2013/08/12

УЛС ТӨРД НӨӨЦ БАЯЛГИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ БА МОНГОЛ УЛС

Сүүлийн үед Монголын эдийн засгийн үзүүлэлт унаж, гадны хөрөнгө оруулалт зогсон, төсөв их хэмжээгээр дутагдаж буй тухай асуудал олон нийт, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээний ярианы чухал сэдэв болов. Үүсч буй хямралыг "баялгийн хараал", "голланд өвчин" зэрэг эдийн засгийн шинжтэй ойлголтуудаар тайлбарлаж болохын сацуу улс төрийн агуулгатай "байгалийн баялгаас хамааралт төр", "баялгаа харамлах үзэл" зэрэг ухагдахуунаар учир зангилааг тодорхойлж болно. Доор нийтлэсэн өгүүлэл нь энэ хавар гарсан эрдэм шинжилгээний сэтгүүлд зориулагдсаны улмаас гүйлгэн ойлгоход бэрхшээлтэй "модон хэлтэй" байгааг урьдаас сануулахын зэрэгцээ хэлэх гэсэн гол санаа оноог маань ухаж ойлгохыг хүсч байгааг минь болгооно уу. 


Түлхүүр үг
Рантье улс, неопатримониалист төр, баялгийн национализм 

Оршил
Монгол улс сүүлийн жилүүдэд ашигт малтмал, уул уурхайн салбарын тэлэлтээс шалтгаалж, нийгэм, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхий дахинд дээгүүрт бичигдэн, бүс нутгийн төдийгүй дэлхийн хүчирхэг улс гүрнүүд, үндэстэн дамнасан корпорациудын анхаарлыг ихээр татсан улс орны нэг болсон. Энэхүү хөгжил дэвшлийн эерэг үзүүлэлтийг дагалдан хүрээлэн буй орчны бохирдол, баялгийн оновчгүй хуваарилалт, баян ядуугийн ялгаа улам бүр холдож буй зэрэг сөрөг үзэгдлүүд тулгарах болов. Ялангуяа эрдэс баялгийн арвин нөөцтэй холбоотойгоор нийгмийн үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан засаглал, тогтвортой хөгжлийн хандлага зэрэг нийгэм-улс төрийн төлөвшилд эерэг сөрөг янз бүрийн үйл явц өрнөж буйг эрдэмтэн судлаачид хийгээд олон нийт янз бүрээр илэрхийлж байна. 

Нийгэм, улс төрийн тогтолцоонд байгалийн нөөц баялаг, түүний үзүүлэх үр нөлөөний тухай асуудал орчин үед онолын хийгээд практик чухал учир холбогдолтой сэдэв юм.  Хорь гаран жил замнаж ирсэн ардчиллын тогтолцоонд байгалийн баялгийн үзүүлэх нөлөөнөөс шалтгаалж, эрүүл хандлагыг эвдэж, урхаг үр дагавартай, эргэж засагдах аргагүй “эмгэгтэй” улс төрийн тогтолцоо бүрэлдэх вий гэсэн болгоомжлол нэг бус ажиглагдах болов. Сүүлийн жилүүдэд ОНМХ болон судалгаа шинжилгээний өгүүлэл нийтлэлүүдэд “олигархи төр”, “улс төрийн хүчнүүдийн бэлэн мөнгөний амлалт”, “баялгийн хараал”, “гадныхантай хуйвалдсан эрх баригчид” гэх популист маягийн ойлголтууд нилээн гарах болсон. Нөөц баялгийг эрх баригч бүлэгт багтагсдын хувийн сэдэл сонирхлоор зарцуулах, “нөөц баялаг”-т гадныхны оролцоог хязгаарлах үзэл өргөжих, баялгийн оновчгүй хуваарилалтын улмаас нийгмийн хөгжил саатах зэрэг үзэгдэл, үйл явцын учир шалтгааныг гадны судлаачид хэдийнээс судалж тодорхойлж ирсэн байдаг. 

Байгалийн баялаг болон ардчилсан тогтолцоо, улс төр эдийн засгийн модернизацийн хоорондын хамаарлын талаар тодорхой онол, үзэл баримтлалууд бий. Тухайлбал, нөөц баялгийн нөлөөгөөр нийгэм-улс төрийн тогтолцоо, олон нийтийн санаа бодолд гарч буй өөрчлөлтийг тодорхойлсон “неопатримониалист” болон “рантье төр”, “нөөц баялгийн үндэсний үзэл” зэрэг сөрөг үр дагавар бүхий асуудлыг тодорхойлсон ойлголт, онол хандлагууд байдаг. Эдгээр онолын хүрээнд хөндсөн улс төрийн үйл явц, хөгжлийн загвар, шинж тэмдэг Монголын өнөөгийн нийгэмд илэрхий ажиглагдах болжээ. Иймээс онолын түвшинд томьёолсон асуудлыг авч үзэх замаар Монголын улс төрийн тогтолцоонд гарч буй сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлыг тодорхойлохыг зорьлоо.  

