Нийгэм хаос буюу эмх замбараагүй шинжтэй байдаг бөгөөд энэхүү шинжийг зөөгч нь масс буюу ямар нэг хэмжээний олон түмэн байдаг ажээ. Олон түмэн гэсэн ойлголтод хоорондоо бага зэрэг ялгаатай боловч зохих хэмжээгээр ерөнхий агуулгатай хамт олон, олон түмэн, хүмүүсийн бөөгнөрөл, ард түмэн гэсэн ойлголтуудыг хамааруулдаг. Олон түмний биеэ авч явах байдал, төрх байдал, аяг аашийн талаар орчин үеийн өрнөдийн сэтгэлгээнд З.Фрейд, Г.Лебоны сургаалд үндэслэсэн онолууд зонхилох байр суурь эзэлдэг. Тэдний гаргаж байсан анхны санаанууд бол хамт олон гэдэг нь нэгэн төрөл биш хоорондоо ялгаатай зүйл юм гэсэн санаа байв. Тэд анх хамт олныг зохиомол (үүсмэл) хамт олон, төрөлх хамт (үүсмэл биш) олон гэж хуваагаад эхнийхэд нь цэрэг, арми, цагдаа, сүм хийдийнхнийг хамруулан ойлгож байсан бол сүүлийн хэд нь хамаатан садан хүмүүс ба нэг ястан, үндэстэнд багтаж байгаа хүмүүсийг ойлгож байв.
Сүүлийн үеийн социологийн ном зохиолд хүмүүсийн бөөгнөрөл гэсэн ойлголт их хэрэглэж байна. Энэ нь ижил, ойролцоо түр зуурын эрх ашиг юм уу сонирхлоор нэптэгдсэн хүмүүсийн цогц юм. Хүмүүсийн бөөгнөрлийг
тохиолдлын (санамсаргүй), тохиролцсон, сэтгэлийн
хөдөлгөөнт, үйлдэгч гэх мэтээр ангилж байна.
Тохиолдлын гэдэг нь хаа" нэгтээ болсон үйл явдлыг (гудамжны аваар осол) сонирхож цугларсан хүмүүсийг хэлж буй хэрэг. Ийм хүмүүсийн дотоод зохион байгуулалт, харилцаа сул, ямар нэг асуудал шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулах талаар маш муу байдаг.
Тохиролцсон гэдэгт лекц, семинар сонсох гэж ирсэн, эсвэл оршуулга, биржийн ажлаар цугларсан хүмүүсийг ойлгож болно. Здгээр хүмуүс ямар нэг шаардлагаар энд ирэх ёстой болсон, ирнэ гэдгээ урьд нь мэдэцгээж байсан хүмүүс юм. Эдгээр хүмүүсийн хоорондын харьцаа, зохион байгуулалт тохиолдлынхоосоо илүү байдаг боловч мөн л сулавтар, үйл ажиллагаа нь тодорхой хэм хэмжээнд захирагдсан шинжтэй байна.
. Сэтгэлийн хөдөлгөөнт бөөгнөрөл гэдэгт шашны ямар нэг зан үйлд оролцох, уралдаан тэмцээн үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийг оруулж болно. Энд хамаарагдах хүмүүс нь сэтгэлийн хөдөлгөөнөөрөө нэгдэлтэй, нэгийгээ их доргиож, сэтгэлийн хөдөлгөөний талаас бие биедээ их нөлөөлдөг.
Үйлдэгч (хөдөлгөөнт)
бөөгнөрөл гэдгийг ихэвчлэн хүчирхийлэх, эвдлэн сүйдлэх гэх мэт сөрөг үйл ажиллагаатай холбон ойлгодог. Энд сэтгэлийн хөдөлгөөн ер бусын ихээр давамгайлж байдаг учраас иймэрхүү үйл ажиллагаанд түлхдэг. Нэгэн жишээ
татахад,1985 оны зун Брюссельд (Бельги) Европын цомтой багуудын шувтаргын тоглолтод Итали, Их Британы багууд тоглохоор шалгарсан байлаа, Цэнгэлдэх хүрээлэнд өөрсдийн багийг хөгжөөн дэмжихээр ирцгээсэн Италичууд, Америкчууд маш их байжээ. Гэтэл тэмцээн эхлэхээс 45 минутын өмнө хэсэг англи залуу италичуудын сууж байсан хэсэг рүү юм чулуудаж, элдэв зүйл хашгиран өдөж эхлэв.
Улмаар хоёр тал харилцан юм чулуудалцаж бие биесээ доромжлон хашгиралдаж, зодоон нүдээнд хүрэв. Телевизээр хөл бөмбөгийн тэмцээний шууд нэвтрүүлгийг үзэх гэж байсан 400 сая хүн нэн аймшигт үзэгдэл харсан юм. Улайрч улангассан олон түмний энэ зодоонд 38 хүн нас барж, 400 хүн бэртэж гэмтжээ Энд хүмүүсийн тохиролцсон бөөгнөрөл үйлдэгч бөөгнөрөл болон хувирч байгааг харахад дээрх ангилал нэлээд харьцангуй зүйл болох нь мэдэгдэнэ. Уг нь ийм үйл явдал болоогүй бол тохиролцсон бөөгнөрөл сэтгэлийн хөдөлгөөнт бөөгнөрөл болох байв.
Эсэргүүцэх сэдэлт бөөгнөрөл гэж байдаг. Энэ нь ямар нэг зүйлд эсэргүүцэл зарлаж, ажил хаясан, жагсаал цуглаан, суулт хийж буй хүмүүс юм. Энэ хүмүүс нь сэтгэлийн хөдөлгөөн
давамгайлбал тун амархан үйлдэгч бөөгнөрөл болдог. Олон түмний дунд ардчилсан хөдөлгөөн ид өрнөж байсан 1990 оны гуравдугаар сард Сүхбаатарын талбайд цугларсан олон түмэн хүчирхийлэлд шилжихэд тун ойрхон байсан билээ. Өлсгөлөн зарласан хүмүүст тодорхой хариу өгөхгүй байгаа хуучин коммунист дэглэмийн толгойлогчдод дургүйцэж, хилэгнэж түрхэрсэн олон түмнийг цэрэг цагдаа нартай мөргөлдөж, засгийн газрын ордон руу дайран орохоос С.Зориг болон ардчилсан холбооны анхны гишүүд хэрхэн сэргийлж байсан нь дээрхийн жишээ болох юм.
Дээр дурдсан бөөгнөрч цугларсан олон түмний алинд нь ч гэсэн ухамсартай гэхээс хаос хүчин зүйлийн нөлөө их байдаг. Ер нь олон түмний төрх байдал, аяг аашийн талаарх
өрнөдийнхний судалгаанд түүнийг ерөнхийдөө эмх замбараагүй, тодорхой бүтэцгүй, хууль зүй тогтлоор тайлбарлах аргагүй гэсэн үзэл зонхилох хандлагатай байдаг нь зохих үндэслэлтэй.
Олон түмний психологийг (манай ном зохиолд голдуу "нийгмийн психологи" гэж
заншсан) судлах нь нэлээд онцлогтой байдаг. Хувь хүний психологийг ярихын тулд бодгаль тус бүрийн сэрэхүй, хүртэхүй эдгээрийн материаллаг үндэс болсон эд эрхтэн, хүлээн авагчийн (рецептор) тухай ойлгох шаардлагатай байдаг бол олон түмний психологийг судлах үед ийм шаардлага тавигдахгүй. Энэ утгаар нь авч үзвээс олон түмний психологи нь психологийн шинжлэх ухааны гэхээсээ илүү их философи, социологи шинжтэй онол байдаг.
Хамгийн ерөнхий, танил утгаар нь авч үзэх юм бол нийгэм дэх хаос төлөв байдал гэдэг нь нийгэм өөрийн хэмнэлээ алдаж, хэм хэмжээ (эрх, ёс суртахууны) зөрчигдөх болсон явдал юм. Тэгэхээр нийгмийн хэв журам зөрчигдөж байгаагийн хамгийн тод илрэл болох гэмт хэргийн өсөлт ч хаос төлөв байдлын нэг илрэл болж байгаа юм.
Давтан хэлэхэд нийгмийн зохион байгуулалтад харшилдаг утгаар нь гэмт хэргийг нийгмийн хаос төлөв байдалд хамруулан ойлгодог. Ер нь энэ утгаараа тодорхой бүлэг хүмүүсийн аж төрөх ёс ч хаосд хамрагддаг. Тухайлбал, хөгжингүй орнуудын залуучуудын дунд их байдаг рок, хэппи, янханчлалын үзэгдэл. Гэвч эдгээр үзэгдлийг олонхийн хүлээн зөвшөөрсөн агуулгаас өөрөөр авч үзадл нийгэмд буй ^хэсэг хүмүүсийн эрх ашиг, амьдралын хэм хэмжээг илэрхийлж байдаг.
Олон түмний төрх байдал, аяг аашийн талаарх психологийн судалгаанд түүний сөрөг шинжүүдийг нэлээд тодорхой өгүүлсэн байдаг аж. Хүмүүс нэг дор хэт олуулаа болоод ирэх үед паник-хаос төдөв байдал нь ихсэж өөрийгөө психологийн талаас эвдлэн устгах иррационал шинж давамгайлж эхэлдэг. Паник гэдэг нь гэнэтийн, өөрсдөд нь таатай биш нөхцөл байдалд орсон олон түмний төрх байдал юм. Фрейд паникийг тодорхойлохдоо олон түмэн удирдагчаа дагахаа больж хувь хувиа бодсон психологийн төлөв байдлыг илэрхийлсэн нэр томъёолол гэсэн.
Паник төлөв байдалд орсон хүмүүс хяналтаа алдаж, нэлээд үгшиж, зэрлэгшсэн аяг ааштай болно. Олон түмний ийм хийрхүү төлөв байдал нь ямар нэг жагсаал цуглаан, бослого тэмцлийг сул зохион байгуулалттай, урсгал маягаар хийх үед тод харагддаг.
Паник, хийрхэлд орсон олон түмэн далим л гарвал ямар нэг зүйл рүү улангасан хашгирах, уурлан давшлах, уйлж гуньж гутан, зугатан зайлаад бэлэн болсон байдаг. Цугларсан олны дунд ийм уур амьсгал ноёрхох нь хувь хүмүүст ч нелөөлж, паникт уусдаг. 1994 оны дөрөвдүгээр сарын өлсгөлөнгийн үеэр Сүхбаатарын талбайд цугларсан олон түмний дунд Ялалтын талбайд цугларсан эсрэг өлсгөлөнг дамжиж буй хүмүүс наашаа хөдөллөө гэсэн сураг гарахад Сүхбаатарын талбайд цугларагсдын уур хилэн, эгдүүцэл нь хар аяндаа хөөрч, мод чулуу зэвсэг эрж хайж эхэлсэн. Олон түмний ийм байдал хамгаалалтын цагдаа нарт нөлөөлж тэд ч түгшиж, ямар нэг зүйл рүү дайрахад бэлэн болсон түгшүүртэй уур амьсгал нэг хэсэг ноёрхсон.
Олон түмнийг ийм төрх байдал, аяг ааштай болоход янз бүрийн зүйлс нөлөөлж болох юм. Гэхдээ амьдралынх нь тогтсон хэв маягт эрс харшилж, дайсагнасан мэдээ, цуу, үйл явдал ийм байдалд их оруулдаг.
Психологийн номнуудад хамгийн олон хүнийг хамарсан паник төлөв байдлын жишээ татахдаа 1959 онд АНУ-ын Чикаго хотод болсон үйл явдлын тухай дурсдаг.
Ийм нэгэн явдал болжээ. 1959 онд Чикаго хотын бейсболын баг еүүлийн 40 жилд нэг ч удаа хожиж байгаагүй өөр хотын нэгэн багийг бейсболын тэмцээнд хожжээ. Америкчуудын хамгийн дуртай, үндэсний спорт гэж хэлж болох спортын энэ төрлийн тэмцээнд тэр хотынхон анх удаа ялсан нь ямар их баярт үйл явдал байсан нь тодорхой. Тэгээд ч хотын гал сөнөөх албаны дарга энэхүү баярт
үйл явдалд зориулж иргэнии хамгаалалтын дохионы системийг дуугаргахаар шийджээ. Гэхдээ энэ тухай хотын оршин суугчдад урьдчилан анхааруулаагүйгээс болж тун эвгүй байдалд орсон байна.
Шөнийн 11 цагт хот даяар цуурайтсан уг дохиог цөмийн дайралт болж байгаагийн илрэл гэж ойлгосон хотын 3,7 сая хүн гудамжинд гарч уйлж дуулалдан, залбирал мөргөл үйддэж, эмнэлэг сэргийлэх дуудацгаан, орж гарах газраа олж ядсан байна. Асар олон хүн нийтээр цочрол, алмайрал, хийрхлийн төлөв байдалд оржээ. Иймэрхүү төрх байдал 1967 оны үед болсон газар хөдлөлт, усны үер, Икар хэмээх гариг манай дэлхийтэй мөргөлдөх гэнэ гэсэн цуу тарсан үед манайд ч гэсэн багагүй харагдаж байсан гэдэг.
Олон түмэн ингэж олуулаа цуглан хийрхсэн үедээ дээр дурдсанчлан хүчирхийлэлд шилжихэд тун ойрхон байдаг. Олон хүний энэхүү довтлох, дайрах, харгислах шинжийг Фрейд хүнд үлдсэн амьтны инстинкт олуулаа бөөгнөрч сүргийн амьдралдаа ойртсон үед илрэн гарч байгаа хэрэг гэж үзсэн юм. Ийм үзлийг Нобелийн шагналт этнологич Конрад Лоренц дэмжиж бүх амьтад зүйлийнхээ хувьд өөрийгөө "хамгаалан тулалдах инстинктэй" байдаг гэсэн.
Гэвч сүүлийн үед психологи, социологичид Фрейд, Лоренц нарын баримталж байсан энэ үзлийг ихээхэн хязгаарлагдмал хүрээнд ярих ёстой гэж үзэж байна. Тэдний зарим нь хүн хүчирхийлэх сэрлийг нэг нэгнээсээ юм уу, кино, телевиз, ном сонин гэх мэт "нийгмийн нөлөөнд сурдаг" (Д.Уиллман) гэж үзэж байхад зарим нь хүчирхийлэл ямагт цөхйрч, горьдлого тасарсны улмаас гарч ирдэг (Дж.Доллард) хэмээн үздэг байна.
Хүн, ялангуяа олон түмний хүчирхийлэлд татагдсан байдлыг фанатикууд маш тод илэрхийлдэг.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл