2013/08/14

НАМАА АВАРЪЯ - ТӨРӨӨ ЭРҮҮЛЖҮҮЛЬЕ - НИЙГМЭЭ ХӨГЖҮҮЛЬЕ

Нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайханы тавьсан илтгэл
Монгол ардын намын шинэчлэлийн хорооны 
үйл ажиллагааны товч мэдээлэл
 Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлогч, улс төрийн ууган нам болсон МАН-ын үзэл баримтлал, үнэт зүйлийг тодотгон таниулах, үйл ажиллагааг шинэ төвшинд хүргэх, намын бодлогын суурь бичиг баримт, хөтөлбөрийг шинэчлэх, намд улс төрийн соёл, хариуцлагын тогтолцоог бий болгож, санхүүжилтийн ил тод байдлыг хангах, гишүүдийн шууд оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор МАН-ын “Шинэчлэлийн хороо”  байгуулагдсан.



Намын шинэчлэл нь намын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоод ардчилал, ил тод байдлыг бий болгох, хариуцлага, шийдвэрийн тогтолцоог хангах төдийгүй, намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэх эрхэм үйлс болохыг “Шинэчлэлийн хороо”-ноос тунхаглаж “Эв санааны тунхаг бичиг”-ийг санаачилж, намын гишүүд, дэмжигчдийг нэгтгэн уриалж ажилласан.

МАН-ын Шинэчлэлийн хороо Монгол улсын иргэний сонголтыг хууль бусаар булаан авч буй эрх баригчдыг эсэргүүцэх, «Эрх баригчдаас амлалт нэхэх, шударга ёсыг шаардах», Үндсэн хууль зөрчсөн Засгийн газрыг огцруулах тэмцлүүдэд идэвхтэй оролцож, иргэдийн улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах зэргээр нийгмийн үүргээ гүйцэтгэж ирсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

2012 оны 08-р сараас МАН-ын бодлого, хөтөлбөрийн болон дүрмийн өөрчлөлтийг агуулсан “Намын бодлого, шинэчлэлийн хөтөлбөр”-ийг боловсруулах ажлыг эхлүүлж, эрдэм шинжилгээний хурал, санал асуулга, гишүүдийн анкетын судалгаа, шууд санал авах “Шинэчлэлийн өргөө” гэрийг байгуулан ажиллуулж,  гадаадын улс төрийн намуудын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагыг судаллаа.

МАН-ын шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлж, Намын бага хурлыг хуралдуулж, Их хурлыг зарлуулах зорилгоор 2013 оны 07-р сарын 01-нээс 08-р сарын 05-ныг хүртэл “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнд нэгдэн, үйл ажиллагааг нь дэмжиж, хамтран ажилласан.

Бидний ажлыг дэмжсэн, хамтран ажилласан, санал ирүүлсэн, шударгаар шүүмжилсэн намын гишүүд, дэмжигчид, иргэддээ талархаж, үйл хэргээ улам бүр эрчимжүүлж, аврагдсан нам, эрүүлжсэн төр, хөгжсөн нийгмийн төлөөх галт бамбарыг түүчээлэн асааж, бадраах болно.

Монгол ардын намын шинэчлэлийн талаар
Шинэчлэл бол сүүлийн 20 гаруй жил манай намд тасралтгүй явагдаж ирсэн үйл явц. Намын Их хурал болгон шинэчлэл, өөрчлөлтийн томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьж байсан. Өмнөх шинэчлэлүүд цаг үетэйгээ нийцсэн, чухал алхмууд байсан хэдий ч ажлын арга барил, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн ил тод байдал, гишүүдийнхээ оролцоог хангах, хүний нөөцийн бодлогыг оновчтой болгох, албан тушаал, мөнгө санхүүгээс хараат бус байж, уг сүлжээг цэвэрлэх зэрэг олон чухал асуудлуудын гүнд орж шийдвэрлэж чадалгүй өөрсдөө хутгалдсаныг нуух шаардлаггүй. 

