2010/10/09

ЦААЗЛАГДСАН ХӨШӨӨ БУЮУ ТҮҮХИЙН ЗҮҮД


1990 оны хоёрдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Монголд олон жил "амьдарсан" нөхөр Сталинтай салах ёс гүйцэтгэжээ. 1951 онд улсын нийтийн номын сангийн үүдэнд заларсан энэ "хүрэл хүн" 39 жилийн дараа цаазын тавцанд ийнхүү очсон юм. Идэр залуухан Ардчилал ялын тогтоол "уншиж" 30- аад оны эсэргүүний шөнийн "ачлага" мэт шөнө дөлөөр, 16 тонны даацтай аварга Краз кранаар "сэнтий"-нээс буулгаж түүхийн "авсанд" оршуулсныг бид тухайн үед нь мэдэж байсан ч мартсан маань гайхаад байх харуусал биш. 


Тэр өдөр бид цэцэг өргөхөөр очсонгүй. Монголын шилдэг өдрүүд эмгэнэлийн хар туузанд "бөхийж" байсан гунигт цаг руу "алхаж" явна. Энэ өдөр түүхийн харанга зүрхэнд дүнгэнэнэ...КГБ-ын золиосонд Монголынхоо төлөө үхэж чадсан эх орончдын эр зоригийн емнө, Грузин папирос махир гаансандаа чихэж биднийг хамт "уушиглаж" суусан Кремлийн "командант" сахалт Сталины металл сүнс гүн "нойрсоно". Нууц "оршуулгын" газарт бид ирлээ. Улсын төв номын сангийн гантиг шатаар өгсөж гуравдугаар давхарт гарав. Захирал Ж.Сэржээ амралтаа авсан учир байсангүй. Түүнийг орлож байгаа О.Саранлхам гэдэг бүсгүйтэй азаар уулзаж хөшөө хаанаа байгааг лавлахад:
-Манайд хадгалагдаж байгаа. Бүрэн бүтнээрээ бий. Та нар хаанаас яваа улс вэ? гэлээ. Сонины газраас яваагаа хэлэхэд нэг их төвөгшөөсөнгүйд баярлав. Цагаан гуай: чи гараад энэ улсад үзүүлчих гэснээр бид арын хаалгаар гарч модон хайрцаганд хадаж битүүмжилсэн хөшөөний "гэрчтэй" уулзав. Энд бөөн зөрчил...газар дэрлэн буух манан бүрхэж байна. Сэтгэлийн аралд цөлегдсөн золбин цаг үе цусанд сонсогдоно. Айдсын өмнө үнэн түүх, хүмүүст мартагдсан сэрэл хэрэгтэй, Түүхийн "хавтаст хэрэг" сөхөж байна...! Хөшөөний биеийн байцаалт буюу албан "тодорхойлолт"-ыг бүрэн эхээр нь дуудъя!
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1950 оны 12 дугаар сарын нэгний өдрийн "30 жилийн ойн төв комиссын төлөвлөгөө батлах тухай" 72/109 дүгээр тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний "...И.В.Сталины баримал дүрс барих..." гэсэн 10 дугаар зүйлийн дагуу БНМАУ-ын Засгийн газраас ЗХУ-д захиалсан И.В.Сталины хөшөөний эх загварыг ЗХУ-ын Социалист Хөдөлмөрийн баатар Лениний шагналт, Төрийн зургаан удаагийн шагналт, И.Е.Репиний нэрэмжит ЗСБНХОУ-ын төрийн шагналт , дээд зөвлөлийн депутат Николай Васильевич Томский бүтээжээ.
Н.В.Томскийн бүтээсэн уг эх загварын дагуу 1951 оны тавдугаар сард Ленинград хотын Хүрэл цутгуурын үйлдвэрт цутгасан бэлэн хөшөө авчирсныг 1951 оны долдугаар сарын 11-ний өдөр Ардын Хувьсгалын 30 жилийн ойгоор нийслэлийн хөдөлмөрчдийн баярын жагсаал болсны дараа Урлагийн хэрэг эрхлэх хорооноос эрхлэн Улсын нийтийн төв номын сангийн өмнө талд босгосон байна. Хүрэл хөшөөний өндөр нь дөрвөн метр 80 см. хүндийн жин 2-3 тонн орчим бөгөөд хөшөөг С.Чоймболын загвараар хийсэн гурван метр өндөртэй өнгөлсөн боржин бат бетон суурин дээр байрлуулжээ.
Уг хөшөөг Улсын нийтийн номын сан нь 19 мянган төгрөгийн үнэ өртөгтэйгээр үндсэн хөрөнгөндөө бүртгэн авсан байна. (Тухайн үед 100 мянган рублийн үнэтэйгээр худалдан авсан гэсэн мэдээ бий).
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 420 дугаар тогтоолоор Иосиф Виссарионович Сталины хөшөөг Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд Улсын II зэргийн хамгаалалтанд өгсөн байна.
...Урлагийн эрхэм бүтээл "тантай" үүрд салах ёс гүйцэтгэе! Өнгөрсөн цагийн амьд зөрчил. Монголд дуусгавар болжээ. Түүхийн хөсөг буцаж байна. Хөшөөний жил "орж" байна. Монголын эмгэнэлийг та даахгүй үүрд оджээ. Түүхийн сануулга буюу хөшөө "оршуулах" цаг дахин үл оршино...!
Д.БАЯНТУНГАЛАГ

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)