Неопатримониалист төрийн дэглэм (хувь эзэмшлийн төр)-ийн тухай ойлголт
Патримониализм (patrimonium-эзэн захирагчийн хувийн сан хөмрөг) хэмээх нэр томьёог анх германы судлаач М.Вебер болхи бүдүүлэг эдийн засагтай жижиг, тусгаарлагдмал хүй нэгдэл, нийтлэг ялангуяа колонийн үеэс өмнөх африкийн овог аймгуудын улс төрийн тогтолцоог нэрлэх зорилгоор хэрэглэсэн байна. Патримониализмын гол онцлог бол хувийн нэр хүнд, эрх мэдлээр захирдаг “том хүн” гэх ойлголт юм. Эгэл ард бол “том хүний ивгээл”-д нь багтах этгээд төдий юм. Төрийн эрх мэдэл бол хувь хүний шинж чанартай байх бөгөөд нийтийн аливаа асуудлыг хууль журмаар бус захирагчийн хүсэл сонирхлоор шийдвэрлэдэг байдгаараа онцлог. [1] 

Ийм засаглалын шинж чанарыг Ромын эзэнт улс болон дундад зууны Ойрхи Дорнод дахь султаны дэглэм, XX зууны сталинизм, фашист болон маоист дэглэм, орчин цагийн Африкийн зарим улсаас харж болох аж. 

Неопатримониализм нь уламжлалт патримониал ноёрхлын элементийг өөртөө шингээсэн нийтийн засаглалын хэв маягт хамаарах ойлголт юм. Өрнөдийн улс төрийн шинжлэх ухаанд неопатримониализмын үзэл хандлага модернизацийн сонгодог онолын хүрээнд боловсорч гарч иржээ. Судлаач Ш.Эйзенштадт “неопатримониализм”-ыг уламжлалт болон орчин үеийн дэглэмийн өвөрмөц “синтез” байдлаар Ази, Африк, Латин америкийн хөгжиж буй нийгэм дэх улс төрийн тогтолцоо, төрийн институцийн хөгжлийн загварт нийтлэг ажиглагдаж буй хэв маяг гэж тодорхойлжээ. Өргөн утгаараа неопатримониалист дэглэм бол бусармаг эсвэл алаг цоог шинжтэй модернизаци үйл ажиллагааг хэлнэ. 

Украины улс төр судлаач А.А.Фисун неопатримониалист тогтолцоон дахь үйл ажиллагааны үндсэн 3 зарчмыг тэмдэглэсэн байна. Үүнд: 
1. Зах хязгаараас хараат бус, тусгаарлагдмал, улс төр, эдийн засгийн болон бэлэгдэл зэрэг бүхий л нөөцийг төвлөрүүлсэн улс төрийн төвтэй. Тэрхүү нөөц, байр суурийг бусад нийгмийн давхрага, бүлгүүд ашиглахыг хаан боогдуулж, тэдгээрт хяналт тавихыг эрмэлздэг.
2. Эрх баригч бүлгийнхэн хувийн эзэмшил өмч (патримониум) адилаар төрийг удирдан залж, нийгмийн янз бүрийн институци, үүргийг төр засгийн эзэд хувьчилж, төрийг хувийн ашиг орлогын эх үүсвэрээ болгож байдаг.
3. Угсаатан, отог омог, шашин, гэр бүл төрөл төрөгсдийн хэлхээ холбоо арилддаггүй төдийгүй орчин үеийн улс төр, эдийн засгийн харилцаанд төрөл арилжуулан сэргээж, тэдгээрийн үйл ажиллагааны зарчим, арга замыг тодорхойлж байдаг. [2]

Францийн судлаач Ж.Ф.Медар неопатримониалист тогтолцоо бий болох гол хүчин зүйлийг “гүйцэд хөгжөөгүй төр улс” (underdeveloped state) гэж томьёолсон байна. Өөрөөр хэлбэл, шилжилтийн эсвэл хөгжиж буй улс төрийн тогтолцооны загвар бус харин хэвшмэл нөхцөл болчихсон улс төрийн тогтолцооны хэлбэр юм. Ийм улс үндэсний эрх баригчдын гол зорилго бол хөгжил гэхээсээ улс төр дэх хувийн оршин тогтнолоо хангах, дэг журмыг тогтооход л чиглэж байдаг. Неопатримониалист дэглэмийн үндсэн шинж чанар бол улс төрийн хүрээг бизнесийн салбар төдий зүйл болгон хувиргах явдал юм. Ийнхүү бүх нийтийн улс төрийн салбар хүрээ хувийн мэдэлд очсноор улс төрийн нөөц нь эдийн засгийн нөөцийг олж авах арга хэрэгсэл болж, улмаар баялаг улс төрийн засаглалын эх сурвалж биш, эсрэгээр улс төрийн эрх мэдэл баяжихын уг сурвалж гэж тооцогдож эхэлдэг аж.

Монголын улс төрийн тогтолцоо “хувьчилагдсан” уу
1990-ээд оноос нийгмийн шилжилт хийсэн посткоммунист орнуудад неопатримониалист дэглэмийн хэв шинж ажиглагдаж байгаа талаар судлаачид авч үзсэн байна . 

Монголд төрөл садны хэлхээ холбоо, улс төрийн нам дамнасан бизнес ашиг сонирхлын бүлэглэл, “нутгийн зөвлөл” дагасан төрийн албаны тогтолцоо, ашигт малтмал, нөөцийн ордууд дахь улс төрчдийн ил далд хэлхээ холбооны талаар нэр бүхий улс төрч, сэтгүүлч, судлаачид ярилцлага, нийтлэлээр дамжуулан асуудал хөндөх болов.  Тэдний үзэж буйгаар улс төр, эдийн засгийн томоохон бодлого шийдвэр хувь хүмүүсийн явцуу эрх ашгаар тодорхойлогдох явдал илт ажиглагдах болжээ. ОНМХ дэх “олигархит төр” гэх ойлголтоор шийдвэр гаргах түвшинд улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн тохиролцоогоор үндэсний стратегийн шинжтэй нөөц баялгийг өөрсөддөө ашиглах бололцоог хангахад чиглэсэн тогтолцоог тэмдэглэсэн гэж хэлж болно. Өмнөговь аймгийн Тавантолгой, Нарийн сухайтын орд, Ховд дахь Хөшөөтийн уурхай, Сэлэнгэ аймаг дахь “Болд төмөр ерөө гол”, Сүхбаатар аймгийн “Цайрт минерал” компаниудын эзэмшиж буй стратегийн шинжтэй ордуудыг цөөн хэдэн улс төрчийн ивгээл хамгаалалт дор, хуулиас давсан гэрээний нөхцлөөр ашигладаг тухай яриа хэл цөөнгүй гардаг.  

Төрийн бодлогыг явцуу сонирхлоор залах үзэгдэлд монголчуудын төрөлсөг, нутгархаг уламжлалт хандлага багагүй нөлөөлдөг. Нийгмийн хөгжлийн явцад энэхүү чанар сулрах бус харин ч өргөжих төлөвтэй болжээ. Улс төрийн тавцан дахь Увс, Ховдын бүлэглэл, Хотын фракцын ил далд нөлөөгөөр албан тушаалын хуваарилалт оногддог нь нууц биш юм. Ялангуяа улс төрийн сонгуулийн дараагаар аль нэг нутаг орныхон яам агентлаг, төрийн өмчит компаниудыг тэр чигт нь “эзэмших” явдал анзаарагддаг. 2012 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн засгийн газрын тэргүүн болон эрх баригч намын фракциудын нөлөөллөөр өөрсдийн хүн, төрөл төрөгсдөө зохих албанд томилох нь ердийн үзэгдэл болжээ. 

Нийгэмд хувь эзэмшлийн шинжтэй төрийн үүрэг роль ихэсч, төрийн алба данхайхад нөөц баялгийн нөлөө ч багагүй үүрэг гүйцэтгэж байна. Улс орнуудын улс төрийн тогтолцооны төлөвшилд байгалийн нөөц, эрдэс баялгийн үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар америкийн улс төр судлаач Майкл Росс авч үзжээ. Тэрээр газрын тос, ашигт малтмалын экспортод тулгуурласан эдийн засаг тухайн орнуудын ардчилсан хөгжлийг саармагжуулахад хүргэдэг гэж дүгнээд, ардчилах үйл явцад газрын тос, байгалийн баялгаас олж буй орлогын нөлөөлөл саад учруулдаг болохыг дараах хүчин зүйлстэй холбон тайлбарласан байна.  Үүнд: 

1. “Татварын нөлөө эффект” багтана. Байгалийн нөөц баялагтай орнуудын засгийн газар нийгмийн хурцдмал байдлыг арилгахын тулд мөнгө санхүүг ихээр зарцуулах бөгөөд эсрэг тохиолдолд ард түмэн, нийгмийн зүгээс хариуцлага хүлээх шаардлагад дарагдах юм. Нөөц баялагтай орны эрх баригч дэглэм иргэддээ татвар оногдуулах нь “зохисгүй хэрэг”. Иймд тус улсын оршин тогтнолыг хангахын тулд экспортын орлогоо ашиглахад хүрдэг. “Татвар төлөхгүй бол төлөөлөл байхгүй” гэх сонгодог зарчмын дагуу эрх баригчид ард олны санаа бодлыг сонсож хүлээж авах, тэдний эрх ашгийн төлөөлөх шаардлагагүй болдог байна. 

2. “Төрийн зарлагын нөлөө эффект”. Нөөц баялгийн орлого нь “төрийн зарлагын нөлөө”-г өсгөдөг. Энэ нь төрөөс нийгмийн “тэтгэмжийн”  зардлыг өсгөх хэдий ч ардчилсан үйл явцад сөргөөр нөлөөлж эхэлдэг. 

3. “Социал бүлгийн нөлөө эффект”.  Нөөц баялгийн мөнгөөр хахсан эрх баригчдын дэглэм, түүнийг ашиглан бие даасан нийгмийн бүлгүүдийн төлөвшилд саад хийхийг эрмэлздэг.  

4. “Залхаан цээрлүүлэлтийн нөлөө эффект” буюу нөөцийн орлогоо эрх баригч дэглэмийг хамгаалах, ардчилсан хөдөлгөөнийг дарах зорилготой цагдаа, тусгай албанд үрж эхэлдэг. 
5.“Модернизацийн эсрэг нөлөө эффект”. Газрын тосны орлогын урсгал хотжилт, боловсролын түвшин, мэргэжлийн боловсон хүчний хангамжийг бууруулах нөлөөтэй юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн дэвшлийг хангах, иргэдийн ухамсар, өөрийгөө удирдах чадварыг дээшлүүлэх, хамтын шаардлага, үйл ажиллагааны зохицуулалтыг төлөвшүүлэх, төр засгаас хараат бус иргэний нийгмийг хөгжүүлэхэд саад учруулдаг гэсэн үг. Ийнхүү нөөц баялгийн салбарын эзэрхэл нь хөгжлийн хэвийн явцыг гуйвуулж, нийгэм улс төрийн харилцаанд хүчтэй нөлөө үзүүлдэг гэж дүгнэсэн байна.[3]

Монголын төр засаг ч нөөц баялгийн орлогоос үүдэн аяндаа данхайхад хүрч байна. Хэдийгээр нэг хүний дангаар ноёрхол шууд тогтох боломжгүй ч “хүч нөлөө”-тэй нэгний гар хөл болсон улс төрийн хүчин, бүлэглэлүүд улс төрийн тоглоомын дүрмийг тодорхойлох бололцоо бүрэлдэж байгааг үгүйсгэх аргагүй. Байгалийн нөөц баялгийн хүчин зүйл нь жижиг орны улс, эдийн засгийн шинэчлэлд сөргөөр нөлөөлсөн тохиолдол нэг бус байна. Улмаар “эрлийз” буюу хуурамч ардчилал бүрэлдсэн гашуун туршлагын талаар судлаачдын олон зохиол бүтээлд өгүүлсэн байдаг.  

Дээрх хандлагын хүрээнд Монголын улс төрийн амьдралд ажиглагдаж буй үзэлдлийг нэгтгэн томьёолж болно. Үүнд: 
1. Байгалийн баялаг (rent)-т баримжаалсан “улс төрийн бизнес” хандлага газар авч, улс төрийн албан тушаал, эрх мэдэл нь хувийн эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгсэл гэж тооцох хандлага ажиглагдах болсон. 
2. Төр захиргааны алба, аппарат нь улс төр эдийн засгийн өрсөлдөөний талбар болж, сөрөг бүлэглэлийнхээ хүч нөлөөг хязгаарлахад ашигладаг зэмсэг болсон. 
3. Улс төр, бизнесийн салбар нь нэг цул болон бүтэцлэгдэж, улс төрийн сонгуулиар бүрэлдэх институци нь төрөл садан, нутаг усныхан, намд гавъяа зүтгэлт нэгнээ тэтгэн дэмжих (tribalism) шат дамжлага болж хувирч байна. 

Тэрчлэн “хүнд сурталт неопатримониализм” буюу төрийн хүнд суртлаар бизнесийн салбарыг хянах, түүнийг ашиглан эдийн засгийн ашиг хонжоо олох сонирхол бүхий улс төрийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхижих болов. Үүнд нам хүчнүүд доторх хийгээд нам дамнасан бүлэглэл, фракциудыг тооцож болох талтай. Жишээлбэл, Алтангадас, Хотын фракц болон бусад нэр нөлөө бүхий хувь улс төрчөөр толгойлуулсан бүлэглэлүүдийг нэрлэх байна.

Мөн “олигархийн неопатримониализм” буюу байгалийн баялагт чиглэсэн бизнес-улс төрийн бүлгүүдийн төр, хувийн хэвшлийг дамнасан сүлжээ нь төрийн шийдвэр гаргах механизмыг өөрийн ашиг сонирхолд захируулах сонирхолтой үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр ажиглагддаг. “MCS”, “Шунхлай”, “Женко”, “Ажнай”, “МАК” зэрэг томоохон компаниудын эзэд ашиг орлогын эх үүсвэрээ хамгаалах, шинэ эх үүсвэр эзэмших ил далд сонирхлын улмаас бизнесээс улс төр лүү орсныг ажиглагчид илэрхийлж байна. Ялангуяа ашигт малтмалын томоохон орд газруудад хяналт тогтоох, төрийн бодлого шийдвэрээр өөрсдийн хувь эзэмшлийн орд газруудаа хамгаалуулах эрх ашиг явж байгааг ОНМХ-ээр явж буй хэлэлцүүлэг сэдвээс бэлээхэн харж болно. 

Рантье улсын (Байгалийн баялгаас хараат улс) тухай үзэл санаа
Улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны онолд “рантье-төр улс” (rentier state) нэр томьёогоор байгалийн нөөц баялгийн экспортын рент орлогоос (rent) улс үндэсний бүх болон зонхилох орлого бүрддэг улс орныг нэрлэж ирсэн. Уг онолыг 1970 онд Ираны судлаач Хуссейн Махдави (Hossein Mahdavy) анх томьёолжээ.[4] Мөн газрын тос, хий гэх мэт байгалийн нөөц арвинтай улс орнуудын зэрэгцээ валютын нөөц зэрэг санхүүгийн арга хэрэгслээр баян, тэрчлэн өөрийн стратегийн нөөц бололцоогоо (жишээлбэл, нутаг дэвсгэр дээрх томоохон цэргийн бааз) ашиглан ашиг хонжоо олдог улс үндэстнийг тодорхойлох нь бий.[5] 

Египетийн эдийн засагч Хазем Беблауи (Hazem Beblawi) рантье улсыг тодорхойлох нөхцөл байдал гэдэгт: 
1. Рент буюу байгалийн нөөц баялгийн нөхцөл байдал давамгайлсан, 
2. Эдийн засаг гадаад рент орлогоос ихээр хамааралтай, үүнээс шалтгаалаад дотоодын аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, 
3. Хүн амын багахан хэсэг байгалийн баялгийн ихэнхийг ашиглах, хуваарилах эрх мэдлийг гартаа авсан байдаг, 
4. Засгийн газар нь гадаад рент орлогын гол “эзэн” байж, хүн амд хувь хишгийг нь хүртээх гол үүрэг ролийг гүйцэтгэж байдаг гэсэн 4 шинж чанарыг онцлон тэмдэглэсэн байна. 

Эдгээр орнуудын орлогын эх үүсвэр гадны хамааралтай байх агаад  дотоодын аж үйлдвэр, ХАА-н эдийн засагт эзлэх хувь хэмжээ бага байдаг. Нөөцөд тулгуурласан рантье улсын хувьд ардчилал, иргэний нийгмийн хөгжүүлэхэд багагүй сорилт бэрхшээлтэй тулгардаг аж. Беблауигийн үзэж буйгаар рантье улсын уг чанараас шалтгаалаад нөөц баялагтай орнууд авторитар дэглэмтэй байх нь түгээмэл ажиглагддаг байна. Өөрөөр хэлбэл, ашигт малтмал, эрчим хүчний нөөц арвинтай улс орнуудын улс төрийн тогтолцоог бүхэлдээ “рантье” чанар тодорхойлдог ажээ. Судлаач Махдавигийн үзснээр хүн амын зонхилох хэсэг буюу масс төртэй харилцах үйл явцад ач холбогдол өгдөг болохоос эдийн засгийн урт хугацааны өсөлтийн хүчин зүйлд багахан анхаардаг буюу эсвэл ор анхаарал хандуулдаггүй байна. 

“Рантье төр улс”-ын талаар үзэл баримтлалыг Ойрхи дорнод, Өмнөд америкийн судлаачид дэлгэрэнгүй судалсаны зэрэгцээ сүүлийн үед Дундад ази, Оросын эрдэмтэн судлаачид идэвхтэй анхаарал хандуулж байна. [6]

Монгол “раньте улс” мөн үү
Монголын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ жилээс жилд өсч байна. 2012 оны байдлаар Монголын ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96 хувийг (үүнээс 43.7% нь нүүрс, 22% нь зэсийн баяжмал, 13.7%-ийг төмрийн хүдэр, 8.7%-ийг газрын тос эзэлдэг. Цаашдаа 98%-ийг эзлэх төлөвтэй). [7] Улсын төсвийн орлогын 1/3, ДНБ-ын 25%-ийг (2016 онд 40% болох төлөвтэй), аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүний эзлэх  хувь 70 гаран хувийг тус тус эзлэх болжээ. [8] Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт үндсэндээ алт, нүүрс, төмрийн хүдрээс олох орлогоос хамаарч буй бөгөөд эдийн засгийн макро түвшин, эдийн засгийн өсөлт, инфляци, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын хөгжил бүхэлдээ ашигт малтмал, уул уурхайн салбараас хамаарч байна. Тэрчлэн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг компаний эзэд зонхилохын зэрэгцээ УИХ, засгийн газар зэрэг шийдвэр гаргах институцид ашигт малтмалын бизнес эрхэлдэг улс төрчдийн тоо улам бүр өсөх болов.  

Уул уурхайн салбарын хөгжил нь нэг талаас байгалийн нөөц баялагт суурилан аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх нөхцөл бололцоог илтгэж буй хэдий ч ажиллах хүчний нөөц хомс, гадны хөрөнгө оруулалтын эмзэг мэдрэмтгий чанар, газар зүйн түгжигдмэл нөхцөл, дэд бүтэц, техник технологийн хоцрогдол, төрийн бодлогын тогтворгүй байдал зэрэг олон сөрөг хүчин зүйлийн улмаас тэр бүр ахицтай хөгжихгүй байна. Монгол улс эдийн засгийн девирсификацид анхаарал хандуулж, голланд өвчин, баялгийн хараат байдлаас сэргийлэх бодлого баримтлахыг эрмэлздэг. Гэвч ашиг малтмалын экспортын хязгаарлагдмал нөхцөл (нийт экспортын 93% нь БНХАУ-тай хийгдэж байна), геополитикийн эмзэг байдлаас шалтгаалаад эдийн засгийн либералчлал тэр бүр амжилттай явагдахгүй байна. Дэд бүтцийн альтернатив гарцгүйн (одоогийн ашиглагдаж буй төмөр зам нь оросын өмч) улмаас хараат эдийн засгийн тогтолцоотой болоход хүрдэг. Энэ нөхцөл байдал нь аяндаа “бүрэн рантье улс” болох төлөв рүү түлхэж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, Африк, Дундад Ази, Латин америк, Ойрхи дорнодын “түүхий эд”-д суурилсан эдийн засагтай, нөөц баялгийн экспортоос бүрэн хараат орнуудтай нэг түвшинд ангилагдаж байна гэсэн үг. 

Баялгийн национализм (Resource nationalism)-ын зорилго, арга хэлбэр
 “Баялгаа харамлах үзэл” буюу баялгийн национализм нь өөрийн нутаг дэвсгэр дээрх байгалийн нөөц баялагт хяналт тавих зорилготой нийгмийн болон төр засгийн үзэл хандлагыг илэрхийлсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл, эрдэс баялгийн салбар дахь гадны оролцоонд тааламжгүй хандах олон нийтийн уур амьсгал хийгээд төр засгийн бодлогын илрэл юм.

Эдийн засаг, улс төрийн шалтгаанаар стратегийн болон бусад ашигт малтмалыг олборлох, ашиглах асуудлаар засгийн газар хариуцлагыг өөртөө авах байдлаар асуудлыг зохицуулах янз бүрийн оролдлого хийдэг. Уг салбар дах гадны компаниуд хийгээд улс гүрнүүдэд “мөлжүүлэхгүй” байх, тэдний оролцоог шахахын тулд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлдэг ажээ. Үүнд, гадны хөрөнгө оруулагчдын хувь хэмжээг хязгаарлах, татвар, роялтийг өсгөх, гадаадын эзэмшлийн компаниудыг үндэсний эзэмшлээр зарлах, хөрөнгийг нь шууд албадан хураах зэрэг аядуу ба хатуу янз бүрийн бодлого, арга явууллагаар илэрдэг [9]. Үүнд, 2006 онд Боливийн газрын тос, хий олборлолтын салбарыг улсын мэдэлд авах үйл ажиллагаа, Венесуэлын  2007, 2011 онд гадны хөрөнгө оруулалттай газрын тос, алт олборлогч компаниудыг шахах бодлого, Аргентины газрын тосны компанийг үндэсний мэдэлд шилжүүлэх үйл явцыг нэрлэж болно. 

Байгалийн баялагтай холбоотой үндэсний үзэл түүхий эд, бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш өсч буй үед өргөжих хандлагатай нь ажиглагддаг. Тухайлбал, алт, зэсний дэлхий зах зээлийн үнэ ханш өсөх хандлагатай байсан 2007 онд УИХ-ын хэсэг гишүүдээс 68%-ийн гэнэтийн ашгийн татварыг санаачлан батлуулж байсан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн салбар уул уурхайн экспортын орлогоос хамааралт байдал буюу рантье улсын байр суурь нь ийнхүү улс төржих нөхцөл байдал руу түлхэхэд хүрдэг ажээ. Энэ нь нөөц баялгийн экспорт нь тухай орны хүн хийгээд улс төрчдийн хувьд гадныханд “ашиглуулаад” байгаа мэдрэмж байнга төрж байдагтай холбоотой. Ялангуяа колони байсан орнууд болон бүс нутагт геостратегийн өрсөлдөгч олонтой жижиг орнуудын хувьд уг асуудалд эмзэг мэдрэмтгий байх нь ажиглагддаг. Уг үзэгдэл, Дундад азийн болон Латин америкийн орнуудын иргэд төдийгүй эрх баригчдын түвшинд хурцаар илэрдэг.[10]  

Зөвхөн хөгжиж буй орнууд төдийгүй хөгжингүй улс гүрнүүдийн хувьд гадны өрсөлдөгч улс үндэсний эсрэг хориг хязгаар тавих нь олшрох болжээ. Ялангуяа дэлхий дахинд улс төр, эдийн засгийн байр суурь нь улам бүр тэлж буй Хятадын оролцоог хязгаарлах оролдлого дэлхийн өнцөг булан бүрт илэрч байна. Тухайлбал, 2005 онд Тайландын эрх баригчид хятадын “CITIC Resources Holdings” компаниас “Thai Petrochemical Industry PLC” корпорацийг 900 сая ам.доллараар авах үйл ажиллагааг таслан зогсоож байсан. Мөн онд АНУ-ын конгрессоос Хятадын “CNOOC” нефтийн компаниас Америкийн газрын тосны “Unocal” компанийг 18.5 сая ам.доллароор авах гэснийг хязгаарласан тогтоол баталсан. Үүнийгээ үндэсний эрх ашиг, эрчим хүчний аюулгүй байдалд эрс хохиролтой зүйл болох байсны улмаас гэж тайлбарласан аж. Мөн 2008 онд “China Oilfield Services” компани Оросын газрын тосны “ТНК-ВР” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгийн охин компанийг 65-70 сая ам.доллароор худалдаж авах гэснийг Холбооны монополийн эсрэг албанаас ямар нэг тайлбаргүйгээр болиулсан зэрэг жишээ баримтыг дурьдаж болно.

