2014/07/28

МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЯПОНД ТҮҮХИЙ ЭД ХЭРЭГТЭЙ

2014 оны 07 сарын 25-нд Монголын үнэн сонин дээр нийтлэгдсэн ярилцлага

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж байгаа айлчлал анхаарлын төвд байна. Айлчлалын хүрээнд манай улс Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Цаашлаад Халх голын 75 жилийн ойг тохиолдуулан манайд өгсөн зээлийнхээ 75 хувийг тэглэх санал тавихаар Төрийн тэргүүн маань Наран улсыг зорьсон гэх таамаглалыг улстөрчид дэвшүүлж эхэллээ. Таны хувьд энэ бүхэнд ямар хариулт өгөх вэ? 

-Ямартай ч Халх голын ялалтын 75 жилийн ойгоор Монгол-Японы хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байгаа нь юуны түрүүнд Японы талаас барьж буй хамгийн том бэлэг гэж тооцож байна. Бэлэг гэж хэлж буйн учир нь нэгдүгээрт, Япон улс дэлхийн томоохон гүрэн буюу Японтой эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтээр тэргүүлдэг 10 гаруйхан улс оронтой энэхүү хэлэлцээрийг байгуулсан байдаг. Хоёрдугаарт, Японы тал чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж буй орнуудын худалдааны эргэлт нь хэдэн арван тэрбум ам.долларын эргэлттэй байх болзол шалгуур тавьсан байдаг. Энэ болзол нөхцөлийг үл харгалзан Монгол хэмээх жижиг оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нь хоёр орны хувьд харилцааны үнэхээр томоохон үе шатыг авчирч байна. Дээр нь Монгол Улсын өнгөрсөн хугацаанд авсан зээлийг хөнгөлбөл бүр л том гэнэтийн бэлэг болох байх. Нөгөө талаасаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийж буй энэхүү дээд хэмжээний айлчлал нь өнгөрсөн онд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалаар хоёр улсын хооронд байгуулсан “Стратегийн түншлэл”, “Эрч санаачлага” шууд ажил хэрэг болж буйн илрэл юм. Өөрөөр хэлбэл, хоёр улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал нь тийм ч шинэ сэдэв биш. Өмнө нь хоёр улсын эрх баригчид болон улстөрчдийн дунд ярьж, хэлэлцэж байсан асуудал. Тиймээс хамтын ажиллагааны үргэлжлэл, чухал үе шат гэж хэлбэл зохимжтой юм даа. 

-Хэрвээ энэ таамаг үнэн бол ОХУ манайд олгосон зээлийнхээ 98.2 хувийг тэглэж байсантай агаар нэг зүйл болох нь. “Дайны төлбөр” нэрээр дэлхийн улс орон нэгэндээ их хэмжээний мөнгө төлж байснаас үзвэл энэ таамаг биеллээ олох магадлалтай ч юм шиг? 

-Япон Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон үеэс буюу 1972 оноос хойш Монголын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлж ирсэн. Монголын ганц брэнд “Говь” ноолуурын үйлдвэр, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр болон өнгөрсөн 20 гаруй жилийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад хамгийн том зээл тусламжийг Япон улс үзүүлж байлаа. Гэхдээ эдгээрийг Японы тал “дайны төлбөр” гэж тооцдоггүй. Угаасаа хуучин цагийн үзэл сурталжсан хандлагаар ийнхүү нэрлэх нь монголчуудын хувьд ч зохимжгүй болчихлоо. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хийж буй дэмжлэг, найрсаг харилцаа гэх талаас нь харах хэрэгтэй. Угаасаа шилжилт хийж буй, эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээлтэй орнуудад том улс гүрний зүгээс өгч байсан зээл төлбөрөө хөнгөлдөг нь орчин үеийн даяаршсан, ардчилсан дэлхий ертөнцийн нийтлэг үзэгдэл болчихлоо л доо. 2011 оноос Монгол буурай орноос дунд төвшний хөгжилтэй улсын зэрэглэл рүү орсонтой холбоотойгоор Японы тал цаашдаа Монгол Улстай зээл тусламжийн хүрээнд харилцаагаа өндөрлөж, эдийн засгийн ижил тэнцүү түншийн хүрээнд харилцах болсноо албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд олгосон зээлийг цуцалж байгаа нь цаашдаа эдийн засгийн түншлэлийг өргөжүүлэх, тэлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. 

-Ямар ч айлчлалын ард эдийн засгийн гэрээ хэлэлцээр хийдэг нь жам ёсных болчихсон. Дээрээс нь дэлхий нийт манай улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг “Мөнгө гуйх зорилготой” гэж тодорхойлсон үед өр тэглэх асуудлыг ярих таамаг үнэнд илүү дөхөм юм. Гэхдээ мэдээж газрын баялгаа худалдах, барьцаалах тохироо ч бас байж болох юм? 

