараа ЗОУ-ын Москва хот дахь цэргийн дээд сургуульд явуулжээ. Тэрбээр 1924 оны зун эх орондоо эргэн ирэв. Энэ үед МАХН-ын 3 их хурлын хуралдааны явцад Сангийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин С. Данзангийн үйл ажиллагааг шүүмжлэн, буруу шаан шалган шийдвэрлэж түүнийг, хурлын дундуур буудан алсан бөгөөд Х. Чойбалсанг Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгож, С. Данзангийн оронд Бүх цэргийн жанжины тушаалыг түр хамааруулсан байна. Гэсэн хэдий ч эрдэмтэн Л. Бат-Очирийн судлан үзснээр бол «Юутай ч 20-30-иад оны зааг дахь хэдэн жил нь Чойбалсангийн хувьд гутрал дампуурлын нэгэн зурвас үе байсан бололтой.
1935 онд ерөнхий сайд П. Гэндэнгийн санал И. Сталины зөвшөөрснөөр Х. Чойлбалсанг ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилон удалгүй улсын маршил / өрлөг жанжин / цолоор шагнав. Х. Чойбалсан 1936 онд Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайд, 1937 онд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, 1939 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд боллоо. Ийнхүү тасралтгүй дэвшиж нам, төрийн бүх эрхийг гартаа атган тахин шүтүүлэгч болж хувирсан байна. Түүний үед Дотоод яам нам, хувьсгалын зүтгэлтэн, хэдэн арван мянган лам хуварга, гэм зэмгүй ардыг Сталинизмын бие төлөөлөгч, сургагч нарын шахалт, коминтерний заавраар улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдүүлсэн нь түүхэн үнэн.
Гэхдээ эх орныхоо төлөө 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол ардын Хувьсгалт цэргийг ерөнхийлөн командалан ялалт байгуулж эцэстээ өөрөө хэлмэгдсэн улс төрийн зүтгэлтэн, Монгол түмний хүн бол Х. Чойбалсан.
1951 оны сүүлчээр тэрбээр бөөрний хорт хавдар гэсэн онштойгоор ЗХУ-д эмчлүүлэхээр очсон боловч 1952 оны 1 сарын 25-нд Москва хотын Кремлийн эмнэлэгт мэс засалын орон дээр маршил 57 насандаа хорвоог орхин оджээ. Тэр үед ард түмэн хайрт удирдагчаа уйлан хайлан угтаж эцсийн замд нь үдсэн.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл