2013/08/07

ИРАНЫ ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БА ТҮҮНИЙ ЭРГЭН ТОЙРОНД-I

Лалын шашны их мөргөлийн өдөр буюу өнгөрөгч баасан гариг Ираны шинэ ерөнхийлөгч Хасан Рухани тангараг өргөж, ажилдаа оров. Ийнхүү дэлхий ертөнц түүнийг мэддэг боллоо. Тэр хүн төрөлхтний түүхэнд 80 гаруй сая хүн амтай Лалын Бүгд Найрамдах Иран Улсын ерөнхийлөгч гэж бичигдэх төдийгүй өөр асар олон цол гуншин хоч, үйл хэрэг, өнө хожимийн сайн муу дүгнэлтүүдийг дагуулна.  

Ираны үндэсний телевиз ерөнхийлөгчид нэр дэвшигчийг танилцуулахдаа “Агайе Хасан Рухани” хэмээн урин ширээнд суулгасан. (Агайе хэмээх нь ноён гэсэн утгатай бөгөөд Иль хаадын үеэс перс хэлэнд орж ирсэн Монгол хэлний ах хэмээх үг) 

Сонгуулийн мөрийн хөтөлбөр, баримтлах гадаад бодлого, үзэл санаагаа тайлбарлахдаа тэрбээр бусад таван нэр дэвшигчдээс үнэхээр ялгарч байлаа. Эрс шулуун, прагматик, шинэчлэгч үзлээ дипломат инээмсэглэлээр чимсэн Хасан Рухани нэр хүндээрээ дээд удирдагч Али Хаманэе, ерөнхийлөгч асан Хашими Рафсанжани, Мухаммед Хатами нарын зиндаанд тооцогдоно. 

Ираны Дотоод хэргийн сайд Мустафа Мухаммед Нежжарын мэдэээлэлд “Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд 50 орчим сая сонгогч санал өгөхөөр бүтгүүлсэн. Үүнээс 36 сая 704 мянга 156 хүн санал өгснөөр сонгуулийн ирц 72,7 хувьтайгаар хүчин төгөлдөр болжээ. 18 сая 613 мянга 329 сонгогч буюу нийт санал өгсөн иргэдийн 50,7 хувь нэр дэвшигч Хасан Руханид санал өгч тэрбээр Ираны Лалын хувьсгалаас хойших долоо дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон байна”. 

Хасан Рухани гэж хэн бэ?
 Хасан Рухани 1948 оны 11 сарын 12-нд Иран улсын Сэмнан мужийн Соркэ тосгонд төржээ. Түүний эцэг, эх гэр бүл Ираны Шахын засаглалыг хүчтэй эсэргүүцэгчид байсан нь түүний улс төрийн замналд гол нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Тэрбээр 1960 онд Сэмнанийн хотын шашны сургуульд орсон бөгөөд улмаар жилийн дараа Ираны шашны төв болох Кум хот луу явж үргэлжүүлэн суралцах болжээ. Ийнхүү Хасан Рухани шашны болон орчин цагийн боловсролд шамдсаар 1969 онд Тегераны Их Сургуулийн Хууль зүйн факультетэд элсэн орж 1972 онд төгссөн байна. 

Тэрбээр улс төр, шашны үйл хэргийнхээ хажуугаар зуун орчим ном бичиж, олон судалгааны ажил хийсэн бөгөөд 1999 онд Glasgow Caledonian Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. 

Залуудаа Ираны шашны хувьсгалын удирдагч Аятолла Хомэйнийн сургаалийг дагаж, түүнтэй дотносох замаар улс төрийн амьдралаа эхэлсэн тэрээр 1965 онд Иран орноор тойрон Шахын засаглалын эсрэг ухуулга хийх болсон бөгөөд энэ шалтгаанаараа ч олон удаа баригдаж, хоригдож байв. 1977 онд Аятолла Хомэйнийн хүүгийн оршуулах ёслол дээр үг хэлэхдээ Хасан Рухани Ираны шашны хувьсгалын удирдагчийг анх удаа “Имам” (Уг нь бол Лалын шашны номлогч гэх утгатай. Гэхдээ шийт урсгалын хувьд Аллахын элч гэж ойлгогдоно) гэж хүндэтгэн нэрлэж түүний нэр хүндийг улам өргөсөн аж. 

Хувьсгалын дараа буюу 1980 онд Хасан Рухани Исламын Зөвлөх Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Иран-Иракийн дайны үед Батлан Хамгаалах Дээд Зөвлөлийн Дайнд Туслах Дээд Хорооны гишүүн болж Ираны цэрэг армийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсон бөгөөд дайны дараа түүнийг “Ялалт” медалиар шагнажээ.  

1988-1989 онд Жанжин штабын дэд тэргүүн, 1989 оноос Үндэсний Аюулгүй Байдлын Дээд Зөвлөлийн гишүүн болж хоёр удаа Батлан хамгаалах хорооны дарга, хоёр удаа Гадаад бодлогын хорооны дарга, Ираны парламентийн даргын үүрэг гүйцэтгэгч, Үндэсний Аюулгүй Байдлын Дээд Зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2003-2005 он хүртэл, мөн 1992 оноос Ираны Стратеги судлалын төвийн тэргүүнээр өнөөг хүртэл ажиллаж байв. Тэрбээр энэ хугацаанд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэн Ираны цөмийн хөтөлбөрийн талаар Анли, Франц, Германд болсон хэлэлцээрт Ираны талыг ахлан оролцож, тухайн үедээ баруунд буулт хийж Натанзийн цөмийн байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлцэлд хүрч байжээ. 

Хасан Рухани Үндэсний Аюулгүй Байдлын Дээд Зөвлөлд одоогийн Ираны дээд удирдагч Али Хаманейгийн төлөөлөгч хийж байхдаа тухайн үеийн ерөнхийлөгч Хашими Рафсанжани, Мухаммед Хатеми нарын аюулгүй байдлын зөвлөх гэсэн албыг давхар хашсан. Ингэж тэрбээр Ираны ковсерватив хүчин болох шашны бүлэглэлийн лидер ч гэлээ шинэчлэгч үзэл санаатай улс төрийн лидерүүдтэй ойртож чаджээ. 

Түүний туулсан улс төрийн замнал Иранд төдийгүй баруунд хүлээн зөвшөөрөгдсөн лидер болгосон бөгөөд энэ түүний хамгийн том давуу тал юм. Өөрөөр хэлбэл, тэр баруун ертөнцөд төдийгүй дэлхийн улс төрд шинэ хүн биш юм. Түүний сонгуулийн гол хөзөр нь гадаад бодлого байв. Тэрээр “Би хүмүүст итгэл, төрд сайн засаг бий болгох гэж энд байна. Иранд сайн сайхныг бий болгож, эдийн засгийг босгож, дэлхий дахинтай хөл нийлүүлэхийн сацуу нийгэмд ёс суртахууныг авчирна” гэж хэлсэн. 

Хэдий консерватив хүчнээс гаралтай ч Хасан Руханийг Ираны улс төрийн шинэчлэгч хэсэг хүчтэй дэмждэг. Тиймээс ч ард түмэн түүнийг улс төрийн хүчнүүдийн эвийг олж чадах лидер хэмээн үнэлэх болсон. Түүний эдийн засгийн хямралыг давах бодитой саналууд, ардчилал, хүний эрхийг хангах тухай зоримог үгс шинэчлэгчдийн лидер болох ерөнхийлөгч асан Хашими Рафсанжани, Мухаммед Хатеми нарын талархлыг хүлээсэн юм. Шинэчлэлд дуудсан түүнийг шашны талыг баримтлагчид хүртэл дэмжсэн. Үүний жишээ нь Ираны шашны төв болох Кум хот гэхэд Хасан Руханигийн төлөө 100 хувь санал өгсөн явдал юм. 
Тэр англи, герман, франц, орос, араб таван хэлтэй. Facebook идвэхтэй хөтлөгч, Twitter-т лав түүний нэрээр дөрөв, таван хаяг бий. Өөрөө биечлэн жиргэдэг нь @HassanRouhani гэх энэ хаяг болов уу. 

Үргэлжлэл бий . . . 
А. Энхбат 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)