2012/04/21

СОЛИЙН ДАНЗАН


Солийн Данзан 1990-ээд хүртэл хойч үедээ эсэргүүн, урвагч, ардын дайсан хэмээгдэн адлагдаж, кино, уран зохиолд эсрэг дүр болон ирсэн хувьсгалчдын нэг. Тэрбээр 1885 онд Сайн Ноён хан аймгийн Сүжигт бэйс Сандаг-Очирын хошуунд (одоогийн Архангай аймгийн Хотонт сум) харц язгуурт хамжлага Бумын Бат-Очирын том охин Соль хэмээх эхээс мэндэлжээ. 


Соль нөхөрт гарахдаа бутач хүү Данзанг өвөг эцгийн гар дээр үлдээжээ. С.Данзан 10-аад насандаа лам багшид шавь орсон боловч удалгүй сайн эрийн замыг сонгож адуу малыг аймаг алгасуулан хөөх болов. Нутгын өвөгчүүлийн ярьснаар “Өөхөн Хорлоо” гэдэг хочтой. Учир нь мань эр залуудаа айлд хонь гаргаж өгөхдөө сэмжийн малгай дотроо хийж байгаад баригдснаас үүдэлтэй аж. Хожим нь Нийслэл Хүрээ, Дээд Шивээ, Дээд Yд, говь нутгийн хооронд панз үсэргэж, нилээд хөлжөөд улмаар Нийслэл Хүрээнд суурин амьдрах болсон байдаг. Удалгүй Богдын засгийн газрын Сангийн яамнаа түрээсийн түшмэлээр ажилд оржээ. 

1915-1916 оны үед барон Виттегийн удирдсан эдийн засгийн шинжилгээний ангид Элбэгдорж Ринчиногийн хамт ажиллаж, Хөвсгөл хавийн нутгаар судалгаа хийхэд оролцсон. Ийнхүү ХХ зууны эхэн үеийн Монголын улс төрийн голлох лидерүүд анх учирсан байна. 

С.Данзан нь Эрхүү хотод байгууллагдсан “МАН-ын хилийн чанад дахь товчоо” хэмээх байгууллагын даргаар сонгогдсон тэр үеэс Коминтерн болон ЗОУ-тай холбоо тогтоох ажлыг гардан гүйцэтгэж байсан ба ЗОУ-д очиж хэлэлцээр хийх төлөөлөгчдийг ахалж, “МАН-ын Онц эрхт төлөөлөгчдийн дарга” хэмээгдэн явжээ. 

Тэрбээр МАН-ын төв хорооны анхны дарга, Ардын түр засгийн газрын тэргүүлэгч гишүүн, Ардын журамт цэргийн Сурган боловсруулах газрын дарга, Засгийн газрын жинхэнэ орлогч сайд, Сангийн явдлын яамны сайдын албан тушаалуудыг хашиж байсан нэгэн.  


С.Данзан Хүрээ-Жанчхүүгийн замд байгуулагдсан Фу Лай Хо хэмээх автотээврийн пүүсэнд хувь нийлүүлэгчээр элсч, Англи Амеркийн Бөрман, Смит, Вильям зэрэг пүүсүүдтэй хамтран ажиллаж бизнесээр хөлжиж, хувьдаа 3 том байшин, хэд хэдэн машинтай болсон байна. Данзан Ардын засгийн хүчингүй болгосон хятадын пүүсэнд төлөх өрийг сэргээж төлүүлөхийг оролдсон. 

Тэрбээр улс орноо капитализмын замаар хөгжүүлэхийг зорих болсноор намын нөлөө бүхий лидерүүд Э. Ринчино, Ц. Дамбадорж нартай зөрчилдөх болов. 1924 онд болсон намын 3-р их хурал дээр Коминтерний өгсөн чиглэлийг үндэслэн Э. Ринчиногийн боловсруулсан хөрөнгөтний хөгжлийн  шатыг алгасан эв хамтын байгуулалд шилжих тухай зургаан зүйл бүхий саналыг эрс эсэргүүцэж, харин улс үндэстэн нийгмийн хөгжлийн тодорхой шатуудыг алгасалгүйгээр дэс дараатайгаар туулах ёстой. Иймээс Монгол орон капитализмыг алгасаж болохгүй гэсэн үзэл баримтлалаа хамгаалж байлаа.  

Намын гишүүдийн хурал дээр С. Данзан “Элбэгдорж бол Оросын суулгасан төрийн хутгуур, Элбэгдорж бол хувьсгалын эсэргүү эзэрхэг харгис дарангуйлагч этгээд юм. Намайг Элбэгдорж зайдалж байна. Элбэгдорж өнөөдөр намайг тонилгоод маргааш та нарыг тонилгох болно”(О. Батсайхан Элбэгдорж намайг зайдалж байна.  “Ил товчоо “1995) хэмээн  эрс шулуун өгүүлсэн нь бий. Иймээс Монгол Ардын Намын 3-р бага хурал дундуур С. Данзанг  дайчлан баривчилж 1924 оны 8 сарын 30-ны үүрээр буудан хороожээ. 

Түүний үйл хэрэг, амьдралд алдаа оноо, гэрэл сүүдэр хамтдаа оршиж байлаа. Үзэл бодлын зөрүү, эрх мэдлийн өрсөлдөөнөөс  үүдэн анд нөхөр Д.Бодоогоо хэлмэгдүүлэн хөнөөхөд гол рольтой байсан нь Монгол оронд  улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхийг тавьсан өөрөө ч хэлмэгдсэн. Монголын төр 1962 онд Солийн Данзанг цагаатгасан байдаг. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)