2010/10/09

ТУСГААР ТОГТНОЛОО АВЧ ҮЛДЭХҮЙ


Тусгаар тогтнол (independence) – тухайн улсын бүрэн эрхэт /сувернитет/ хараат бус бие даасан байдал. Төрийн, үндэсний, улс төрийн, эдийн засгийн зэргээр хуваана. Орчин үед энэхүү уламжлалт тодорхойлолт зарим нэг талаар утгаа алдах болсон. Учир нь  дэлхий дахинд өрнөж буй даяаршил глобализаци нь аль нэг улс бусдаас хараат бус, дан ганцаар бие даасан бодлого, үйл ажиллагаа явуулах нөхцлийг улам бүр шахаж хязгаарлах болсон. Угаас даяаршил хийгээд тусгаар улс хэмээх ойлголт нэг саванд багтахгүй нийгмийн үзэгдэл гэж хэлж болох байна.

Дээрх тодорхойлолтынхоо хувьд утгаа алдаж буй хэдий ч тусгаар тогтнол , улс орны бүрэн эрхэт байдал хэмээх нийгэм-төрийн харилцааны хэлбэрийнхээ хувьд учир холбогдлоо алдаагүй бөгөөд ирээдүйд ч алдахгүй.

Монголчуудын хувьд хамгийн чухал баялаг, үнэт зүйл юу вэ гэсэн асуултад хүмүүс янз бүрээр хариулдаг: газар нутаг, хүн өөрөө, ашигт малтмал, ардчилал, үндэсний ёс заншил, нүүдлийн соёл иргэншил, мал, хил, хэл, мэдээж тусгаар тогтнол гэж янз бүрээр хариулдаг. Эдгээрээс бүгдийг нь өөртөө шингээж, багтааж зангидаж байдаг, бусад баялаг үнэл зүйлсийн суурь фундамент бол тусгаар тогтнол гэж бодож байна.

Энэ утгаар 20-р зууны шинэ үеийн Монгол үндэсний гол ололт бол тусгаар тогтнол. Бусад нь хоёрдогч шинжтэй: хувьсгал, соёлын довтолгоо, аж үйлдвэржилт, хотжилт, бүх нийтийн бичиг үсэг зэрэг нь аяндаа өрнөх, өргөжих процесс. Энэхүү ололт нь 20-р зууны эхэн үеэс дэс дараа логиктой, бодлоготой, өндөр эрсдэл хүлээн байж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд 1945 оны 02 21-ний Ялтын 3 улсын хэлэлцээрийн үр дүнд де-юри буюу олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсний үр дүнд бүрэлдсэн юм. Чухамдаа “Зулай цагаан Алтай” дуунд гардгаар

“Аяа Алтай минь Алтай минь

Азаар заяасан нутгаа” – гэдгийг бүхий л Монгол орны тусгаар тогтнолоо олж авсан эгзэгтэй түүхэн үйл явдлын үр дагавартай холбон Монгол улс - “Азаар заяасан орон”  гэж хэлж болох юм.

Өнөө үеийнхний /бидний нуруун дээр/ хувьд энэхүү тусгаар тогтнолоо хадгалж  21-р зуун (Ө/х 18 жарны хувьд) үлдээх асуудал нэн чухал болоод байна. Яагаад хадгалж үлдэх – аливаа жижиг, бага буурай улс орны хувьд тусгаар тогтнолоо хадгалж үлдэх, “аврах” асуудал түүний стратегийн зорилго байдаг бол том хүчирхэг улс гүрний хувьд хадгалах төдийгүй, бэхжүүлэх, болж өгвөл өргөжүүлэх явдлыг алс хэтийн бодлогодоо “нууж” явдаг. Жижиг буурай улс зорилгоо хангахын тулд гуйх аргадах, зальдах, зугтах, арга эвийг нь олох, сэтгэлийг татах, дуурайх гэх мэт арга тактик баримтладаг байхад том хүчирхэг гүрнүүд туслаж дэмжих, туслаж дэмжихээ зогсоох, айлгах сүрдүүлэх, шантажлах, цаашлаад хүч хэрэглэх арга тактик хэрэглэх, хэрэглэхээс буцдаггүй. Яагаад чухал болоод байна вэ гэвэл энэ зууны эхэн хагаст олон улсын харилцааны дэг журам, тоглоомын дүрэм, хүчний хуваарилалтыг дахин зохиох “дэглэх”  эрин цаг тулж ирээд байна гэж олон судлаачид эрдэмтэд дүгнэж байна.

Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хэмээх ухагдахуун нь хил хязгаар, газар нутаг, эдийн засаг, улс төр, хүн амзүй, соёл, цэрэг зэвсэг, экологийн гэсэн олон нөхцлүүдтэй холбогддог. Тусгаар тогтнолоо авч үлдэх гэдэг асуудал цогц шинжтэй, харилцан хамааралтай үйл ажиллагаа, бодлого байна гэсэн үг.

Монгол улсын тусгаар тогтнолын хэрхэн авч үлдэх вэ ? гэдэг асуултад хариулахын тулд нөхцөл байдлаа үнэлэх, анзаарах шаардлагатай.

Юуны өмнө гадаад хүчин зүйлийг түлхүү авч үзье гэж бодож байна.

   1. Манай тусгаар тогтнолд ямар аюул занал учирч болох вэ? Дайн байлдаан хийж тусгаар тогтнолд маань халдах гэсэн оролдлого ерөнхийдөө байхгүй  болов уу /ийм тоглоомын дүрмээс улс орнууд аль болох татгалзах болсон/. Харин далд нууц бодлогоор эдийн засаг, улс төр, соёл, экологи, үзэл суртал, суртал нэвтрүүлэг, үндэстний хувьд уусгах, хүний амын эрүүл мэндийн нөхцөлд нөлөөлөх зэрэг бусад бодлого, үйл ажиллагаагаар эрхшээлдээ оруулах, эсвэл оруулах гэж оролдох арга оролдлого байсаар ирсэн, хойшид ч байна, улам бүр идэвхжинэ.
   2. Хэн  аюул занал учруулж болох вэ? – сонголт хийж хасах аргаар тооцвол хаа холын африк, австрали, европ цаашлаад америк тивийн улс орнуудаас аюул занал учруулах нь юу л бол. Ийм магадлал тэг рүү ойртоно гэсэн үг.

            Ийнхүү хассаар эцэст нь хоёр том хөрш дээрээ л тулж байна. Бараг бидний генд шингэсэн үзэл бодлоор манай тусгаар тогтнолд аюул учруулж болох субъект гэдэгт Орос гэхээсээ Өмнөд хөрш нь түрүүлж хар буудаг. Энэ нь ч түүхэн бодит урт хугацааны учир шалтгаантай. Тэгвэл өдгөө ирээдүйн бодит учир шалтгааны үүднээс бидэнд тогтсон үзэл хандлага бүр ч тодорхой зүйл байсан болохыг судлаачид батлаж нотолж байна. Бид урд хөршөөсөө айх сэрдэх явдалд сэтгэл хөдлөл гэхээсээ өнөө болон ирээдүйн бодит дүр зургийг нь хараад рациональ дүгнэлт өгөх бүрэн боломжтой байна. Үүнтэй холбогдуулан та бүхэнд нэг судалгааны дүнг хуваалцъя гэж бодлоо. АНУ-ын тагнуулын үндэсний зөвлөлийн “Ирээдүйн газрын зураг” буюу “Project 2020” хэмээх илтгэлд хийсэн дүн шинжилгээ чухамдаа “Хятадын хүчирхэгжилт” /хоёрдугаар сувгаар ойлговол Хятадын аюул/ гэгчийг гол тайлбараа болгосон байна.

ОХУ-ын хувьд түүний гол потенциал /хүч чадавх/ үндсэндээ нефть  /цэрэг зэвсэг биш/-ийн нөөц баялгаар төсөөлж буй бөгөөд сөрөг хүчин зүйлс нь хүн амын хямрал, өмнөд хил дээрх тогтворгүй байдал, лалын хэт даврах үзэл, терроризм орж ирэх аюул учирч байгаа юм байна. Ер нь манай хойд хөршийн ирээдүйн талаар гэгээтэй таамгийг аль ч судлаачдын зүгээс хэлэхгүй байгаа юм. Хойд хөрш маань улам бүр л сульдаад эсвэл байгаа байдлаасаа цааш ахихгүй байгаа нь манийг эрхшээлдээ авах сонирхол аяндаа бүрэлдэхгүй нь гэсэн дүгнэлтийн нэг үзүүр болж байна.  Бидэнд ганц л таамаг буюу субъект үлдлээ.

