2014/04/27

ДАВХАР ДЭЭЛ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТОГЛОЛТ

“Давхар дээл”-ний хэрэг мандсан тухайд
Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал сүүлийн өдрүүдэд нэн хүчтэй яригдаж байна. Олны хэлж, нэрлэж буйгаар “давхар дээл”-ийг тайлах энэхүү асуудал угтаа яг өнөөдөр ч яригдаад байгаам биш. Өмнө нь буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөндөж байгаад чимээ алдарсан сэдэв. Өөрөөр хэлбэл АН-ын даргын толгойлсон Засгийн газрын буруу үйлдэл, алдаатай бодлогоос болж сонгогдсон намынх нь нэр хүнд шалан доогуур ортлоо буурч байгааг Ерөнхийлөгч мэдэрч, “ухаалаг төр”-ийн санаачлагаар далимдуулан асуудлыг дахин сөхсөн хэрэг. Гэхдээ энэ удаа асуудал үнэхээр өндрөө авлаа. 


Улс төрийн “залгамжгүй, ойворгон” бодлогын хормойд гадаад валют үндэсний төгрөгийг нам зохиж, хөрөнгө оруулалт ширгэж, аж ахуй эрхлэгчид ар араасаа хаалгаа барьж эдийн засагт “накоут” хийлээ. Лут том компаниас захын ломбард байтугай иргэн хүний санхүү хүндэрч, элдэв төрлийн өр нэхлээс салахгүй болсон нь эдийн засаг нэгэнт “сэхээний ширээ”-н дээр байгааг хэнбэ гуайд ч тод мэдрүүлнэ. Энэ байдал ужиграад байвал нэг нам битгий хэл нэгэн бүлэг улс төрчийн эрх ашиг лавтай хөндөгдөнө гэсэн үг. Ингээд л мөнөөх давхар дээл гээчийн хэрэг мандаж эхлэв. 

АН-ын “эсэргүү дөрөв”
УИХ дээр хууль хэлэлцэх үед АН-ын 4 гишүүн эсрэг санал өгсөн. Тэднээс Х.Баттулгыг “Эрэл” компаний намаас, М.Зоригтыг тасралтгүй эрх баригч ИЗН-аас, Ж.Батзанданг ИХН-аас ирсэн хэмээн цоллож, элдвээр баалж байгаа. Гэхдээ тэр гурав бол хөшигний ард нуугдаж, жагсаалтын цааснаас сонгогдоогүй, ард түмний үгийг дайх элч болж ирснийг АН мартах учиргүй. Харин дөрөв дэх гишүүн болох Р.Бурмааг намч бус ТББ-ын хүн гэхээс гадна намын жагсаалтаас татах “бор шувуу”-г АН-ын толгойлогчид цухалзуулж сууна. АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа дээрх гишүүдээ намаас хөөх санаатайгаа ил зарласан ч “женко” нарыг АН-аас хөөтөл лөөлөө байлгүй. Тэдний ард МоАХ, “Нэг ардчилал”, Сонгогчийн боловсол төв бий. Хасчихвал ёстой л гарынхаа эрхий хурууг таслахтай ижил юм болно доо.

Дээр дөрвийн гол хүнээр нь дээлээ тайлах Засгийн сайд нь нэрлэгдээд буй. Х.Баттулга бол дараагийн Ерөнхий сайдын амбицтай гэж хэвлэлд тэмдэглэдэг. Засгийн тэргүүн болсон хүн намын дарга болох нь номын асуудал. Ер нь ч мань эр АН-ын даргын сунгаанд сүүлийн хэдэн жил нам дотроо ч, олон нийт дунд ч нэлээд яригдаж байгаа. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л өнөөгийн УИХ-ын дарга, тэр үеийн ҮЗХ-ны гишүүн З.Энхболдын хөтлөсөн “АХА реалити”-гээс болж, намын даргын тамгыг атгаад алдсан. З гуай тэгж хор гүйлгээгүйсэн бол тэр өдийд АН-ыг толгойлж суугаа. Юутай ч эрх баригчийн “хам шинж өвчин”-өөс намаа сэргийлж, кнопоо дарсан “эсэргүү дөрөв”-т шударга байсных нь төлөө баяр хүргэх нь зүйтэй.

“Дан дээл”-ийг дэмжигсэд ба “давхар дээл”-нд татагдагсад
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эрх баригч, сөрөг хүчин аль аль л дэмжиж байгаагаа хэлдэг. Харин хэрэгжүүлэх хугацаа хэзээнээс вэ гэдэг л шийдэлгүй асуудлын гогцоо болж хувирлаа. Хүндэрсэн нөхцөл байдлаас гарц хайж, итгэл алдсан засагт хариуцлага тооцох санаачлагын хамтаар энэ оны “7 сарын 1” гэх товыг парламент дахь сөрөг хүчин гаргаж, бүлгийн 26 гишүүн нь зэрэг кноп дарсаснаас гадна АН-ын “эсэргүү дөрөв”, түүний дээр хамтарсан Засгийн Л.Цог, Д.Батцогт, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар болон бие даагч “босоо” С.Ганбаатар мандатаа өргөчихлөө. Харин “дабле дээл”-ийг тайлуулах ёстой, өнөөдөр л үүнийг хийхгүй бол болохгүй гэхчлэн олны өмнө уулга алдаж суусан М.Батчимэг, Г.Уянга нарын “шударга, мэргэн гишүүд” дан дээлийг дэмжигчдийн дотор алга. Тэд хаачив?! Энэ бол асуудал. Тиймээс эрх баригчдын дундах далд зодоон театрын тайзнаа ил гарлаа.

АН бол бодлого бус “санхүү-эрх ашиг” дээдэлсэн олон фракцтай. Тэд хоорондоо зодолдож байна. Болох ёстой юм болдгоороо болж байгаа хэрэг. Түүнээс гадна өнөөгийн “давхарлаж, хамтарсан Засаг”-ийн нөхдүүд, түүний ивээлд багтагсад бас л зодолдож байна. Нэг хүнийг тойрсон “фамилия” маягийн зохион байгуулалттай МАХН-ын үнэн төрхийг харуулсан нууц гэрээ нууцынхаа утгыг нэгэнт алдаж, ёстой л “хүнд битгий хэлээрэй” болж байна. Удахгүй бид хийгээгүй, манайх биш гэж зарлана. МАХН одоо дарга тойрсон ховоор дүүрчихсэн байгаа. Харин үхрийн бөөр шиг МҮАН-ын хувьд Ц.Цолмонгийн нүүдэл, Г.Уянгын удаа дараагийн огцом мэдэгдлүүд, Д.Батцогтын бүлгээ орхих шуугианаар нэгдсэн эрх ашиггүй нь илт мэдрэгдэнэ. Нууц гэрээгээр халхавчилсан сул эвслийн эвэртнүүдийн дунд “дан дээлийг дэмжигчсэд” ба “давхар дээлэнд татагдагсад” гэсэн шумаган тулаан ид өрнөж байна. Яг л нэгэн цагийн большевик, меньшевик шиг.

Цаашид юу болох бол…
Давхар дээлийг тойрсон “зөв, буруу”-гийн маргаан эрчимжиж, хэн нэгнийг гоочилж будсан хар бараан мэдээлэл хэвлэл дүүрэн боллоо. Энэ бол технологи. Гол асуудлаас анхаарлыг сарниулах гэсэн арга. Чухам мөнөөх дээл тайлах асуудал яг одоо юундаа явна, бас цаашид юу болох гэдгийг төрийн саарал ордонд суугаа түшээдээс өөр хэн ч нарийвчилж мэдэхгүй байгаа. “Үүрэгт хурал”-даа суудаггүй, суусан ч үүрэггүй зарим гишүүнцэр ч юугаа мэдэхгүй яваа нь мэдээж. Харин цаашид юу болох бол… гэдэг асуултын хариулт сонирхолтой. Үүнийг л судлаачид, сэтгүүлчид таамаглан бичвэл хэрэгтэй мэт.

Юутай ч хууль хэрэгжих хугацаа одоогийн байдлаар 2014 ондоо хэрэгжихээр байгаа. Сөрөг хүчин дээр эрх баригчдын цөөнгүй кноп хүч нэмж, тэд нь хатуу байр суурьтай байхаар барахгүй тоо нь өсөх ч боломж бий. Ингэвэл ардчилал нэртэй намаас “шинэчлэл” хаягтай байгуулагдсан Засгийн газрын хувь заяа ойлгомжтой болно. Асуудал нь хүндэрсэн сайдууд давхар, давхар дээлнийхээ голд хөлсөө бурзайлгаж, ганцхан хүнээс аврал эрэн бүдчинэ. Тэр бол улсын Ерөнхийлөгч.

Эрх баригч намаас хууль тогтоох байгууллагын Байнгын хороодод хүч хэрэглэн давуу байдал бий болгосноо ашиглаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны ирцийг хүргэлгүй хоёр хонуулж чадлаа. Байнгын хороо “төд хоногт багтаан хуралдах ёстой” гэсэн хууль ном байдаггүй дуулдана. Хэрэв тийм бол бөөн аз. Сайд гишүүдийн зузаан дээлэндээ хоноглох өдрүүдийн тоо л уртсана гэсэн үг. Энэ хугацаанд “сожсон цаг”-аа ашиглан намаас дэвшүүлсэн Ерөнхийлөгчдөө бараалхаж, хайр ивээлд нь багтах бас урвагч болоод урваж мэдэх нөхдүүдээ тойрч, тойглох их ажлууд өрнөнө.

Хэрвээ яаж ийгээд Байнгын хороо хуралдаж, сүүлийн шатны хэлэлцүүлэг явчихвал Үндсэн хуулийн маргаан болгож бужигнуулах санаагаа хэд хэдэн гишүүдээр хөндүүлээд авсан нь “давхар Засгийн” дараагийн алхам. Цэц асуудлыг удааж сунжруулдаг гэмтэйг тэд тун сайн мэднэ. Үүний зэрэгцээ замаар Ерөнхийлөгчөөс хориг тавиулахыг хүсэж, шаардаж, лоббидно. “Ухаалаг төр” санаачлагыг ард түмэндээ амласан, “давхар дээл” засаглал хямруулж буйг сануулсан төрийн тэргүүн улс орныхоо эрх ашгийг өмнөө тавина гэдэгт итгэж суугаа хүмүүс олон бий.

Гэхдээ улс төр бөмбөгнөөс ч бөөрөнхий гэдэг. Төрийн тэргүүн ямар ч шийдвэр гаргаж мэднэ. Дан дээлтэй болж, УИХ эсвэл сайдын суудлын нэгнийг сонгох айдаст автсан эрх баригч түшээдийн зальжин улайрал нэгнийгээ муухайлах, аймгуудын намаасаа гарын үсэг цуглуулах, сөрөг хүчиндээ элдэв өнгийн бэлэг бэлдэх, замын хамтрагчтайгаа “давхар гэрээ” наймаалах зэрэг үзэгдлүүдээр баяжсан ч ганцхан хүний өмнө хүчин мөхөсдөнө. Яаж ч үзээд, ямраар ч бодоод Ерөнхийлөгчийн институтийг ийм хүчтэй, ийм мундаг гэдгийг харуулж чадсан эрхмийн халаасанд асуудлын оньс нуугдаж байгааг хүлээн зөвшөөрөх цаг боллоо. Ингэхлээр давхар дээл бол улс төрийн шатрын өрөг дэх Ерөнхийлөгчийн тоглолт.

Н.Батсүмбэрэл
2014.04.23

1 comment:

  1. Thật không biết cô là thế nào một đời thiếu anh, cứ nhiên bởi vì một đêm tình mà mang thai đứa nhỏ gả cho anh, sau lại còn không thể tin được mình đã yêu anh.
    “Bộ dạng tức giận của em rất đáng yêu.” Anh đem tức giận của cô ôm vào trong lòng, cúi đầu tìm kiếm môi của cô.
    Cô không khách khí tránh né anh làm cho anh dở khóc dở cười nhì Tiếng anh cho người đi làm
    Tiếng anh cấp tốc
    Luyện thi toeic tại hà nội
    Tiếng anh cho người lớn tuổi
    Tiếng anh cho người mới bắt đầu
    Học tiếng anh tại hà nội
    dạy tiếng anh cho doanh nghiệpn cô.”Anh không thể hôn em sao?”
    Cô khó chịu trừng mắt anh.”Thế người tình của anh đâu?”
    “Người tình nào?” Anh vẻ mặt ngạc nhiên.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)