Монгол Ардын Намын шинэчлэл бол Монголын нийгмийг хөгжүүлэхийн тулд хийх ёстой ажил, зүй ёсны шаадлагуудын нэг гэдгийг хүлээн зөвшөөрч, хурдтай өөрчлөгдөж буй нийгэмтэйгээ уялдаж, иргэд биднээс ямар шинэчлэлийг хүлээж байна, тэр бүгдийг хийж гэмээнэ иргэдийнхээ дэмжлэгийг авах боломж бүрдэнэ.

МАН-ын хамгаас дээдлэх үнэт зүйл нь энгийнээр “Ард түмэн, тэдний сайн сайхан амьдралын баталгаа”-г хангахад чиглэгдэж, үйл ажиллагаа нь авлигагүй, бизнесийн бохир сүлжээнээс ангид байж, ил тод, хариуцлагатай улс төрийн тогтолцоог бий болгож, бэхжүүлэхэд орших ёстой. Энэ ухагдахуун нь манай намын зүүн төвийн нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий нам болохыг тодотгож, нийгэмд таниулах суурь ойлголт, тунхаглал нь байх боломжтой.
МАН-ыг иргэдээ, гишүүд, дэмжигчдээ сонсдог, улс төрийн байдалд бодитой үнэлэлт өгдөг, явцуу бүлэглэлүүдийнхээ эрхшээлд ордоггүй, дотроо нуугдсан ялзрал, идээ бээрийг гадагшлуулж чаддаг, авлигач, гэмт хэрэгтнүүдээ зарлаж, хариуцлага тооцож чаддаг шударга нам болон шинэчлэгдэхийг монголчууд хүсэж, шаардсаар байна.

МАН-ын нэр хүнд нийгэмд яагаад унаж байна? Юу МАН-ыг муухай харагдуулаад байна? 
МАН-ын бодлогыг боловсруулж, үйл ажиллагааг удирддаг хүмүүс нийгмээсээ тасарсан байна. Тэд ард олны амьдралыг мэддэггүй, тэдний зовлон бэрхшээл, ахуйн шаардлагыг мэдэрдэггүй учраас гаргаж буй бодлого шийдвэрүүд нь иргэдэд хүрдэггүйгээр барахгүй, тэдний жигшилийг төрүүлж, доог тохуу болдог боллоо. 

Манай нам хоёр зуу гаруй мянган гишүүнийхээ эрх ашиг, итгэл үнэмшлийг хамгаалдаг бус, хоёр зуун хүнийг тэжээн тэтгэдэг механизм болон хувирчээ. Өөрийн явцуу эрх ашгийн төлөө намын олон мянган гишүүдийн итгэл сэтгэлийг наймаалцсан нам дамжсан олигархууд болон авлига, хээл хахуульд нэр нь байнга холбогддог, нэг нэр, хоёр хочтой болсон хүмүүс нийгэмд намын нэр хүндийг унагаж байна. Нийгэм МАН-ыг цөөн хэдэн хүнээр төсөөлдөг учраас тэдгээр нь гэмт хэрэгт холбогдоогүй ч иргэд сонгогчдыг залхаан туйлдуулах хэрэгсэл, муучлан, гоочлох сэдэв нь болсоор байгааг эрүүлээр харах шаардлага тулгарлаа.

Намын бүх шатанд бүлгэрхэн талцдаг хуйвалдаан ашиг сонирхлын холбоос буй болсноос хариуцлагын тогтолцоо үгүй болжээ. Өдрийн од мэт цөөхөн хуралдах намын шат шатны хурал зөвхөн хүний асуудал хэлэлцдэг, дарга сонгох, ширээ сандал хуваарилах, нэр дэвшүүлэх төдийхнөөр өнгөрдөг болсон. Улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийх, хүндрэл бэрхшээл, алдаа оноо, даван туулах арга замаа нээлттэй ярих, улс орон болон орон нутгийн түвшний нийгэм эдийн засаг, ард иргэдийн тулгамдсан асуудлын талаар ярьж, шинжлэх ухаанчаар ухаан бодлоо уралдуулдаг уламжлал орхигдоод удлаа.

Манай нам явцуу хүрээнд, хөшигний цаана албан тушаалын наймаа ярьдаг нь энгийн зүйл мэт болсон. Ингэхдээ намын болон төрийн хариуцлагатай албан тушаалыг амтат бялуу, эрх мэдэл мэт ойлгож бүлгэрхэн хуйвалддаг, эрүүл сэтгэдэг, боловсролтой, чадвартай, шударга хэсгээ шахан зайлуулдаг. Харамсалтай нь үүнд намын залуу үе ч оролцдог болсон байна. Бүгд албан тушаал, мөнгө санхүү, ах дүү, хамаатан садан, танил талын хэлхээ холбоотой болсон учраас давхар давхар хамгаалалттай хүмүүст хариуцлага тооцох боломжгүй болж, бүхий л шатанд хариуцлагагүйн халдварт өвчин тархсан байна.

Намын удирдлагыг нийгэмд сүл харагдуулдаг нэг хүчин зүйл бол намын оновчгүй бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой. Хурдтай, багаар ажиллах, удирдах, удирдуулах ёсонд нийцсэн бүтцийг бий болгохын зэрэгцээ намын бүх шатны байгууллагын удирдлагад сонгогдож буй хүмүүс хариуцлагаа бүрэн ухамсарлаж, сонгуульд ялагдал хүлээвэл өөрсөө ажлаа өгч, тодорхой хугацаанд эргэн сонгогддоггүй байх зарчимд шилжих нь намын бүх шатны байгууллагын хариуцлагын тогтолцооны бэхжилтэд чухал үүрэгтэй байх болно. 

МАН хүчтэй сөрөг хүчин болж ажиллахыг бидэнд итгэл өгсөн сонгогч түмэн хүсэн хүлээж байна. Гэтэл бид тэдний хүлээлтэд нийцэхүйцээр ажиллаж огт чадахгүй байна. УИХ дахь намын бүлгийг цаг тухайд нь байгуулаагүйгээс болж нам асар их хохирол амслаа. Улс төрийн амин чухал алхмуудаас хоцорсны сацуу улс орны нийгэм эдийн засгийн чухал шийдвэрүүдэд оролцож чадсангүй. УИХ дахь суудлаа өсгөх боломжоо алдсанаар барахгүй, улам хорогдуулсан, намын өмч, байрнуудаа булаалгах хэмжээнд хүрч, олон мянган гишүүд, дэмжигчид хавчигдан гадуурхагдаж, эцсийн дүнд МАН-ыг булшлан устгахад чиглэгдсэн эрх баригчдын бүхий л хорон санаархал алхам алхмаар урагшилж байгаагийн нэг шалтгаан нь УИХ дахь намын бүлгийг цаг тухайд нь байгуулаагүйгээс үүдэлтэй.

Намын нийт гишүүд УИХ дахь намын бүлгийн гишүүд, түүний дотор нэн ялангуяа жагсаалтаар сонгогдсон гишүүдээс шийдэмгий алхмууд, ширүүн тэмцэл хүлээж байна. Гэвч намын гишүүдийн итгэл улам замхарч, эцэс сүүлдээ намын бүлгийн цөөн гишүүдийн хүзүүнээс оосорлогдож, барьцаалагдсан нам мэтээр нийгэмд харагдаж, биднээс их зүйл хүлээх шаардлагагүй болсныг тунхаглаж байгааг бодууштай. Жагсаалтаар сонгогдсон 9 гишүүн дунд намынхаа төлөө ажиллаж буй нэгэн байгаа ч, намын ажилд оролцдоггүй, намын төлөө дуугардаггүй, сонгуульд нэмэр болдоггүй, дэмжлэг үзүүлдэггүй, хууль боловсруулах нь байтугай, чуулгандаа ч оролцдоггүй сул гишүүд олон байгаа нь тэдэнд хариуцлага тооцож, эргүүлэн татах хүртэл арга хэмжээг эхлүүлэх цаг болсныг сануулж байна.

Манай нам зөвхөн дээд удирдлагынхаа төвшинд бус, бүх шатандаа эв нэгдэлгүй болжээ. МАН-д бүлэглэлийн зохион байгуулалт далд хэлбэрээр бүх шатанд явагдаж байна. Саяхан хуралдсан намын Бага хурлын хуралдааны уур амьсгал намд буй бүлэглэлүүдийн зөрчил, тэмцэл, эцэс сүүлдээ тохиролцооны үндсэн дээр бүрэлдсэн байлаа. Шинэчлэлийн хороо аливаа бүлэглэлийн нөлөөнд автаагүй бөгөөд намын даргыг Бага хурлаар бус, намын нийт гишүүдийн саналыг авсны үндсэн дээр Их хурлаар сонгох ёстой гэсэн байр суурин дээр хатуу ажиллалаа. Намд буй далд бүлэглэлийн үйл ажиллагаа бүхий л муу муухай шинжээр баяжуулагдан намын хойч үед өвлөгдөж байгааг далд бүлэглэлүүдийн толгойлогчид анхааралдаа авч, таслан зогсоох үүрэгтэй. МАН-д фракци бүлэглэл байхгүй мэтээр өөрөө өөрсдөөсөө нууж, бусдаас нуугдаж амьдрахаар ил зарлаж, тайван амьдрах цаг ирээгүй юу гэдгийг асуумаар байна. Манай намд фракци байгаа гэдгийг М.Энхболдын, У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын, С.Баярын гээд нэрлэхэд цөөн ч, дагалддаг олон хүнтэй бүлэглэл бий болж, бэхжсэнийг монгол хүн бүр мэдэх болсныг нуух хэрэггүй. Бүлэглэлүүдийн үйл ажиллагаа далд байх нь намын эв нэгдэл, дотоод зөрчлийг далд хэлбэрт шилжүүлдэг хортой тул фракциудыг ил болгож, нам доторх зөрчил тэмцэл бус, намын төлөөх бодлого, хөтөлбөрөөр өрсөлддөг, хатуу заалт бүхий хязгаарлагдсан зохицуулалттай, хариуцлага тооцдог дэлхийн олон орны намуудад хэвшил болсон улс төрийн соёлыг шинээр бий болгож, нэвтрүүлэх нь зүй ёсны хэрэг мөн.

Намын санхүүжилтийн асуудал бол төрийг тунгалаг байлгах эх үндэс гэдэгтэй хэн ч маргахгүй. Төрийн эрхийг булаацалдагч намууд хаанаас мөнгө олж байгааг мэдэхгүйгээр, тэдэнд төр, улсаа хариуцуулна гэдэг утгаггүй зүйл. Ганц МАН-д байгаа үзэгдэл биш, бүх намд байгааг бүгд мэднэ. МАН санхүүжилтийн ил тод байдлыг бусдыгаа манлайлан зарлаж, бий болгож чадвал тунгалаг эрүүл төрийн шавийг тавьсанд тооцож болно.   

Сүүлийн жилүүдэд МАН нь гишүүнчлэлийн тооны хойноос хэт хөөцөлдөж, иргэдийн зэвүүцлийг төрүүлсэн нь нууц биш. Гишүүнчлэлийн хувьд хоосон тооноос чанарт шилжих зарчмыг баримтлах ёстой. Гишүүдээ шинэчлэн бүртгэж, намын бодлого шийдвэрт оролцох нөхцөлийг нь бүрэн хангадаг байх нь шинэчлэлийн гол зорилт байх ёстой. 

Нам уугуул нэрээ сэргээсэн нь ирээдүй хойч үеэ бодсон, гадаад ертөнц,  өнөө цагийн хөгжиж байгаа нийгмийг бодолцсон зөв шийдвэр байсан боловч МАХН хэмээх нэрээ хадгалж үлдэж чадаагүй нь алдаа болсон. Нам хагаран бутрахын үндсэн шалтгаан нь нэг талаас амин хувийн ашиг хонжоо, албан тушаалын хэнээрхэл байсан бол нөгөө талаас намд удаан хугацаанд бугшсан утга учиргүй дайсагналцал, бүлгэрхэн талцах, эрүүл шүүмжлэлийг нухчин дарах, хавчин гадуурхах байдал, өшөө хорслоос үүдэлтэйг бид санаж явах учиртай.

МАН-ын Шинэчлэлийн хороо энэ бүх бугшсан, нуугдсан, ялзарсан бүхнийг илчилж, эмчилж, засварлахын төлөө ажиллахыг зорьж байна. Эдгээр нь зүү авсан мэт алга болохгүй ч, зөв эмчлэх арга нь Намыг бодлого, хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийн төвшинд зоригтой өөрчлөх, аврал нь “Монгол Ардын Намын бодлого, шинэчлэлийн хөтөлбөр” байх болно. 

Бид намын бодлого, шинэчлэлийн хөтөлбөрийг “НАЙМАН ЗОРИЛТ”-ын хүрээнд багцалж Та бүхэнд танилцуулсан. Бид хөтөлбөрөө намын олон мянган гишүүдээс санал авч, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор бодлогын суурь бичиг баримт болгон өргөжүүлж, боловсронгуй болгон эцэслэж, МАН-ын XXVII Их хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно. 

Намаа шинэчилье, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье
Сүүлийн жил гаруйн хугацаанд МАН-ыг татан буулгах, өмчийг нь хураах, гишүүдийг нь тараахад чиглэгдсэн эрх баригчдын далд бодлого хүчээ авч, нийгэмд МАН-ыг үзэн ядуулах зохион байгуулалттай явуулга газар авлаа. Энэ нь нэг талаар намуудыг, МАН-ыг нийгэмд, иргэдэд муухай харагдуулах гэсэн ойлголтийг лавшруулан баталгаажуулах, цаашилбал намаар дамжин иргэдийн, бизнес эрхлэгчдийн эрхэнд, өмчинд халдах явуургүй үйлдлийн дохио болж байгааг сануулахыг хүсэж байна. Монголчуудыг намаар нь талцуулан хагалах, үндэсний эв нэгдлийг бусниулах, монголчуудын хооронд үл итгэлцэл, дайсагнал бий болгох оролдлого хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга явж байгаа нь энэ үйлдлийг улам бүр нотолсоор байна. Сөнөөнө, дарна, устгана, булшилна, хорино гэсэн үгс цөөн хүн амтай, геополитикийн хувьд эрсдэл өндөртэй бидэнд огт хэрэггүй зүйл.

МАН олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч, түүнийг цогцлоон босгоход манлайлан оролцож, ардчилсан Үндсэн хуулийг санаачлан баталж, өнгөрсөн хорь гаруй жил зөвхөн парламент доторх бусад намуудтай байнга зөвшилцөөд зогсохгүй, парламентын гаднах намуудыг ч төрийн бодлого шийдвэрт оролцуулахын төлөө ажилласан улс төрийн ууган нам. МАН орших, эс орших асуудал нь Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Монголд ардчилал оршихуйтай шууд холбоотой. Ардчилсан нийгмийн гол цөм нь өмчийн баталгаа байдаг. Нам болж эвлэлдэн нэгдсэн хүмүүс өмчтэй байж болно. Улс төрийн намуудыг татан буулгаж, ижил гараанаас эхлүүлнэ гэж бусдын хийж бүтээснийг үгүйсгэхийн оронд харин өмч хувьчлалаар завшсан бизнесийг татан буулгаж, ижил гараанаас эхлүүлбэл зөв шийдвэр болно.

Эрх баригч хүчин МАН-ыг сөхрүүлж, нэг намын ноёрхлыг тогтоохоор эцэс төгсгөлгүй аянд мордсон хойгуур «Шинэчлэлийн» гэх Засгийн газар нь эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, ядарсан ардынхаа талхыг булааж, бизнес эрхлэгчдийн зорилго, тэмүүллийг мохоож, туйлдуулан унагахаар эргэлт буцалтгүй муйхарлан зүтгэх болов. 

УИХ-ын даргыг сонгохоосоо эхлээд Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих явдлыг хэвшил болгох зорилтийг агуулж, Монгол хүний эрх, Монгол төрийн халдашгүй дархлааг устгах гэсэн дотор санааг өвөрлөсөн одоогийн эрх баригчдын Засгийн үед гэр бүлээр нь галдаг шатаадаг, эх үрс энддэг, хоригдож буй хүн амьдаараа шатдаг, түлэгддэг, бяцхан үрс хүчирхийлэлд өртөж тамлагддаг зэрэг нүд хальтирч, сэтгэл шимшрүүлсэн үйлдэл газар авч, хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дур мэдэн хаах, татан буулгах, сэтгүүлчийн эрхэнд халдах, иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилох нь энгийн үзэгдэл мэт болж, буруутныг хайх бус, өөрсдийгөө зөвтгөх, иргэдийг төөрөгдүүлэх  арга самбаачлан суугаа нь харамсалтай.

Үнийн өсөлтөөс сэргийлэх нэрийн дор шатахуун, барилгын материал, мах, гурил, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчид, импортын бараа нийлүүлэгчдэд нийт 1 их наяд 97 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон ч, яг ямар компани түүнийг авч, ямар үр дүнд хүрэв гэдэг асуулт эзнээ хайсаар байгаагаас гадна богино хугацааны гал унтраах зорилготой энэ арга “дунд болон урт” хугацаанд засахад бэрх үр дагаврыг авчрах аюултай.

Чингис бонд нэрээр 1,5 тэрбум ам.долларын зээлийн хүүд 612.5 сая ам.долларыг төлж байна. Их бүтээн байгуулалт нэрээр эдийн засгийн тооцоо, судалгаагүй баруун солгойгүй цацах энэ хөрөнгө импортыг хяналтгүй нэмэгдүүлж, нөгөө талаар уул уурхайн салбарын уруудалт, нүүрстэй холбоотой экспортын уналт, гадаадын хөрөнгө оруулагчдын дайжилтаас улбаалж валютын ханш огцом өсч байна. Төв банкны мөнгөний бодлого, Засгийн газрын сангийн бодлоготой уялдаж байж үнийн өсөлт, валютын ханшийг хянадаг байхад «Ханшийн асуудлыг Монгол банк хариуцна» гэх Н.Алтанхуягийн балгаар ам.долларын ханш оны эцэст 1800 төгрөгт хүрэх тооцоог хийж болохоор байна.

Хадгаламж банк дампуурч, араас нь бас нэг банк онилогдсон талаарх болон Төрийн банкинд энэ намар бүтцийн өөрчлөлт хийж ирэх онд хувьчлах сураг бидэнд 1996-2000 оныг санагдуулна. Их өрийн Чингис бонд үнэгүйдэж, бирж дээр манай компаниудын хувьцаа унаж байна. «Шинэчлэлийн» Засгийн газрын Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер нарын үр дүнгийн гэрээний биелэлтийг харвал цочирдмоор үр дүн илэрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. 

Монгол улсын өнөөгийн эдийн засгийн байдал, төсвийн гүйцэтгэл, мөнгөний буруу бодлого, валютын хяналтгүй өсөлтийн үр дүн нь жирийн иргэд, гэр бүлийн амьдралд санхүүгийн хүндрэл нүүрлүүлж, бэлэн мөнгөний хомсдолд оруулж, бараа, бүтээгдэхүүний үнийн замбараагүй хөөрөгдөлд өртүүлэх нөхцөлийг бүрдүүлж, бүсээ чангалж, эрсдэлд бэлэн байхыг чимээгүйгээр сануулсаар байна. 

