2013/10/10

БИШКЭК ХОТОД ӨНГӨРҮҮЛСЭН ХАГАС ӨДӨР

Ингэхэд бид Киргиз улс болоод энэ ард түмний тухай мэддэг юм шиг мөртөө тун бага мэдээлэлтэй аж. Би ч анхандаа тус орныг “Турк Эйрлайнз”-ын онгоцоор Станбул хотоос ирж очих замд цаг орчим саатахдаа буудаг Манас олон улсын нисэх онгоцны буудлын хүлээлгийн заалаар л төсөөлж хөгжлийн хувьд биднээс хоцорсон гэсэн ойлголттой байлаа. 
Үд дунд 14 цаг дөхөж байх үед Манас олон улсын нисэх буудалд Улаанбаатар хотоос хөөрсөн агаарын хөлөг газардав. Монгол улсын иргэн тус оронд 3 сар визгүй зорчих эрхтэй тул хил гаалиар саадгүй гарлаа. Хамт сурч байсан Киргиз андын маань нагац дүү миний нэрийг цаасан дээр бичиж бариад, инээмсэглэн угтав. “Манас” их сургуулийн оюутан Жаргалбек нэртэй залуу надад туслахаар ирсэн нь энэ. Нэгэнт цаг богино тул түүнд Засгийн газрын ордон, төв талбай, Үндэсний түүхийн музей, Номын дэлгүүр, “Манас” их сургуулиар орж үзэх санаатайгаа хэллээ. Бид таксинд суугаад шууд Төв Талбай, Засгийн газрын ордонг чиглэн хоёр талаараа мод тарьсан хурдны өргөн замаар давхиж гарав. Гудамжнууд саруулхан, өргөн цэвэрхэн манайх шиг тоос шороо, утаа, түгжрэл энд алга. 
Биднийг хүссэн газар минь буулгасан жолооч хариулт мөнгө өгөх гэж машинаа уулзвар дээр онгорхой орхиод, арваад минут алга болсноо инээмсэглэсээр ирэв. 
    
Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газрын ордон. Нэлээд авсаархан эргэн тойронд нь нүсэр барилга, байгууламж байхгүй, цэвэрхэн даруухан. 
 
Хашааны гадна төмөр самбар дээр ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийг зайлуулсан “Алтан зул”-ын хувьсгалд амь эрсдсэн тэмцэгчдийн нэрийг мөнхөлжээ. 
Монголжуу царайтай бүр “...өнөө хэн гуай юу...” гэмээр улс олон юмаа. Мэдээж хүн амын тодорхой хувийг Оросууд эзэлдэг учир тэд ч зөндөө. Гэхдээ л тэдэнд нэг нийтлэг зүйл байгаа нь тайван, налгар байдал. Ууртай, хөмсөг зангидсан хүнтэй бараг таарсангүй. Цаанаа л нэг гоё мэдрэмж, намайг хэн ч гадуурхаж харахгүй юм. Киргиз, Орос гэлтгүй тэд бүгдээрээ хөнгөн шингэн улс аж. Илүүдэл жинтэй хүн ч бараг алга. Гэтэл хоёр гурван мариалаг нөхөд Засгийн газрын ордон луу ороход Жаргалбек манай парламентийн депутатууд явж байна гэв. 
Орос ах нар ч Киргизүүдэд өгөөмөр загнажээ. Өргөн чөлөө, засмал зам нь манайхаас хавьгүй илүү. Үндэсний түүхийн музейн нь бас л бидэн шиг ордныхоо хажууд гэхдээ зүүн талдаа.  
Өмнө нь саруул талбай алдарт туулийн баатар Манасын хөшөө, Киргизийн төрийн далбаа хүндэт харуулын хамт байрлах ажээ. 
 
Музейд ортол шууд танил дүр зураг. Нөгөө хотын даргын буулгадаг Ленин багшийн хөшөө, хоёр давхарт гараад бүр ангайв. Ажилчин тариачны их онолч К.Маркс, Ф.Энгельс нарын хөшөө дурсгал. Музейн хоёр давхар тэр чигээрээ социалист хөдөлмөрийн сайчуудад зориулжээ. Ленин багшийн хөшөө, баримал лав зургаа байна лээ. 
Харин музейн гуравдугаар давхарт түүх, угсаатны танхим байх бөгөөд үзмэрүүдийн хувьд нэлээд ядуувтар тул сонирхол татаж магад гэсэн хэдэн зургаа тавьж байна. 
Цөгцөн ёроолтой хүрэл тогоо. Хүннүгийн үед хамаарна. 
Нум болон сумны зэв. Монголчуудын махир нумнаас нилээд өөр аж. 
Бүс, түүнд зүүсэн хэрэглэлүүд
Хивс нэхэж буй эмэгтэйг дүрслэжээ
Мөнгөн бүс, гоёл чимэглэл
Үндэсний хувцас
Дөрөөнүүд. Өмнө харж байгаагүй дөрөөнүүд бас байна.
Киргиз гэр, морь
Гэр доторх байдал
Ингээд Жаргалбек бид хоёр музейгээс гарч Засгийн газрын ордны ард байрлах хүүхдийн парк луу алхав. Бас танил тоглоомууд, гэхдээ жижиг парк бөгөөд ийм парк Бишкэк хотод тав, зургаа бий гэлээ. 
Энэ автобус бол олон хүнд танил санагдаж байгаа даа. 
 
 
Парк бас дотор ийм шатрын өрөө байх аж. Жаргалбекийн хэлснээр бол Киргизэд шатар тийм ч түгээмэл биш гэнэ.
 За энэ миний шинэ танил, надад Бишкэк хотыг танилцуулсан Жаргалбек маань. Бид парк дотор буй зоогийн газар түрэг угсаатны алдарт бэшпармак буюу таван хуруу гэдэг хоол зооглов. Шөлгүй болохоос манай гурилтай шөлтэй төстэй. 
Эндээс гараад бид Киргиз хэлээр хэвлэсэн Манас тууль худалдаж авахаар худалдааны төв лүү алхлаа. 
Улаанбаатарын гудамжтай адил "жин үздэг хүн". Бишкэк хот бол бүхэлдээ ногоон хот юм 
 
Ийм нэртэй жижиг худалдааны төв бас байх аж. 
За эрчүүд цохиж хүч чадлаа сорьдог ийм боксын цохиур газар сайгүй. 
 Ингээд бид Засгийн газрын ордны ар талд буй паркаас гарч 30 орчим минут алхаад 6 давхар худалдааны төвийн хэсгийн дээд давхарт байрлах номын тасагт орж ирэв. Нөгөө алдарт Манас туулиа нэлээд эрэл сурал болж байж олж авлаа. Доор зураг дээр буй номнууд дунд гэхэд Киргиз хэлээр хэвлэгдсэн ном хориодхон байх юм. Хэдийгээр Орос хэл алба ёсны нэг хэл нь ч гэлээ ийм хүчтэй гэж санасангүй. Жаргалбек Бишкэк хотод Оросоор ярьдаггүй хүнийг бүдүүлэгт тооцдог. Хөдөө, тосгоноос ирсэн зарим залуус Орос хэл сайн мэдэхгүй учир шоолуулдаг гээд танай Монголчууд бүгдээрээ Орос хэл мэдэх үү гэж асуулаа. Хэдэн жилийн өмнө гадны нэг профессор Монголчууд мэдээ үзэхдээ Киргиз, Казакууд шиг Орос суваг дээр тааруулдаг уу гэсэн санаанд бууж манайд байдал арай болохыг тайлбарлаж өгөв. 

 Гудамжинд бас ном зарах ч бүгд Орос хэлээр.
Манас туулиа олж авсан бид хоёр одоо Манас Их Сургуулийг зорив. Киргизүүд хэд хэдэн сайн их сургуультай. Түүнээс Турк-Киргизийн хамтын Манас Их Сургуулийг үзэх гэж очсон учир маань өнгөрсөн зун тус их сургуулийг байгуулж таван жил ректороор нь ажилласан профессор А. Чайлар эрхэмтэй танилцсантай минь холбоотой. Хувь хүнийхээ хувьд надад их таалагдсан тэр эрхэмтэй дахин уулзах гэж байсан тул зориудаар Манас Их Сургуулийг зорьсон юм. Бишкэк хотын урьд захад байгуулсан их сургууль бас зовлонд унасан нь баячууд газрыг нь булааж хувийн орон сууц барих болсон явдал гэнэ. 
Манас Их Сургуулийн үүдэнд олон орны далбаа байх бөгөөд Монгол улсын маань далбаа бас мандаж байв. 
Манас Их Сургуулийн төв хаалга. 
Манас Их Сургуулийн хичээлийн байрууд ийм аж. 
Сургуулийн хашаа
  Их Сургуулийн кампус жижиг хотхон аж
 
Жаргалбек манай сургууль сагс их сайн тоглодог нэг Монгол оюутан байдаг танилцаж амжаагүй. Гэхдээ заавал танилцана аа. Өөр Монгол оюутан байхгүй нэг л байдаг гэж итгэлтэй өгүүлсэн. Мөн Туркууд Орос хэл сурах гэж их ирдэг гэлээ. 

Ингээд нэгэнт орой болсон, дээр нь Манас олон улсын нисэх буудал маань хотоосоо 30 гаруй км хол тул өөр олон газраар зорчсонгүй. Хэдий Исэккүль нуур луу явах сонирхол байсан боловч онгоцноосоо хоцорч магад тул болив. Ямар ч байсан анх удаа Киргиз улсад хөл тавьсан надад ногоон Бишкэк хот, тайван амгалан, инээмсгэлэх бидэнтэй ижил царай зүстэй Киргиз түмэн ихэд таалагдсан билээ. 
А. Энхбат 2013. 10. 10

2 comments:

  1. Дундад азийнхан тэгээд манай Чингис хааныг казак, түрэг гэж хуцалдсан хэвээрээ л бна уу?

    ReplyDelete
  2. Энэ нумыг үзлээ. Наад музейн нөхдүүд чинь нум сумныхаа учрыг олоогүй бантангий нь хутгаад хаяжээ. Уг нь Хүннү нумны ясан наалт л байна л даа. Тэрийг зөв байрлуулаагүй л байна.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)