-Орос, Хятад хоёр хөршөөр хязгаарлагдсан Монгол Улстай улс төрийн харилцааг өргөжүүлэх нь аль аль талдаа болгоомж сэрэмж төрүүлсэн асуудал. Иймээс Монгол-Японы хооронд эдийн засгийн нягт харилцаа илүү үр нөлөөтэй бөгөөд ирээдүйтэй. Японы талаас Монголыг сонирхох гол зүйл бол байгалийн баялаг, ашигт малтмалын арвин нөөц юм. Монголын хувьд Японы хөрөнгө оруулалт, технологийг татахыг ихээхэн сонирхож ирсэн. Шулуухан хэлэхэд, манайд мөнгө хэрэгтэй, Японд түүхий эд тэр дундаа эрчим хүчний нөөц болох уран, нүүрс мөн газрын ховор элемент болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хэрэгтэй. Үүний уулзвар дээр хоёр талын хамтын ажиллагааны цаашдын төлөв тодорхойлогдох болов уу. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын сэдэв, гэрээ хэлэлцээр, уулзалт яриа гол төлөв дээрх асуудлыг хөндөж байгаа нь анзаарагдаж байна. Угаасаа Монголын хувьд бусад улсын сонирхлыг татах өөр онцын зүйл үндсэндээ алга. Байгаа давуу тал буюу газарзүйн байршил, ашигт малтмалын нөөц, натурал хөдөө аж ахуй гэсэн хэдэн зүйлээ сурталчилж, таниулах замаар эдийн засагтаа хөрөнгө оруулалт татах шаардлага тулгарч байна. 

-Ерөнхийлөгчийн Японд хийж байгаа айлчлалыг та бүхэлд нь хэрхэн дүгнэх вэ? 

-Япон бол Монголын гурав дахь хөршийн нэг. Иймээс Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд дэвшин гарахад энэхүү айлчлал чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа Японы тал Монголд ийм том нөхцөл бололцоо олгож, итгэж байна. Энэ итгэл найдварыг алдахгүйн тулд бид бодлого болон үйл ажиллагааны хувьд тогтвортой, итгэл даасан, холбирч хувирдаггүй байх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй байх. Мөн энэ айлчлалаар Монгол Улс гурав дахь буюу дэлхийн зах зээл рүү нэвтрэх томоохон тохироо нөхцөлөө хангаж байна. Гэхдээ энэ нь энэ намар Монголд айлчлах хөрш хоёр орны төрийн тэргүүний айлчлалын үр дүнгээс ихээхэн шалтгаална. 

-Нэг хэсэг гадны хөрөнгө оруулагчдаа үргээсэн гэсэн шүүмжлэлд өртөөд байсан энэ Засгийн газар гадагшаа ихээхэн анхаарал хандуулах боллоо. Өнгөрсөн хугацаанд, одоо ч тэр манай улсад гадны зочдын хөл тасрахгүй байна. Энэ өдрүүдэд Канадын болон өмнөд, хойд хөршийн төрийн тэргүүнүүд айлчлах гэж байна. Мэдээж айлчлал аль ч талдаа чухал болох нь гарцаагүй. Ер нь улстөрч хүний хувьд энэ айлчлалыг хэрхэн харж байна вэ. Ямар асуудал түлхүү ярих бол? 

-Крымийн хямралаас хойш ОХУ дорно зүг буюу Зүүн Хойд Ази тэр дундаа Хятадтай хамтран ажиллах чиглэлдээ ихээхэн анхаарч, олон жил дуншиж байсан дэд бүтцийн томоохон төслөө ажил хэрэг болгож эхэлсэн. Орос- Хятадын хамтын ажиллагааны энэхүү өргөжилт тэлэлт дунд Монгол Улс өөрийн эрх ашгийг хавчуулах, хангах шаардлага юу юунаас илүү чухал болоод байна. Урт хугацаандаа хөрөнгө оруулалт ихэсч буурах нь бүхэлдээ хоёр хөршийн зүгээс Монголтой хэрхэн хамтран ажиллах тохиролцоо хийхээс бүхэлдээ шалтгаална. Тиймээс энэ удаагийн айлчлалууд нь Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой буюу ирээдүйн 10, 20 бүр түүнээс цаашхи хөгжил, дэвшлийг тодорхойлох юм даа. Хоёр хөршийн зүгээс Монгол дахь гол эрх ашиг нь тэдгээрийг холбосон дэд бүтэц-газарзүйн байршил, ашигт малтмалын нөөц. Яриа хэлэлцээр ч эдгээр сэдвийг хөндөх нь ойлгомжтой. Орос хамтарсан дэд бүтэц ялангуяа төмөр зам хамтарч байгуулах, мөн Монголоор дамнасан шинэ дэд бүтцийн шугам байгуулах санал тавих магадлал өндөр байна. Харин Хятадын хувьд Монголын нүүрс болон ашигт малтмалын ордод хэрхэн хамтран ажиллах асуудлаа эцэслэн шийдэхийг зорих байх. Ерөнхийдөө энэ удаагийн айлчлал нь хоёр хөршийн хоорондоо байгуулсан гэрээ хэлэлцээрийн шууд тусгал байх болов уу. Тэд Монголтой холбоотой ил далд ямар тохиролцоо хийсныг бид энэ намар өөрсдөө мэдрэх, мэдэх байх гэж таамаглаж болно.

 -Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн үр дүнг хэн хүнгүй харж байна. Гэвч 100 хоногийн талаас илүү нь өнгөрчихөөд байна. Таны хувьд энэ тогтоолын төслөөс эерэг үр дүн гарах боломж хэр харагдаж байна вэ. Наймдугаар сар гараад хариуцлагын асуудал яриад эхлэх юм болов уу эсвэл гадны айлчлалууд үр дүнгээ өгч, энэ Засгийн газар уснаас хуурай гарах юм болов уу? 

-Нэг талаасаа найм, есдүгээр сар бүхэлдээ томоохон хэмжээний айлчлал давхцсан цаг үе байна. Энэ үед гадаад дотоод нэр хүндээ бодоод хэн нь ч засгийн асуудлыг ярихгүй нь. Нөгөө талаасаа намар Монголчуудын явдал суудал, сургууль соёл өвлийн бэлтгэл ажил гээд засгийн асуудалд анхаарал хандуулах манатай л болох байх. Засгаар оролдох явдал арваннэгдүгээр сараас л магадлалтай. Гэхдээ 2015 оноос сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ эхлэх учраас сонгуулиар барьцаалагдаад УИХ- ын гишүүд Засгаар оролдсоноос тойрогтоо жаахан ажил хийлгэх хөрөнгө санхүү хөөцөлдөхийг илүүд үзэж эхлэх болов уу. Гэвч улс төр их хувирамтгай учраас улс төрийн хүчнүүд, хувь улстөрчдийн тохиролцоо, улс төр, эдийн засгийн тохироогоор гэнэт засаг хөдлөхийг үгүйсгэх аргагүй. Дор хаяж, аль нэг сайд даргыг албан тушаалаас нь халж, хариуцлага тооцох, яам тамгын газрын бүтэц өөрчлөх нэрээр сонгогчдын бухимдлыг намжаах арга хэмжээ авч болзошгүй. “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-оос судлаачийн хувьд эдийн засгийн ямар ч эерэг үр дүн харахгүй байна. Засгийн хувьд бол эерэг үр дүнтэй байна л даа, хугацаа хожих гэсэн. Тиймээс миний хувьд энэ талаар нийгмийн сүлжээнд “Засгийн газар цаг хожих гэсэн улс төрийн арга мэхээс өөр зүйл биш” гээд байр сууриа илэрхийлчихсэн. Айлчлалын үр дүн тэр дороо гараад эдийн засгийг эрчимжүүлэх нь юу бол. Тэгээд ч эдийн засаг эрчимжиж байгааг хэрхэн хэмжих вэ гэдэг өөрөө ойлгомжгүй асуудал. Дараа нь юу ч гэж сурталчилж болох сэдэв юм даа. 

-Улс төр судлаачийн хувьд энэ хаврын чуулганыг та хэрхэн дүгнэсэн бэ. Засгийн газрын бодлогын алдаа хэрээс хэтэрч, эдийн засгаа унагасан. Цаашлаад сандал суудалтай зууралдахаас өөрийг хийхээ больсон гэж дүгнэх хүн цөөнгүй. Харин судлаачид үүнийг хэрхэн дүгнэж байгааг сонирхмоор байна? 

-УИХ хууль тогтоох чиг үүрэгтэй байгууллага. Тэр үүргээ зохих хэмжээнд хэрэгжүүлсэн гэж найдаж байна. Мөн улс эх орны бодлогыг боловсруулж, зангидах, хэрэгжилтийг хянах үүрэгтэй институци. Харин энэ талаасаа ажиллах чадвар нь сулраад удаж байна. УИХ нь Засгийн газрын барьцаанд буюу халаасанд орсон хууль баталж өгдөг хэлтэс болчихсон гэдэгтэй санал нэгддэг. УИХ дээр хууль, бодлого ярихаараа тарж алга болоод сандал суудал хуваарилах, үлдэх болохоороо сул сандал үлдэлгүй дүүрдэгт судлаачийн хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа.

М.Өнөржаргал

1 comment:

  1. m không sao.” Tả Phán Tình lắc đầu: “Em chỉ là cảm thấy anh đối với em thật tốt quá.”
    “Ngốc quá.” Cố Học Văn xoa đỉnh đầu cô: “Cái này làm sao mà tính là đối tốt với em chứ? Anh chỉ thấy anh đối tốt với em là vẫn còn chưa đủ.”
    “Đủ, thực sự đủ rồi.” Tả Phán Tình đầu gật như là gà mổ thóc. Thật sự đủ rồi.
    Trước kia Tiếng anh cho người đi làm
    Tiếng anh cấp tốc
    Luyện thi toeic tại hà nội
    Tiếng anh cho người lớn tuổi
    Tiếng anh cho người mới bắt đầu
    Học tiếng anh tại hà nội
    dạy tiếng anh cho doanh nghiệpúng là không biết, nhưng trải qua nhiều chuyện như vậy, thật sự càng ngày càng có cảm giác. Cố Học Văn, anh vì cô mà thay đổi không phải một chút.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)