Судалгаанд XX зуунд АНУ хүчирхэг байсан шиг XXI зуунд Хятад, Энэтхэг хоёр эдийн засгийн хувьд хүчирхэг гүрэн байх болно гэж дүгнэсэн байна. Мөн Дэлхийн бодлогын хүрээлэнгийн ерөнхийлөгч “Хятадыг зүгээр л нэг хөгжиж буй орон биш шинээр үүсч буй эдийн засгийн их гүрэн” гэж дүгнэсэн байна.  Дэлхийн тавцан дахь Хятадын хүчирхэгжилт нь зөвхөн эдийн засгийн төдийгүй улс төр, техник технологи, хүн ам зүй, газар зүйн тэлэлтийг хамарсан өргөн үйл явц юм. Ташрамд дурьдахад Хятадын хүн ам өдгөө 1 тэрбум 300 сая хүрсэн бөгөөд өдөрт 30000 орчмоор өсөж байна. Манайх жилд 35000 хүн амаар өсдөг.

Тэрчлэн өдгөө ОХУ-ын Алс дорнодод 2 сая гаруй хятад хууль ёсоор хийгээд хараар аж төрж буй бөгөөд мөн тийм тоогоор орос иргэд төв рүүгээ шилжсээр байгаа юм байна. Оросын улс төр судлаачдын үзэж буйгаар 10 жилийн дараа Алс дорнод тусгаар улс болно гэж  санал хураах үе ирэхэд гайхах хэрэггүй гэж үзэж байна. Оросын хот тосгод хятадаас улам бүр хараат болж байна. Энэ байдлаараа 30 жилийн дараа Орос хятадын хооронд хилгүй болно гэсэн прогноз ч бий. Энэ нөхцөлд манай улс хятад оросын хоорондох “жийргэвч бүсийн” стратегийн үүрэг, ач холбогдол огтоос алга болно.

Америкийн нэрт геополотикч, улс төр судлаач Бзежински “Их шатрын хөлөг” номондоо 21 зуунд Хятад их гүрэн болж хойшоо оросын сибирь, алс дорнод /түүний дотор Монгол орно/ тэр чигтээ түүний нөлөөний бүсэд орох тухай таамаглал дэвшүүлсэн байна. Ер нь Хятад их гүрэн болж буйд өнөө үед дэлхийд ноёрхож буй АНУ, цаашлаад Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Орос, Европын холбоо хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ басхүү нилээд жийрхэж, эмээж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Энэ бүхэн манай тусгаар тогтнолд илт томоохон аюул заналын учирч байна гэсэн үг биш хэдий ч нөхцөл байдлаа оновчтой үнэлж хойшид хэрхэн “тоглох”,  юунд  анхаарах, гадаад нөхцөл байдлын чухал дүр зураг юм. Ядахдаа бид “цочоо” авах цаг нэгэнт болсныг илтгэн харуулж байна.

Сонсогчдын хувьд өөр өөрийн дүгнэлтээ хийнэ биз ээ.

Гутранги бус байр сууринаас дүгнэвэл гадаад нөхцөл байдлаас илт аюул занал манай тусгаар тогтнолыг алдагдуулахад хүргэхгүй гэж зоригтой хэлж болох байна. Ерөнхийдөө тусгаар тогтнолоо хадгалж үлдэх гэдэг асуудал нийгэм-улс төр, нийгэм-эдийн засаг, хүн ам, экологи, гадаад бодлого, геополитик, дипломат харилцаа, боловсрол, соёл, шашны цогц бодлого, арга хэмжээний үр дүн байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Чухамдаа биднээс үл хамаарах хүчин зүйлээс илүү биднээс хамаарч шалтгаалах өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолоо хадгалах асуудал бидний хичээл зүтгэлээс үлэмж хамаарна.

Эцэст нь хэлэхэд энэ бүхнийг айлгаж, сандраах үүднээс биш харин төрийн өндөрлөгүүд, эрх баригчид нь талцаж, тэмцэж, арцалдах бус улс эх орноо тулхтай, алсын хараатай бодлогоор удирдаж чиглүүлэхийг, жирийн иргэд нь өдөр тутмын амьдралдаа түүртэж, зутарч, аргацааж биш харин эрчтэй, идэвхтэй, санаачлагатай амьдарч, ажиллаж хөдөлмөрлөхийг, ирээдүй залуу халаа оюутан сурагчид нь багш, эцэг эх, эх орондоо тунирхаж, аргалж, мэхлэж, өөрийгөө хуурч  биш чармайлттай, зүтгэлтэй, хичээлттэй сурч боловсрох шаардлага, цаг үе тулгараад буйг сануулж, анхааруулах зорилгоор бэлтгэсэн юм.    Та бүхний улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн их үйлсэд өндөр амжилт гаргахыг ерөөе.  2004 он

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)