Баабар, энэ хүний нийтлэл, хэлсэн үг бүрийг нь шимтэн харж, үгээр нь үг хийдэг иргэд хэдэн мянгаараа бий бөгөөд тэрээр нийгмийн нилээд хэсгийн улс төрийн соён гэгээрэлд үнэтэй нөлөө үзүүлсэн хүндтэй иргэн. Хэлсэн үг, өгүүлбэр бүрээс нь эгдүүцэн дургүйцэж, айж ширвээтэх хүмүүс ч бий. Ямартай ч Монголын шинэ үеийн түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээсэн нийтлэлийн том төлөөлөгч, нийгмийн зүтгэлтэн.
Харин сүүлд гарсан нийтлэлийн хэв маяг нь мөн хэдий ч хэлж буй үг, гаргаж буй санаа нь Баабар гэдэг хүнийх биш гэмээр болхи, доромж байдлаар бичигдсэн, хэн нэгэн дурын нөхөр өмнөөс нь туучих шиг санагдсан дотоод итгэлээ юуны өмнө илэрхийлье.
Өмнөх үеийнхэн дараа үеийнхнийгээ өөлж баалж, сэжиглэж бас нулимах нь нэг хүний зан бус нийгмийн үзэгдэл. Тэр нь ч зөв. Хойч үеийнхээ зөв бурууг засч чиглүүлэх, харж хандаж байх нь ямар ч нийгмийн үед, ахмад үеийнхний хийх ёстой үйлсийн нэг. Харин та сүүлийн үед халснаас болж, байнаасаа хадуурах хуучин буу шиг хамаагүй чальчих /зөвхөн буу гэдэг үгэнд хэрэглэсэн болохыг сануулъя/ болоо юу даа.
Улс төрийн мөн чанар, учир холбогдол, бохир завааныг ажиглаж судалж явдаг судлаачийн хувьд, залуу хүний хувьд мөнгөнд дурласан, мөнгө хөрөнгөний хэрэгт орооцолдсон нөхдүүд /ялангуяа улс төрийн орчинд/ хол явдаггүйг мэднэ. Аль аль нам хүчинд мөнгөнд бас хэр хэмжээгээ мэдэхгүй эрх мэдэлд дурладаг таны хэлдгээр бацаанууд пиг чихсэн байдгийг мэдэх юм. Улс төрийн зах зээлд борлогдохоосоо аль хэдийн өнгөрч, ёстой л ойр зуурын бохир завааныг зөөж насыг барахаас өөр аргагүй болсон “улс төрийн сүг” залуус олон байгааг та ажигласан байх. Бид бол тэд биш. Бид бол мөнгө харж үйлдлээ хийдэг толгой нь хоосон, ходоод нь өлөн, 90 оны хэцүү бэрх шилжилтийн эхэн үед завсардаж хүмүүжсэн, зөвхөн мөнгийг амьдралын зорилгоо болгосон зарим заримдагууд биш. Ам халж хадуураад дараа нь засч баллуурддаг, таныхаар Монгол хүний өчүүхэн зарчмын саналын ард нуугддаг богино ойтнууд бүр ч биш.
Бид хөдөлмөрийн хөлс цалингаа авахаасаа ч нэрэлхдэг, социалист нийгмийн сэхээтний хүүхдүүд. Худал хэлэхдээ нүүр нь улайдаг, эвдрээгүй Монгол залуучууд. Бид мөнгөнөөс өөр, эрх чөлөө, итгэл үнэмшил, шударга ёс, гэр бүлийн халуун уур амьсгал, эрүүл мэнд, цэвэр орчин, эрхэмсэг орших гээд олон үнэт зүйл байдгийг ойлгож мэдэрсэн эрүүл сэтгэлгээтэй шинэ үеийн төлөөлөгчид. Тэр л итгэл үнэмшлээрээ та бүхний тэмцэж тэмүүлж ирсэн ардчилсан улс төрийн тогтолцоо нэг л биш болсныг мэдэрч хэлж ирсэн жирийн залуучууд /Таныхаар бацаанууд/. Таныг бидний насан дээр ямар бацкан юу хийж явсныг надаар хэлүүлэлтгүй манай үеийнхэн асуусан гэдэгт итгэлтэй байна.
Эрх мэдэлд хүрэхийн тулд ямар ч хамаагүй арга хэрэгслээр, юу ч хамаагүй хийгээд гарч болдог гэсэн увайгүй улс төрийн тоглоом Монголын ардчиллыг тодорхойлдог, улс төрийн авилгал, сонгогчдын саналыг худалдах авах, мөнгө хөрөнгө их зарцуулсан нь сонгуульд ялдаг, эрх мэдэлд гарсан хууль зөрчсөн нөхдүүдэд хариуцлага тооцох боломжгүй болдог явдал Монголын улс төрийн салшгүй үзэгдэл болохоос сэрэмжилсэн бидний санаа зорилго үнэн зөв гэдэгт ямагт итгэдэг. Яг та ардчиллын төлөө тууштай тэмцсэн шиг.
Баабар ахаа. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө араас нь дагуул тавьж, үг үйлдэл бүрийг нь хянаж тагнахдаа хүрэх нь /үүнийг төр хийгээгүй/ таны тэмцэж, тэмүүлж ирсэн нийгэм мөн гэж үү? Өөрт таалагдаагүй үзэл бодлыг мугшин гуйвуулж, ярьж буй зүйлийн агуулгад биш субъектын нас, хүйс, мэргэжил боловсролоор нь ялган хандаж харьцах нь хүмүүнлэг нийгэм байсан гэж үү?
Алдаа дутагдлыг нь илчсний нөхдийн амыг нь таглахын тулд тохиролцож ярилцахыг, хүлээж авахгүй бол айлгаж заналхийлэхдээ тулдаг нь ардчиллын үнэт зүйл юм уу? Эсвэл манай улс төрийн орчин ингэтлээ их бохирдчихоо юу? Улс нийгэмд болж буй сайн муу зүйлийг хурц тод мэдэрдэг, болохгүйг нь засах ухамсар, итгэл үнэмшил, алдахаас айдаггүй зан суртахуун зөвхөн залуу үеийнхэнд байдаг гэж үү?
Өөрийн, зөвхөн өөрийн тал гэж үзсэн, эсвэл мөнгө төлсөн бүлэглэлийн эрх ашгийг л хамгаалдаг, буруу үл халдаадаг, талцдаг нь хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан хэвлэл мэдээллийн эцсийн зорилго юм гэж үү.
Та ийм их дутагдлын хажуугаар дуугүй өнгөрчих ёс суртахуунтай хүн мөн гэж үү?
Та нэг л их баримт мэдэх юм. Гэвч нэгийх нь ч асуудлыг шийдүүлэх дорвитой зүйл хийснийг огт санахгүй байна. Таныг шударга үнэний дуурайл гэж итгэдэг мянга мянган шүтэн бишрэгчдийнхээ итгэлийг бэхэлж, хэдэн зуун саяар нь гадныхнаас мөнгө нэхсэн луйварчин хөдөлгөөнчдийн бохир заваан үйлдлийн эздийг илчлэнэ гэдэгт итгэж байна. /Дахиад л зарчмын саналынхаа ард нуугдахгүй бол шүү дээ/. Тэгвэл танаас түм түм, бас түмэн удаа магтан дуулахад бэлээн.
Бидэнд, надад итгэдэг жирийн иргэддээ хандаж хэлэхэд би хэн нэгэнд мөнгөний төлөө худалдагдаагүй, худалдагдахгүй гэдгээ энэ нэрээ барьж амлая. Энэ миний, бидний бүх насны зарчим. Шувуу үүрээ хамгаалдаг шиг, эх хүн хүүхдээ өмөөрдөг шиг явж буй зорилгынхоо үнэн зөвд бат итгэж, үйл ажиллагаанаасаа буцахгүй гэдгээ амлая. Бидний үйлс зорилгын үнэн зөвийг нэг хүн биш нийт олон, цаг хугацаа шүүнэ.
Тавьсан зорилго минь үнэ цэнэтэй, явах зам минь урт. Уул нь ил захидал бичих энэ үнэтэй цагаа иргэд сонгогчддынхоо улс төрийн соёл, боловсролд чиглэсэн нийтэд хэрэгтэй нийтлэл, өгүүлэлд зарцуулсан бол илүү хэрэгтэй байсан юм. Т
Ахмад хүнд тахимдуу ханддаг МОНГОЛ хүний ёсоор, харьж яваа бөхтэй хүч үзэн дээрэлхэж барилдахгүй гэдгээ хэлъе. Та бол бурууд хатуу, зөвд зөөлөн хандаж, алдаа оноог минь засч залруулж явдаг аавтай минь чацуу хүн. Хэлсэн үгээс чинь авахыг авч, орхихыг орхидог сэхээтэн залуугийн хувьд үзэл бодлоо хуваалцсан танд баярласнаа илэрхийлъе.
Та бол цэвэрлэгээ хийж буй хүний дэргэд хог хаядаггүй /ерөөсөө хог хаядаггүй ч юм уу/ соёлч, хотын мундаг сэхээтэн. Таныг бид хүндэтгэж явдаг шүү. Итгэлийг минь бүү алдаарай.
2008 он
Ахмад хүнд тахимдуу ханддаг МОНГОЛ хүний ёсоор, харьж яваа бөхтэй хүч үзэн дээрэлхэж барилдахгүй гэдгээ хэлъе. Та бол бурууд хатуу, зөвд зөөлөн хандаж, алдаа оноог минь засч залруулж явдаг аавтай минь чацуу хүн. Хэлсэн үгээс чинь авахыг авч, орхихыг орхидог сэхээтэн залуугийн хувьд үзэл бодлоо хуваалцсан танд баярласнаа илэрхийлъе.
Та бол цэвэрлэгээ хийж буй хүний дэргэд хог хаядаггүй /ерөөсөө хог хаядаггүй ч юм уу/ соёлч, хотын мундаг сэхээтэн. Таныг бид хүндэтгэж явдаг шүү. Итгэлийг минь бүү алдаарай.
he he zuv uu zuv. gehdee yag yu heleh geed baigaagaa jaahan todruulbal zugeer baih.
ReplyDeleteuu neeree baabariig uls turiin sherlok holmes gej Hulan nerlej bn lee
ReplyDelete