Монгол дахь ашигт малтмал тойрсон үндэсний үзэл
Эрдэс баялгийн эрэл хайгуул, олборлох, ашиглахтай холбоотойгоор үүссэн асуудлаар орон нутгийн иргэд болон компаниудын хооронд маргаан мэтгэлцээнээс аваад зөрчил тэмцэл үүсэх явдал улам бүр олшрох болов. Гадны хөрөнгө оруулагчдад сэжигтэй хандах, томоохон орд газруудыг төрийг мэдэлд үлдээх зэрэг сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжил дагасан нийгэм, улс төрийн асуудлууд цөөнгүй гарсан. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын компаниудыг хянах, үйл ажиллагааг нь хязгаарлах зорилгоор байгуулагдсан орон нутгийн шинжтэй хийгээд үндэсний хэмжээний иргэний хөдөлгөөн, ТББ-ууд олноор үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн зарим нь илэрхий эрүүгийн шинжтэй үйлдэл хийж, буу зэвсэг ашигласан явдал нь асуудал нилээн хурцдмал түвшинд хүрсний илрэл юм. Тухайлбал, 2010 онд “Гал үндэстэн холбоо” ТББ-ын гишүүд гадны хөрөнгө оруулалттай “Сентерра Гоулд” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэргийн улмаас эрүүгийн хэрэг үүсгэж байсан. [11] Эдгээр иргэний хөдөлгөөнүүд нь уул уурхайн улмаас байгаль орчинд учруулж буй уршиг, үр дагаврын эсрэг тэмцэж буй нэртэй ч хэрэг дээрээ илэрхий гадныхныг гадуурхах, шахах үйлдлийг янз бүрийн байдлаар илэрхийлж байдаг. 

Улс төрчид, нам хүчнүүдийн хувьд нөөц баялгийн үндэсний үзэл нь олон нийтийн дунд нэр хүндээс өсгөх, легетим чанараа хангах хэрэгсэл төдийгөөр ашиглах нь олонтаа. Улс төрийн сонгуульд өрсөлдөж буй нам хүчин, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт байгалийн нөөц баялагт төрийн оролцоо болон иргэдийн хяналтыг сайжруулах асуудал цөөнгүй хөндөгдсөн байдаг. Тухайлбал, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” 2012 оны УИХ-ын сонгуулийн хөтөлбөртөө “...ард түмний баялаг болох Оюутолгой, Тавантолгой, бусад стратегийн орд, байгалийн баялгийг гадныхантай хуйвалдаж, үнэгүйдүүлэн гадагш нь урсгаж өнөө ба ирээдүйн үндэсний эрх ашиг ноцтой хохирч байгаа”-г дурьдаад, “Монгол Улс байгалийн баялагаа захиран зарцуулахыг баталгаажуулсан эрх зүй, зохион байгуулалт, хяналт, шалгалтын иж бүрэн тогтолцоог бий болгох. Баялгийн хуваарилалтийг хүртээмжтэй, шударга болгон өөрчилж, баялагтаа ард иргэд нь эзэн суух нөхцөлийг хангах, Монголчууд баялагтаа эзэн суух...” зэрэг үндсэрхэг популист амлалтуудыг өгсөн байна. 

Дэлхийн хэмжээний алт зэсийн том орд тооцогдож буй Оюутолгойн гэрээтэй холбоотой хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Тус ордод хөрөнгө оруулсан гадны компанийн хувь оролцоог хязгаарлах, гэрээний зүйл заалтыг эргэж харах асуудал нь олон нийтийн дунд төдийгүй шийдвэр гаргагчид, судлаач шинжээчдийн дунд томоохон маргааны сэдэв юм. 

Монголын төр засаг, шийдвэр гаргах түвшинд гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах, хумих бодлого үйл ажиллагаа нэг бус явуулж иржээ. Жишээлбэл, 2007 онд УИХ-аас баталсан “Монголын стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалт” хэмээх баримт бичгийн гол зорилго нь эдгээр ордуудад гадны хөрөнгө оруулалтын хувь хэмжээг бага түвшинд байлгахад чиглэсэн бодлого юм. Монголын засгийн газраас стратегийн ордын тоог цаашдаа улам бүр нэмэх байр сууриа илэрхийлсэн. Олон улсын жишгээр бол “стратегийн орд газар” гэдэг нь гадны хөрөнгө оруулалтыг аль болох ихээр татах, үр өгөөж өндөртэй гэдгийг итгүүлэх, хамтран ажиллах сонирхолтойгоо дэлхий дахинд нээлттэй зарлахад чиглэсэн ойлголт юм. 

Эрдэс баялаг тойрсон дээрх үндсэрхэг үзэл нь нэг талаас ашиг малтмал, уул уурхайн салбар улс төржилтөд хамгийн түрүүн өртдөгөөс үүдэлтэй. Хоёр том хөршөөр хүрээлэгдсэн жижиг улсын хувьд хятадад дургүйцэх уламжлалт үзэл, дотоод гадаад бодлогод оросын хүч нөлөө орохоос сэрэмжлэх хандлага нь “баялгийн национализм” тэлэхэд багагүй нөлөөлөл үзүүлдэг.  

Нөгөө талаар баялгийн национализм нь ашигт малтмалын үйл ажиллагаанаас үүдсэн хүрээлэн буй орчин, нийгэм соёл, ахуйн хувьд учруулж буй уршиг, үндэсний бүрэн эрхэт байдалд гадны хүч нөлөөлөл орохын эсрэг зүй ёсны хариу үйлдэл, “дархлаа” юм. Гэсэн хэдий ч гадны хөрөнгө оруулалтыг үргээх, тухайн орны олон улсын нэр хүндэд тааламжгүйгээр нөлөөлж, улмаар эдийн засгийн өрсөлдөөн, либерал хандлагад сөрөг нөлөө үзүүлдэг эрүүл бус үзэгдэл болохыг хэлэх хэрэгтэй. 


Дүгнэлт
Байгалийн нөөц баялаг нь нийгэм эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын хөгжилд чухал хүчин зүйл болдог хэдий ч улс төрийн ардчилсан тогтолцооны төлөвшилд нэг бус тааламжгүй нөлөө үзүүлдэг болохыг тодорхой онол, үзэл баримтлалын хүрээнд тайлбарлан авч үзжээ. Өөрөөр хэлбэл, төр улсын рантье хэв маяг, неопатримониалист улс төрийн тогтолцоо, нөөцийн баялгийн националист  хандлагын “хоршил” нь улс орны тогтворт байдалд сөргөөр нөлөөлж, улс төрийн эрүүл бус хандлага газар авах, ардчилал, иргэний нийгмийн хөгжлийг сулруулан, нийгэм эдийн засгийн хувьд эмзэг мэдрэмтгий болоход хүргэдэг. Энэ нь өргөн утгаараа улс үндэсний аюулгүй, бүрэн эрхэт байдалд аюул занал учруулах эрсдэлтэй гэсэн үг юм.

Дээрх онол хандлагын хүрээнд дэлхийн улс орнуудын туршлага, учирсан саад бэрхшээлийг даван туулах бодлого, үйл ажиллагааг судлан тодорхойлж, Монгол улсын хувьд ардчилсан нийгэм, улс төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засагт шинэ тутам тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах арга замыг дэвшүүлэх шаардлага хэрэгцээ тулгамдаж буй хэмээн үзэж байна. 

Монгол Улсын Үндсэн Хуулиар тодорхойлсон хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилгын хүрээнд улс төр, эдийн засгийн модернизацийг гүнзгийрүүлж, нийгэм, улс төрийн тогтолцоонд рационал, эрүүл хандлагыг төлөвшүүлж, төрийн бодлого, үйл ажиллагаанд ул суурьтай, судалгаатай хандах явдлыг өргөжүүлэх зэрэг концептуаль асуудлуудыг хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Тэрчлэн эдийн засаг нэг салбараас хамааралтай байдлыг хязгаарлахын тулд диверсификацийг тэлэх, нийтийн албаны хуулийн үзэл санаанд тусгагдсан ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах ажлыг тууштай хэрэгжүүлэх, уул уурхайн салбар ил тод байдлыг сайжруулах, эрдэс баялгийн салбарын бодлого үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг практик зорилго зорилтуудыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага өнөөгийн нөхцөл байдлаас урган гараад байна.

Ашигласан ном, материал
[1] W. Ostrowski, “Comparative Politics of Energy and Minerals: Concepts, Debates and Gaps,” POLINARES working paper n., vol. 8, p. 19, 2010. 
[2] А. Фисун, “К переосмыслению постсоветской политики: Неопатримониальная интерпретация,” Политическая концептология, vol. № 4, pp. стр-165, 2010. 
[3] Т.Фридман, “ Первый закон петрополитики: Уровень демократии обратно пропорционален уровню цен на нефть,” [Online]. Available: http://www.inosmi.ru/world/20060503/227213.html.
[4] R. Dannreuther, “International Relations Theories: Energy, Minerals and Conflict,” POLINARES working paper , vol. 8, p. 13, 2010. 
[5] К. Я. и. д. В.С. Лисин, Институциональные ограничения современного экономического роста, vol. — 640 с, — М.: Издательский дом «Дело» РАНХиГС, 2011, pp. Стр-225.
[6] W. Ostrowski, “Rentierism, Dependency and Sovereignty in Central Asia,” in 61st Political Studies Association Annual Conference, Novotel London West, 2011. 
[7]  СЭЗЯ Монгол улсын 2012 оны төсвийн орлогын мэдэгдэл, УБ. 2013.
[8]  Монгол улсын 2013 оны төсвийн танилцуулга МУЗГ УБ, 2012.
[9]  P. Leon, “The rise of resource nationalism and what it means for foreign investors,” in Second International Congress on Mining Law, Salvador, Bahia, Brazil, 2012.
[10]  E. Stoddard, “The Resource Curse - Resource Nationalism Nexus: Implications for Foreign Markets,” Journal of energy security, November 2012.
[11] Duulin, “Монгол яллаа!!!” 2011. [Online]. 
http://gal-undesten.blogspot.com/2012/06/blog-post_14.html.

2 comments:

  1. Монгол улсын эдийн засгийн нөөц гэсэн мэдээлэл бэлтгэж өгөөч

    ReplyDelete
  2. Монгол улсын эдийн засгийн нөөц гэсэн мэдээлэл бэлтгэж өгөөч

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)