2014/10/21

МУЛГУУ НОЁНТОЙ, МУУ ЗАСГИЙН БАЛАГ

Монгол улс нэг л биш ээ. Эдийн засаг, санхүү бүр ч бишээ. Энэ талаар бичихгүй байхын арга алга. Монгол улсын эдийн засаг 2011 онд 17 хувиар огцом өсөж, дэлхийд гайхагдан, амтай бүхний үгийн гол болж, мөнгөтэй болгон Монгол нутгийг зорин гүйлдэж, ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан цаг саяхан санагдаж байна.
Гэтэл одоо мөнгөтэй нь зугтаж, мөнгөгүй нь өрөнд баригдаж, гадныхан хөрөнгөө оруулах биш, татах болж, Монгол орныг орхин одож байгаа нь муугийн дохио гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй болсон нь харамсалтай.

Харин манай улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэх ноён амныхаа хэмжээгээр цууран, амьдрал сайхан, албан тасалгааны цонхоор бол бүр ч сайхан харагдаж байна гэсээр гэмгүй царайлж, мэлзсээр хоёр жилийг ардаа үдчихлээ. Яг одоо Монголчууд бид Монголдоо хүн шиг амьдарч байна уу, үгүй юу? гэдгийг хэдэн тоо баримтанд тулгуурлаж, “Үнэн байдал” нэрийн дор жагсаагаад үзъе.     
        
Үнэн байдал 1: Монгол айл өрх, иргэн бүрийн худалдан авах чадвар 20-53 хүртэл хувиар /twitter@man_reform/ огцом буурлаа. Валютын ханш тогтмол нэмэгдэж, төгрөгийн ханш 40 гаруй хувиар унаснаас шалтгаалан сүүлийн 3 сарын хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 25-57 хувиар /twitter@man_reform/ тогтмол өссөн /дэргэд байгаа найзаасаа асуу/ ч, харин иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмж 1 ч төгрөгөөр нэмэгдээгүй /өөрөөсөө асуу/ нь Монголчуудыг тал талх, тал байцаа идүүлэхэд хүргэж, гэдэс дотроор өөрсдийгөө хуурахаас өөр аргагүй байдал орууллаа.

Үнэн байдал 2: Иргэдийн хэрэглээний бусад төрлийн /хувцас, ахуйн хэрэглээ/ бараа, бүтээгдэхүүний үнэ 12-28 орчим хувиар /twitter@man_reform/ нэмэгдлээ. Өнөөдөр эх орны өнцөг булан бүрт ажиллаж буй барааны лангуу, дэлгүүрүүд бараа, бүтээгдэхүүнээр арвин ч худалдан авагчдаар хомсдоод олон сарын нүүрийг үзлээ. Хий холхисон хүмүүс, авахыг хүссэн ч бэлэн мөнгөний хомсдолд өртсөн иргэдийг олж харна. Хамгийн ойр байрлах лангуу түрээслэгч, дэлгүүрийн худалдагч, бизнес эрхлэгчдээс асуухад хэлээд өгнө. Энэ бол иргэдийн амьсгаа давхцаж, амьжиргаа тасалдаж, туйлдаа хүрсний хөдлөшгүй нотолгоо.

Үнэн байдал 3: Сүүлийн 2 жилийн дотор 53.400 аж ахуйн, компани /www.nso.mn/ дампууран, хаалгаа барьж, өөрийн гэсэн бүхнээ барьцаанд тавьж, банкинд хураалгаж, худалдах, түрээслэх зар Монголоор дүүрээд /гараад орчин тойрноо хар/ байна. Хуучин цагт иргэд хэрэгцээний хэдэн төгрөг шаардлагатай болоход хааяа даа гуйчихдаг, түүнийг нь зээлчихдэг боломжтой түншүүд нь хүртэл хүнд байдалд орж, санхүүгийн хямралд бүх нийтээрээ өртсөнийг одоо утасдаад тодруулж болно.

Үнэн байдал 4: Монгол улс өрөнд дарагдаад, өндийх боломжгүй болсон талаар олон улсын байгууллага, гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр ил тод зарлаж, нотолсоор байна. Зөвхөн “Чингис бонд”-ын одоогийн авсан зээлийн хүүгийн төлбөр төлөх 10 жилийн хугацаанд 615 сая ам.долларыг /www.economist.com/ төлөх нь хөдлөшгүй үнэн. Н.Алтанхуяг, түүний толгойлсон Засгийн газрын улсаа барьцаалж авсан өр, зээлийн тоо, хэмжээг тоочоод хэрэггүй, толгой эргэхийн нэмэр. Өнөөдөртөө зөвхөн орлого олохгүй байж, бусдад төлөх, биднээс гарах мөнгөний тооны зарим хэсгийг сануулах гэж хичээлээ. Ирэх жилээс жилүүдээс “Чингис бонд”, “Самурай бонд”, дээрээс нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас авсан өр, зээл, хүүгийн төлбөрийг төлж л таараа. Тэгтэл манай улсын орлого хэд билээ. Бодох цаг иржээ. Бид үр хүүхдүүддээ юу гэж хэлэх вэ? хойч үедээ өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн Монгол орныг хүлээлгэн үлдээж, орхих эрхгүй л баймаарсан.

Энэ удаагийн нийтлэлээ “Үнэн байдал 4” хүртэл дурьдаад дуусгалаа. Мэдээж үргэлжлэл байгаа…. гол нь “Мулгуй ноён” Н.Алтанхуягаар удирдуулсан, “Муу засаг”-т зориулж бичсэн энэ нийтлэлийг өөрсдөд нь унших боломж олгох үүднээс товчиллоо.
        
        Монголчууд бид “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэг дээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягт хэлээд, бүр чичээд, чихэнд нь хашгираад ч хэрэг алга, харин ч бүр улайран чичрээд, худал яриад байгаа үйлдэл нь түүний удирдсан хамт олныг “Муу засаг” болгож, Монгол орныг дэлхийд муухай харагдуулж, эх орны эдийн засгийг сүйрүүлж, иргэдээ ядууралд хүргэсэн энэ мулгуй ноёнд хариуцлага тооцож, суудлаас нь ховхлох цаг ирсэн бололтой.
       
 Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны
Нарийн бичгийн дарга, хуульч Б.Ганхуяг
2014/10/17

1 comment:

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)