2010/10/21

ХЭЛЦ ҮГ ХАДАНД ГАРСАН НЬ

Тэгэхээр бид өнгөрсөн долоо хоногт хэлц үг цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн өөрчлөлтийг даган хэрхэн утгаа алдах болсон тухай бяцхан “анализ” хийсэн. Харин энэ удаад улам бүр утгаа авч, моодонд орж буй зарим хэлц үгийг авч үзсэн болно.

Хоёр идэхгүй хоосон хонохгүй. Уул утга нь ямар ч гэсэн хоолоо олж өл залгаад байгаа гэсэн санаа. Гэвч өдгөө бүх нийтээр таргалах, хөдөлгөөн дутах, зүрх судасны өвчинд ихээр автах болсон тул харин ч хоолны хэмжээгээ хасч, бас арай тураад үхчихгүй хэмжээнд өөрийгөө болгоод байх шаардлагыг олон хүн өөртөө тавих болсон. Дээр нь өдөр бүр бясалгал хийх, үнэхээр өлсөөд байвал зөвхөн цагаан хоолыг зооглох, биеийн жин, холестирин, чихрийн хэмжээгээ байнга хэмжих, хий, шар, бадганы зохист тэнцвэрийг хангах, хүмүүсийг хараах бүү хэл муухай ч харахгүй байх гэсэн давхар давхар шаардлагуудыг биелүүлэх нь хүний ариун үүрэг болсныг хэлэхэд таатай байна.   

Аавдаа авгай авахыг заах – цаг үеийн онцлогоос болж, хүмүүс гэр бүлээ байнга солих болсон төдийгүй ийнхүү солих нь хүний чадвар чансаа, ур сүйхээг харуулах томоохон үзүүлэлт тул хэдий олон эхнэр, нөхрөө сольсон нь хэвлэлийн төдийгүй хэвлийн “од” болох бүрэн бололцоо нээгдсэн. Иймээс амжилтгүй сольж буй аавдаа хэрхэн авгай авахыг заах ёс суртахууны эрх амжилттай сольсон хүүд нь бүрэн олгогдох болов.

Хүний газар нэрээ бодоод бас хэлж явах нь зөвхөн улс төрчдийн хувьд төдийгүй жир иргэдийн хувьд зайлшгүй нэг хэрэгцээ шаардлага бөгөөд үүний тулд “Чингисийн удам” та бид чинь Шрекийн бяцхан муурын өрөвдөлтэй нүдээр хараад юу гуйж хүсэх гэж буйгаа чичирхийлсэн өнгөөр хэлчихсэн байхад маний муу санаа үл мэдэх мангар Европ, Араб, Америк, Японуудаас гарцаагүй юм салгаж, эсвэл цагаачлах бололцоо олддог л юм даа. Та нар юу гэж бодож байна? Тэд хүчтэй гэж бодож байна уу? Үгүй салгаж чадаж байгаагаараа бид хүчтэй юм. Чингисийн удмаа гэж...

Гэрт орж эм, гадаа гарж эр – Нийгмийн харилцааны олон талт хандлагын үр дүнд бид хэлж байсан болохоос үзэж байгаагүй юмаа үзэх болжээ. Ийнхүү хүйсээ солих чадвар нь зөвхөн нүүр амаа бодох төдийгөөр шийдвэрлэгддэггүй тул бас гоо сайхны мэс засал энэ тэрийг нэмж чадвал яг ид шидийн мэт дээрх чадварыг үзүүлэгчдийн тоо улам нэмэгдэх нь дамжиггүй ээ.

Гоо сайхан ертөнцийг аврана гэж бид өнгөрсөн зуунд төсөөлж ч явсангүй. Харин шинэ зуунд энэ сануулгыг зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй ертөнцийн хамаг явдлыг шийдэгч улс төрчид өөртөө үнэнхүү ухамсарлаад, гоо сайхандаа ихээр анхаарах болсон нь тэдний ертөнцийг аврах тухай бурхдын сургаалийн цаад утга руу чанд нэвтэрсний аугаа илрэл бөлгөө.

Уул усны ойр нь дээр. Эрдэс баялаг, байгалийн баялгаа ийш тийш зөөх дэд бүтцийн асуудал эдийн засагт үлэмж дарамт учруулдгийг аль эртнээс ухаант мэргэд хараад энэхүү сайхан сургаалийг бидэндээ өвлүүлэн үлдээжээ. Ийнхүү ойр байрласан туул гол, богд хайрхан болон бусад төв сууринд ойр ашигтай байрлалтайн буяныг эдэлж, олон бишээ цөөн хүн баяжиж, сайхан амьдрах болсон нь тэд мэргэдийн холч ухааныг харж чадсаны үр дүн амуй.

Нөхрийн нэрээр орж, эхнэрийн нүүрээр гарах. Үндсэндээ утга шилжиж, гэр бүлдээ олж ирсэн орлого санхүүгийн нилээн хувь нүүр хувиргалтад зарцуулагдах болсныг хөөрхөн хэлчихсэн хэлц үг байна аа.

Айл хүний амь нэг – бусдын газрыг эзэлж явсан Монголчууд бид чинь өдгөө өөрийн газрын дайнд өөр зууруу өрсөлдөж байлдана гэж тэр үед яаж санах билээ. Гэхдээ ийнхүү гадаа байгаа тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, салхилах бяцхан зайны төлөө амь хайргүй бас эв нэгдэлтэй тэмцэх учиртай байсныг өвөг дээдэс маань зөгнөн хэлжээ.

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь.  Цаг үеийн шалгуурыг хэзээд алдахгүй үг агаад улам бүр учир холбогдол нь өсч байна. Хэр сайн эр, мундаг  сэтгэдэг улс төрч, гайхалтай чадварлаг бизнесмэн гэдгийг харуулах цор ганц бөгөөд үнэн зөв шалгуур бол аль ч наадамд морь уралдуулан түрүүлсэн нөхцөлд өөрийн нэр дээр бүртгүүлэх явдлаар хэмжигдэнэ. Түүнээс биш тэр хэдэн хүүхэд гаргах, гаргуулах чадвар биш гэнэ.
Эмэгтэй хүн ч гэсэн ийнхүү наадамд морь уяж, түрүү авбал шууд эр хүнд тооцогдох бүрэн боломжтойг эмэгтэй болсондоо харамсаж явдаг бүсгүйчүүддээ сануулахад таатай байна.

Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай бай. Нэгд мөнгөний ханш ихэд унасан тул баримтлавал зохих зүйр үг мөнөөс мөн. Хоёрдугаарт олон зуун найзтай хүн сүлжээнд тэднийгээ нэгтгээд зуу бүү хэл, сая саяар олох боломж нээгддэг нийгэм шүү. За сүлжээ байгуулдаггүй юмаа гэхэд ямар нэг үндэсний хэмжээний дуулдаг, шүлэглэдэг, уйлдаг, хувцсаа тайлдаг, гараа мааждаг, ихээр хоол иддэг тэмцээн шалгаруулалтад ороод түрүү байр эзлэхийн тулд тусгай дугаар луу 1-2 мээсэж явуулах ханилгаатай хэдэн найз байхад хангалттай ажгуу.

Бие жижиг ч билчээр том. Энэ бол хонь малын биш, хүн малын онцгой нэг чадвар юм. Хэдий чинээ том газар өөртөө эзэмшиж, хэдий чинээ олон уул усыг хашаалж авсан нөхөд үнэхээр авсан газрынхаа харьцаатай урвуу хамааралтай байдгийг олон жишээгээр баталж болдог бөлгөө.

Эхийн санаа үрд, үрийн санаа хаданд буюу уул уурхай, ашигт малтмал руу явах болсон нь өнөө цагийн хамгийн том үзэгдэл мөн өө.

Нүд чихний хооронд дөрвөн хуруу зайтай болохыг өрнөдийн эрдэмтэнд маниасаа хожуу мэдснээс болж 3D нүдний шил ихэд хожуу гарсан нь бид өөрийн аливаа чадвар, ухаан, цэцэн үгсээ гадаадад сурталчилж байгаагүйгээс болж, технологийн дэвшилд асар том хоцрогдол учруулсан байна. Зарим монгол судлаачдын баталж буйгаар ер нь ихэнх шинжлэх ухааны дэвшлийг бид хийсэн бөгөөд харамсалтай нь телевиз байхгүй болон гадаад хэлний мэдлэг дутуугаас патентаа авч чадалгүй ийнхүү дэлхийн хоцрогдсон улс болсон гэнэ лээ. Үнэхээр харамсалтай хэрэг.

Хүн заяавал хүнс заяана – үнэхээр хүүхэд бүр төрөнгүүтээ ээж аавийгаа бас өөрийгөө тэжээхүйц мөнгийг олж ирэх том боломжийг манай төр бидэнд олгосон нь ардын зүйр үгийг баримтлан намын болон төрийн бодлогыг боловсруулах ёстой гэсэн манай улс төрчдийн мэргэн санааны биелэл бөлгөө.

Төр түмэн нүдтэй. Дээр үед яагаад манай ард түмэн төр түмэн нүдтэй гээд хэлчихсэн юм болоо. Эсвэл тухайн үеийн түшмэдүүд гэрийн нь ханыг цоолоод шагайдаг байсан юм болов уу.
Орчин үеийн төр гэдэг бол түмэн нүдтэй төдийгүй түмэн чихтэй, түмэн хэлтэй, түмэн гал хөлтэй чадвар нь үнэн сайжирсан асар том мангас бөлгөө. Тэрээр биднийг хаана явж, хэнтэй уулзаж, юу ярьж байгааг нэг бүрчлэн мэддэгээр барахгүй, зарим нөхцөлд бидний хувь заяа, амьдрал үхлийг урьдаас төлөвлөн зурж, нэг бүрчлэн хэрэгжүүлэх өндөр чадвартай бурхнаас ч илүү функцтэй хүний агуу бүтээл бас эзэн буюу.

3 comments:

  1. кккккккк сайхан хэлжээ, яг л зөв. гэхдээ ийм утгаар залуус ойлгохвийдээ. Манай ард түмэн чинь маш сайхан юмны голыг хэлж байдаг байсан ард түмэн шүү.

    ReplyDelete
  2. chi gehdee zaluusaa urilaj helts ugiig dandaa tungaaj amidraldaa murduj bhiig zuvuur oilgoj bhiig urialsan tiim urialg bas bichih heregtei shuu

    ReplyDelete
  3. key ндээ ч бий co ндоо ч бий
    Энэ бол эзэндээ ч бий компьютердээ ч бий гэсэн үг орчин үеийн шаардлагад нийцүүлэн бүтээв

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)