2013/08/27

ИРАНЫ ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БА ТҮҮНИЙ ЭРГЭН ТОЙРОНД-II

Ираны шашны дээд удирдагч Али Хаманэе сонгуулийн дараа: “Аллахын тусламжтайгаар зоригтой алхам хийсэн, шийдвэр төгс, итгэл бишрэл дүүрэн зүрхтэй эрийг бүх дэлхийд харуулсан Ираны ард түмэн агуу” гээд “ерөнхийлөгчөөр сонгогдсон хүндэт Хасан Руханид баяр хүргэе бас зарим нэгэн зүйлийг сануулахыг хүсэж байна. Юуны өмнө сонгуулийн өмнөх сэтгэл хөдлөл, өрсөлдөөнт байдлыг нөхөрсөг, хамтран ажиллах орчноор сольж амлалт, уриа лоозонгоо хэдхэн долоо хоногийн дараа шинэ ерөнхийлөгч маань ажил болгоно биз ээ” гэв. 


Энэ эрхэм бол ард түмний сонголтыг ард түмний нэрийн өмнөөс өөрчлөх хязгааргүй эрхтэй. Гэвч тэр энэ удаа эрхээ эдлээгүйд олон судлаач гайхсан байх. Магадгүй Ираны шашны дээд удирдагч түүнийг ялалтыг хүлээн зөвшөөрсөн явдал нь нэгэнт үеэ өнгөрөөж буй ноёрхол ард түмний хүсэл болсон шинэчлэлтэй эвлэрч буй хэрэг байж болох юм. 

Хасан Рухани бол сайн боловсролтой, хуульч бас шашны лидер, баруунд танигдсан дипломат. Ираны улс төрийн дотоодод бол төвийг сахигч, энхийг эрхэмлэгч нэгэн билээ. Тиймээс ч АНУ, ОХУ төдийгүй барууны улсууд түүнтэй ойлголцож болно хэмээн үзэж байгаа. 


Москвагийн хувьд Хасан Руханитай уулзаж өөртөө татах гэж нилээд яарч буй. Уг нь энэ сарын 12-13-нд ОХУ-ын ерөнхийлөгч Иранд албан ёсны айлчлал хийнэ гэж мэдэгдэж байсан ч таг чиг. Гэхдээ ОХУ-ын Төрийн Думын дарга Сергей Наряшкин Хасан Руханигийн тангараг өргөх албан ёсны ёслолд оролцсон. Харин Владимир Путиний хувьд ирэх 9-р сарын 13-нд Киргизийн нийслэл Бешкек хотод эхлэх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Хасан Руханитай уулзахаар товлоод байгаа. 

АНУ нь Ираны шинэ ерөнхийлөгчтэй шууд яриа хэлэлцээ хийх арга зам хайж буйгаа мэдэгдсэн. Үүний хариуд Хасан Рухани ч тэдний саналаас зөрөх зүйлгүй гэсэн. “Дипломат шейх” хочтой тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон удаагийн гэрээ хэлэлцээрт улсаа төлөөлж байсан туршлагатай нэгэн. Гэвч цөмийн хөтөлбөрийн Ираны байр суурь огцом өөрчлөгдөнө гэдэгт олон орон эргэлзэж байгаа нуугаагүй. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху түүнийг “хонины арьс нөмөрсөн чоно” гээд цөмийн хөтөлбөрөө хуурамч инээднийхээ цаана үргэлжлүүлэх зорилготой гэж үзснээ илэрхийлсэн. Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Израйлийн Гадаад яам: “Сонгуулийн дараа Иранд өөрчлөлт болохгүй. Иран цөмийн зэвсэг, террорист салбартаа ч үйл ажиллагаагаа үргэлжүүлнэ” хэмээн мэдэгдэж байв.  

Харин Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус сонгуулийн дараа “Ираны цөмийн хөтөлбөр, Сирийн асуудлаар Хасан Руханитай хамтран ажиллахад бэлэн” гээд Ираны ард түмний ардчилсан сонголтонд хангалуун байгаагаа мэдэгдсэн.

Туркийн Гадаад яамнаас Ахмединежадын үед суларсан хоёр орны харилцааг идэвхжүүлэн хэмээн найдаж буйгаа илэрхийлэв. Учир нь Иран сүүлийн үед Турк улсыг бүс нутгийн хүчтэй өрсөлдөгч гэж харах болж хоёр орны харилцаа ч нилээд суларсан.   

Монгол-Ираны харилцаа
Монгол улс нь Лалын Бүгд Найрамдах Иран улстай 1971 онд дипломaт хaрилцaa тогтоосон. Гэхдээ Монгол-Ираны харилцаа өнө эртний түүхэн их уламжлалтай. Хүннү төр улсаа байгуулахаас өмнө Төв Азид Юэжи нарын аймгийн холбоо байсан бөгөөд хожим Хүннү нарт шахагдан баруун тийш нүүдэл хийн одсон. Тэднийг Ираны угсааных болох талаар олон эрдэмтэд санал нийлдэг. Харин IV-V зуунд Хүннү нарын нэг хэсэг Иранд нүүдэллэн очиж 100 орчим жил сууршиж байв.

Алдарт Торгоны зам Монгол нутаг хүчтэй төр улс бий болох үед л Орхон голын хөндийгөөр дайран өнгөрнө. Тиймээс V-VI зууны үеэс эхлэн XIII зуун хүртэл Персийн соёлыг худалдаачин, манахейст Согдууд болон буддист Уйгарууд Монгол нутагт түгээж байлаа. Улмаар Монголчууд Персийг байлдан дагуулж Чингис хааны ач хүү Хүлэг хаан Иран төвтэй Монголын Иль хаадын эзэнт улсыг байгуулж энэ орныг захирах болсон. Энэ үеэс Перс хэл, соёлд Монголын нөлөө хүчтэй бий болж үлджээ. Одоогоор Иранд Хазарууд, Дөрвөнүүд буюу Дөрвөдүүд, Жалайедүүд буюу Жалайрууд, Чобайнууд буюу Ойрдын Чонбайн ноёныхон гэсэн дөрвөн хэсэг Монгол гаралтангууд амьдарч байна. 

1979 онд БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, маршал Ю.Цэдэнбал Иранд айлчилсан бол үүнээс хойш анх удаа 2012 оны наймдугаар сарын 30-31-нд Ираны нийслэл Тегеран хотод болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож улмаар үргэлжлүүлэн есдүгээр сарын 1-2-нд Иранд албан ёсны айлчлал хийжээ. Ерөнхийлөгч маань айлчлалынхаа үеэр Монголын түүхтэй холбоо бүхий олон дурсгалуудтай танилцаж, Өлзийт хааны бунхан дээр очиж, Түүхийн судалгаа нь дээр хоёр орон хамтран ажиллах талаар ярилцсан нь ихээхэн талархууштай.  

Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бичсэн нийлэлдээ дипломатч Д. Баярхүү: “Америкчуудын анхааруулгыг сөрөн байж Иранд айлчилсан манай ерөнхийлөгч тун зөв алхам хийсэн гэж боддог” гээд Тегеранд Монгол улс элчин сайдын яамаа нээх хэрэгтэй хэмээснийг төр засаг хэрэгжүүлэх ёстой санаа гэмээр.  

Бид Ирантай яагаад харилцаагаа хөгжүүлэх ёстой. Учир нь дэлхийд тэргүүлдэг хоёр том хөршийн дунд орших Монгол орон Ойрхи Дорнодод идэвхитэй гадаад бодлого, түнштэй болох нь ихээхэн ашигтай. Ираны асуудал бол бүс нутгийн ч биш дэлхийн асуудал тиймээс 80 сая хүнтэй энэ улстай харилцан ашигтай хамтран ажиллах нь Монгол орныг том тоглогчийн байр сууринд авчирч, Улаанбаатар Ираны асуудлаар дэлхийд нээлттэй хүчтэй дуугарч, хоёр хөрштэйгээ санал солилцох боломж бүрдэнэ. Мөн Европын холбоо, АНУ болон түүний холбоотон улсуудын зүгээс олон хориг арга хэмжээнд боогдсон 80 сая хүнтэй зах зээлтэй хамтран ажиллах нь эдийн засгийн хувьд Монгол оронд тустай. Одоогоор манай улс Иранд бага хэмжээний хониний мах л экспортлож байна.  

Монгол судлалын тухайд Иран орон, Перс хэл маш чухал үүрэгтэй. Монголчуудын түүхийн нэгэн хэсэг Иран оронд өрнөсөн. Монголын хаадын зарлигаар бичигдсэн алдар “Судрын чуулган”-аас эхлээд олон зуун сурвалж Перс хэлээр бий. Иранд ч Монгол судлал хөгжсөн. Бид одоо л зах зухаас нь сонсож байна. ХХ зууны дунд үед манай Монголын нууц товчооний эхний 5 бүлгийг Франц хэлнээс Перс хэлнээ орчуулжээ. Тиймээс Монголд Перс судлал, Иранд Монгол судлалыг хөгжүүлэх хэрэгтэй. 

Хасан Руханигийн амлалт ба хийх ажил
Тэрбээр сонгуульд ялсныхаа дараа Тегеранд хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ “Бид цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах боломжгүй. Гэхдээ энэ асуудлыг илүү нээлттэй тунгалаг болгох болно” гэжээ. Үүнээс түүний Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ямар бодлого баримтлах нь харагдаж байна. 

Сүүлийн жилүүдэд Ираны эдийн засаг олон хүнд асуудалтай тулгарсан. 2000 оны дунд үетэй харьцуулах аргагүй болтлоо унасан. Бага бүлгийн лидер шинжийг өөртөө агуулсан Тегеран хотын захирагч Ахменижади ерөнхийлөгч болоод улс орны эдийн засгийг өөд татах доривтой алхам хийгээгүй. Харин ч түүний популист улс төр Ираны эдийн засагт улам олон хориг арга хэмжээ авчирсан. Нөгөөтэйгүүр Ойрхи Дорнод, Афиркийн Лалын шашинт орнуудын нам, улс төрийн хүчин, бүлэглэлүүдэд олгодог санхүүжилтүүд нь Ираны эдийн засагт томоохон дарамт үүсгэсэн. 

Албан ёсны мэдээгээр инфляцийн төвшин 30% хүрч, өргөн хэрэгэлээний барааны үнэ даруй 60 хувиар нэмэгдсэн, ажилгүйдэл 12 хувьтай байна. Мөн нефтийн экспортонд тавьсан хоригийн улмаас Ираны гол орлого нь 65 хувиар багассан. Банкуудад тавьсан хориг арга хэмжээнээс үүдэн нефтийн орлого болох их хэмжээний мөнгө Иранд орж ирж чадахгүй түгжигдээд буй. Эдгээр шалтгаанууд улбаалж Ираны үндэсний мөнгөн тэмдэгт риалийн ханш сүүлийн 3 жилд даруй 350 хувиар унжээ. 

Шашны дээд удирдагчийн зүгээс гаргасан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих “Эсэргүүцлийн эдийн засгийн бодлого” ч үр дүн муутай байна.  Ийм л үед Хасан Рухани Хятад бараагаар гадаад худалдааг төлөөлүүлж, үндэсний үйлдвэрлэлээ унагаж буй Ахмединежадын Засгийн газрын эдийн засгийн бодлогыг хүчтэй шүүмжилж гарч ирсэн. Үүний эсрэг залуусыг ажлын байртай болгож, тусгай хөтөлбөрүүд боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих амлалт өгсөн. Тиймээс ч Хасан Рухани өөрийн хийх ёстой хамгийн эхний ажлаа эдийн засгаа хэвийн болгох гэсэн юм. Ямар ч байсан сонгуулийн дараа сулраад байсан рияаль буюу туман (Туман нь түмэн гэх Монгол үг одоо Перс хэлний ам ярианд үлджээ) нь долларын эсрэг чангарч буй нь тун нааштай алхам болоод байгаа. 

Олон нийтийн зүгээс хүлээлт үүсгээд байгаа өөр асуудал бол түүний мөрийн хөтөлбөрт туссан улс төрийн хоригдлуудыг суллах явдал юм. Ялангуяа 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар олон түмнийг турхирсан хэргээр 2 жилийн турш гэрийн хорионд буй сөрөг хүчний удирдагч Мир Хусеин Мусави, Мехди Керруби нарыг суллах юм. Ираны шашны дээд удирдагчтай түүнийг хөндийрүүлж болох энэ хүнд асуудлаар хэрхэн тохиролцож, ямар шийдэл гаргах нь гадаад, дотоодын анхаарлын төвд байгаа. Хэрэв тэр хэлсэндээ хүрвэл Иранд ардчиллын салхи сэвэлзлээ л гэсэн үг. 

Туршлагатай, нэртэй дипломатын хувьд Хасан Руханигийн сонгуулийн гол хөзөр нь гадаад бодлого байлаа. Тиймээс ч сонгуулийн сурталчилгааны үеэр олон улсын тавцанд өдөр бүр унаж буй Ираны гадаад нэр хүндийг дахин сэргээж, хөрш орнуудтайгаа харилцаагаа хөгжүүлж, энх тайванч найрсаг бодлогыг гол болгоно гэсэн. 

Түүний эхний алхам нь хөрш Саудын Арабтай хүйтэрсэн харилцаагаа сэргээх асуудал байж болох юм. Хоёр орон шашны хувьд ихээхэн зөрчилдөөнтэй. Саудын Арабын хааны гэр бүл Лалын шашны Ваххабизм урсгалтай. Зөвхөн зөнч Муххамедийг тууштай шүтэх учиртай энэ урсгал Иранд хуулиар хориотой байдаг. Харин Хасан Рухани “Саудын Арабтай бид нэг соёл үнэт зүйлстэй” гэсэн нь харилцаа сайжрах найдлага төрүүлж буй. Гэхдээ “Дипломат шейх” хочтой энэ эр Иран цөмийн хөтөлбөрийг энхийн зориулалтай гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж, эдийн засгийн олон хориг арга хэмжээнүүдээс Иран орныг мулталж чадах уу? гэдэг нь таахад төвөгтэй. 

Иран бол Ойрхи Дорнодод асар их нөлөөтэй орон тиймээс ч Турк, Египет зэрэг шинэ өрсөлдөгч нартай харилцаа хөндийрсөн. Ямартаа Ираны шинэ ерөнхийлөгч тус бүс нутгийн хамгийн эмзэг сэдвийн тухайд: “Сирийн асуудал дээр сүүлийн шийдвэр гаргах эрх зөвхөн Сирийн ард түмэнд бий” гээд “мэдээж бид Сири дэхь террор болон иргэний дайн эсрэг бас гадны хөндлөнгийн оролцооны эсрэг байгаа. Сири улсад энх тайван бүс нутаг, дэлхийн олон улсын тусламжтайгаар бий болно” гэсэн. Үүнээс үзвэл Сири Ираны анхаарлын төвд байгаа тэнд тогтох дараагийн засаглал Тегераны оролцоотойгоор бий болох ёстой гэсэн байр суурьтай байгаа нь харагдаж байна.  

Шинэчлэгчид
Тэрбээр үнэхээр л шинэчлэгчдийн бүлгийн лидер шиг шийдмэг алхам хийсний нэг нь ерөнхийлөгчийн хуулийн асуудал эрхэлсэн орлогчоор Тегераны Их Сургуулийн профессор хадагтай Илхам Эминзадег томилсон явдал юм. Тэрбээр Ираны парламентийн Аюулгүй байдал болон Гадаад бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн.


Энэ удаагийн сонгуульд Хасан Руханийг Ираны улс төрийн шинэчлэгчдийн бүлэг тууштай дэмжсэн. Уг бүлгийн гол лидерүүд бол Ираны ерөнхийлөгч асан Хашими Рафсанжани болон Мухаммед Хатами нар юм. Тиймээс тэднийг товч танилцуулая. 

Хашими Рафсанжани бол 1989-1997 он хүртэл ЛБНИУ-ын дөрөв дэхь ерөнхийлөгчийн алба хашиж, түүнээсээ өмнө Дотоод Хэргийн сайд, Парламентын тэргүүн зэрэг өндөр алба тушаалд байсан Ираны хамгийн хүчтэй улс төрчдийн нэг. Тэрбээр 2005 онд ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж эхний шатанд өрсөлдөгч Махмуд Ахмадинежадыг ялж байв. Ираны хамгийн баян хүмүүсийн нэг, 79 настай энэ эрхэм өнгөрөгч сонгуульд бас нэр дэвшсэн боловч Үндсэн Хуулийг Хамгаалах Зөвлөлийн шийдвэрээр хасагдсан. Гэхдээ одоогоор Ираны Дүрэм, Журмын Асуудал Тодорхойлох Газрын тэргүүн гэх албан тушаалтай. Прагматик бөгөөд шинэчлэгч үзэлтэй тэр Иран-Иракийн дайны дараа улс орны эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ба баруунтай харилцах харилцааг сайжруулах талаар олон алхам хийж байсан. Хэт шашинжих үзлийн эсрэг зогсож, Ираны нийгмийг олон улсад илүү нээлттэй болох ёстой гэж үздэг. Тиймээс Хашими Рафсанжани өнөөгийн Ираны шашны дээд удирдагчтай тийм сайн харилцаатай биш. 


Мухаммед Хатами бас л дэлхийд танигдсан Ираны шилдэг улс төрч. 


Тэрбээр 1997-2005 оны хооронд Ираны тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв. Өмнө нь парламентийн гишүүн, Соёлын сайд гээд олон чухал алба хашсан. Ерөнхийлөгчийн албанд 8 жил ажиллахдаа Ираны Үндсэн Хуулийг Хамгаалах Зөвлөлтэй ихээхэн зөрчилдөж улмаар дээд удирдагчтай таагүй харилцаатай болсон. Сүүлийн жилүүдэд голдуу гэрийн хорионд байгаа нэгэн.

Ингээд бид Ираны шинэ ерөнхийлөгч, түүний эргэн тойрон дахь олон асуудлаас боломжийн хэрээр уншигч олондоо хүргэлээ. Монголчууд бидэнтэй эрт, дундад зууны түүхээр холбогдох энэ оронтой манай улс улам ойртох бололцоотой. Үүний үр дүнд хоёр орны харилцаа хөгжиж олон олон судлаач, эрдэмтэд сайхан боломжтой учирна гэдэгт найдаж байна. 

А. Энхбат 2013. 08. 25 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)