Эрх баригч нам бусад намуудыг устгах бодлоготойгоо зэрэгцүүлээд эдийн засгийн амьдралд хэт оролцож, бизнес эрхлэгчдийг дарамтлан далайлгах болов. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үүрэн телефоны операторуудаас сонгогчдын урамшуулалд 1.239.784.000 төгрөг гаргуулсан нь талх үйлдвэрлэгчдээс сонгогч бүрт нэг талх хүчээр өгүүлсэнтэй утга ижил бөгөөд ердөө л нэг жишээ юм.

Засгийн газарт, салбарын яамдуудад ч Монгол улсыг хөгжүүлэх урт хугацааны гэх ямар ч бодлого, эрсдэлийн судалгаа, үр дүнгийн тойм одоог хүртэл алга байна. Монгол улсад бодлого боловсруулдаг яам гэхээсээ илүү мөнгөний харилцаанд шууд оролцдог, нөлөөлдөг, тендер заралдаг, зохицуулдаг, төсөв зарцуулдаг, түүнтэйгээ зууралддаг, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидтэй ноцолддог яамтай компаниуд далд ажилласаар байгаа нь нууц бишээ. 

Уул уурхайн яамгүй байхад манай орны уул уурхайн салбар  цэцэглэж байв. Эдийн засгийн хөгжлийн яамгүй байхад эдийн засгийн өсөлтөөрөө Монгол улс дэлхийд тэргүүлж байв. Цэцэг, хөшөө, музейхэнээр ард түмний чихэнд цэцэг ургуулах «Шинэчлэлийн» Засгийн газрын хөлд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон жирийн ард иргэд үрэгдэн зовж, тэдний амьдрал улам дордож байна. Энэ байдлаар ирэх жил дахин бонд гаргах, их хэмжээний зээл авах магадлал өндөр байгаа учраас идэх хоолгүй, харанхуй, хөлдүү өвөл рүү иргэдээ хөтөлж буй одоогийн эрх баригчдын байгуулсан «Шинэчлэлийн» гэх Засгийн газар нь “Шимэгчдийн” гэх Засгийн газар болон хувирсаныг нийтээрээ мэдэх нь цаг хугацааны асуудал.

Төрийг өвчлүүлж, хөгжлийг ухрааж буй гол шалтгаан нь бохирдсон улс төр гэж үзэж байна. Дан ганц МАН гэлтгүй, эрх баригч хүчин, Монголын улс төр бүхлээрээ бохирдсон байна. Зөвхөн МАН шинэчлэгдээд зогсохгүй, АН болон бусад намууд дотроосоо эрүүлжиж, улс төрийг авлига, бизнесээс ангид, цэвэр тунгалаг болгохын төлөө хамтарч ажиллах ёстой. 

Бид шинэчлэгдэх ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа нь МАН-ын хамгийн том давуу тал юм. Монголын улс төрийг цэвэршүүлэх загвар болох хэмжээнд бид шинэчлэгдэх ёстой. Намаа шинэчилж, төрөө эрүүлжүүлж, нийгмээ хөгжүүлэх үүрэг улс төрийн ууган намд зүй ёсоор оногдож байна. Тийм ч учраас МАН-ын Шинэчлэлийн хорооноос «Намын бодлого, шинэчлэлийн хөтөлбөр»-тэй уялдуулж төрөө эрүүлжүүлж, нийгмээ хөгжүүлэх бодлогын саналуудыг салбар бүрээр гаргахаар ажиллаж байна.

МАН-ын XXVII Их хурал их хүлээлтийн эхэнд байна. МАН-ын Их хурал зөвхөн хүний, даргын асуудал хэлэлцэхгүй ээ, бид улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилт, цогц хөтөлбөрийг хэлэлцэж, иргэн, өрх бүрийн амьдрал ахуйд гэрэл гэгээ татуулсан итгэлийг бэлэглэж, хөгжлийг тодорхойлсон бодлогыг гаргаж, ард түмэндээ санал болгохын төлөө зүтгэж ажиллана.
Анхаарал тавьсанд баярлалаа.
2013 оны 8 дугаар сарын 14

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)